Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

'Амар' зочид буудал 112 өрөөтэй ч, өрөөндөө ганцаараа тусгаарлагдсан гурван л хүн байна

'Амар' зочид буудал 112 өрөөтэй ч, өрөөндөө ганцаараа тусгаарлагдсан гурван л хүн байна
Нийтэлсэн 2020 оны 8 сарын 5
 “Covid-19” цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс нэгдүгээр сарын сүүлээс хилээ хааж, олон мянган монгол иргэн гадаадад гацсан билээ. Өнөөдрийн байдлаар 15000 гаруй иргэнийг тусгай үүргийн онгоцоор татан аваад байгаа юм.  Одоо цаана нь нутаг буцах хүсэлтээ өгсөн 12200 гаруй иргэн бий. Наймдугаар сард 14 удаагийн тусгай нислэг үйлдэж 3460 гаруй иргэн эх орондоо ирэх тооцоо гарсан.
Иргэд эх орондоо ирэхдээ онгоцны тийз, 21 хоног тусгаарлах байр, хоолны мөнгөө төлж байгаа. Нэг хүн дунджаар 3.2 сая төгрөг төлж байж эх орондоо ирж буй. Гэтэл иргэдээс тусгаарлах орон байр, хоолны мөнгийг нь хангалттай авсан хэр нь эрүүл аюулгүй орчны шаардлага хангасан байр, хоол ундаар хангахгүй байгаа талаар гомдол тасрахгүй байгаа билээ.
Энэ асуудлаар Амар зочид буудалд тусгаарлаж байгаа иргэдийн байр суурь болон МХЕГ-аас тусгаарлах байруудад ямар хяналт шалгалт хийж байгаа талаар тайлбар авлаа.  
Улсын онцгой комисс гаргасан шийдвэрээ зөрчиж байна
Иргэн М “Амар” зочид буудал 112 өрөөтэй. Тэдгээрт ганцаараа тусгаарлагдсан гурван хүн л бий. Бусдад нь 2-4 лээ нэг өрөөнд тусгаарлагдаж байгаа. Намайг танихгүй хүнтэй хамт нэг өрөөнд оруулна гэхэд нь уурласаар байгаад ганцаараа орсон. Тэгэхээр УОК өөрсдийнхөө гаргасан шийдвэрийн дагуу ажиллаж байгаа юм” гэлээ.
Иргэн Б “Би нөхөртэйгөө нэг өрөөнд орсон. Харин бусад өрөөнд танихгүй хүмүүсийг тусгаарласан тохиолдол цөөнгүй гарсан. Бидний өөдөөс харсан өрөөнд жирэмсэн эмэгтэй, нэг хүүхэдтэй эмэгтэйтэй хамт оруулж байсан шүү” гэв.
Мөн тусгаарлах байрны өрөөнд нэг биш дөрвөн хүн оруулахаар зочид буудал хоногийн хугацаанд нэг өрөөнөөс 200 мянган төгрөгийн ашиг олж байгаа юм. Анх гадаадаас иргэдээ татан авчирч байхад нэг өрөөнд хэд хэдэн хүнийг хамтад нь байлгадаг байсан. Тэр үед халдвартай иргэнтэй хамт тусгаарлагдсан иргэд бие биенээсээ халдвар авсан нь тогтоогдож, тусгаарлах хоног 14 байсныг 21 болгож өөр өөр өрөөнд оруулдаг болсныг ОБЕГ-ын дарга асан, бригадын генерал Т.Бадрал мэдэгдэж байсан удаа бий.
-Иргэн Д “Тусгаарлах байрны хоол бага байдаг нь бизнесийн ашиг сонирхолтой холбоотой байх. Ресторанаас хоол захиалж идэж болно шүү гээд меню өгдөг. Хамгийн бага үнэтэй нь бууз, хуушуур.  Найман ширхэг бууз 12500, таван ширхэг хуушуур 13500 төгрөгийн үнэтэй. Ер нь бол рестораныхаа хоолыг л идүүлэх зорилготой санагдсан” хэмээн өгүүллээ.
-Иргэн С “Тусгаарлах байранд олуулаа орж, хоол муу байгаа тухай шаардлага тавихад цагдаагийн ажилтан “бусдыг турхирсан учир таныг 30 хоног тусгаарлах байранд байлгана. 50 мянган төгрөг өгсөндөө харамсаад байгаа юм уу” гэснээс болж тэнд бөөн хэрүүл шуугиан дэгдсэн” гэв.
Асуумж хуудас бөглүүлж буй мэргэжлийн хяналтынхан, тусгаарлах байранд ажиллаж буй төрийн албан хаагчид эрхээ эдэлж буй иргэдийг ялгаварлалгүй, болчимгүй авираа засах хэрэгтэйг эх сурвалжууд өгүүлж байлаа.
Тусгаарлах байранд гарч буй эдгээр асуудалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас тодруулахад “Манай байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу ажилладаг бөгөөд гомдол ирсэн гурван тусгаарлах байранд очиж хяналт, шалгалт хийсэн. Харин “Амар” зочид буудалд тусгаарлагдаж байгаа иргэд нийгмийн сүлжээнд асуудлаа илэрхийлж байгаа. Мэргэжлийн байгууллагад хандаагүйгээс болж хяналт, шалгалтын ажил хийгээгүй байна. Ямартай ч мэргэжлийн байгууллагаар шалтгалт хийлгэсэн зочид буудлаас, иргэдэд хоол зөөх үеийн зөрчил, тогоочийн ур чадвартай холбоотой асуудал гарсан болохыг тогтоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна” гэж мэдэгдлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн