Монгол цэргийн хөгжимд насаараа ажилласан Монгол Улсын ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, цэргийн хурандаа П.Хаянхярваатай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гэхээр монгол түмэн мэднэ. Тиймээс таны нутаг усаас яриагаа эхлүүлье. Та аль нутгийн хүн бэ, гэр бүл, төрж өссөн нутгийнхаа талаар бидэнд ярьж өгөөч?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Доктор Шастины хүү намайг эх барьж авсан. Аавын маань нутаг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум учраас би Хөвсгөл нутгаар овоглодог. Юуны өмнө өмссөн хувцаснаасаа уучлал гуйхгүй бол болохгүй нь. Манай гэр нэлээд хүйтэн, халдаггүй байшин. Өнгөрсөн сарын хүйтнийг өвдөн барин их сандарч давлаа.
Ах нь цэргийн хөгжмийн даргын ууган хүү. Намайг багад хэдхэн бага сургууль байлаа. Дээр нь би жижиг биетэй учраас аав, ээж хоёр намайг хайрлаад сургуульд явуулдаггүй байв. Ээж надад гэрээр бага сургуулийн боловсрол эзэмшүүлсэн. 12 нас хүртлээ гэртээ л байлаа. Тэгээд 1947 онд 12 настайдаа Цэргийн ерөнхий сургуулийн хөгжмийн ангид орж, хөгжимчин сурагч болсон. Түүнээс хойш 72 жил хөгжмөөр амьдарч яваа хүн дээ. Миний аав хөгжмийн урлагийн боловсрол эзэмшсэн анхны монгол хүмүүсийн нэг, хөгжмийн удирдаачдын анхдагчдын нэг байсан. Анхны 14-ийн нэг нь. Тиймээс би багаасаа цэргийн хөгжмийн эгшигт бүүвэйлэгдэж өссөн. Хүүхэд байхаас л хөгжимд сонирхолтой болсон.
-Та багаасаа цэргийн хөгжмийн эгшигт бүүвэйлэгдэж өссөн гэлээ. Тэгэхээр таныг хөгжмийн зохиолч болоход аав тань нөлөөлжээ дээ?
-Миний аав намайг бие жижигтэй гээд цэргийн албанд авахгүй байх гээд инженер болгох юмсан гэж ярьдаг байлаа. Харин ээж намайг хөгжимд сонирхолтой, авьяастай гээд дэмжээд цэргийн хөгжимд оруулсан. Миний аав намайг хөгжимчин болоход өөр албанд байсан учраас аавын шавь Г.Таванцэрэг надад багшилж байсан. Бас Г.Бирваа, Г.Цэндорж нар багшилж, хөгжмийн А үсгийг зааж байсан. Дараа нь Москвад дөрвөн жил сураад төгссөн.
-Та дайны үеийн хүүхэд юм билээ. Хүүхэд насаа хэрхэн өнгөрүүлсэн талаар дурсахгүй юу?
-Надад хүүхэд нас гэж байгаагүй гэж хэлж болох юм. Би олон хүүхдийн дунд орж тоглож үзээгүй дайны үеийн хүүхэд. 1945 онд дайн дуусч олноороо баярлаж байхад цуг баярлаж, ялалтынх нь дуунаас дуулалцаад л явж байлаа. Эвдэрхий машины тэвшин дээр тоглоод л онгироод явж байлаа.
-Москвад хөгжмийн сургууль төгсөж ирээд дуу бичив үү. Анхны дуугаа хэрхэн бичиж байв аа. Магадгүй анхных гэдэг утгаар мартагдашгүй дурсамжтай бүтсэн байх?
-Би 1950 оноос эхлэн хөгжмийн найруулга бичиж эхэлсэн. 1961 оны хавар төгсөж ирээд “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ” гэж анхны дуугаа бичсэн. Байлдагч Цэрэн гэдэг хүн улсын наадамд түрүүлж улсын аварга болсон. Цэрэн аваргад зориулж бичсэн дуу. Тухайн үед нийтийн дууны нэгэн том яруу найрагч С.Долд намайг сургуулиа төгсөөд ирэхэд чамд нэг сайхан шүлэг бичээд ирлээ. Чи энэ шүлэгт ая хийж, анхны дуугаа бичээд ажилдаа ор гэсэн. Би доог болно гээд цааргалахад ээж хажууд байж, шүлгийг нь ядаж уншаад үз гэсэн. Тэгээд уншаад үзтэл дууны аялгуу ороод ирэх шиг болсон. Ингэж л анхны дуугаа бичиж байлаа.
-Хөгжмийн зохиол бичихэд сургуульд сураад болчихдог юм уу. Эсвэл төрмөл авьяас байж бичдэг юм уу?
-Хөгжим зохиох авьяас гэж байна. Хүн болгоны хөгжим зохиох авьяас жигд биш. Би Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн гуай шиг зохиолч яавч биш. Гэвч өөрийнхөө хэмжээнд хөгжмийн өргөн дэлгэр сэтгэлгээтэй. Хамгийн гол нь би гадаад, дотоодын ямар ч хөгжмийг нэг сонсоод тогтоочихдог онцлогтой хүүхэд байсан. Сонссон дуугаа хөгжимдөж, бичиж ч чадна. Тэгэхээр тухайн хөгжмийн зохиолч хүний авьяасын хэмжээ, чиглэл, сонирхол, сэтгэмжийн баялаг их нөлөөлдөг юм шиг байна. Миний хувьд том хөгжмийн зохиолуудыг бичиж байсан. Эдгээрийг бичих гэж зүдэрч байгаагүй. Харин ч жаргалтай, урамтайгаар бичиж байсан. Одоо ч өглөө болгон ямар нэг аялгуу чихэнд орж ирдэг. Аятайхан бол тэмдэглээд авчихдаг.
-Таны өнөөдрийг хүртэл бичсэн уран бүтээлүүдээс таны сэтгэлийг хамгийн их хөдөлгөж, дурсамжтай бүтсэн олон уран бүтээл байдаг байх. Тэдгээр бүтээлийнхээ дурсамжаас хуваалцахгүй юу?
-Хэд хэдэн уран бүтээл бий. Тухайлбал, би Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн ангид ажлын шугамаар олон очдог байлаа. Тэгээд Зүүнбаянд алба хаадаг цэргийн алба хаагчдыг их хүндэтгэдэг, тэднээр их бахархдаг байлаа. Тэр байгалийн хүнд нөхцөлд зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтэнд алба хааж, эх орноо хамгаалж байгаа алба хаагчдыгаа дуутай болгох юмсан гэж боддог байлаа. Тэгээд 1984 онд “Их говийн гарнизон” гэдэг дуу бичсэн.
-Та Төрийн соёрхолт, УГЗ, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн ууган шавь нарын нэг юм билээ. Багшийнхаа талаар ярихгүй юү?
-Миний Г.Бирваа багш Монголын цэргийн хөгжмийн алдартай удирдаач нарын нэг. Хөгжмийн өндөр авьяастай хүн байсан. Хөгжмийн гармонийн сургалтыг Г.Бирваа багш удирдаж байхад Г.Таванцэрэг багш намайг сураад ир гээд явуулсан. Тэгээд 14 хоног сургалтад суугаад онц дүнтэй төгслөө. Тэгсэн чинь заалгасан хөгжмөө дараа нь ойлгодоггүй. Дараа нь баримтат кино үзэж байтал Г.Бирваа багшийн маань зааж байсан хичээл кинон дээр гарч байна. Тэр үед учрыг нь олоод шөнөдөө сонсож, тогтоосон хөгжмөө бичээд маргааш нь хамт ажилладаг хүүхдүүдээрээ хөгжимдүүлтэл яг дуугардаг юм байна. Нөгөөдөхдөө ч урамшлаа. Тэрнээс хойш өдөр болгон бичиж гарсан. Иймэрхүү маягаар л хөгжмийн зохиол найруулах арганд суралцаж эхэлсэн хүн дээ. Багш маань шударга, түс тас яриатай, их сайхан хүн байсан даа.
-Та Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн гэх мэт алтан үеийн хөгжмийн зохиолчидтой ажилласан хүн. Тэдний талаар дурсахгүй юү?
-Надад тоолж явдаг хэдхэн зохиолч бий. Би Монголын нэртэй хөгжмийн зохиолчдын хөлд чирэгдэж явсны хүчинд л Хаянхярваа нэртэй үлдсэн юм. Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн багш маань надтай их дотно байлаа. Би үе үеийн соён гэгээрүүлэгч нараас үг сонссон азтай хүн. Ж.Бадраа багшийг би багшаа гээд 30 жил дагасан. Нэг удаа багш “чи намайг багшаа гэх юм, би чамд 30 минут ч ном заагаагүй” гэж байлаа. Тэр үеийн соёлтой мэдлэгтэй, багш нартай хамт байхад сайхан байжээ. Одоо би 80 гарлаа, багш нар минь, үеийнхэн маань насан өөд болжээ. Ингээд ирэхээр их л ганцаарддаг юм байна. Би өөрийгөө оюуны ганцаардалд орж байна гэж ойлгож байгаа. Үеийнхэн маань насны эрхээр явчихаар анд найз нар ховорддог юм байна. Тэднийхээ номыг уншиж л тэдэнтэйгээ “уулзах” юм. Ж.Бадраа, Г.Бирваа багштайгаа номоор нь л уулзаж байна даа.
-Монгол төрийн дууллыг хуульчилсан байдаг. Гэтэл та Монгол Улсын төрийн дууллын найруулгыг үндэсний өнгө төрхтэй болгосон гэдэг. Энэ бол хөгжмийн зохиолч болгонд тохиох завшаан биш. Чухам яагаад төрийн дууллын найруулгад оролцох болсон юм бэ?
-Төрийн дуулалд миний аав бид хоёр хамтдаа хувь нэмэр оруулсан гэж хэлж болно. Үүгээрээ бахархдаг, энэ бол эцэг хүү хоёрт ховор тохиох хувь заяа. Манай төрийн дууллыг Оросын хөгжмийн зохиолч бичиж найруулаад ирүүлсэн. Тэрүүгээр 1973 он хүртэл явсан. Нам төрийн удирдлага тухайн үед хөгжмийн зохиолчдыг дуудаад, төрийн дуулал золбоогүй дуугарч байна, сайжруул, өөд нь тат гэсэн. Би монгол найруулгыг нь хийсэн. Орос хөгжмийн мэргэжилтэн сайхан бичсэн ч орос номоор бичсэн юм. Түүн дээр нь монгол сэтгэлгээ, монгол гармони нэмж, найруулгыг шинэчилсэн.
-Таны хувьд орчин үеийн хөгжмийн зохиолчдыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Би сайшааж байгаа. Үнэхээр Монголд дуу, хөгжим хөгжих ёстой. Монголд хөгжим хоёр янзаар хөгжиж байна. Нэг нь монгол сэтгэлгээгээрээ хөгжиж байна. Нөгөө нь хөгжим бичих гэж замбараагүй, гаднын соёл руу чирээд байгаа явдал байна. Ингэж болохгүй. Монгол хүн Монголоор сэтгэж, Монголоороо дуулах ёстой. Гадаадын сайн сайхан зүйлийг сурч, тусгах ёстой. Гэвч түүнийг хуулах ёсгүй. Хуулж байгаагаа монгол дуу гэж нэрлэж болохгүй. Энэ бол залуу үеэ буруу зүйлд татаж байгаа хэрэг. Миний хувьд хөгжимд чин сэтгэлээсээ ханддаг. Хөгжмийг дутуу тоглох, дутуу тайлбарлах дургүй. Үг, аялгуу хүнд хүртээмжтэй, чадварлаг, өнгө сайхан, эгшиг хөгжим нь төгөлдөр сайхан байхад анхаарч, хатуу шаардлага тавьдаг багш байсан. Манайхан өнгөцхөн сураад хальт дуулдаг байсан. Аргагүй мэргэжилгүй байсан үе. Одоогийн дуучид их сайхан болжээ.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юү?
-Манайх таван хүүхэдтэй. Миний гэр бүлийн хүн санхүүгийн ажилтан байсан. Олон жил армид алба хааж, улсын юмыг хямгадан хайрлаж явсан хүн. Бид хоёр улсынхаа төлөө амьдралаа зориулсан улс.
-Та хоёр хүүхдүүдээ хэрхэн өсгөн хүмүүжүүлэв. Ямар арга барилаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг байсан бэ?
-Бид хоёр хоёулаа цэргийн улс учраас хүүхдүүдээ өсгөхөд нэг их оролцоогүй. Хадам эцэг, эх л хардаг. Бид хоёр хоолыг нь л даадаг байсан.
-Хамгийн сүүлд нь уншигчдадаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Эв нэгдэлтэй байж, хүнийг өөр шигээ бодож хайрлаж байвал улс хөгжинө. Энэ цагт монголчууд маань өөрөөсөө бусдыг хайрлахаа больсон мэт санагдах боллоо. Өрөөлийг хайрлана гэдэг нийгэм хөгжихийн нэг гол үндэс нь юм шүү дээ. Өөрөөсөө бусдыг хайрладаггүй нийгэм бүтээж, нэгэн бүтэн үе төлөвшиж байгаад сэтгэл дундуур явдаг даа.
-Ярилцсанд баярлалаа. Танд сайн сайхныг хүсье.