Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Их гүрнүүдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй ‘5G’ сүлжээний нууц

Их гүрнүүдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй ‘5G’ сүлжээний нууц
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 13
Мэдээлэл технологийн эрин хүн төрөлхтөнд мэдээлэл хүлээн авах хязгааргүй боломжийг олгосоор. Та “PUBG”, “Fortnite” зэрэг видео тоглоомыг “VR” төхөөрөмжийн тусламжтайгаар ямар ч гацалтгүй тоглоно, өөрийгөө жолооддог ухаалаг машинаар 100 километр цагийн хурдтай явна гээд төсөөлөөд үз. Технологийн боломжууд, тэр дундаа “5G” сүлжээ нь бидний амьдралыг үүрд өөрчлөх өдрүүд ойртсоор.
Харилцаа холбооны салбарын ирэх 20 гаруй жилийн хэтийн төлөв “5G” сүлжээнээс хамаарна. Үүнд тэргүүлсэн улс XXI зууны турш дэлхийн эдийн засагт тэргүүлэх нөлөөг тогтоож, чиг хандлагыг тодорхойлно гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолдог. Утасгүй интернетийн энэхүү технологи нь илүү бага зардал, хүчин чадлаар итгэмээргүй өндөр хурдыг бидэнд өгөх юм. Мөн бидний одоогийн ашиглаж буй “4G” сүлжээг бодвол хамгийн багадаа  100 дахин хурдан “5G” сүлжээ нь ухаалаг хот, гэр, ажлын байр, хиймэл оюун ухаан болон хүн ба роботын нийгэм зэрэгцэн орших уран зөгнөлт киног бодит болгох хүний оюун ухаан, гараар бүтсэн технологийн асар өндөр дэвшил, суурь технологи билээ.
Тийм ч учраас АНУ болон БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн нь үнэндээ Бээжингийн дэлхий дахинд олж авсан“5G”сүлжээний зах зээлийн ноёрхлыг булаах гэсэн Вашингтоны эрх баригчдын бодлогын хүрээнд хийгдэж буй ажил гэж олон ч нэр хүндтэй судлаачид дурдсан байдаг. БНХАУ нь өнөөдрийн байдлаар дэлхий дахинд “5G технологитой холбоотой нийт патент болон гэрээ хэлцлийн гуравны нэгийг эзэмшиж байна. Худалдааны дайны хориг арга хэмжээний хүрээнд АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei”, “ZTE” тэргүүтэй компаниудын үйл ажиллагааг доголдуулах чиглэлд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.   
БНХАУ-ын “Huawei” болон БНСУ-ын “Samsung” компаниуд нь энэ оны эхээр анхны “5G” сүлжээ дэмждэг ухаалаг төхөөрөмжүүдийг танилцуулж, худалдаанд нэвтрүүлээд байна. Технологийн дайнд тэргүүлж буй тус хоёр улс “5G” сүлжээг эх орондоо бүрэн нэвтрүүлсэн анхны улс болохоор ширүүн өрсөлдсөөр.
Тэгвэл хүн төрөлхтний нэн орчин үеийн түүхэнд саяхан л ядуу тариачин ард байсан БНХАУ нь хэрхэн технологийн салбарт манлайлж, тэргүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна вэ. Тус улс нь 2018 оны байдлаар 2015 хойш “5G” сүлжээг хөгжүүлэх ажилд ойролцоогоор 24 тэрбум ам.доллар зарцуулаад байна.
БНХАУ нь “5G” сүлжээний дэлхийн дахин дахь өрсөлдөөнд тэргүүлэх болсон нь “Huawei”, “ZTE” зэрэг тэргүүлэх технологийн компаниудын менежмент, боловсон хүчин, санхүүгийн дэмжлэг, хууль эрх зүйн таатай орчин, төрийн дэмжлэгээс шууд хамааралтай.  
Хятадын Глобалчлалын төвийн мэргэжилтэн Энди Мок: Одоогоор хүн төрөлхтөн “5G” буюу тавдугаар үеийн утасгүй холбооны сүлжээний технологийн тусламжтай хийж болох зүйлсийн ердөө 10 хувийг л мэдэж байна. Бид уг технологийн тусламжтай интернет дэх датаг маш хурдан хугацаанд татаж авч, “4K” нягтшилтай бичлэг зэргийг саадгүй үзэх боломжтой. Энэхүү технологийн тусламжтай дэлхий дээрх хэдэн тэрбум төхөөрөмжүүд хоорондоо маш өндөр хурдаар холбогдох боломж үүснэ. Ингэснээр бид мөсөн уулын үлдсэн 90 хувийг харж болно. Өөрийгөө жолооддог тээврийн хэрэгсэл, эрүүл мэндийн үйлчилгээ, орчин үеийн шийдлүүд, ухаалаг гэр, хот гээд мэргэжилтнүүд ч одоогоор хүрэх хязгаарыг нь тооцож чадаагүй байгаа. Ганц зүйлийг батлан хэлж байгаа нь “5G” технологийн тусламжтай хүн төрөлхтний аж амьдрал, соёлд томоохон дэвшил гарна. Үүнийг “Аж үйлдвэрийн IV хувьсгал” гэж нэрлэсэн байдаг.     
Тиймээс БНХАУ-ын технологийн тэргүүлэх компаниуд үүний далайцыг иргэдэд таниулах ажлыг эрчимтэй хийж байна. Энэ жилийн хувьд бид Шанхай хотын метроны буудлуудыг үнэгүй “5G” сүлжээгээр хангах ажлыг хийсэн. Тус хот нь “5G” сүлжээг бүрэн нэвтрүүлсэн дэлхийн анхны хот болох зорилтыг тавин ажиллаж байна. Технологи, хууль эрх зүй, санхүү, хөрөнгө оруулалтын хувьд “5G” сүлжээг хөгжүүлэхэд БНХАУ-ын өмнө саад байхгүй. Цорын ганц саад байгаа нь улс төрийн буюу АНУ, тэр дундаа Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаатай үүссэн асуудал юм.
Зөвхөн БНХАУ болон АНУ-ын хооронд болж буй худалдааны дайн бус үүнээс өмнө ч “5G” сүлжээний өрсөлдөөн дэлхийн тэргүүлэх гүрнүүдийн хувьд байсаар ирсэн. Үүний жишээг “Huawei”-ын санхүүгийн албаны даргыг АНУ-ын хүсэлтээр Канад улсад саатуулснаас харж болно. Тус компанийн хувьд энэ мэт боломжит эрсдлүүдийг тооцон үзэж эртнээс сайн өмгөөлөгчид, шилдэг хуулийн фирмүүдийг хөлсөлж ажиллуулах болсон.  
БНХАУ нь 1,4 тэрбум хүн амтай. Тус улсад нийт 2,2 тэрбум ухаалаг төхөөрөмж байх бөгөөд 2023 он гэхэд энэ тоо 42 хувиар өснө гэсэн тооцоо байдаг. Хятадын эрх баригчид зөвхөн дотоодын хэрэглэгчдэд хандсан “5G” сүлжээний өргөтгөлийн ажилд бүх анхаарлаа хандуулахад л хангалттай хэмжээний орлого олж болно. Гэтэл уг суурь технологи нь тэдний дэлхийн төв болох бодлогын томоохон хөшүүргүүдийн нэг. Тиймээс ч Хятадын технологийн томоохон компаниуд Европ, Америк тивүүдэд зах зээлээ өргөжүүлэх чиглэлд сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллажээ.
Брюссель дэх Евроазийн төвийн тэргүүн Фрайзер Камероон: БНХАУ-ын технологийн томоохон компаниуд Европын зах зээлд эрчимтэй нэвтэрч дан ганц “Huawei” л гэхэд “Apple”, “Samsung”, “Nokia”, “Sony Ericcson” зэрэг томоохон компаниудыг ардаа орхисон. Европын улсуудын хувьд одоогоор ирээдүйн технологийн чиг хандлага гэхээсээ илүүтэй хэрхэн “5G” сүлжээнээс хэрхэн татвар авах вэ гэдэг дээр төвлөрөн ажиллаж байна. БНХАУ-ын “5G” сүлжээний төхөөрөмжүүд Европын улсуудад амжилттай нэвтрэх эсэхэд гурван том саад, хүчин зүйл бий. Нэгт, АНУ-ын шахалт. Хоёрт, Хятадын компаниудад технологи, харилцаа холбооны салбарын монопол байдлыг өгөх вий гэх болгоомжлол. Гуравт, мэдээллийн аюулгүй байдлын асуудал байгаа. Жишээ нь хэдхэн жилийн өмнө АНУ-ын тагнуулын байгууллага Германы Канцлер Ангела Меркелийн ухаалаг гар утсыг чагнаж байсан нь илэрсэн. Энэ асуудал БНХАУ-ын зүгээс гарахгүй гэх баталгаагүй. Үүний дээр “5G” сүлжээний тусламжтай цахим төлбөр тооцоо, банк санхүүгийн үйлчилгээ тэр чигтээ өөрчлөгдөнө. Тэр цагт санхүүгийн салбарын технологийн хувьд Европын улсууд БНХАУ-аас хамааралтай байж болохгүй гэх зүйл худалдааны дайны өмнө ч яригддаг байсан сэдэв юм.  
Технологийн эрин үеийн чиг хандлага болсон “5G” нь тавдугаар үеийн үүрэн холбооны сүлжээ гэх утгыг илэрхийлдэг. Нэгдүгээр үеийн үүрэн холбооны сүлжээ буюу “1G” нь хүн төрөлхтөнд гар утсаар ярих боломжийг олгосон. “2G” мессеж бичих, “3G” ухаалаг төхөөрөмжөөр интернетэд холбогдох, “4G” илүү өндөр хурдыг санал болгосон. Тоо өсөхийн хэрээр хурд, хэрэглэгдэхүүн, технологийн дэвшлүүд сайжирна гэсэн хялбар ойлголт юм. Мэдээж “5G” өмнөх үеийн технологиудтай харьцуулахад эдгээр бүх шинж чанарыг агуулсан. Гэхдээ маш хурдан буюу 20 гигабайт секундийн хурдтайгаар дата өгөгдлийг татаж авах боломжийг олгоно. Энэ нь “4G” сүлжээтэй харьцуулахад 100-200 дахин хурдан өгөгдөл дамжуулах хурдтай гэсэн үг юм. Хамгийн энгийнээр тайлбарлахад та “5G” сүлжээний тусламжтай интернетээс “8K” нятгтаршилтай бүрэн хэмжээний 400 киног нэгэн зэрэг үзэх боломжтой. Хамгийн гол нь ингэх үедээ таны ухаалаг төхөөрөмж, компьютер нь маш бага ачаалал авч, батарей зарцуулалт хийх юм.
Хүн ойролцоогоор 200-300 миллисекунд хурдтайгаар хариу үйлдэл үзүүлдэг. Харин “5G” технологи нь нэг миллисекунд хариу үйлдэл үзүүлэх хурдтай. Тиймээс л хүн төрөлхтний аж амьдралыг үүрд өөрчилж, хувьсгал авчрах энэхүү технологийн хойноос их гүрнүүд уралдсаар байна.
Эх сурвалж: CGTN, CNBC, Digital Trends, The Verge
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн