АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр тус улсад H-2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарласан билээ. Эдгээр ангиллын виз нь Америкийн компаниудад түр хугацаагаар гаднаас ажилчин авах боломж олгодог. H-2A виз нь улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарын ажлын байранд, H-2B виз нь хөдөө аж ахуйн бус улирлын чанартай ажлын байранд тус тус ажилчин авахад ашиглагддаг. Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам 2018 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн монгол иргэдэд Н2 ангиллын виз олгож эхлэх юм байна. Одоогоор Н2 ангиллын визээр АНУ-д ажиллах иргэдийг хэрхэн бүртгэх, ажил олгогчтой холбох нарийвчилсан журмыг АНУ-ын Элчин сайдын яамтай тохиролцохоор ажиллаж байгаа аж. АНУ-ын H-2 ангиллын виз олгох эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улс багтсаны дараагаар АНУ-д ажиллах иргэдийг бүртгэж байна, визэнд зуучилна гэх зэргээр залилангийн гэмт хэргийн шинжтэй зарлал, мэдээлэл олноор гарч байгаа тул иргэдийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас мэдээлэл авахыг АНУ-ын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж дараахь 8 алхам зөвлөмжийг өчигдөр албан ёсны сайтаараа танилцуулсан байна.
Алхам 1: Түр хугацаагаар ажилчид авах шаардлагатай байгаа компани эсвэл зуучлагч байгууллагаа АНУ-аас олно. АНУ-ын Элчин Сайдын Яам нь аливаа ажил олгох компани, зуучлагч байгууллага эсвэл боломжит ажлын байрны жагсаалт олж өгөх, ажлын байр олгох үйлчилгээ үзүүлдэггүй болно.
Алхам 2: H-2 виз нь “petition” буюу урьдчилан зөвшөөрөгдсөн өргөдөлд үндэслэн олгогддог визний төрөл юм. АНУ дахь ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн Яамнаас ажиллах хүчний зөвшөөрөл авах бөгөөд улмаар цагаачлалын бус түр хугацааны ажилчин авах өргөдлийг (I-129 маягт, https://www.uscis.gov/sites/default/files/files/form/i-129.pdf) АНУ-ын Иргэншил ба Цагаачлалын албанд гаргана. Зөвхөн I-129 өргөдөл батлагдсан тохиолдолд боломжит ажил горилогч нь АНУ-ын виз мэдүүлнэ.
Алхам 3: Ажлын гэрээтэйгээ танилцаж I-129 маягт буюу өргөдөл нь батлагдсан эсэх болон хүчинтэй хугацааг шалгах хэрэгтэй. Зах зээлийн судалгаа хийж ажил олгогч танд зах зээлийн ханштай дүйцэх хэмжээний цалин олгох эсэхийг баталгаажуулна. Англи хэл дээр бичигдсэн ажлын гэрээ хүлээн авч гарын үсгээ зурах ёстой бөгөөд хэрэв Англи хэл ойлгодоггүй бол Монгол эсвэл өөр ойлгодог хэл дээрхи гэрээн дээр бас гарын үсгээ зурсан байх шаардлагатай.
Алхам 4: I-129 өргөдөл нь батлагдсан эсэхийг нотолсны дараа DS-160 электрон визний анкетыг бөглөн Хаан банкинд визний хураамж болох 190 доллартай тэнцэх төгрөг тушаана. (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-visafeeinfo.asp).
Алхам 5: H-2 ангиллын визний ярилцлагын цагаа товлоно (https://cgifederal.secure.force.com/).
Алхам 6: Виз мэдүүлэгч нь АНУ-ын Элчин Сайдын Яам/ Консулын хэлтэст визний ярилцлагад орно. Визний ярилцлагад ирэхдээ хүчин төгөлдөр паспорт, АНУ-ын визний шаардлага хангасан нэг хувь цээж зураг (http://www.ustraveldocs.com/mn/mn-niv-photoinfo.asp) болон I-129 өргөдлийн баримтын дугаар зэргийг авчирна.
Алхам 7: Виз олгогдсон тохиолдолд визээ авч АНУ-ын хил дээр очин H-2 түр хугацааны ажилтны визээр нэвтрэх зөвшөөрөл хүснэ.
Алхам 8: Ажлын гэрээ дуусгавар болсны дараа H-2 визний статус зөрчих аливаа үйлдэл хийлгүй АНУ-д байх зөвшөөрөгдсөн хугацаа дуусахаас өмнө Монголд буцаж ирнэ.
Анхааруулга: H-2 визний ангилалд Монгол улсыг багтаасан нь итгэл хүлээлгэсэн хэрэг бөгөөд ямар нэгэн байдлаар буруугаар ашигласан эсвэл зөрчсөн тохиолдолд АНУ-ын Дотоолын Аюулгүй Байдлын Яам цуцлах эрхтэй.
H-2 визний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эдгээр албан ёсны цахим хуудсуудаас авах боломжтой.
https://travel.state.gov/
https://search.uscis.gov/
Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам