2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхлэн, ид үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон үед болж буйгаараа онцлогтой. Өнөө жилийн сонгуульд Монгол Улсын 2 сая 624 мянган иргэн 606 нэр дэвшигчээс сонголтоо хийнэ.
Сонгуультай холбоотойгоор цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин нийт алба хаагчид Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн хэсгийн хорооны хэв журмын хамгаалалт, гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Түүнчлэн энэ өдөр согтууруулах ундаагаар үйлчилсэн, худалдан борлуулсан, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 17 дугаар бүлгийн 17.1.34-д зааснаар хүнийг 10 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож хариуцлага тооцох юм