Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

ДЭМБ: Цар тахлын үед ахмад настай, эмэгтэй болон хөнгөн ялтай хоригдлуудыг суллахыг зөвлөжээ

ДЭМБ: Цар тахлын үед ахмад настай, эмэгтэй болон хөнгөн ялтай хоригдлуудыг суллахыг зөвлөжээ
Нийтэлсэн 2020 оны 12 сарын 17
ДЭМБ, НҮБ-ын Хүний эрхийн дээд комисс, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын эсрэг хөтөлбөрүүд хамтран өнгөрөгч тавдугаар сард дэлхийн улс орнуудын эрх баригчдад хандан цар тахлын үед хоригдлууд болон эрх чөлөөгөө хасуулсан бусад иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдал, хүний эрхийг хангах асуудлаар хамтарсан мэдэгдэл, зөвлөмж гаргасан байна.
Зөвлөмжид дэлхийн улс орон бүрт хорих төв болон урьдчилан хорих ангиудад “COVID-19”-ийн халдвар тархах эрсдэл, нөхцөл байдал харилцан адилгүй. Тиймээс хоригдлууд болон түр хугацаагаар эрхээ хасуулсан иргэдийг коронавирусийн халдвараас хамгаалах, хорих төвүүдэд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай гэжээ.
Хамгийн гол нь цар тахлын үед эрүүл мэнд болон хууль, шүүхийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлж, хорих төв болон урьдчилан хорих ангийн ажилчдыг вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллээр тогтмол ханган, нөхцөл байдалд уялдсан хүний эрхийг хангах орчин үеийн зохицуулалтын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгааг онцолжээ.
Дэлхийн даяар хэдэн арван сая хоригдол агаарын солилцоо муу, ариутгал, ариун цэвэр, эрүүл мэндийн аюулгүй байдал хангалтгүй орчинд байна. Дээр нь дархлаа дэмжих, хүнсий хангамж муу нөхцөлд хэт ачаалалтай буюу олуулаа хоригддог.  ДЭМБ хорих төвүүд болон урьдчилан хорих ангиудын хэт их ачаалал нь “COVID-19”-ийн халдвараас урьдчилан сэргийлэх болон түүний эсрэг хариу арга хэмжээ хэрэгжүүлэхэд томоохон бэрхшээл болж байгааг анхааруулжээ.
Тиймээс ДЭМБ болон НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссоос дэлхийн улс орнуудын эрх баригчдад хандан цар тахлын үед хорих төвүүдийн ачааллыг бууруулж, хорихоос өөр арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан байна. Үүнд, “COVID-19”-ийн халдвар авах өндөр эрсдэлтэй буюу ахмад настай, архаг хууч өвчтэй, нийгэмд ноцтой хор хохирол учруулаагүй буюу хүчирхийллээс бусад хөнгөн хэргээр шийтгэгдсэн, эмэгтэй болон насанд хүрээгүй хоригдлуудыг суллах механизмыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж зөвлөжээ.
Харин хорих төвүүдэд авч хэрэгжүүлж болох вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх гол арга хэмжээнүүдийн хувьд дараах найман зөвлөмжийг санал болгосон байна.
1. Хорих төвүүдэд шинээр хоригдож буй хоригдлуудад үзлэг, эрсдэлийн үнэлгээ хийх
2. Хоригдлуудыг суллагдахдаа дээрхтэй ижил төстэй арга хэмжээ хэрэгжүүлэх
3. Хорих төвүүдэд өдөрт дор хаяж нэг удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
4. Вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хувийн эрүүл ахуй, гараа угаах зэргийг сурталчлах, үүнд шаардлагатай материал, таних тэмдгийг хорих төвийн доторх бүх хүмүүст, түүний дотор хорих төвийн ажилтнуудад таниулах.
5. Хоригдлууд болон хорих ангийн ажилчдыг амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл, эрүүл ахуйн боловсролоор хангах, тэдний дунд мэдлэг мэдээллээ хуваалцах харилцаа холбоог бий болгох.
6. Хорих төвийн хэт ачааллыг бууруулж, хоригдлуудын тоог цөөлөх.
7. Хорих төвд вирусийн сэжигтэй эсвэл батлагдсан тохиолдолд бүртгэгдсэн үед түүнийг хэн хянаж, ямар хугацаанд, ямар хариу арга хэмжээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө боловсруулах.
8. Холбогдох бүх байгууллага, албан тушаалтнууд болон хувь хүмүүст халдварын онцгой нөхцөл байдлын үед хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөнийхөө талаар мэдээлэл өгч, бэлэн байдлаар хангах шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: WHO.int
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн