МҮСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сагсанбөмбөгийн 3х3 төрлийн үндэсний шигшээ багуудын Ерөнхий дасгалжуулагч С.Тулгатай ярилцлаа. Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр Олимпийн наадамд оролцох эрхтэй болсон. Тамирчдын бэлтгэл сургуулилт болон Монголын сагсанбөмбөгийн хөгжлийн талаар яриа өрнүүллээ.
-Сагсанбөмбөгийн 3х3 төрлөөр эмэгтэй баг Олимпийн эрхээ авсан байгаа. Харин эрэгтэй багийн хувьд одоо эрхээ авахаар бэлтгэлээ хийж байна. Дэлхий дахинд коронавирусийн дэгдэлтийн улмаас олон тэмцээн, уралдаанууд хойшилж байна. Энэ дунд эрэгтэй багийн оролцох тэмцээнд байсан уу?
-Сая Энэтхэг Улсын Банглоре хотод энэ сарын 18-22-ны өдрүүдэд болох байсан "Токио 2020" Олимпийн наадмын эрх олгох тэмцээн хойшилсон. Дэлхий нийтээрээ бүх тэмцээн хойшилж байна. Ганцхан Монгол биш өрсөлдөгч орнууд ирэх боломжгүй болсон.
-Улсын онцгой комиссийн шийдвэрээ заал, фитнессийг хаасан шүү дээ. Та бүхэн бэлтгэлээ яаж хийж байна?
-Олимпод оролцох багуудад бэлтгэл хийх эрхийг Улсын онцгой комиссоос өгсөн. Олимпийн эрхийн тэмцээнүүд хүлээгдэж байгаа учраас саяхнаас албан ёсны зөвшөөрлийн дагуу бэлтгэлээ хийж байна. Мэдээж бид нарт зохих ёсны шаардлагуудыг тавьсан түүнийг нь биелүүлэн бэлтгэлээ хийж байна. Монгол хүн дэлхийд сагсанбөмбөгийн амжилтаараа тодрон гарч ирж байна. Зөвхөн Монгол ч биш онигор нүдтэй, шар арьстай хүмүүс буюу Азиудынхаа нүүр царай болж тивээ төлөөлж байна. Манай эрэгтэй баг 3х3 сагсан бөмбөгийн төрлөөр дэлхийд өндрөөр үнэлэгдэж, топ таван улсын нэгт багтдаг болсон. Бэлтгэл, сургуулилтаа сайн хийгээд, олимпийн эрхийн тэмцээнд оролцох эрхээ аваад, цаашлаад Олимпоос медаль авъя гэсэн том зорилготой. Бэлтгэл маш сайн байгаа. Сая нэгдүгээр сард Серби болон Словений сагсан бөмбөгийн холбооны урилгаар Серби, Словенид очиж нэг сар бэлтгэл хийлээ. Манай холбооны Олимпод бэлтгэх албаны дарга, "Энержи 3х3" сагсан бөмбөгийн клубын тэргүүн Г.Батцэнгэл захирал ахлан 8 хүний бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Тэнд Канад, ОХУ, Голланд, Серби, Словени гэсэн дэлхийн шилдэг багууд цугласан, их өгөөжтэй бэлтгэл болсон. Серби, Словениуд Ази тивээс зөвхөн Монгол Улсыг урин Олимпийн бэлтгэлээ хамтран хийсэн нь нэр төрийн хэрэг юм. Бүтэн сар багаараа Европод байрлаад бэлтгэл хийнэ гэдэг зардал ихтэй. Олимпийн эрх авах, олимпод оролцох Монгол Улсын баг тамирчдаа бэлтгэл сургуулилт хийх бүх боломжоор ханган дэмжиж буй "Энержи Ресурс"-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, М-Си-Эс Кока-Кола компаний захирал Л.Мягмаржав болон нийт М-Си-Эс группын хамт олонд талархал илэрхийлье.
-Ямар бүрэлдэхүүнтэй тоглох гэж байна?
-Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг 20 баг Олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна. Үүнээс А хэсгийг буюу тэмцээний чансааг тэргүүлж нэг дээр Монгол Улс, Б хэсгийн нэг дээр АНУ байгаа. Манайхаас FIBA-д /ОУ-ын Сагсан бөмбөгийн холбоо/ Олимп болон эрхийн тэмцээнд оролцох зургаан хүний нэр өгсөн. Үүнд үндсэн дөрөв буюу Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн нар дээр нэмээд А.Ананд А.Гансүх гэсэн бүрэлдэхүүнтэй байна. Энэ зургаагаасаа дөрвийг нь сонгоно. Харин эмэгтэй баг одоо 10 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийж байна.
-3х3 төрөлд талбайд гурав, сэлгээнд нэг гээд дөрвөн тамирчин тоглодог шүү дээ?
-Ямар ч тэмцээнд тулгасан дөрвөн хүн бэлдэж болохгүй гэдгийг ойлгосон. Бид нар Азийн аваргад дөрвөн хүн бэлдчихээд, түрүүлнэ дээ гээд байж байтал хоёр хоногийн өмнө Г.Цэнгүүнбаярын шагай нь мултарч, бүтэн эргээд хагалгаанд орсон. Тэгээд хоёрхон хоногийн өмнө А.Гансүхийг дуудаж, оруулсан. Хүн ер нь алдаад л тэрнээсээ суралцаад байдаг юм байна. Манайхан бэлтгэлээ маш сайн хийж байна, бид нар ч сайн шахаж байгаа.
Энэ бүхний ард бас тамирчин хүний хувийн амьдрал чухал л даа. Тоглоод л яваад байдаг ар гэр нь хоол ундгүй болчихвол яана. Урьд манайхан орой ажлаа тарахаар харьж хувцсаа аваад, ирж бэлтгэлээ хийгээд олон улсын тэмцээнүүдэд ордог байсан. Одоо энэ хүмүүсээ ажлаас нь гаргаад, эндээ цалинжуулаад бүтэн ажил нь болгож ажиллаж байгаа.
-Та үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн хувьд тамирчдаа ямар систем, тактикаар бэлдэж байна вэ?
-Монголын 3х3 сагсан бөмбөг дэлхийн хамгийн сайн системтэйд тооцогддог. Дэлхийн шилдэг гурван улсын нэг. Сайн системтэй болохоор л бид нар хождог. Өмнө нь 3х3-аар Монголын хамгийн гайгүй гэсэн багш нар хүүхдүүдээ аваад явсан. Тэгээд хожоогүй шүү дээ. Хүмүүс монголчуудад 3х3 төрөл зохиж байна, таараад байна гэдэг. Өмнө нь хождоггүй байхад зохихгүй байсан гэх үү. Ялгаа нь бидний бий болгосон системд л байгаа юм. Манай хүүхдүүд энэ системийг ажиллуулах ухаантай, зоригтой, хүчтэй, хөдөлмөрч байна. Намайг доош нь хийх гээд байгаа юм уу, эсвэл тэр хүүхдүүдийг доош нь хийх гээд байгаа юм уу янз бүрийн яриа гарч л байдаг. Би зэвүүцсэндээ дээрхийг хэлж байгаа юм биш. Бодит байдал ийм байна. Уншиж байгаа хүмүүс ойлгож байгаа байлгүй дээ. Зөрчил байгаа газар хөгжил бий.
-Манай улсын 3х3 төрлийн тамирчдыг бусад улстай харьцуулахад намхан гэдэг. Сагсанбөмбөгт нуруулаг байх хамгийн чухал шаардлага уу?
-Тэгч ярьдаг. Тэртээ тэргүй Монгол хүн Европууд шиг өндөр болохгүйгээс цааш өөрсдийнхөө намхан нуруундаа тохируулсан систем боловсруулдаг. Өрсөлдөгч чинь өндөр бол бид нар хүчтэй, бяртай. Өндрийг хүч, бяраар хамтарч дийлнэ. Өөрсдөдөө тохируулсан онцгой систем гаргаж ирсэн нь энэ. Манай тамирчид бусад бүх орны тамирчдаас намхан. Тиймээс байгаа хүч бяраа улам нэмж байна. Байхгүй юмаа энд тэндээс олж авч байна. Монгол хүн ухаантай гэдэгт эвлэрэх хэрэгтэй.
-Саяхан Олимпийн наадам нэг жилээр хойшиллоо шүү дээ. Үүнийг хэрхэн хүлээж авч байна?
-Олимп хойшилсон нь манай багуудад их ашигтай. Манай эмэгтэй багт шинэ систем, шинэ арга барил сууж байгаа. Тиймээс цаг хугацаа хэрэгтэй байсан. Уг нь бусад улсуудад судлагдахгүй байж байгаад Олимпод орно гэж тооцоолж байсан л даа. Гэхдээ илүү нь л хождог учраас энэ хамаагүй. Дэлхийн багуудаас манай багууд маш залуу. Залуу хүмүүст туршлага хэрэгтэй байдаг. Ер нь таатай мэдээ шүү.
-Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос баг, тамирчдыг чансаагаар нь эрэмбэлдэг юм билээ. Үүнд манай багууд дээгүүр явж харагдсан. Эмэгтэй баг олимпод яаж оролцох төлөвтэй байна вэ?
-Эмэгтэй багийг судалгаагаар найман багаас наймд орно гэчихээд байна. Дэлхийн сагсанбөмбөгийн хөгжил эрэгтэйчүүд дээр 10 дугаар үе дээр явж байгаа бол эмэгтэйчүүдийнх массаараа тавдугаар үе дээр байна. Тиймээс бид нар эрэгтэй 10 дугаар үеийн системээ эмэгтэй дээрээ тавьж, бэлтгэлээ хийж байна. Манай охидууд 2-3 жилийн дараа яг эрэгтэйчүүд шигээ болоод, дэлхийд эмэгтэй супер одуудтай болно.
-Харин эрэгтэй багийн хувьд?
-Шууд медаль авна. Одоо Олимпод оролцох эрэгтэй дөрвөн эрхийг Серби, БНХАУ, ОХУ, Япон улс авсан байна. Серби бол яалт ч үгүй тасархай. ОХУ-г бид нар дэлхийн аварга дээр хоёр жил хожсон. ОХУ-ын шигшээг байнга хождог. БНХАУ-ын баг бол хэтэрхий их мөнгөтэй, хүчээр оноогоо дээшлүүлээд орчихсон. Япон бол эрх аваагүй. Манай эрхийг Япон зохион байгуулагч орны цагаан хуудсаараа авчихсан. Одоо үлдсэн дөрвөн эрх дээр нь бид нарын тооцоогоор АНУ, Словени, Латви, Литви, Франц тэгээд манай улс гол өрсөлдөгчид байгаа. Энэ улсуудаас 4 нь шалгараад, тэр дунд нь манайх байвал найдвартай медаль авна гэж тооцоолж байна. Иймд манай улсын хувьд Олимпийн эрхийн тэмцээн хамгийн чухал байна.
-Эмэгтэй багаа олимпийн эрх авч байхад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ. Тэр үеийг эргэн дурсвал...?
-Хүүхэд жаахан байхдаа мөрөөддөг дөө. Олон жилийн дараа миний мөрөөдөл биелж байна. Эмэгтэй багийг олимпод орно гэхэд хүмүүс итгэхгүй байсан. Манай багийн охидууд хүртэл итгэхгүй байсан. Тэгээд би “та нар чинь ямар сонин юм бэ, гээд дагуулаад л яваад байсан”/инээв/. Тэгээд сүүлдээ манай охидууд өөрсдөө итгэсэн. Тэр үед Монголд бараг надаас өөр итгэсэн хүн байхгүй байх аа. Одоо хүмүүс мэдэхгүй байж болох ч гэсэн цаг хугацаа өнгөрөх тусам, удах тусам энэ түүх болон үлдэнэ.
Монгол Улс багийн спортоор олимпод орно гэдгийг хүмүүс сонсоод содон санагдаж байгаа байх. Монгол Улс НҮБ-д элссэний дараа анх 1964 онд Токиогийн олимпод тусгаар улсын бүрэн эрхтэйгээр оролцож байсан түүхтэй. Үүнээс хойш 57 жилийн дараа Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр олимпод орох гэж байна. Энэ бол түүхэнд томоор бичигдэх зүйл. Нэг хүний спортоор бол манайхан маш амжилттай байдаг. Бид 1964 онд Токиогийн олимпоор эхэлж байсан бол багийн спорт ч гэсэн Токиогийн олимпоор анх орох гэж байна. Бид маш том амбицтай, хүсэл мөрөөдөлтэй очно. Багийн спортоор олимпод оролцоно гэдэг өөрөө нэр хүндийн хэрэг. Дэлхийн шилдэг наймхан баг сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпод орно.
Сэтгэл байхад бүх зүйл болдог
-Таныг залуу, намайг жаахан байхад “Багийн спорт Монголд хэзээ ч хөгжихгүй” гэдэг байсан даа. Харин одоо бүр хөгжөөд олимпод орж байна шүү дээ?
-Тийм шүү. Би тэгж хэлүүлдэг байсан үеийн тод жишээ. Хүүхэд байхад “Арьсан бөмбөгөөр амьдрал хийхгүй” гэдэг байлаа. Би өөрөө юмны өөдөөс сөрөхдөө дуртай, бэрхшээл саадыг давж, мөрөөдлөө бодит зүйл болгох хоббитой хүүхэд байж. Одоо багийн спорт Монголд хөгжихгүй гэдэг үг ард хоцорлоо. Бид Ази, далайн орнуудын аварга боллоо. Гурван удаа финалын шатанд үлдлээ. Дэлхийн аваргад шилдэг наймд орлоо. Өсвөрийн баг Азийн аваргаас хүрэл медаль авлаа. Охидууд U23 дэлхийн аваргаар юу болгов. Дэлхийг шуугиулсан шүү дээ. Хүмүүс хүүхдүүдээ бөх болгоно, жүдочин болгоно, боксчин болгоно гэдэг байсан бол одоо өндөр хүмүүст, том биетэй хүмүүст спорт хайрлалаа.
Хөлбөмбөг, сагсанбөмбөг бол дэлхийг байлдан дагуулдаг спорт. Тэгтэл бид сагсанбөмбөгийн төрлөөр, дэлхийг байлдан дагуулдаг спортоор амжилт гаргаж чадаж байна. Сүүлийн гурван жил сагсанбөмбөгийн 3х3 төрлийг хөгжүүлснээрээ FIBA гишүүн 210 гаруй орноос сонгон шалгаруулалт хийхэд 2019 онд хамгийн өндөр хөгжүүлсэн орноор манай улс шалгарсан. Монголчууд дэлхийн гүн рүү нэвт орчихоод байна. Бид эрт дээр үеэс дайн тулаан хийхдээ цөөхүүлээ биш олуулаа нийлж тактикаа боловсруулж, түүнийгээ амжилттай хэрэгжүүлж дэлхийн талыг эзэлсэн хүмүүс шүү дээ. Тэр багийн ажиллагаа, сэтгэхүйг шалнаас нь арчтал, хувь хувиа бодтол нь 220 жил Манжийн дарлалд байлгасан. Тийм сэтгэхүйтэй болтлоо өөрчлөгдсөн. Гэхдээ буцаад бид нар багаараа, хамтаараа, нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө байдаг шүү гэдгийн жишиг болон ажиллаж байна.
-Анх 2004 онд TLG-13 багаа бүрдүүлж байснаас хойш 16 жил өнгөрчээ. Сагсанбөмбөгт амьдралаа зориулж яваа таны хувьд энэ салбарыг маш сайн мэдэж байгаа байх. Сагсны багууд амжилттай явж байгаа ч хоёр холбоо хоорондоо маргалдахаас эхлээд асуудал их байх шиг байна. Сагсанбөмбөгийн, спортын салбарт ямар асуудал байна вэ?
-Хамгийн түрүүнд системийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. 1990 онд Монгол Улс социалист нийгмээс капиталист нийгэм рүү шилжсэн. Гэтэл энэ спортын систем социализмаараа л яваад байна. Муухайгаар хэлэхэд спорт хүний наймааг зөвшөөрдөг. Хүнийг зарж ашиг олдог. Бизнес зарчмаар хөгжих ёстой зүйл чинь хуучнаараа л яваад байна. Монголын бүх салбарт ийм л юм тохиолдсон. Залуу хүмүүсээ дэмждэггүй. Худлаа залуучуудаа дэмжинэ, дэмжинэ гэдэг мөртлөө боломж олгохгүй “суганы үс” болгож явуулах дуртай. Чи ингэ, чи тэг гээд бүгдийг нь заагаад. Сагсан бөмбөгт шинэ үеийн маш олон залуу дасгалжуулагчид, тамирчид гарч ирж байна. Тэднийг би буруу хүмүүс, сагсны террористуудээс цээжээрээ хамгаалж, өөрсдийгөө хөгжүүлж улмаар сагсан бөмбөгийн хөгжлийг хурдасгах эд эсүүд болох боломжийг нь олгож байгаа. Монголд байгаа хамгийн эрүүл, биеэ даан хөгжиж буй салбар бол сагсанбөмбөг. Үүнийг бид Спрайт супер лиг, Хөгжлийн лиг, Жи лиг гээд 150 гаруй багийн тамирчдаар батална. 150 эзэнтэй 150 багийн 3000 гаруй залуучууд сагсанбөмбөгөөр идэвхитэй хичээллэж байна. Тулгаа муухай гээд сэтгүүлчид, сайд, дарга нар дайрдаг. Уулын моднуудын урт модон дээр нь аянга буудаг шиг над руу л дайрдаг байх. Ардуур байгаа моднууд маш хурдан хугацаанд ургаж, дархлаагаа тогтоох хэрэгтэй. Тэгэх юм бол бид сайн хөгжинө.
-Сагсанбөмбөгийн салбарт улс төрийн шуурга ихээр орж ирсэн. Монгол хүн дэлхийд гарч, дэлхийн хүмүүстэй өрсөлдөнө гэдэг амархан. Хамгийн хэцүү нь Монгол хүнийг Монгол хүн л дөрвөн уулынхаа голд уядаг юм. Муухайгаар хэлбэл жалгандаа. Энэ жалганд байгаа хүмүүс дээшээ гарах гэж байгаа хүнээ тамын тогооны үлгэртээ татаж унагаадаг. Тамын тогоо ч цаашаа юм байна лээ. Хөмөрсөн тогооны амьдрал юм уу даа. Энэ тогоог дээш нь харуулаад тавьчихвал салбар, салбарын хүмүүс дэлхийд гарна, Монгол хөгжинө.
-Бид жалганаасаа гарах гэж үйлээ үзсэн. Монголын сагсанбөмбөгийн 5х5 төрөлд сүүлийн долоон жил террористуудын барьцаанд байна. Энэ төрлөөр Ази, дэлхийн аваргад оролцох бүрэн боломжтой. 3х3-аасаа илүү гарахаар амжилттай эхэлсэн юм. Манай хамт олон санаа нийлсэн хэдэн залуус маш шаргуу ажилласан. Яг амжилт гаргаад л эхэлж байхад террористуудын барьцаанд орсон. Террористууд бөмбөг тавьдаг, юм нэхдэг. Бид нар тэмцээнд оролцъё гэхээр наадуул чинь биш шүү, албан ёсны баг биш шүү гээд мэйл биччихдэг. Одоо тэд нар зүсээ хувилгаад залуу болоод байна. Залуустайгаа хамтарч ажиллая гэхээр ард нь террористууд гар хөлийг нь хөдөлгөөд байж байдаг. Тэгээд л талцуулаад, хэрэлдүүлээд л байж байдаг. Гэхдээ бид удахгүй энэ төрлөөр буцаад босоод ирнэ. Монголчууд 5х5 төрлөөр Азийн аваргад ч орж үзээгүй байгаа. Нэгдүгээрт, Азийн аваргад орох. Хоёрдугаарт, дэлхийн аваргад орох. Энэ амжилт, зөв хөгжлийн төлөө МСБХ-ны Ерөнхийлөгч Ц. Цэвэрбал, МҮСБХ-ны хамт олон нэгэн хүчээр хөдөлмөрлөж байгаа.
Монголчууд бахархал ихтэй болох хэрэгтэй. Тэгэх юм бол араас гарч ирж байгаа олон олон хүүхдүүд “Тэр шиг болчих юм сан” гэсэн хүсэл мөрөөдөлтэй болно. Хүсэл, мөрөөдлөөс бүх юм эхэлдэг гэж боддог. Бас аймар инээдтэй. Спортын төв ордонд 2012-2016 оны хооронд Тулгаа зааланд орсон, Тулгаа ингэлээ л гэдэг. Яг яс юман дээрээ тэнд бид нар Өсвөрийн улсын аварга гээд 7-8 насны ангиллаас эхлүүлээд 11 улсын аварга хийж байгаа юм. Нэг нэг насаар, тус тусад нь. Өмнө нь 18 нас, 22 нас, насанд хүрэгчдийн аварга гээд гуравхан улсын аваргын тэмцээн хийдэг байсан. Тэгэхээр Тулгаа биш сагсчид орсон байгаа биз дээ, би тэнд чинь ганцаараа тоглоод байхгүй биз дээ /инээв/ Бид мөнгө харахгүйгээр тэнд тэмцээн хийсэн юм. Тэр тэмцээнд орж байсан хүүхдүүд 3х3-аар гараад ирлээ. Тэгээд бид нар сагс хөгжүүлснээрээ буруутан болоод хөөгдсөн.
Дасгалжуулагч хүн хамгийн гол нь зөв хүн бэлддэг байх хэрэгтэй. Тэгэхгүй баахан онгироо хүмүүс бэлдчихвэл нөгөөдүүл нь гадуур саагьж хүн амьтан зодоод, хэл ам татлаад явбал яана. Дасгалжуулагч хүн өөрийгөө шавь нараасаа л харах хэрэгтэй. Манай 3х3-ын тамирчдаас хар буруу юм сонсогдож байгаагүй байх. Санаатай болон санаандгүй, хүчээр л оруулчихгүй бол ер нь гайгүй шүү. /инээв/ Хэдэн хүн муу юманд орчихыг алийг тэр гэхэв. Би өөрөө энэ насыг тойроогүй дайраад гарсан. Зүгээр байж байхад л хэл аманд оруулна. Охид, хүүхнүүд явуулна. Яах гээд байдаг юм. Хүчингийн хэрэг тохуулах гээд байдаг юм уу.
Сүүлийн үед “Муу хүмүүст муулуулбал мундаг сайн” юм байна гэж бодогдох болсон. Хэтэрхий их магтаал бас дэмий. Муулуулж л байвал өөрийгөө ажил хийж байгаа юм байна гэж бод.
-Салбар нь ийм байж. Төр засаг хэр дэмжиж байна?
-Улс биднийг дэмжих нь битгий хэл эсрэгээрээ хааж боодог. Одоо хүртэл. Бид Олимпод явах гэж байж Спортын төв ордондоо ч бэлтгэл хийж чадахгүй байна шүү дээ. Бид нарыг харлуулж, гүтгээд л. Тусалсан дэмжсэн хүн болгоныг харлуулчихдаг. Биднийг дэмжиж өдий болтол явуулж байгаа Энержи Ресурс ХХК байна, Кока-кола байна, MCS-ийн хамт олон байна. Хүмүүс MCS-ийг ямар их муулдаг билээ. Гэхдээ нүдний далд зөв л байдаг байхгүй юу. Эцсийн дүндээ дэлхийд Монгол гэдэг нэр л гарч байгаа шүү дээ. Тэрнээс биш МАН-ын, АН-ын Монгол улс гэдэг нэр гарахгүй. Улс биднийг тоодоггүй ч гэсэн гадны тэмцээнүүдэд очиход Чингисийн үр сад Монголчууд ирлээ л гэдэг юм даа. Бид 16 жил болохдоо улсаас нэг ч мөнгө авч байсангүй. Хүн болгоё гэвэл болдог л юм байна. Бидэнд тусалдаг, биднийг дэмждэг цөөхөн хэдэн хүн бий. Тэр хүмүүсийн сайн, муу нь огт хамаагүй. Энэ хүмүүс сагсанбөмбөгт тусалж байна. Энэ хүмүүс улс төрдөө, бизнестээ юу хийсэн нь хамаагүй, тэд улсынхаа багийг, Монгол бахархалаа, залуучуудаа дэмжиж байна.
Залуустаа хэлэхэд залуучуудаа өөдөө татна, дэмжинэ л гэдэг. Шал худлаа юм байна лээ. Өөрөө өөртөө л итгэж, өөрөө зүтгээд, өөрөө л дээшээ гараарай. Тэрнээс биш хэн нэгнээс дэмжлэг хүсэж, хэн нэгнийг хараад хэрэггүй. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэг шиг ухаантай, мундаг сэхээтэн хүмүүс бас бий л дээ. Манайд гэхэд ганц, хоёр л хүн тусалж байна. Тэгэхэд бид дэлхийд гарчихлаа шүү дээ. Монгол улсын спортын салбар, спортын яам нь спортын төв ордондоо оруулахгүй байна. Ямар сайндаа бүхэл бүтэн үндэсний шигшээ баг хуучин Орчлон сургуулийн зааланд бэлтгэлээ хийж байна шүү дээ.
-Тэгэхэд бид нарыг Япон, Солонгос энд тэндээс хамтарсан бэлтгэл хийе, ирээч гээд уриад л байна. Байр, хоол, зардлыг чинь даая, цалинжуулья гээд. Бид нар очихгүй. Яагаад гэвэл энэ ухаалаг системээ бусад оронд алдмааргүй байна шүү дээ. Бид ч гэсэн хэдэн төгрөгөнд худалдагдаад явчихгүй. Надад олон улсын жишгээр өндөр зэрэглэлийн дасгалжуулагчийн өндөр цалинтай гэрээ байгуулж бүх нөхцөлөөр хангаж хамтарч ажиллая, манай багийг дасгалжуулаач гэсэн санал хэд хэдэн улсуудаас ирсэн. Хэдийгээр мөнгө чухал ч гэлээ би худалдагдахгүй, мөрөөдлөө биелүүлж Монголчуудаа бахархалтай болгомоор байна.
-Монголчуудаа бахархалтай болгомоор байна гэлээ. Та үүний төлөө юу хийж байна вэ?
-Хамгийн түрүүнд энэ хоёр багаа медаль аваад олон түмнийхээ итгэлийг хүлээгээсэй гээд чадахаараа л хичээж байна. Үүний ард Д.Дэлгэрнямын биш, С.Тулгын биш Монголын л нэр гарна. Хийж чаддаг юмаа тултал хийх хэрэгтэй, бүх юмыг тултал хий гэдэг. Тэгээд одоо тулгаж хийж үзэх гээд л явж байна. Баяртай мэдээ дуулдана гэж найдаж байна. Хойшдоо амралтын өдөр болгон хүмүүсийг үзэх харах юмтай болгохын төлөө зүтгэж байна. Сагсанбөмбөгт олон төрлийн тэмцээн, тоглолтууд болдог. Тэр мөрөөдөлдөө хүрнэ гэж найдаж байна. Өмнө нь хэцүү байхад энэ хэмжээнд хүрчихэж байгаа юм чинь одоо бол үлдсэн нь их амархан санагдаад байна.
-Санаанд нь багтаад байна уу?
-Тийм ээ. Хамгийн хэцүү нь хүүхэд байхад маш том мөрөөдөл тавиад тэндээ хүрэх болов уу үгүй болов уу гэж боддог. Яг тэндээ хүрээд ирэхээр бусад нь болох юм байна даа гэсэн итгэлтэй болдог юм байна.
-Спорт хүнд яаж нөлөөлдөг юм бэ?
-Спорт бухимдалтай байгаа нийгмийг өөрчилнө. Спортоор хичээллэсэн хүн ялж, ялагдаад зөв хүн болдог. Хүнийг өвдсөн хойно нь эмчилнэ гээд байдаг их сонин. Өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлээд хөдлөх хэрэгтэй. Одоо бид коронавирусийг гарахад хөдөлгөөн хамгийн чухал юм байна гэдгийг Монгол орон даяар, дэлхий даяар ойлгож байна. Ялангуяа чөлөөт, бокс, буудлага бол цөөхөн хүний дотор эргэлдэж байдаг. Ихдээ л 300, 400 хүн байгаа байх. Гэтэл сагсанбөмбөгийг монголын хүн амын 70 хувь нь сонирхож, тоглодог гэсэн судалгаа байна.
-Спорт гэдэг өөрөө хоргүй хар тамхи. Спортоор хичээллэсэн хүн ялж, ялагдахын тухай мэддэг. Дэлхийд толгой цохидог, онц сурдаг хүмүүс сайхан амьдрахгүй “Шархаданд” очоод хэвтчихсэн тохиолдол байна. Амьдралдаа гуньж, гутраад муудчихсан ч хүмүүс байна. Тэгэхэд спорт хөөсөн хүн ялж ялагдаж, гуньж, гутарсан ч зүгээр байдаг. Энэ л амьдралын хамгийн сайхан зарчим. Хар тамхи татахаар, архи уухаар нэг кайф авдаг байх. Сагс тоглоод янзын гоал хийгээд, оноо авахад хар тамхинаас авдаг, архинаас авдаг кайфыг эндээсээ авчихдаг. Спорт гэдэг эрүүл, зөв, цагаан энергитэй.
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын иргэд бүгд спортоор хичээллэдэг. Бүх чиглэлийн спорт дээд зэргээр хөгждөг. Заавал мэргэжлийн тамирчин болдоггүй юм аа гэхэд эрүүл байхын төлөө хичээллэдэг. Эрүүл байна гэдэг хамгийн аз жаргалтай. Мянган мөнгөтэй байгаад хорт хавдартай бол хэцүү. Мянган бренд өмсөөд яах вэ дээ. Тэр чинь зүгээр л эд материал шүү дээ. Жинхэнэ эд баялаг бол эрүүл бие. Тэрийг өвдсөн хойноо л хүн мэддэг юм шиг байна лээ.