Open iToim app
Эрүүл монгол | 7 мин уншина

С.Гэрэлмаа: Жилд 18 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлдэг болохыг тогтоосон

С.Гэрэлмаа: Жилд 18 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлдэг болохыг тогтоосон
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 23
НЭМҮТ-ийн Эрүүл  мэндийг дэмжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцлаа.
-Өвчлөл улам л залуужих боллоо. Ер нь манай улсын оюутан залуусын эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн тухай ойлголт ямар төвшинд байгааг тогтоосон судалгаа хэр байдаг вэ. Ямар үр дүнгүүд гарч байсан бэ?  
-Манай улс 2010, 2013 онд Дэлхий дахины эрүүл мэндийн зан үйлийн судалгаанд хамрагдсан. Тэр судалгаагаар таван хүүхэд тутмын нэг нь л гэр бүл төлөвлөлт, бэлгийн замын халдварт өвчний талаар эцэг, эхтэйгээ ярилцдаг болохыг тогтоосон. Мөн “бэлгэвчийн талаар хаанаас сонссон бэ” гэхэд үе тэнгийнхэн, телевиз, сошиал ертөнцөөс олж мэддэг гэж хариулсан. Дараа нь гэр бүл төлөвлөлтийн талаар хэнээс зөвлөгөө авдаг болохыг тодруулахад үе тэнгийнхнээсээ гэж хариулжээ. Гэтэл үе тэнгийнхэн бие биенээсээ буюу өөртэйгөө адилхан хүнээс зөвлөгөө авах нь нотолгоонд суурилагдаагүй мэдээллүүдийн аль нь зөв болохыг ялгаж, салгаж чаддаггүй. Тиймээс Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс оюутан залуучуудад бэлгийн болон нөхөн үржихүй, хорт зуршлын тухай боловсрол олгох сургалтууд хийх болсон. Энэ чиглэлээр сургалт явуулж, сурталчилгаа тараах болсон нь, манай улсын оюутан залуучуудын архины хэрэглээг судлахад талаас илүү хувь нь тэмдэглэлт өдөр, баяр ёслол, төрсөн өдрөөрөө архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн байдаг. Талаас дээш хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тохиолдлоор бэлгийн харьцаанд орсон байсан нь тогтоосон. Мөн 16-18 насандаа архи, согтууруулах ундаа ууж үзсэн байдаг буюу ЕБС-ийн ахлах ангид сурч байх үедээ хэрэглэж үздэг байх юм. Архи, согтууруулах ундааг хаана хамгийн их хэрэглэдэг бэ гэхэд бар, цэнгээний газар гэж хариулжээ. Гэтэл манай улсын хуулиар 21-ээс дээш насны хүнд архи, согтууруулах ундаа худалдаалах ёстой. Үүнийг харахаар зөвхөн манай НЭМҮТ анхаарч боловсрол олгохоос гадна, бусад хяналтын байгууллагын шалгалт журам сайжирч, холбоо хамааралтай ажиллах ёстойг харуулж байгаа юм.  Түүнчлэн Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс жил бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байдлыг тогтоон гаргадаг судалгааны онцлогоос дурдвал,  жилд 18 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлдэг болохыг тогтоосон. Үүнээс нарийвчлан авч үзвэл, 20-оос доош насны эмэгтэйчүүдийн үр хөндөлт 5.1-5.5 хувь буюу ЕБС-ийн сурагчид, оюутнууд байдаг бол 20-34 насныхан 70 гаруй хувийг эзэлж байгаа юм. Эдгээр насныхан 70 гаруй хувийг эзлэх болсон шалтгааныг тайлбарлахдаа гэр бүл төлөвлөлтийн нэг арга гэж үздэг болсон байна.
-Ер нь залууст гэр бүл төлөвлөлт, хорт зуршлын тухай сургалт орох нь их байх юм. Үүний учрыг тайлбарлавал?
-Гэр бүл төлөвлөлт гэсэн сэдвийн хүрээнд хүүхэдтэй болох нь зөвхөн эмэгтэй хүн хүүхэд гаргадаг учраас бие даан шийдэх, шийдвэрлэх боломжгүй зүйл учир эрэгтэйчүүд ямар үүрэг хүлээдэг болохыг ойлгуулна. Дараа нь бэлгийн замаар дамжих халдврын тухай заадаг бөгөөд энэ насныхан нийт БЗДХ-ын 40 гаруй хувийг эзэлдэг учир уг сургалтыг орох зайлшгүй шаардлага байгаа хэрэг. Тиймээс БЗДХ-аас хэрхэн сэргийлэх, хор уршиг нь юу болох, хүндрэл нь юу юм бэ гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Манай залуучууд ямар ч өвчнийг эмчлүүлээд л зүгээр болчихно гэсэн ташаа ойлголт байдаг. Гэтэл нэгэн оюутан тэмбүүгээр өвдөөд эмчлүүлж эдгэрсэн ч, дахин шинжилгээ өгөхөд тэмбүүтэй гэсэн тэмдэг илэрч л байдаг. Түүнчлэн заг хүйтэн гэх өвчнийг дур мэдэн эмчилснээс болж антибиотикт тэсвэртэй өвчин болно. Эдгээр хавдрууд нь гурав, дөрвөөрөө хавсардаг гэдгийг мэддэггүй. Мөн стресс менежментийн тухай буюу уур бухимдлаа барьж дийлэхгүйгээс болоод хэрэгт холбогдсон оюутнууд цөөнгүй байдаг учраас уг сургалтыг ордог. Үүний дараа архи, согтууруулах ундаа, тамхи, мансууруулах бодисын тухай сургалт явуулна. Тамхи татахаар жингээ барьдаг гэх буруу ойлголт байдаг учир үүнийг орхигдуулж болохгүй. Эцэст нь зөв хооллолтын тухай танилцуулах ба өглөөний цайгаа уухгүй байх нь ямар үр нөлөөтэй, түргэн хоол идэхээс татгалзахыг уриалдаг. Түүнчлэн 18-35 насныхан сүрьеэгээр өвчлөх нь элбэг байдаг учраас дархлаагаа хэрхэн дэмжих тухай эрүүл мэндийн боловсрол олгодог юм. Энэ мэт сэдвээр сургалт орж, сурталчилгаа тараахгүй бол нийгэмд гарах өвчлөлийг улам залуужуулаад байгаа юм. Тиймээс ч зөвхөн сургалт ороод зогсохгүй үзлэгт хамруулдаг.  
-Оюутнуудыг үзлэгт хамруулахдаа түүвэрлэх аргаар авдаг уу?
-Үгүй ээ. Жишээ нь, Компьютерын техник, менежментийн сургууль Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвтэй гэрээ хийгээд оюутнуудаа үзлэгт хамруулах ёстой. А480, А739 гээд БСШУСЧ, ЭМЯ-ын сайд нарын хамтарсан тушаалаар сургуулийн удирдлагууд, эрүүл мэндийн төв, залуучуудын хөгжлийн төв юу хийхийг зааж, тэднээс гарсан үр дүнг НЭМҮТ нэгтгэх тушаалтай. 2016 оноос оюутан цалингийн хамгийн доод хэмжээгээр эрүүл мэндийн даатгалаа төлөх хуультай болсон учраас эрүүл мэндийн даатгалд хамрагдалтыг тухайн сургуулийн захирал, удирдлагууд хангаж ажиллах ёстой.  Зохион байгуулалтыг сургуулийн оюутны алба, эрүүл мэндийн үзлэгийг эрүүл мэндийн төвийн дарга шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж өгөх ёстой. КТМС-ийн томоохон зааланд зөөврийн тоног төхөөрөмжөө зөөж, рентген зураг авч байх жишээтэй. Хэрэв тийм өрөө байхгүй бол эрүүл мэндийн төвд авчирч үзүүлэх ёстой байдаг юм. 
-Оюутан байхдаа хүүхэдтэй болоод гэр бүл болчихсон хүмүүс цөөнгүй байдаг шүү дээ.  Ер нь гэр бүл төлөвлөлтөд анхаарах, эрт гэрлэх нь эерэг болоод сөрөг ямар үр дагавартай юм бол?
-Оюутнуудын хамгийн эхний зорилго нь их сургуулиа амжилттай төгсөж, мэдлэг хуримтлуулах явдал шүү дээ. Гэтэл эрүүл мэндээ анхаарах тал дээр “би залуу хүн юм чинь” гэсэн байдлаар хайнга хандаад байдаг. Томчууд ч залуу хүн бие өвдлөө, эмнэлэгт үзүүлэн гэж ярьдаггүй юм гэсэн хандлагатай байдаг нь хэвшмэл таашаа ойлголт юм. Харин бидний зүгээс хүүхэд эрүүл байхдаа юуг анхаарвал урт удаан насалж, тухайн хүний амьдралын чанарт хэрхэн нөлөөлөх тухай сургаж, ойлгуулахыг хичээдэг. Хүсээгүй жирэмслэлт ямар хор нөлөөтэй юм бэ, үр хөндөлт гэдэг маань нэг талаасаа жирэмслэхээс сэргийлэх арга боловч, үүнийг жилд гурав, дөрвөн удаа хийдэггүй юм. Зайлшгүй тохиолдолд л үр хөндүүлэхийг зөвшөөрдөг. Гэхдээ үр хөндүүлэхээс ч өмнө жирэмслэхээс урьдчилан сэргийлэх боломжууд олон байдаг юм. Төрөөгүй болон нэг удаа төрсөн эмэгтэйчүүдэд охидод зориулсан ерөндгийг байрлуулахыг зөвлөдөг. Гэхдээ бидний зүгээс бэлгэвчийг тогтмол, зөв хэрэглэх эсвэл тогтмол бэлгийн харилцаанд орж, хамтдаа амьдардаг бол эм уудаг байхыг зөвлөдөг. Өмнө төрж байгаагүй охидууд ерөндөг хэрэглэхээс  зайлсхийх хэрэгтэй. Ерөнхийдөө бол бид бэлгэвч хэрэглэж байхыг их зөвлөдөг бөгөөд энэ нь жирэмслэлтээс сэргийлэхээс гадна, бэлгийн замын халдвараас хамгаалдаг. Залуучууд бэлгэвч хэрэглэхээр бэлгийн хөрөлт, сулралттай болдог, хайртайгаа илэрхийлээгүй, итгэхгүй байгаа учраас бэлгэвч хэрэглэж байна гэх мэт ташаа ойлголттой яваад байдаг. Мөн оюутан залуус гэрлэхээсээ өмнө олон хүнтэй үерхэх, хайртай хүнтэйгээ унтахыг хайраа баталж, илэрхийлж буй баталгаа гэж ойлгодог. Үүнээс болоод бэлгийн замын халдвар авч, эмчлүүлээгүйгээс болоод үр тогтоход нөлөөлдөг юм шүү гэдэг анхдагч, хоёрдогч үргүйдлийн тухай оюутан байхад нь заах нь гэр бүл төлөвлөлтөд өгч буй зөвлөгөө юм. Ер нь манай байгууллагаас  эрт биш, орой биш, ойрхон биш гэсэн гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөөг өгдөг. Эрт биш гэдэг нь 20-иос дээш насандаа жирэмслэх, орой биш гэдэг нь 35-аас доош насандаа жирэмслэх хэрэгтэй. Мөн ойрхон биш гэдэг нь нэг төрсөн бол дараагийн төрөлт 3-4 жилийн хооронд байх ёстой гэдгийг хэлж байгаа юм. Гэтэл манай монголчууд нэг хүүхэд харсан, хоёр хүүхэд харсан ялгаагүй гэж үзээд жил дараалж төрөх гээд байдаг. Үүнийг хориглодог учир нь эмэгтэй хүний бие бүрэн төлжөөгүй, хүүхдээ хоёр жил хүртэл хөхүүлэхгүй байх нь алдаа учраас тэр.

Бариун жейнс өмссөнөөс болж төмсөг дээш шахагдан үр дамжуулах чадварт сөргөөр нөлөөлдөг

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд сэдвээр сургалт ордог юм билээ. Үүнд яг юуг анхааруулж, заадаг бол?
-Сүүлийн үед залуу эрчүүдийн дунд түрүү булчирхайн хурц үрэвсэл ихэссэн байна. Энэ нь бэлгийн замаар дамжих халдварын хүндрэл болон хэт даарснаас болдог.  Түүнчлэн эрэгтэй хүний төмсөг биеийн температураас 1-2 градус хүйтэн байх ёстой бөгөөд хэт бариу өмд өмсөж болохгүй. Гэтэл манай эрэгтэй хүүхдүүд орчин үеийн хувцасны загварт хөтлөгдөн бариу жейнсин өмд өсөх болсон. Бариу жейнс өмссөнөөс болж төмсөг дээш шахагдан халуун орчинд байснаар үр дамжуулах чадварт сөргөөр нөлөөлдөг. Эрэгтэй хүний эрүүл ахуй, саунд орох нь ямар нөлөө үзүүлдэг, хэрхэн усанд орох, ямар хувцас өмсөх зэрэг сэдвээр сургалт орох эцэг, эхчүүдийн тэр бүр илэн далангүй яараад байдаг зүйлээр мэдлэг олгодог юм. Энэ мэт чиглэлээр сургалт ороход оюутнуудад маань инээдтэй байгаа мэт хандлага харуулах боловч, “Энэ сэдвийг яриахаа больчих уу” гэхэд “Үгүй, үгүй” гэдэг. Тэдэнд хэрэгцээтэй мөртлөө ичдэг, санаа зовдог байдал нь одоог хүртэл арилаагүй байна. Жишээ нь, гар ярихад ичих зүйл байдаггүй мөртлөө, адилхан хүний биеийн эрхтний нэг болох төмсөг, бэлэг эрхтэнийг ярихаар ичээд байдаг юм. 
-Ер нь Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг хүүхэд бүр ойлгогдохуйц үр дүнтэй, сайн заах хэрэгтэй юм шиг?
-Эрүүл мэндийн хичээл 2018 оны гуравдугаар улирлаас зургаан сэдвээр орох болсон.  Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, хувийн эрүүл ахуй, орчны эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж, эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн гэсэн сэдвээр хичээл ордог. Дөрөвдүгээр ангид бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар орох бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн ялгаа, сарын тэмдэг гэж юу вэ гэдгийг заана. Дараа нь тавдугаар ангид сарын тэмдгийн эрүүл ахуйн тухай, 6-7 дугаар ангид сарын тэмдэг ирснээр жирэмсэн болоход бэлэн болж байгааг илтгэж буй нэг хэлбэр юм шүү, 9-10 дугаар ангид жирэмснээс сэргийлэх эм хэрэгсэл, 11-12 дугаар ангид оюутан болоход өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой боловсролыг өгсөн байдаг. Нэг ёсондоо энэ төрлийн боловсролыг багаас нь том болох хүртэл нь гүнзгийрүүлж заадаг юм. Түүнчлэн 2019 онд эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг бичигдсэн нь ерөнхий боловсролын сургуулиас гэр бүл төлөвлөлт, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай нарийвчлан үзэх, мэдлэгтэй болох боломж бүрдэж байгаа хэрэг. 
-Ярилцсанд баярлалаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн