Open iToim app
Зочин | 7 мин уншина

Ч.Сумъяа: Хятадтай хийх экспортын биет хэмжээ, дүн өсөөд байгаа боловч нэр төрөл буурч байна

Ч.Сумъяа: Хятадтай хийх экспортын биет хэмжээ, дүн өсөөд байгаа боловч нэр төрөл буурч байна
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 5
Хятад судлаач Ч.Сумъяатай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үр дүнгийн талаар ярилцлаа.
-Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 27-28-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Айлчлалын дараа хоёр орны хамтарсан мэдэгдэл гарсан. Энэ мэдэгдлээс харахад, Ерөнхийлөгчийн айлчлал үр дүнтэй байж чадсан уу. Та судлаачийнхаа хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Судлаачийн хувьд Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалыг дараах байдлаар дүгнэж болно.
1. Хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрэв.
-“COVID-19” халдварын тархалт намжаагүй байхад хоёр улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын тэргүүн нар нүүр нүүрээ харан уулзаж байгаа нь хоёр орны харилцаа өндөр түвшинд хөгжиж байгааг бүрэн харуулж байна.

2. Монгол, Хятадын стратегийн түвшний харилцаа улам бэхжив.

Хятад, Монгол хоёр улс 1994 онд "Монгол, Хятадын найрамдал, хамтын ажиллагааны гэрээ"-нд гарын үсэг зурж, 2014 онд "Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, хөгжүүлэх хамтарсан тунхаглал" гаргасан. Хоёр тал хамтран гаргасан "Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрин үед урагшлуулан хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл" энэ удаад хоёр талын стратегийн харилцааг шинэ түвшинд гаргасан гэж үзэж байна.
3. Хамтын ажиллагааны хүрээ, хэлбэр улам өргөжив.
Хятад, Монгол хоёр улс газар зүйн хувьд зэргэлдээ ойр хөрш орнууд, эдийн засаг хөрөнгө оруулалтын харилцааны хувьд харилцан уялдаа холбоо ихтэй. 2021 онд Хятад, Монголын хоёр талын худалдааны хэмжээ анх удаа 10 тэрбум ам.доллар давав. Хоёр орны худалдааны хэмжээг хамтарсан мэдэгдэлд дурдсанаар аль болох хурдан 20 тэрбум ам.долларт хүргэхийг эрмэлзэж, хоёр орны аж ахуйн нэгжүүдийг нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг цаашид зах зээлийн зарчим, бизнесийн дүрэмд нийцүүлэн өргөжүүлэхэд нь харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо гэж ойлгож байна.
-Хятадын Коммунист намын ХХ их хурлын дараа болж анхны төрийн айлчлал боллоо. Үүнээс харахад, манай Ерөнхийлөгчийн айлчлалд ач холбогдол өгч байна гэж ойлгож болох уу?

-У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бол өнгөрөгч долоо хоногт БНХАУ-д айлчилсан хоёр дахь гадаад улсын төрийн тэргүүн, мөн БНХАУ-ын Коммунист намын 10 сарын 23-ны өдөр өндөрлөсөн ХХ дугаар их хурлын дараа Хятадад айлчилсан гадаадын зургаа дахь удирдагч болсон. Кубын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга, Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель өмнө нь буюу 11 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. ХКН-ын ХХ их хурлын дараа сар гаруй хугацаанд Ши Жиньпин дарга G20, APEC олон улсын арга хэмжээ болон Хятадад айлчлал хийсэн болон хийж буй Вьетнам, Танзани, Пакистан, Герман, Куба, Монгол зэрэг улсын удирдагчдыг багтаагаад нийтдээ 28 улсын төрийн тэргүүн, дарга нартай уулзаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дараа, эдгээр өдрүүдэд Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисулит болон Европын зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель БНХАУ-д айлчилж байна. БНХАУ хуурай газрын 14 хөрш улстай, далайгаар зургаан улстай хиллэдэг.
БНХАУ-д “COVID-19” халдварын тархалт нэмэгдсэн, хүндрэлтэй байгаа үед мөн хөрш орнууд болох Вьетнам, Пакистаны айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг хүлээн авч удирдагчдын нүүр нүүрээ харалцсан уулзалт хэлэлцээ айлчлалыг амжилттай зохион байгуулж байгаа нь өөрөө ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Есдүгээр сард ШХАБ-ын Самарканд болсон уулзалтаас хойш хоёр сар орчмын дараа айлчлал зохион байгуулсан нь хоёр талын харилцааны ач холбогдлыг тодотгож байна.
-Манай улс хэд хэдэн төмөр зам барьсан боловч Хятадын талтай хилийн огтлолцлоо тохирч чадаагүй. Ерөнхийлөгчийн айлчлалаас хүлээсэн нэг хүлээлт нь төмөр замуудын огтлолцлын цэг, царигийн тохиргоог энэ айлчлалаар шийдэж чадсан уу. Хятад улстай зарчмаа тохирч чадахгүй бол эдгээр төмөр замуудаа ашиглалтад оруулж чадахгүй шүү дээ?
undefined
undefined
-Айлчлалын хүрээнд гарсан Монгол, Хятад хоёр талын хамтарсан мэдэгдлийн хүрээнд, 11,14-р зүйлд улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын бүтээн байгуулалтыг идэвхтэй урагшлуулж, Монгол, Хятадыг холбох төмөр замын шинэ гарцыг ойрын хугацаанд нээх, мөн Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэх талаар тусгасан байгаа. Үүнээс харвал, 1955 оны “Монгол- Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” шинэчлэх, 2014 оны “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” Хятадын тал соёрхон батлах, өмнөх өндөр дээд хэмжээний айлчлалуудаар тохирсон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг харилцан тохиролцох тухай ноот бичиг, Гашуунсухайт-Ганцмод боомт хил дамнасан төмөр замын холболтын тухай санамж бичиг, Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг тохирох г.м гэрээ хэлэлцээр бичиг баримтын дагуу ойрын хугацаанд хил дамнасан төмөр замын холболтууд хийгдэнэ гэдэгт найдаж байна.
- Хоёр орны худалдааны нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж болох уу?
-2022 оны 10 сарын байдлаар, Хятадын статистикийн мэдээгээр БНХАУ Монгол улс хоёр талын худалдааны эргэлт 9.67 тэрбум ам.доллар хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 22,7 хувиар өссөн байна. Инфляц, цар тахлын хүндрэлийг үл харгалзан нүүрс болон бусад түүхий эдийн худалдааны өсөлтөөс шалтгаалж импорт, экспорт хоёр оронтой тоогоор өссөн байдалтай байна. Худалдааны тэнцэл 4.96 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.2 хувь өссөн байна.
Хоёр талын худалдаан дээр, дараах байдлууд ажиглагдаж байна
undefined
Energy секторын хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлж байна. 2022 оны 10 сарын байдлаар, Хятад улсаас хийсэн экспортын хэмжээнд energy сектор 5.7 хувь, Хятад улсын авч буй импорт дотор energy сектор 52.9 хувийг эзэлж байна. Нийт худалдаа эргэлт дотор, 41.4 хувийг хамарч байна. Хятадын energy секторын экспорт дотор, өмнөд бүсийн уул уурхайн томоохон төслүүдийн тухайлбал Оюутолгойн болон боомтын цахилгаан эрчим хүч, уул уурхайн төслүүдэд ашиглагдах зарим төрлийн нефтийн бүтээгдэхүүн жин дарж байгаа бол төрөл бүрийн нүүрс, түүхий газрын тос г.м бүтээгдэхүүнүүд хятадын energy секторын импортын хувьд голлох хувийг эзэлж байна. Цаашид ч худалдаанд energy секторын хувь хэмжээ нэмэгдэхээр байна. 
undefined
Монгол, Хятадын худалдаанд бүтээгдэхүүний нэр төрөл ангилал буурч байна. 8 ОРОНТ БАРААГ ТОДОРХОЙЛОХ, КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМ ангиллаар нийт 8500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улс экспортолдог, импортолдог. Сонирхолтой нь, Хятад улсын Монголоос авах импорт дотор бараа бүтээгдэхүүний төрөл 2017 оноос жилээс жилд буурч 2022 он гэхэд 227-оос 145 төрлийн бараа бүтээгдэхүүн болсон байна. Монгол Улсын экспортын бүтцийг өөрчлөх, уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхээр олон төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг боловч, бодит байдал дээрээ худалдааны хамгийн том түнш Хятад улстай хийж буй худалдаан дээр төрөлжихгүй улам уул уурхай, energy сектор давамгайлж биет хэмжээ бодитоор өссөөр байна. Хятад улс Төв Азийн орнуудаас тухайлбал, Узбекистан улсаас авах импортын бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл олширч, нэмэгдэж байна.
undefined
Хятад улсын гадаад орнуудаас импортоор авах коксжих нүүрсний биет хэмжээ тогтвортой биш байна. Хятад улс 2019 онд коксжих нүүрс импортоор авах хэмжээ нь 74.49 сая тон байсан бөгөөд 2020 онд 72.26 сая тон 2021 онд 54.63 сая тон, 2022 оны 10 сар гэхэд 51.68 сая тон болж буурч байна. Монгол Улсаас авах импортын хэмжээ нь мөн л тогтворгүй, хятадын дотоодын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байна. 2022 оны 10 сарын байдлаар, Хятадын тал 19.13 сая коксжих нүүрс Монголоос импортолсон байдалтай байна.
undefined
-Хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн. Өмнө нь 10 тэрбум ам.доллар байсан. Нэг үгээр хэлбэл, хоёр дахин нэмэгдүүлэх юм байна. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
undefined
-2021 онд Монгол, Хятадын худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар давж, 2014 онд хоёр улсын тогтоосон дунд хугацааны худалдааны зорилтод хүрсэн байна. Энэ удаад Хятад, Монгол хоёр орны худалдааны хэмжээг 20 тэрбум ам.доллар болгон нэмэгдүүлэхийн төлөө чармайхаар тохиролцов. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд талууд “Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”, “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-г боловсруулж шинэчлэн найруулсан. Монгол, Хятадын худалдааны бүтцээс авч үзвэл, уул уурхай energy секторын салбар нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэл байсаар байна. Цаашид Монгол, Хятад хоёр улс бүхий л салбарт хамтарсан томоохон төсөл хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээ, түвшинг нэмэгдүүлэхэд түлхэц өгөх байхаа гэдэгт найдаж байна.
-БНХАУ Оросоос манай улсын газар нутгаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна гэдгээ хамтарсан мэдэгдэлдээ дурдсан байна. Өмнө нь байгалийн хий хоолойг манай нутгаар дамжуулна гэдгээ албан ёсоор илрэхийлж байгаагүй. Ингэснээр манай улсад ямар ашигтай вэ?
-2022 оны 09 сард, Узбекистан Улсын Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургадугаар уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцолсон байсан. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гарсан хамтарсан мэдэгдлийн 14 зүйлд, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг идэвхтэй урагшлуулна гэсэн нь уг төслийн ач холбогдол өндөртэйг талууд дахин нотоллоо гэж харж байна.
-Ярилцсанд баярлалаа. 
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн