Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож байгаа аж. Үүний хүрээнд тус аймгийн таван сумд зургаан түүхэн цогцолбор барих бөгөөд нийт 19 сая ам.доллар төсөвлөлжээ.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: Манай улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээж авсан. Энэ тоог дөрвөн жилийн хугацаанд нэг саяд хүргэх том зорилготой ажиллаж байна. Ингэснээрээ улсын эдийн засагт тодорхой нөлөө үзүүлэхээс гадна нутгийн иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Ер нь аялал жуулчлал салбар бол олон мянган ажлын байрыг бий болгодог салбар. Өнөөдрийн байдлаар 80 мянган ажлын байрыг бий болгоод байгаа. Коронавирусийн халдвартай холбоотойгоор энэ тоо 30 мянгаар буурсан ч гэсэн ирэх жилүүдэд ажлын байрны тоо тогтвортой нэмэгдэх боломжтой байгаа.
Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалыг төрөлжүүлж, бүсчлэн хөгжүүлэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын гол бүс болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн парламентаар Азийн хөгжлийн банкны нэн хөнгөлөлттэй зээл авч нийт 38 сая ам.доллароор тус хоёр аймгийн бүсийг хөгжүүлж байгаа. Нийт санхүүжилтийн 50 хувийн эх үүсвэрээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолбор байгуулна. Үүний нэг хэсэг нь Бор-Өндөрийн далд уурхайн музей юм. Бид зам тээвэр, уул уурхайн салбартай хамтран тус музейг байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн Хэнтий аймагт Эзэн Чингис хааны соёлын түүхэнд суурилсан таван бүтэн байгуулалтыг хийнэ. Тухайлбал Хэнтий аймгийн Дадал суманд Эх эзэн Чингис хааны цогцолбор, Бэндэр суманд Монголын эзэнт гүрэн, Их хуралдайг байгуулна. Цаашлаад Шихихутуг, Монголын нууц товчоо гэх таван цогцолбор байгуулагдана. 2024 он гэхэд эдгээр бүтээн байгуулалтуудыг барьж дуусгах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 2021, 2022 онуудад эхний бүтээн байгуулалтуудыг хүлээлгэн өгнө.