Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсаа тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан нь хоёр мянган жил үргэлжилсэн хаант засаглалыг халж, бүх нийтээр төрийн хууль тогтоох, эрх барих дээд байгууллагаа сонгодог болсон билээ. МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш доктор, дэд профессор Ч.Болдбаатартай уг өдрийн эхлэл хэзээнээс тавигдсан болох, анхдугаар Үндсэн хууль боловсруулах ажил хэрхэн өрнөсөн болох зэрэг энэхүү өдрийн түүхийн тухай ярилцлаа.
-Өнөөдрийн түүхэн тэмдэглэлт өдрийн утга учрыг залуучуудад үнэн зөв ойлгуулах нь чухал. Тиймээс юун түрүүнд арваннэгдүгээр сарын 26 болон арванхоёрдугаар сарын 29-ний өдрийн учир холбогдол, ялгааг тайлбарлаж өгөөч?
-Арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан түүхт өдөр. Тухайн үед манай улс хаант засаглалтай буюу улсын эзэн нь шашин, төрийг хослон баригч Богд хаан байсан. Харин 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс засаглалын хэлбэрээ сольсон юм. Өөрөөр хэлбэл, 1924 оны 11 дүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталснаар сонгуульт засаглал буюу бүгд найрамдах засаглалыг сонгож авснаа тунхагласан. Монголчууд бид аливаа зүйлийг товчилж ярьдаг улс. Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхагласан гэдгийг өмнөх үгийг нь хасаад Улс тунхагласны баяр гэж ярьж хэвшиж. Улс тунхаглана гэдэг нь улсаа байгуулсан, тусгаар тогтносон өдөр болж харагддаг, тэгж хүлээж авдаг. Уг чанартаа 11 дүгээр сарын 26-нд засаглалын хэлбэрээ сольж, улмаар улсаа БНМАУ гэж нэрлэх болсон өдөр.
-Зарим судлаач “Тангарагийн гэрээ”-г Үндсэн хуулийн шинжтэй баримт бичиг гэж үздэг. Тэгэхээр “Тангарагийн гэрээ”-г батлан гаргах болсон учир юу байсан юм бэ?
-1921 оны долдугаар сард Ардын Засгийн газар байгуулагдаж Богд хааныг хэмжээт эрхтэй хаан хэмээн зарласан. Тэгэхээр Ардын Засгийн газар болон Богд хааны харилцааг зохицуулах шаардлага гарч ирсэн. Энэ харилцааг зохицуулсан есөн зүйл бүхий баримт бичиг 1921 оны арваннэгдүгээр сарын 1-д батлагдсныг “Тангарагийн гэрээ” гээд байгаа юм. Д.Даш нарын эрдэмтэд Д.Бодоогийн боловсруулсан зургаан бүлэг 27 зүйл бүхий Үндсэн хуулийн төслөөс энэхүү баримт бичгийг салган авч тусад нь баталсан гэж үздэг. “Тангарагийн гэрээ” нь 1921-1924 онд Монгол Ард Улсын төрийн тогтолцоог тодорхойлж байсан гол баримт бичиг. Тиймээс Үндсэн хуулийн түүхтэй шууд холбогдож байгаа юм.
-Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн комиссоос өмнө Н.Магсаржавын тэргүүлсэн Үндсэн хуулийн төсөл боловсруулах бас нэг комисс ажиллаж байсан байдаг. Тус комиссыг татан буулгасан гол шалтгаан нь юу байсан юм бэ?
-1922 оны тавдугаар сарын 19-нд МАН-ын Төв Хороо, Засгийн газраас Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссыг Шүүх яамны тэргүүн сайд Н.Магсаржаваар ахлуулан Цэвээн, Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Комиссын бие бүрэлдэхүүн цөөн, ажил албаны давхардал зэргээс шалтгаалан Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил удааширсан байдаг. Мөн оны арванхоёрдугаар сард тус комиссыг татан буулгаж эрхэлж байсан хэргийг нь Засгийн газрын цааз хуулийг эмхлэх хэлтэст хавсарган гүйцэтгүүлэхээр тогтсон. Энэ комиссын ажил удааширч, татан буулгасан гол шалтгаан бол Үндсэн хуулийн төсөл боловсруулах үзэл баримтлалын асуудлаар санал зөрөлдөөн гарч, үүнд ЗХУ, Коминтерний зүгээс шахалт үзүүлж байсантай холбоотой.
-Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын бүрэлдэхүүнд Ж.Цэвээн хоёронтоо орж ажилласан байдаг. Түүний хувь нэмэр, жин нөлөө ямар байсан гэж түүхэнд үлдсэн бэ?
-Ж.Цэвээн бол Монголын соён гэгээрүүлэгч, түүхэн зүтгэлтэн. Монголын шинжлэх ухааны ууган байгууллага Судар бичгийн хүрээлэнг байгуулах ажлыг гардсан хүн. Судар бичгийн хүрээлэнгээс манай музей, номын сан салбарлаж бий болсон юм шүү дээ. Ж.Цэвээн бүр 1914 онд Улсын эрх хэмээх зохиол бичсэн. Тэр бүтээлдээ олон улсын төрийн байгууллын тогтоцыг задлан шинжилж бичсэн байдаг. Ж.Цэвээн 1922, 1924 онд Н.Магсаржав, Б.Цэрэндорж нарын Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын аль алинд нь ажиллаж байсан. 1924 онд Т.Рыскулов нарын бэлтгэсэн төслийг Үндсэн хууль боловсруулах комиссын хуралдаанаар хэлэлцэх үеэр уг төслийг Ж.Цэвээн эсэргүүцэж, “...Монголд онцгой маягийн Үндсэн хууль байх хэрэгтэй юү” ийм хуультай байснаас байгаагүй нь дээр...” гэсэн санаагаар “...Үндсэн хуульгүй улс орон ч байдаг” гэж мэтгэж байв. Ж.Цэвээн бол зөвлөлт маягийн төрийн байгууллыг тулган хүлээлгэх Коминтерний бодлогыг сайтар ойлгосон гэж хэлж болно. Тиймээс түүнийг Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх ажлаас шахаж гаргасан байдаг. Ж.Цэвээн бол үндэсний үзэлтэн байсан бөгөөд 1928 он хүртэл Монголын үндэсний ардчилсан үзэлтнүүдийн үзэл суртлын удирдагч гэгдэж байсан сэхээтэн.
-Б.Цэрэндоржийн комисс Үндсэн хуулийн төслийг боловсруулахдаа Зөвлөлтийн Үндсэн хуулийг хуулбарласан гэх хандлага байдаг. Үүнд комиссын бүрэлдэхүүнд орос хүмүүс байсан нь нөлөөлөв үү, цаг хугацаа давчуу байсантай холбоотой юу?
-Би дээр хэлсэн, ЗХУ, Коминтерний зүгээс шахалт үзүүлж байсан гэж. 1924 оны аравдугаар сард Коминтерний төлөөлөгч Турар Рыскулов Улаанбаатарт хүрэлцэн ирсэн. Гучин настай залуу л даа, Орост зөвлөлт засаг тогтоход, 1920 оноос Туркистаны автономит бүгд найрамдах улсын Төвийн Гүйцэтгэх хорооны орлогч дарга, тус улсын Засгийн газрын тэргүүн, ЗХУ-ын Үндэстний асуудал эрхэлсэн ардын комиссарын орлогчоор ажиллаж байсан хүн. Энэ хүн ирсний дараа Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажил эрчимжсэн, нөгөөтэйгүүр Улсын анхдугаар Их Хурлын хуралдах болзоо тов ойртож цаг хугацаа давчуу болж ирсэн байдаг. Т.Рыскулов төв рүүгээ бичсэн захидалдаа “Цэрэндорж Үндсэн хуулийн төслийг баталсан төв комиссын хуралдаан дээр Үндсэн хуулийн талаар миний боловсруулсан төслийг бараг бүхэлд нь хүлээн авлаа...ЗСБНХУ хийгээд АДБНУ-ын Үндсэн хууль болон бусад янз бүрийн төслийг матерал болгон ашигласан” гээд “Үндсэн хуулийн төслийг хавсаргаж явууллаа” гэсэн байдаг. Харамсалтай нь хавсаргаж явуулсан баримт бичиг олдоогүй. Гэхдээ 1924 оны Үндсэн хуулийн бичвэрээс ЗХУ-ын Үндсэн хуулиас яг юуг хуулбарлан авсан бэ гэдгийг хэлэх боломжтой байгаа юм.
-Тэгээд яг юуг хуулбарласан байх юм?
-Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг буюу Улсын дээд эрх барих газрын тухай хэсэг нь ЗХУ-ын төрийн байгуулалтын схемээр үйлдэгдсэн. Зөвлөлтийн тогтолцоо нь Зөвлөлүүдийн их хурал, түүний чөлөөт цагт Төвийн Гүйцэтгэх хороо, түүний чөлөө цагт Төвийн Гүйцэтгэх хорооны Тэргүүлэгчид төрийн эрх барихаар тусгагдсан. Төвийн Гүйцэтгэх хорооноос Засгийн газар байгуулахаар тусгасан. Тэгвэл энэхүү институцийн нэр нь л өөрчлөгдсөн болохоос биш үнэндээ төрийн тогтолцооны энэ схемийг яг тэр чигээр нь хуулбарласан байгаа юм. Дараагийн хуулбарласан зүйл бол Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэг буюу Сонгох сонгогдох эрхийн тухай хэсэг. Үүнд аливаа хурлын төлөөлөгчийг сонгох, мөн төлөөлөгчдөд сонгогдохгүй хүмүүс нь хэн болохыг тодорхой заасан. Энэхүү таван зүйл нь ЗОУ-ын Үндсэн хуульд, тэр Рысколовын удирдаж байсан Туркистаны автономит бүгд найрамдах улсын Үндсэн хуульд тусгагдсан байгаа. Харин АДБНУ-ын Үндсэн хуулиас тавдугаар бүлэг буюу Улсын орлого, зарлагын эрхийн тухай гэсэн бүлэгт хуулбарлан авсан зүйл орсныг судалгааны явцад тогтоосон. Энэ Үндсэн хуулийн амин сүнс нь төрийн тогтолцоо, түүнийг хэрхэн бүрдүүлэх тухай асуудал, үүнийг Зөвлөлтийн Үндсэн хуулиас шууд хуулбарлаж авсан байгаа юм. Яагаад гэвэл, бүгд найрамдах засаглал гэдэг нь бүх нийтээр засаг төрөө сонгож байгуулдаг тогтолцоог ойлгодог учраас амин сүнс гэж тодотгоод байгаа юм.
-Тэгэхээр үлдсэн бүлгийг монголчууд боловсруулсан уу гэдэг асуулт гарч ирнэ?
-Тус Үндсэн хуулийн бичвэр өөрөө ихээхэн зөрчилтэй. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн эрхтэй ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эзлүүлэн улсын аливаа хэргийг Улсын Их Хурал ба мөн хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” гэсэн байдаг. Эндээс төрийн дээд эрх Улсын Их Хуралд хадгалагдана, Улсын Их Хурлаас Засгийн газрыг байгуулах юм байна гэж ойлгогдохоор... Гэтэл Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлд “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хурал хадгалах ба мөн хурлын чөлөөт цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба бас мөн хурлын чөлөөт цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино”, 15 дугаар зүйлд “Улсын Бага Хурал нь ...Засгийн газрыг нэг жилийн хугацаагаар сонгоно” гэж заасан байдаг. Тэгэхээр нэгдүгээр зүйлтэй дээрх хоёр заалт зөрчилдөж байгаа биз. Энэ нь юуг харуулж байна гэвэл, монголчуудын боловсруулсан төслийн баримт бичиг, большевикуудын боловсруулсан төслийг нийлүүлээд нэг баримт бичиг болгосон гэх дүр зураг харагдаж байгаа юм. Таны асуусан Үндсэн хуулийн 1, 3, 6 дугаар бүлэг нь монголчуудын боловсруулсан төсөл дээр үндэслэсэн гэж хэлж болно.
-Энэ Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар та олон сонин баримтыг дурдаж байсан. Энэ талаар ?
-Энэ Үндсэн хууль 1940 он хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Үндсэн хуулийн хэрэгжилтийг нь харахаар тухайн үеийн эрх зүйн ойлголтын төвшин харагддаг. Миний тоолсноор лав 14 зүйл заалтыг зөрчсөн. Жишээлбэл, Үндсэн хуулийн 10-р зүйлд Улсын Их Хурал нь 30 гишүүдийг сонгож Улсын Бага Хурлыг байгуулна гэж заасан. Гэтэл Улсын Бага Хурлыг 1925-1928 онд 45 гишүүнтэй, 1928 онд Улсын VИх Хурлаас 51 гишүүнтэй, 1930 онд Улсын VI Их Хурлаас 71 гишүүнтэй, 1934 онд 99 гишүүнтэй сонгосон байгаа юм. Үндсэн хуулийн 15-р зүйлд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид тав хүний бүрэлдэхүүнтэй байхаар заасан атал 1930 онд хуралдсан БНМАУ-ын VI Их Хурлаас 15 тэргүүлэгчидтэйгээр баталсан. Энэ мэтчилэн олон зөрчлийг хэлж болно. Энэ бол тухайн үед Үндсэн хуулийн эрх зүйн ойлголт бүрэн төлөвшиж тогтоогүй, түүнийг дагаж мөрдөх явдал хэвшээгүй байсныг харуулж байгаа юм.
- 1924 оны анхдугаар Үндсэн хуульд сул тал байгаа ч эерэг гэж хэлж болохоор үр дүн юу байв?
-1924 оны арваннэгдүгээр сарын 8-29-ний өдрүүдэд Улсын анхдугаар Их Хурал хуралдсан. Хурлын 13, 14 дэх өдөр Үндсэн хуулийн төслийг авч хэлэлцсэн. Хуралд нийт 90 төлөөлөгч ирэх ёстойгоос 77 төлөөлөгч ирсэн. Үүнээс нам эвлэлийн гишүүн 64, лам 9, үсэг бичиг мэдэхгүй 7 хүн оролцсон. Үндсэн хуулийг зүйл бүрээр нь Ернхий сайд Б.Цэрэндорж уншин тайлбарлаж, дараа нь төлөөлөгчид асуулт асуух дэгээр хурал явагдсан. Үндсэн хуулийн жинхэнэ эхийг Д.Нацагдорж бичиж үлдээсэн. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж улсын эрх барих дээд байгууллагын бүрэн эрхийн хугацааг өөрчилж, улсын нийслэлийг Баатар хот, Ар Бээжин гэх мэтээр нэрлэхээр хэлэлцэж байгаад Улаанбаатар гэж тогтсон байдаг. Ингээд Үндсэн хуулийн дагуу 1924 оны 11 дүгээр сарын 29-нд Улсын Бага Хурлыг 30 хүнтэй байгуулж, Бага Хурлаас Б.Цэрэндорж тэргүүтэй Засгийн газрыг томилсон. Шинэ Үндсэн хуулийн дагуу ингэж Монгол Улсын засаг төрийн тогтолцоог бүрэлдэж бий болсон юм.