Open iToim app
Эрүүл мэнд | 3 мин уншина

Ж.Нарангэрэл: Омикроны үед цээжээр өвдөх нь уушгины хатгаа биш

Ж.Нарангэрэл: Омикроны үед цээжээр өвдөх нь уушгины хатгаа биш
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 14
Эрүүл мэндийн яамнаас “Ковид 19” цар тахлын долоо хоногийн нөхцөл байдлын мэдээг хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Улаанбаатар хотод 160 цэгт дархлаажуулж байна. Одоогийн байдлаар вакцины III тунд 955 мянган иргэн, IV тунд 20 мянган иргэн хамрагджээ.
Вакцины хамрагдалтыг насны бүлгээр авч үзвэл, 18-25 насныхан вакцинд хамрагдах нь сул байгаа. Харин 60-аас дээш насныхан вакциндаа идэвхтэй хамрагдаж байна. 21 аймгийн 71 хувь нь 50-аас дээш бүлэг нь хамрагдаад байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: Омикрон хувилбар нь хамар битүүрэх, нус ноожих, хуурай ханиалгах, халуурах, хоолой аргах, хөндүүрлэх, ханиалгах нь хэд хоногоос цэртэй болох зэрэг шинж тэмдэг илэрч байна. Харин хүүхдэд хоолой сөөх, амьсгал бачуурах шинж голчлон илэрч байна. Энэ шинж тэмгүүд томуу болон томуу төст өвчний амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэгтэй адил байгаа юм. Омикроны шинж тэмгүүд хөнгөн бөгөөд 5-7 хоног илрээд эдгэрч байна. Манай улсад дөрөв дэх давлагаа эхэлж байгаатай холбогдуулан эмнэлэгт хандаж буй үйлчлүүлэгчдийг тандахад хүндрэх эрсдэл 1.5-2 дахин бага байна.
Омикрон хөнгөн тусаж байгаа учир гэрээр эмчилгээ хийж, эмчийн зөвлөгөөг авах боломжтой. Мөн вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ шаардлагагүй. Тодруулбал, нэн тэргүүнд нянгийн эсрэг антибиотик уух нь шаардлагагүй. Харин шинж тэмдгийн эмчилгээ буюу дархлаа дэмжих эмчилгээ, өвчин намдаах, халуун бууруулах арга хэмжээ авах нь зөв юм.
Омикроноор өвчлөхөд хүндрэх магадлалтай иргэдийн бүлэгт 12-оос доош насны хүүхдүүд, өндөр настангууд, хавсарсан эмгэгтэй хүмүүс багтаж байна. Тиймээс ийм хүмүүс Омикрон туссан тохиолдолд анхан шатны эмнэлгүүд эмнэлэгт хэвтүүлэх арга хэмжээг авна. Нийслэлийн хэмжээнд 16 эмнэлгийн 4764 оронд, орон нутагт 42 эмнэлгийн 5482 оронд ковидын халдвартай иргэдийг хүлээн авч, эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Хөнгөн тусаж буй иргэдийг гэрээр эмчилнэ гэж зөвлөөд байхад эмнэлэгт хэвтэх гэсэн хүсэлт байна. Энэ нь төлөвлөсөн ороо шаардлагатай хүмүүст хүргэхэд хүндрэл учруулж байна. Тиймээс иргэдийг хүлээцтэй хандахыг уриалмаар байна. Жишээлбэл, хоолой хөндүүрлэх, хоолой аргах, хуурай ханиалгах, хоолой зурж байгаа юм шиг олон хоногоор ханиалгах шинж тэмдэг илэрч байна. Ингэж олон хоногоор ханиахаар цээжээр өвдөнө. Энэ нь уушгины хатгалгааны цээжээр өвдөх өвдөлтөөс өөр. Хавирга хоорондын мэдрэлийн цочролоос үүссэн өвдөлт юм. Гэтэл үүнийг иргэд хатгаа гэж бодоод хүндэрлээ гэж айгаад байгаа. Тиймээс энэ бүгдийг зохицуулах үүднээс анхан шатны эмнэлэгт эрэмбэлэлт хийж байна.
Үүний дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-IV тунгийн вакцинжуулалтад ямар вакцин ашиглаж байгаа вэ?
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: IV тунд Синофарм болон Фпайзер вакцинаас сонгон хийлгүүлж болно. Спутник вакциныг зарим хувийн хэвшлийн байгууллагууд хийж байгаа. Вакцин хийлгэсэн иргэдийн 90-95 хувьд нь 24 цагийн дотор халуурах, бие жихүүцэх, үе мөч өвдөх, тарьсан хэсэгт хөндүүрлэх, гар өвдөх хариу урвал илэрч байна. Ийм шинж тэмдэг 2-3 хоногийн дотор зүгээр болно. Хариу урвал илэрвэл өрхийн эмнэлэгт хандах боломжтой.
-Эмч, эмнэлгийн ажилчдын нөөц хэр байгаа вэ?
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Ж.Нарангэрэл: эмч, эмнэлгийн ажилчид дээр нэмээд резидент эмч нар болон сайн дурын байгууллагынхан ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн