Open iToim app
Өнөөдөр Марко Поло, Бурхан багш шиг өөрийнхөөрөө ертөнц болон аливаа зүйлийг танин мэдэх аялал эхлүүлэх явдал хэн бүхэнд нээлттэй байна. Монголчууд нэг үеээ бодоход мөнгөтэй болж, гадаад орнуудад жил бүр тогтмол аялдаг хүмүүс ч олон болж байгаа. Газар үзэж, олон юм үзэх тусам хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, аливааг танин мэдэж, хүлээн авах хандлага нь ч сайжирдаг. Харин гаднын аль ч улсад яваа манай иргэдийн хувьд тухайн очсон газартаа эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хариуцлагатай аялах нь чухал байгааг салбарын хүмүүс нь онцлох болсон. 
"Дэлхийгээр аялагчид" фэйсбүүк группийн админ С.Отгонбаттай ярилцаж үзэл бодол, аялал болон Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд юу шаардлагатай байгаа талаар хувийн өнцгийг нь хөндлөө.
Хэдий түүнд байрны урьдчилгаа хийх эсвэл гарааны бизнес эхлүүлэх хөрөнгө байсан ч тэрээр дэлхийн 27 орноор аялах замыг сонгосон аж. Тэрээр залуу хүнийхээ хувиар өөрийгөө улам бүр хөгжүүлж аялал жуулчлалын мэргэжлийн экспертийн хувиар эх орондоо хувь нэмрээ оруулах хүсэлтэй явдгаа ярьсан юм.
-Аялагч Отгонбат гэж хэн бэ, яагаад аялалтай холбогдох болов гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Бага байхад зуны амралтаар үе, үе манай байрны хүүхдүүд хотоороо аялъя гээд автобусны нэг буланд суугаад өдөржин нэг захаас нөгөө зах хүртэл явдаг байсан. Хэдий тэд намайг уриалдаг байсан ч би нэг ч удаа хамт явж үзээгүй, үргэлж гэртээ үлддэг байлаа. Би ер нь л их гэрсэг хүүхэд байсан. Тэр ч утгаараа аялалтай амьдралаа холбоно гэж өмнө нь огт бодож байгаагүй.   
Анх 2007 онд арван жилээ төгсөөд улс төрийн чиглэлээр суралцах хүсэлтэй байсан. Гэвч хувиар авч чадаагүй учир Хөдөө аж ахуйн их сургуулийн аялал жуулчлалын ангид орсон. Сүүлд нь бодоод байхад би л өөрөө тухайн үедээ анзаараагүй болохоос энэ бүхэн миний хувь тавилан байсан юм билээ.
Нэгэнт аялал жуулчлалын мэргэжлээр сурч байгаа юм чинь хичээнгүйлэн шамдахын хажуугаар оюутан байхдаа аялагч Амай ахын блогийг санамсаргүй олж нэгд нэгэнгүй уншдаг байсан. Өмнө нь дэлхий ертөнц, гадаад улсуудад болж буй зүйлсийг зөвхөн телевизийн мэдээ, баримтат кино болон ном, зохиолоос л мэдэж авдаг байсан надад Амай ахын өөрийн өнцгөөрөө аливаа шинэ ертөнцийг нээж байгаа нь маш их таалагдаж, үүнд нь татагдах болсон. Тухайн үед Амай ахын тэмдэглэлийг унших бүрт яг л хамт аялж байгаа юм шиг л мэдрэмж авдаг байлаа. Жишээ нь, би Африк гэдэг тивийн тухай тэндээс л анх нарийн мэдэж авсан юм. Тухайлбал Африкийн ард түмний бодит нөхцөл байдал, амьдралын хэв маяг, амьдралыг үзэх үзэл гээд олон чухал зүйлийг монгол хүний нүдээр нээсэн. Мөн Африкт байдаг тэр үхлийн аюултай малериа гэж чухам ямар өвчин юм, тийшээ аялахад юуг анхаарах хэрэгтэй байдаг юм зэрэг нарын зүйлсийн талаар ч мэдээлэлтэй болсон.
Тэгээд 2010 он шиг санагдаж байна Амай ах Монголд ирээд блог дээрээ уншигч нартайгаа уулзалт хийнэ гэсэн зар оруулсан байсан. Тэрийг нь хараад уулзалтад очтол надаас гадна Амай ахын найз гээд нэг хүн, өөр хоёр ах ингээд ердөө тавуулаа уулзсан юм. Би тэр дунд ганцаараа оюутан хүүхэд байсан. Тэгээд хэд хоногийн дараа Амай ах ном бичих гэж байгаа, хувийн ажлаа хийж эхэлнэ, сайн дурын ажил хийх залуус байна уу гэсэн байсан. Тэгээд би, яагаад оролдоод үзэж болохгүй гэж бодоод имэйл бичсэн. Тэгсэн Амай ах холбогдоод "за миний дүү тэг тэг" гээд, би их сургуулиа төгстлөө тэнд сайн дурын ажил хийсэн.
Тухайн үед оюутан хүүхдийн хувиар тэр их туршлага, мэдлэгтэй хүнээс асар их зүйлийг харж, суралцсан. Жишээ нь аливаа зүйлсийг чин сэтгэлээсээ хийж, ямар ч зүйлд хандахдаа нэг талыг барилгүй олон өнцгөөс чөлөөтэй сэтгэж, харах өнцгөө өөрчилж эхэлсэн. Хамгийн гол нь аялал гэдэг ийм чухал гоё зүйл байдаг юм байна. Миний өмнө нь бодож байсан аялал жуулчлал гэдэг чинь зөвхөн хэдэн зочид буудал, амралтын газар, ресторан биш маш өргөн цар хүрээг хамарсан цогц зүйл юм байна гэдгийг ойлгосон. Магадгүй Амай ахтай танилцаагүй байсан бол би тухайн үедээ сургуулиа төгсөөд төрийн албанд л орох байх гэсэн юм яриад явж байх байсан биз. Тэгээд одоо аль нэг байгууллагад ажилладаг цалингаас цалингийн хооронд ажил хийдүүлдэг хүн болсон байхыг ч үгүйсгэхгүй.
Амьдрал гэж их сонин, би сургуулиа төгсөөд жилийн хугацаанд өөр ажил хийгээд явж байтал Амай ахын төрсөн ах болох Жавхаа ах холбогдоод "Амай ах нь Азиар аялж байгаа тэгээд чамайг өөртэй нь хамт аялуулах хүсэлтэй байна. Чамайг газар үзүүлье гэсэн юм. Зардал мөнгөнд санаа зоволтгүй, ах нь зохицуулна" гэдэг юм байна. Хамгийн хөгжилтэй нь хүн үнэгүй аялуулъя, газар үзүүлье гэж байхад надаас өөр хүн бодож үзье гэж хариулахгүй л байх /Инээв/
Ингээд одоогоос зургаа, долоон жилийн өмнө анх удаа хилийн дээс алхаж бараг хоёр сарын турш Лаос, Тайланд улсуудаар Амай ахтай хамт “backpack” буюу үүргэвчтэй аялал хийж явсан. Тэр үед л аялал гэж юу юм гэдгийг ёстой л мэдэрсэндээ.
Тухайн үед манай залуус одоогийнх шиг ингэж их Азийн орнуудаар аялал хийдэггүй байлаа. Одоо бол монгол залуус маань Зүүн өмнөд Азийн орнуудыг нүхэлдэг болсон. Анх нэг найздаа Лаос явах гэж байгаа гээд хэлтэл чи тийшээ юу хийж явах гэж байгаа юм гээд шоолж байлаа. Би ч өөрөө Лаос гэж яг үнэхээр ямар улс юм бэ гэдгийг мэддэггүй л байлаа. Одоо бол миний хувьд Лаос бол аялахад хамгийн сайхан орнуудын нэг. Монголд ч ирээд бодсон анхны зүйл нь, би ер нь яагаад өмнө нь Хөвсгөл орж үзээгүй билээ гээд шууд л аялалд гарсан. Үүнээс хойш дэлхийн нийт 27 улсаар үүргэвчтэй аялал хийгээд байна.
-Аялал хийж эхлэхээс өмнөх Отгонбат болон аялагч Отгонбат хоёр юугаараа ялгаатай вэ?
-Эхлээд би Герман явж суралцахаар зорьсон юм. Тэр үед ер нь л хөлд хий орсон байсан даа. Германд байхдаа боломж л олдвол үүргэвчээ үүрээд аялалд гарчихдаг байлаа. Суралцахын хажуугаар бусдын л адил ажиллаж байгаад илүү боломжтой цаг завтай болбол шууд аялал хийх байсан. Ингээд хоёр сарын хугацаанд Европын 13 орноор үүргэвчтэй аялал хийсэн. Ингэхдээ үргэлж тухайн очсон улс бүрийнхээ тухай өөрийн тэмдэглэлийг хөтөлдөг байлаа. Хүн бүр л их бага хэмжээгээр өөрийгөө хайж, танихад бүх амьдралаа зориулдаг байх. Өөрийгөө таниагүй хүн бусдын үгийг л дагаад өөрийн итгэл үнэмшилгүй яваад байдаг. Үүнээс болж хүмүүс их алддаг юм шиг санагддаг. Тэгээд амьдрал гэж чухам юу юм бэ гэхээр хэзээ ч, хэнд ч бэлэн хариулт олдоггүй. Учир нь миний арга барил, амьдралын туршлага бусдын онцлогт хэзээ ч тохирохгүйтэй яг адил юм. Надад ч гэсэн ийм үе байсан. Харин би аяллаас өөрийгөө хүмүүжүүлэх зүйлсээ олж авдаг.
Харин хувь хүн талаасаа аялал надад хариуцлага, шийдвэр гаргалттай холбоотой аливаа зүйлд илүү бие дааж, зөв шийдвэр гаргахад суралцуулсан. Хамгийн гол нь үүнийгээ маш олон өнцгөөс, сайтар тунгаан бодсоны эцэст бусдад болон өөрт төвөггүй байдлаар хийх шийдлүүдийг олж харах болсон.  
-Аялал гэж таны хувьд чухам  юу юм бэ, яаж тодорхойлох вэ, та аяллаас ямар эерэг зүйлийг суралцав?
-Зарим хүмүүс амьдралд нь хэцүү зүйл тохиолдох юм уу эсвэл стресст орохоороо архи ууж өөрийгөө тайтгаруулдаг. Харин миний хувьд аялал хийдэг. Хэрвээ аялах боломжгүй бол сайхан дуу сонсоод ганцаараа алхдаг.  
Миний хувьд аялал хийхийн хамгийн сайхан нь маш олон огт танихгүй, сонирхолтой хүмүүстэй танилцаж, тэдний амьдралын түүх, туршлагыг сонсох юм. Би аялах хугацаандаа лам, хосууд, цагаач, багш, эмч, уран бүтээлч, ижил хүйстэн, инженер гээд маш олон сонирхолтой хүмүүстэй тааралдаж, танилцаж байлаа. Тэдгээр хүн бүр л өөр өөр шалтгаан, зорилготой аялал хийж байсан. Зарим нь амьдралдаа эрс өөрчлөлт хийхийг хүсэж байхад, зарим нь өөрт тохиолдсон баярт мөчөө тэмдэглэж аялж байв. Үүний яг эсрэгээр амьдралд нь тохиолдсон хүнд бэрхшээл, хагацлыг даван туулахын тулд аялж байгаа хүн ч байсан юм. Бүр амьдралаа аялал болгоод "хиппи" нар шиг эд хөрөнгө гэлгүй өөрийн жаргалыг хөөж яваа хүмүүсийг хараад би ч гэсэн ер нь амьдралаа аялал болгоод ингээд явъя гэх бодол төрж, их ч эргэлзэж байлаа.
Гэхдээ Азиуд бид нар гэр бүлсэг шүү дээ. Сайтар бодсоны эцэст би чинь гэр бүлээ яах билээ. Ирээдүйд өөрийн гэр бүлтэй болж хүүхэдтэй болно. Тэднийгээ тэжээхийн тулд хариуцлагатай байх, хөдөлмөрлөх хэрэгтэй гэх зэргийг харгалзан үзээд тэр бодлоо орхисон. Эндээс харахад аялал хийж байх хооронд уулзсан хүн бүрээс үлдсэн сэтгэгдэл надад нэг зүйлийг ухааруулж, миний өмнө нь огт амьдарч үзээгүй, харж байгаагүй амьдралыг мэдрэх боломж олгож байгаа юм. Тиймээс аялал бол миний хувьд суралцах, өөрийгөө нээж олох гэдэгтэй л илүү холбогдох болов уу.
Аялал гэдэг бол товчхондоо хүний сэтгэлийг тэлж өгдөг.
-Гадаадад удаан хугацаанд амьдарсан эсвэл их явдаг хүмүүст эх орноо муулах ч юм уу эсвэл ингэж залруулъя, өөрчилье гэдэг зүйл суусан шиг санагддаг. Танд энэ хэрхэн нөлөөлсөн бэ?
-Үнэндээ би тийм ч их улсаар аялж үзээгүй шүү дээ. Анх хэдэн улсаар аялаад Монголоос давуу ийм тийм зүйлүүдийг нь хараад манайх ч болоогүй байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрсөн. Ер нь дөнгөж газар үзэж байж Монгол мяа байна. Манайд байхгүй энэ зүйлийг гадаадын тэр улсад ингэдэг юм байна, ингэж амархан шийдсэн байна. Тэгэхээр бид алаад өгөх ёстой гэх мэтчилэн зүйлс ярьж, их ч шүүмжилдэг байсан. Энэ хандлагыг олон ч аялагчаас олж харсан. Миний бодлоор аялдаг хүн бүрт л энэ сэтгэгдэл төрдөг байх. Гэхдээ илүү олон газраар явж, илүү ихийг өөрийнхөөрөө нээж, мэдэх тусам энэ бодол маань аажим аажмаар үгүй болж улам бүр энгийн болж эхэлсэн.  
Гэхдээ нэг зүйлийг ойлгож авсан нь, өнөөдөр Монголчууд дээд доодгүй л улсаа ингэж хөгжүүлэх хэрэгтэй, Барууны юм уу, Сингапур улсын ийм бодлого, туршлагыг хуулах хэрэгтэй гэдэг. Гэтэл бид өөрсдөө яг юу хүсэж байгаагаа сайн мэдэхгүй байгаа юм шиг. Тиймээс залуус заавал аялал хийхээс гадна өөртөө бясалгах цаг зав гаргаж, өөрсдийгөө олж нээх, ядаж үүнд эрэлхийлэх нь үндэсний нэг үзэл санаатай болохын эхлэл юм болов уу гэж харах болсон.
-Та өөрийн аялсан улсуудаасаа хамгийн их таалагдсан гурван улсаа нэрлэж болох уу?
-Энэ асуултыг өмнө нь надаас олон ч хүн асууж байсан. Дэлхий дээрх бүх улсууд өөр өөрсдийн гэсэн онцлогтой, гоё сайхан зүйлстэй. Харин үүнийг нь тухайн аялагч хэрхэн харж, хүлээж авахаас л бүх зүйл шалтгаалах байх.  
Миний хувьд Лаос, Норвеги улсууд болон Парис хотыг нэрлэмээр байна. Би Парист анх очихдоо за дараагийн удаа заавал хайртай хүнтэйгээ ирэх ёстой юм байна гээд явсан. Тэгсэн дараа нь ганц бие чигээрээ хэд хэд очсондоо /Инээв/.
Норвегийн хувьд байгаль нь үнэхээр гайхалтай. Хүмүүс нь их тайван бас тусархаг, сэтгэлтэй санагдсан. Түрүүн ярьж байсан шиг Норвегиос Монголчууд суралцах ёстой юм нь зүгээр л тайван амьдрал юм билээ. Гудамжинд алхах, замын хөдөлгөөнд оролцохдоо бие биедээ гоё хүндэтгэлтэй, халуун дулаан харьцах юм. Ер нь хөгжил гэдэг амар тайван амьдралыг хэлдэг юм болов уу даа л гэж бодсон.
Лаосын хувьд бас л их тайван улс байсан. Одоо хэрнэ социалист системтэй болохоор их сонирхолтой. Тайланд гэх мэт бусад Зүүн өмнөд Азийн орнуудтай харьцуулахад жуулчдыг зүгээр мөнгө гэж хардаггүй санагдсан. Ер нь ард иргэд нь мөнгө гэж шунадаггүй, их тайван, амар амгалан.
-Дэлхийгээр аялагчид группийнхээ тухай мэдээлэл өгөөч. Өнөөдрийн байдлаар 583 мянган гишүүнтэй тус группийн хамт олон яг юуны төлөө зорин ажиллаж байна вэ?
-Юуны өмнө энэ групптэй яаж холбогдсон тухайгаа яривал зүгээр байх. Намайг хүмүүс үүсгэн байгуулагч нь гэж боддог юм байна лээ. Үнэндээ би хэдэн жилийн өмнө анх зүгээр л бусад 583 мянган хүний адил жирийн л гишүүн байсан. Өөрөө аялал хийж байхдаа өөрт тохиолдсон зүйлс болон туршлагаа эндээ хуваалцдаг байлаа. Цахим ертөнц хар бараан мэдээгээр ямар их дүүрсэн бэ гэдгийг бид бүгд мэднэ. Гэтэл Дэлхийгээр аялагчид дээр огт тийм зүйл байхгүй, гишүүд нь бүх зүйл дээр маш гоё, эерэг хандлагатай байдаг нь их таалагддаг байлаа. Тухайн үед Дэлхийгээр аялагчдын админуудын нэг Батбаяр ах Монголд ирээд холбогдоорой гэсэн юм.
Монголд ирээд хэсэг хугацаанд өөр ажил хийж үзсэн. Хэдийгээр хамт олон сайхан байсан ч гэсэн дотоод дуу хоолой маань аялал гэдэг зүйл рүү дуудаад байсан. Тэгээд л хоббигоо, дур сонирхлоо, мөрөөдлөө ажлаа болгоё гэж шийдээд дэлхийгээр аялагчидтай холбогдсон доо. Тэр цагаас хойш хоёр жил гаруйн хугацаанд дэлхийгээр аялагчид клубын 16 удаагийн уулзалт, арга хэмжээ зохион байгуулж, дэлхийгээр аялагчдын яриа 20 цуврал лайв видео, 48 цагийн аялал влог, группдээ бараг мянга гаруй постууд оруулж, дэлхийгээр аялагчдын үүргэвчтэй аялал-2 нэвтрүүлгийн 15 дугаарын бэлтгэл ажил, монтаж болон бусад зүйлсийг хийсэн байна. Энэ нэвтрүүлэг нь Монголчуудын аялахыг ихээр хүсэж буй тухайн орнуудын улс төр, эдийн засаг, соёл, хууль болон онцлогуудын талаар мэдлэг өгөх ач холбогдолтой.
Анх группд хүмүүс би энэ улсын тэр хотод аялж байна гээд зөвхөн зургаа оруулдаг байсан. Тэгээд хүмүүс ер нь хэрхэн хямд зардлаар аялах, хаашаа явбал юуг нь үзэх вэ, виз, паспорт болон тээврийн асуудал зэрэг дээр мэдээлэл хомс байгааг ажиглаад тэр талын мэдлэг мэдээллийг нэг нэгэндээ хуваалцаж өгч эхэлсэн. Үүний ачаар олон ч залуус дэлхийн олон орноор хямд, аюулгүй аялж байна. Өөрсдийн туршлагаа ч бусадтай хуваалцаж байгаа нь гайхалтай.   
Харин үүнийг дагаад хариуцлагатай аялах ёстой юм байна гэдэг зүйл өөрийн эрхгүй гарч ирсэн. Учир нь нэг хэсэг бараг байнга шахуу гаднын улсад аялж, амьдарч буй манай иргэд гэмт хэрэг, асуудалд орооцолдсон эсвэл өөрсдөө аюул, бэрхшээлд орсон тухай зүйлс цахим орчинд гарах болсон. Тухайн үед манай Гадаад харилцааны яам болон Консулын газраас “хариуцлагатай аялцгаая” аяныг хэрэгжүүлээд хоёр жил болчихсон байсан. Тэгээд бид ч гэсэн үүнд өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой гэж үзээд хамтран ажиллах хүсэлт гаргасан. Яам ч уриалгахан хүлээн аваад, бид хамтарч хариуцлагатай аялах тухай гишүүддээ сурталчлан таниулж байна.   
Үндсэндээ бид өмнө нь хүмүүст аялаарай гэдэг мессеж өгдөг байсан бол одоо хариуцлагатай аялаарай гэдэг зүйлийг уриалж байгаа юм.
-Хариуцлагатай аялах гэдэг нь таны хувьд юу вэ. Та хувьдаа хэрхэн хариуцлагатай аялж байв?
-Хариуцлагатай аялал гэдэг бол улс орны нэр хүндийн асуудал. Чиний хийсэн нэг буруу үйлдэл, дараагийн монгол хүний аялалд саад болдог. Хамгийн энгийн жишээ нь виз гаралтын хувь багасах, тухайн орон болон хотод Монгол Улс, монгол хүнийг үнэлэх үнэлэмж буурах зэрэг.
Гэхдээ миний бодлоор залуус үүнийг заавал эх оронч үзэлтэй холихоосоо өмнө хүн хүнээ хүндлэх тухай л зүйлийг ойлгох хэрэгтэй. Хэдий та гадаад улсад эх орноо төлөөлж явж байгаа ч тэндхийн хүмүүстэй хувь хүн талаасаа л харьцна. Тиймээс соёлтой бай, ёс зүйтэй бай, өөрийнхөө нэр хүндэд зарчимч хандах хэрэгтэй л гэмээр байна.
Аялагч нарын дунд нэг ийм үг байдаг юм. Замын унаанд дайгдаж явах буюу “Hitchhiking” хийх үед “Чи зам дээр хэчнээн ч удаан унаа хүлээж зогсож болно. Гэхдээ хэзээ ч битгий шантар. Чамайг ирж авах хүн хаа нэгтэйгээс ирж л яваа” гэх үг юм. Яахав удаан хугацаанд аялж явахад шантрах зүйлс олон тохиолддог. Тэр бүхэн юу ч байсан гэсэн битгий бууж өгөөрэй гэсэн санааг илэрхийлж байгаа нь тодорхой. Энэ бол дэлхийн аль ч улсын аялагч нарт тохиолддог л зүйл. Тиймээс өөр утгаар нь ойлговол, үнэндээ тухайн аялагч өөрийг нь ирж авах хүнийг танихгүй шүү дээ. Тэр хүн хөгжилтэй найрсаг байх юм уу, эсвэл аймаар хүн байхыг тааж мэдэхгүй. Тиймээс үргэлж өөрөө эхэлж сайн хүн байж, магадгүй бусдыг унаагаараа дөхүүлж өгөхдөө хөгжилтэй тэр хүн нь л байх тухай ойлголт юм.
Хариуцлагагүй гэдэг нь нэг талдаа муу гэсэн үг. Ер нь хүн сайхан зүйлийг бодох тусам тэр нь тохиолддог гэдэгт би итгэдэг. Тиймээс аялж байхдаа надад муу зүйлс болчих вий гэж төсөөлөн бодоод байдаггүй, мэдээж аюулгүй байдлынхаа тухай бас бодно л доо. Аяллын үеэр хөгжилтэй адал явдал, сайхан зүйлс л надад тохиолдох байх гэж дотроо боддог. Сэтгэл санаа, оюун бодол эерэг зүйлс бодож, сэтгэж яваа цагт хүн хэзээ ч хариуцлагагүй, муу зүйл хийдэггүй.
-Өмнө нь огт явж үзээгүй ч аялахаар төлөвлөж байгаа хүмүүст хандаж өөрийн туршлагаасаа ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хамгийн эхэнд аялахад хүмүүст айдас тулгардаг. Тэгээд мөнгө, санхүү, визийн асуудал байгаа. Эхлээд Монголоороо бүтэн аялчихаад гадаадад аялна гэдэг хүн олон байдаг. Гэхдээ хаашаа гэдэг нь хамаагүй таны нөөц бололцоонд тохирч байгаа хамгийн хол газартаа л аял. Хэрвээ танд Хөвсгөл явах боломж байвал яв, эсвэл Канад ч юм уу явах боломж байвал яв. Заавал тийшээ л эхлээд гэдэг бодлоор өөрийгөө битгий хайрцагла. Ялангуяа залуус бусдын үг, төсөөллөөр дэлхий ертөнцийг танина гэдэг тун харамсалтай. Тиймээс аль болох боломжтой байгаа дээрээ аялалд гарч өөрийнхөөрөө дэлхий ертөнцийг нээж, таашаал авах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.
Жишээ нь, би 4,000 метрийн өндрөөс үсэрч үзэх хүртлээ өөрийгөө өндрөөс айдаг гэж боддог байлаа. Шүхрээр буумагцаа дахиад үсэрье л гэж боддог юм билээ. Бас далайд шумбаж “scuba diving” хийж үзэхээсээ өмнө би өөрийгөө уснаас айдаг л гэж төсөөлж явлаа. Хэрвээ эрсдэл гаргаж туршиж үзэхгүй л бол чи өөрийнхөө талаар юу ч мэдэхгүй явсаар өнгөрөх болно. Магадгүй чиний хэзээ ч хийж үзмээргүй айдаг зүйл чинь чиний хамгийн дуртай зүйл чинь ч байж болно.
Ер нь аяллын айдас гэдэг зүйл онгоц, автобус, галт тэргэнд суумагц алга болчихдог. Тэгээд огт танихгүй шинэ хүмүүстэй танилцаж аяллын тань үлдсэн бүх зүйлс нь адал явдал байх болно. Гэхдээ мэдээж саад бэрхшээл тулгарна. Харин аялж яваа хүнд нэг давуу тал байдаг нь үргэлж хөдөлгөөн хийж урагшилж байдаг. Тэгэхгүй бол нэг саад тулгараад зогсчихвол чамайг хэн ч ирж авахгүй. Чи өөрөө л урагшлахаас өөр аргагүй. Тэндээс л өөрийгөө шинээр нээж, сорьж бэрхшээлээс гарах гарц гаргалгаануудыг эрэлхийлж эхэлдэг. Бас явж өнгөрөх бүх газар нь өмнө огт очиж үзээгүй шинэ газар байдаг. Тиймээс хэт их төлөвлөөд дэмий. Гэхдээ бас огт төлөвлөхгүй байж болохгүй.
Амьдрал гэдэг бол өөрчлөлт, дэлхий ертөнц эргэдгээрээ эргэсээр л байх болно. Тийм учраас зогсох хэрэггүй, яваад л байх хэрэгтэй. Өөрийнхөө энэ цаг хугацаандаа хамгийн сайнаараа л хичээх хэрэгтэй, дараа нь харамсахгүй. Хүн хийсэндээ биш, ер нь хийгээгүй үедээ л дараа нь илүү харамсдаг юм шиг санагддаг.
-Монгол Улсын хувьд удаан хугацаанд аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар тодорхой бодлого хэрэгжүүлж ажил хэрэг болгож байгаа зүйл ч бий. Гэвч үр өгөөжөө тийм ч сайн өгөхгүй байгаа нь илт харагддаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ. Монголын аялал жуулчлал хэрхэн хөгжих ёстой вэ. Танд ямар нэгэн харсан туршлага байна уу?
-Би улс төржих дургүй. Тэгэхээр өөрийн үзэл бодлоо л хэлье. Угаасаа дэлхий дээр НҮБ-д бүртгэлтэй 190 гаруй улс байна. Тэд бүгд л дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр Монголтой өрсөлдөж байгаа. Яах вэ, зарим дайн тулаантай улс энэ өрсөлдөөнөөс шууд гарч байна. Үнэхээр зорьж л очдоггүй юм гэхээс хэн ч аюулгүй байдлаа бодоод мөнгө зараад тийм улсад очихгүй. Тэгэхээр аялахыг хүсэж байгаа хүн бүрт сонголт ийм их байна гэсэн үг.
Ер нь хараад байхад Монголд ирж байгаа жуулчид Орос, Хятадыг үзэхийн тулд манайхаар дайран өнгөрч байна. Түүнээс яг зорьж ирж байгаа хүн нь цөөн байх. Зорьж ирж байгаа хүмүүс нь ерөнхийдөө манай нүүдэлчин ахуйд татагдаж ирж байгаа. Бид чинь дэлхийн аялал жуулчлалын хамгийн том хоёр зах зээлийн дунд аж төрж байна шүү дээ. Нэг талдаа тэдний буянд манай аялал жуулчлал яваад байгаа хэрэг. Гэхдээ бид Монголыг яг зорьж ирдэг жуулчдын тоог нэмэгдүүлэхэд зорьж ажиллах хэрэгтэй. Тэгэхийн тулд дан ганц нүүдэлчдийн зан заншил гэдгээс гадна яг юугаар тэр их сонголт дунд байгаа жуулчныг татах вэ гэдэг үндэсний онцлогийг гаргаж ирэх нь чухал юм.
Жишээ нь найрсаг ард түмэнтэй, хаана ч очиход аюулгүй, амар амгалан улс байж болно. Бас аялал жуулчлалын үзвэрийн цэгүүдээ олшруулж, гаднын иргэдэд ойлгомжтой болгох шаардлагатай юм шиг санагддаг. Би саяхан Хүрэл тогоотод очиж од харах 48 цагийн аяллаа хийсэн юм. Тэгээд тэнд хоноглох газар, хоол болон сансрын дурангаар од харах зөвшөөрөл авах гэж хэд хэдэн хүнтэй утсаар ярьж маш олон шат дамжлаг давсан. Би монгол хүн байж ийм ойлгомжгүй байдалд нь арай гэж аялал хийж байхад гаднын жуулчдад ямар байх нь ойлгомжтой. Мөн наад зах нь Төрийн ордны хүндэт харуул яг хэдэн цагт солигддог юм. Тэрийг нь аль өнцгөөс нь харвал тохиромжтой зэрэг ямар ч мэдээлэл байдаггүй. Бид ч өөрсдөө сайн мэддэггүй. Би нэг гаднын аялал жуулчлалын блогоос Монголд заавал үзэх газруудын жагсаалтыг харж байтал Нарантуул зах нэлээд дээгүүр явж байх юм. Энэ бүхэн л жуулчид Монголд ирээд юу үзэхийг хүсэж байгааг илтгэж байна шүү дээ. Тиймээс энэ мэт өөр сонирхолтой олон газруудыг бий болгох хэрэгтэй юм шиг.
Зарим улс орнууд жуулчдыг хэтэрхий их мөнгө гэж хараад байдаг. Мэдээж хүнийг мөнгөтэй жуулчин уу, эсвэл зүгээр үүргэвчтэй аялагч уу гээд дээрээс нь доош хараад байх нь хэнд ч муухай санагдана. Үнэндээ манайхан ч гэсэн үүргэвчтэй аялагч нарыг бага зэрэг ад үзэх хандлагатай байдаг. Гэтэл бидний мөнгөгүй, үргэлж асуудал дагуулдаг гээд байгаа үүргэвчтэй аялагч нарын дийлэнх нь блог хөтлөх, “YouTube”-д аяллын тэмдэглэл, бичлэг хийх зэргээр өөрийн санхүүжилтийг босгож байдаг. Тиймээс тэднийг улсаа сурталчлах нэг суваг гэж харах хэрэгтэй байх. Жишээ нь би л гэхэд өнөөдөр өөрт сайхан сэтгэгдэл төрүүлсэн гурван улсаа нэрлэж, надаас асуусан хүмүүст зөвлөж байна шүү дээ.   
Тиймээс нэгэнт тэр хүн манай улсад ирээд Монголын хуулийг зөрчөөд, гэмт хэрэг үйлдэж, хэн нэгэнд аюул учруулаагүй л бол тэгж муухай хандах хэрэг байна уу. Угаас хоёр улсын Засгийн газар хооронд гэрээ хийгээд харилцан визгүй болно гэдэг нь манай улсад тавтай морил гэсэн утгатай үг биз дээ. Тэгээд хүнийг гэртээ урьж оруулчихаад муухай харьцаад байх нь тийм зөв гэж үү. Харин үнэхээр асуудал гаргаад, манай улсын хууль дүрмийг зөрчөөд байгаа хүмүүст нь хатуу хариуцлага хүлээлгэх асуудлыг ярих хэрэгтэй байх.
Мэдээж бизнес талаа бодох хэрэгтэй. Тэр хүмүүс хэзээ ч мөнгө төлөхгүй гээгүй. Аль болох хямдаар манай сайхан орныг үзэх хүсэлтэй байгаа. Тиймээс яагаад ямар ч төрлийн санхүүгийн чадамжтай хүмүүст тохирсон тийм маршрут, хөтөлбөр байж болохгүй гэж. Үүнийг манай аялал жуулчлалын хэдэн компани л хийж байгаа. Гэхдээ бүх нийтээрээ үүнийг хийх хэрэгтэй. Мөнгөтэй хүн бол ая тухаа бодоод хамаагүй өндөр зэрэглэлээр газруудаар бидний хэлж заншсанаар тансаглаж байгаад явна. Харин үүргэвчтэй аялагч гэдэг ч юм уу, арай мөнгө муутай тэдгээр залуу хүмүүст наад зах нь үзэмжгүй ч гэсэн амттай өглөөний хоол, эсвэл тийм гоё амттай биш юмаа гэхэд аятайхан үзэмжтэй халуун хоолоор адилхан үйлчилгээ үзүүлэх асуудал яваад байгаа юм. Энэ бүх нарийн зүйлсийг мэдрэмжтэй хийж чадвал аялал жуулчлал хөгжинө. Бидэнд Орос-Монгол-Хятад гэсэн дэлхийн аялал жуулчлалын топ маршрутыг бий болгох нөөц бололцоо маш их байгаа.
-Олон хүн Монголд аялал жуулчлал хөгжихөд саад болж байгаа нэг том бэрхшээлийг манай иргэдийн буруу хандлага, ёс зүйгүй байдал гэдэг. Жишээ нь такси нь гадаадын иргэнээс явсан километрээсээ их мөнгө авдаг. Азийн орнуудаас ирсэн жуулчдад муухай ханддаг гэх мэт. Үүнийг хэрхэн залруулах вэ?
-Тэгэхээр луйварддаг гэх юм уу жоохон хулхины хүн дэлхийн аль ч оронд байдаг. Зөвхөн манайд байгаа зүйл биш. Мэдээж Монголд болдог энэ бүхэн бол нууц биш нь ойлгомжтой.
Нэгд, бид дэлхийн 190 гаруй оронтой өрсөлдөж байгаа гэдгээ ахин санах хэрэгтэй. Тухайн жуулчин сонголт хийхэд олон зүйл нөлөөлж байгаа. Жишээ нь хамгийн наад зах нь хэдэн цаг нисэж очих вэ гэх мэт. Америк, Канад, Европын жуулчдын хувьд манайх бол аялал хийхэд хол улс. Үүнийгээ дагаад аяллын зардал нь ч өндөр байгаа. Азийн жуулчид, тухайлбал Хятад, Япон, Өмнөд Солонгосын иргэд манайд яагаад их ирж байна гэвэл ойрхон учраас ирж байна. Тиймээс газар зүйн байдлаасаа шалтгаалаад эдгээр улсаас ирэх жуулчдыг ёстой л мөнгө гэж харах нь зүйтэй байх. Бусад зүйлсийг дээр дурдагдсан.
Хоёрт, би түрүүн хэлсэн тухайн хүний хандлага гээд өөрийн туршлагаас жишээ авсан. Мөн Монгол Улс аялал жуулчлалаа хөгжүүлж олон гадаадын иргэн хүлээн авдаг болохын тулд ийм тодорхой онцлогуудтай байх хэрэгтэй гэсэн. Хэрвээ үнэхээр аялал жуулчлалаа хөгжүүлмээр байвал хүн бүр өөрийгөө монгол хүн гэдгээсээ илүү дэлхийн иргэн юмаа л гэдэг өнцгөөс харах хэрэгтэй. Бусадтай эелдэг сайхан харьц. Манайхан хүнд үйлчилж, бөхөлзөж инээмсэглэнэ гэхээр доошоо орно гэж бодоод байдаг. Үнэн хэрэгтээ энэ чинь үйлчилгээний соёлын нэг хэсэг бөгөөд тухайн хүний л өөрийгөө үнэлэх үнэлэмжийг илтгэж байгаа нэг хэрэг. Нэг жишээ дурдахад, би “ITB Berlin” үзэсгэлэнг үзэж байхдаа Тайландын хэсэгт байсан “Thai Airways”-ын бүсгүйчүүд жуулчидтай зураг авахуулж байхыг хэдэн алхмын цаанаас харангаа өөрийнхөө утсаар зургийг нь дарж байв. Тэгтэл тэд намайг бас анзаараад миний утас руу харан инээмсэглэн зогсож зургаа авахуулсан. Энэ зүгээр нэг инээмсэглэл юм шиг мөртлөө үйлчилгээний бизнесийн алтан дүрэм. Тэр үзэсгэлэнгийн үеэр улс орнуудын хэсгүүд дээр очиход л аялал жуулчлал хөгжсөн, хөгжөөгүй улс орнуудын ялгаа илт харагддаг. Хөгжсөн улсууд хүмүүсийг татах гэж, улс орноо сурталчлах гэж хичээж олон сонирхолтой зүйлс хийн, инээмсэглэн угтдаг. Харин аялал жуулчлал хөгжөөгүй орнуудын хэсэгт нь очиход манай танилцуулгыг үзвэл үз, байвал бай гэсэн маягтай, инээмсэглэхгүй зогсож байгаа харагддаг.   
Манайхан Монголдоо ч гэлтгүй гадаадад ч аялахдаа өөрийн ёс зүй, моралыг дээд зэргээр авч явах хэрэгтэй юм шиг. Гэхдээ ёс уламжлалаа хая гэсэн үг биш. Тэрийгээ үзүүштэй, нүүр улайлгамааргүй, мөнгө олохуйц болгох асуудал юм. Би нэг удаа Хөх-Хотод явж байтал, миний байрласан зочид буудлын үүдэнд Монголын нүүдэлчин ахуй болон наадмыг үзүүлэх тоглолт аялал гээд бичсэн байв. Би ч хийх юмгүй байсан учир сонин санагдаад туршаад үзэхээр шийдэж, буудлын ажилтнаас асуутал. Та Монголоос ирсэн биз дээ. Ийшээ яваад дэмий дээ танд ч ёстой үлгэрийн, инээдтэй санагдах биз гэдэг юм байна. Энд хоёр санаа байгаа юм. Бидэн шиг нүүдэлчин ахуйтай орнууд дэлхий дээр хэд хэд бий. Нөгөө олон сонголт дунд байгаа жуулчин алийг нь ч очиж үзэж болно. Гэхдээ Монголд жинхэнэ ёс уламжлалаа хадгалж үлдсэн тэр үнэт өв нь байна. Үүнд л татагдаж жуулчид манайд ирж байгаа боловч бидэнд Өвөр Монголчууд шиг түүнийгээ энгийн ойлгомжтой, сонирхсон хүн бүр нь зориод очиж үзэх боломжтой болгоогүй байна.
Гуравт, дээр дурдсан холын зайнаас улбаатай тээврийн өндөр өртгийн асуудал байгаа. Мэдээж олон улсын нислэгийг бид дангаар зохицуулах нь юу л бол. Харин боломжтой бол дотооддоо бүх аймгийн төвүүд рүү биш юм гэхэд ядаж аялал жуулчлалын гол бүсүүддээ шууд нислэг үйлддэг байвал ямар сайхан бас амар вэ. Зүгээр бодоход заавал гаднын жуулчин гэлтгүй бид ч дотооддоо гэсэн яагаад хагас, бүтэн сайн өдрийн амралтаа ашиглаад Хөвсгөл рүү нисээд нуурын ирэг дээр нэг хоночихоод буцаад хямдхан нисээд ирж болохгүй гэж. Тэгвэл ямар сайхан бэ.
Бидэнд аялал жуулчлалыг хөгжүүлж иргэдээ бага ч гэсэн орлоготой болгох боломж их бий. Хамгийн түрүүнд одоо байгаа зүйлсээ цэгцэл, эмх замбараатай, энгийн ойлгомжтой болго, тэнэг хүн хараад ч ойлгохоор тийм хялбар байх хэрэгтэй. Үүний дараа шинээр нэмж юу хийх, бүтээх ёстой нь аяндаа гараад ирнэ. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг дээ. Ядаж жижиг хямдхан буудлууд хаалганыхаа цоожийг янзалчих, цэвэрхэн шүршүүртэй болчих, таксины жолооч нь илүү үнэ хэлэлгүй авах ёстой мөнгөө аваад л явчих. Ер нь жуулчдыг байгаль, барилга, бүтээн байгуулалт, түүхэн дурсгалт газруудаас гадна хамгийн гол нь тухайн орны иргэд нь их татдаг. Ямар ч жуулчин ашгүй Монголд ирлээ одоо эдгээр сайхан хүмүүстэй, байгальтай, соёл уламжлалтай газар сэтгэл амар, аюулгүй, сайхан амраад явъя л гэж хүсдэг болгох хэрэгтэй.
-Өөрийн үнэтэй цагийг хугаслан үзэл бодлоо илэрхийлж, ярилцлага өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд бас ажлын амжилт хүсье. Хүн бүхэн аялах болтугай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн