Мал хариулж яваад сураггүй алга болсон 13 настай хүүг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын Рашаант багийн “Тугалгат” гэдэг газар арваннэгдүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагийн орчим бага насны хүүхэд мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн онцгой байдлын газар хүлээн авсан байна.Аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, мэргэжлийн ангийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын харьяат малчин Б-гийн хүү Ц /13 настай, эрэгтэй/-ийг арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 00.35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 11.00 цагаас Рашаант багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /гэрээс нь зүүн зүгт 7 км зайтай/-аас иргэн Х /50 настай, эрэгтэй/-ын хамт малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.