Open iToim app
Дэлхий | 6 мин уншина

Гарри Каспаров: Покер сайн тоглодог хүн математиктаа ч сайн байдаг бол шатар тийм биш

Гарри Каспаров: Покер сайн тоглодог хүн математиктаа ч сайн байдаг бол шатар тийм биш
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 11
Бүх цаг үеийн хамгийн агуу шатарчин Гарри Кимович Каспаровын 2020 оны гуравдугаар ард “The Talk” сэтгүүлд өгсөн ярилцлагыг эмхтгэн хүргэж байна. Гарри Каспаров 1985 онд дэлхийн аварга болж 2005 онд зодог тайлах хүртлээ тасралтгүй 20 жилийн турш шатрын ертөнцийг хаанчилсан юм. Тэрээр замналынхаа туршид оргил үедээ гялалзаж явсан олон агуу их мастеруудыг сөхрүүлснээр мастеруудын мастер гэгдээд зогсохгүй, компьютерыг ялсан анхны бөгөөд сүүлийн хүн юм.
-Ноён Каспаров таныг дэлхийн шатрын ертөнцийн оргилд байх үедээ өрсөлдөгчдийнхөө арга барилыг нарийн судалж, тоглолтын динамик үйл явцыг эртнээс төлөвлөн, тэднийг айлгах тактик хэрэгжүүлдэг байсан гэж ярьдаг. Ингэж бэлдэх нь шатрын спортод амжилт гаргах таны нууц байсан үү?
-Ер нь аливаа ямар ч зүйлд амжилт гаргахын тулд түүндээ бэлдэж, төлөвлөх нь хамгийн чухал. Би шатрыг бусад оюуны үйл ажиллагаанаас салгаж үздэггүй. Бэлдэж, төлөвлөнө гэдэг нь байгаа өгөгдлийг задлан шинжилж, өрсөлдөгчөө ойлгон, өргийн явцыг хэрхэн үргэлжлүүлэх давуу талыг өгдөг. Ингэснээр ямар ч нөхцөлд тохиромжтой нүүдэл хийх боломжийг бүрдүүлнэ. Шатар бол тулаан. Тэгэхээр хоёр шилдэг их мастер өрөг нүүж байгаа тохиолдолд хэн тоглоомыг өөрийн арга барил, хэв маягт оруулж чадсан нь ялалт байгуулдаг.   
-Та 1980-аад оноос мэргэжлийн төвшинд шатар тоглож эхэлсэн. Тухайн үед интернэт байгаагүй. Тэгвэл та өрсөлдөгчдийнхөө арга барил, нүүдлийн талаарх тийм чухал мэдээллүүдийг хаанаас, яаж олж авдаг байсан бэ?
-Таны зөв. Тэр үед бидэнд тийм их мэдээллийг хүссэнээрээ олж авах боломж байгаагүй. Гэхдээ л өрсөлдөгчиддөө зориулж тухай бүрт нь бэлдэх шаардлагатай. Тухайн үед ердөө л шатрын сэтгүүл цуглуулж, өрсөлдөгчдийнхөө тухай, тэдний нээлтийн өргүүдийн талаар мэдэж авдаг байсан. Одоогийнхтой харьцуулахад мэдээллийн хурд асар удаан цаг үе. Шатар ЗХУ, Югослав, Серби, Хорват зэрэг орнуудад үргэлж алдартай спорт байсаар ирсэн. Харин чөлөөт, ардчилсан орны шатарчид Оросын сэтгүүлүүд олж уншиж чадахгүй байгаадаа үргэлж гомдолдог байсан. Тэдний зарим нь зөвхөн бидний талаар мэдээлэл цуглуулах гэж Орос хэл хүртэл сурдаг байлаа.
-Орост шатар яагаад тийм алдартай спорт болсон юм бэ?
-ЗХУ-ын үед л шатар Орост алдартай спорт байсан. Тодорхой хэлбэл, шатар бол Социалист лагерийн хувьд доройтсон барууны капиталистуудаас оюуны хувьд давуу гэдгээ харуулах үзэл суртлын хамгийн чухал зэвсэг байсан. Маш энгийн шалтгаантай. Үзэл суртлыг хүчтэй хэрэгжүүлэхийн тулд ЗХУ маш олон хүүхдийг шатарт сонирхолтой болгох, ирээдүйн аваргуудыг бэлтгэх хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байсан. Би ч анх ийм хөтөлбөрт хамрагдаж, олон зүйл хүртсэн. Гэсэн ч бид шатар нүүхээс бусад үедээ маш сахилга баттай байх ёстой. Ялихгүй юмнаас болж чухал тоглолтууд бэлдэж чадахгүй болох эсвэл үлдсэн амьдралаа хохироож болохгүй. Тийм л үе.
-Үргэлж ялах ёстой гэх дарамт танд хэцүү байдаг байсан уу. Эсвэл та угаасаа зөвхөн ялахыг хүсдэг байсан болохоор танд энэ дарамт хамаагүй байв уу?  
-Өө, миний хувьд бол тийм ч хэцүү байгаагүй ээ. Үнэндээ бол надад таалагддаг байсан. “Өө, энэ хүн тийм ч авьяастай биш. Гэхдээ их шаргуу хөдөлмөрлөдөг” гэдэг тодорхойлолтод би үргэлж дургүй байсан. Миний бодлоор шаргуу хөдөлмөрлөнө гэдэг бол тухайн хүний авьяас, чадваруудын нэг хэсэг. Амжилт гаргах хамгийн чухал хэсэг нь. Мөн шаргуу хөдөлмөр бол агуу шатарчдыг сайн шатарчдаас ялгаж байгаа гол зүйл юм.
-Тэгэхээр та өөрийгөө дан ганц авьяас, чадвараараа дэлхийн шатрын аварга болчхоогүй гэх гээд байна уу?
-Үгүй. Та дан ганц төрөлхийн авьяасаар хол явж чадна. Гэхдээ бэлтгэл, хөдөлмөр гэдэг бол бүх тамирчдыг бий болгодог зүйл. Зарим шатарчид мэргэжлийн карьераа долоо, найман насандаа эхлүүлдэг. Бидэнд 10, 11, 12 настай хэд хэдэн авьяаслаг залуу шатарчид бий. Тэд 50 жилийн өмнөх АНУ-ын дэлхийн аварга Бобби Фишер ч юм уу, эсвэл 25 жилийн өмнө тоглож байсан шатарчдаас хол илүү мэдээлэл, туршлагатай болсон.
-Та шатрыг дээд төвшинд тоглохын тулд ухаалаг байх ёстой гэж хэлэх үү?
-Тийм ээ. Шатар тоглохын тулд ухаантай байх ёстой. Ер нь покер ч гэдэг юм уу, ямар ч тоглоомд ялахын тулд ухаан зарах хэрэгтэй. IQ тестийг зохион бүтээсэн Альфред Бинет зэрэг агуу оюунлаг хүмүүс шатар бол хүний оюун ухааны нууцыг нээх түлхүүр гэж үздэг. Гэхдээ минийхээр бол шатар чадварлаг тоглодог байх нь шатрын авьяас чадвараас өөр зүйл биш юм. Покер сайн тоглодог хүн математиктаа ч сайн гэсэн үг. Учир нь тэр яаж бооцоо тавихаа мэдэж байна. Харин шатар тоглохдоо сайн байлаа гээд бусад зүйлд сайн, эсвэл муу болдоггүй. Энэ л ялгаатай.  
-Тэгвэл гайхалтай шатарчин болгодог зүйл юу вэ. Магадгүй өөртөө итгэх итгэл, харизматай байх ёстой юу?
-Мэдээж хэрэг, харизма өндөртэй хүн хэвлэлээр гарч байгаа зүйлд эмзэглэдэггүй. Гэхдээ эцсийн эцэст шатарчин хүнд зан чанар хамгийн чухал. Би 15 жилийн турш дэлхийн аварга байсан хүн. Мөн би 20 жилийн турш дэлхийн шатарчдыг чансаагаараа тэргүүлсэн. Тухайн үеийн ширүүн өрсөлдөөн дунд маш удаан хаанчилсан. Тэр үед надад хоёр бодол төрдөг байсан. Эхнийх нь, “За, би ингээд цаашид өөртөө ямар ч ахиц гаргаж чадахгүй юм байна гэдгээ мэдсэн үедээ шатар тоглохоо болих” тухай бодол. Энэ бол зөвхөн ялах тухай бус өөрийгөө улам сайжруулж, хөгжүүлсээр байх тухай ойлголт юм. “Ер нь ингээд л байнга ялаад байснаар надад яг юу сайжраад байгаа юм бэ” гэх асуулт. Тодорхой цаг мөчид би үүнийг ойлгосон. Тэгээд цаашид үргэлжлүүлж тоглосон. Харин хоёр дахь бодол нь, “Хэрэв би оргилд нь үлдвэл энэ амжилт бол миний ирээдүйд гаргах амжилтуудын хамгийн том дайсан гэдгийг үргэлж санах” байсан.      
-Та өөрийгөө их голдог хүн үү?
-Тийм. Эс тэгвээс би тоглолтууддаа дүн шинжилгээ хийж, өөртөө шүүмжлэлтэй хандаж чадахгүй шүү дээ. Тэр чадвараа алдана. Би өөрийнхөө өргүүдэд судалгаа хийж, өөрийн алдаагаа олж харан, түүндээ шүүмжлэлтэй ханддаг. Энэ бүхэн бол бүхэлдээ өөрийгөө өөрчилж, сайжруулах үйл явц юм. Тухайн үед би маш олон өөрчлөлтүүдтэй нүүр тулж, тэдгээрийг даван туулсан. Шатрын ертөнц бүхэлдээ компьютерын хувьсгалд өвдөг сөхрөх үед ч тэрхүү өөрчлөлтийг давж гарсан. Эцэст нь туулсан бүхэн минь намайг шатрын оргилд удаан хугацаанд оршин тогтноход тусалсан.
-Технологийн хувьсгал шатрын ертөнцөд хэрхэн нөлөөлсөн бэ?
-1985 онд би Дэлхийн аваргын төлөө Анатолий Карповтой тоглох боллоо. Би түрүүлж цагаанаар нүүх болов. Карпов намайг ямар нээлтийн өрөг хийхийг мэдэхгүй. Би ч түүнийг юу хийхийг мэдэхгүй. Тиймээс бидний тоглолт бүхэлдээ гэнэтийн үйл явдал, сэтгэл хөдлөлөөр дүүрэн өрнөлөө. Би эцсийн үр дүнд нь зуун хувь итгэлгүй ч гэсэн маш эрсдэлтэй алхмууд хийж тоглосон. Тоглолт өндөрлөж. Тэгээд л дараа өдөр нь харьцгааж, тэнд болсон тоглолт тэндээ л үлдсэн. Харин өнөөдрийн шатарчид компьютерын тооцооллын тусламжтай анх удаа тоглож байгаа өрсөлдөгчийнхөө хийж болох боломжит бүх нээлтийн өрөг, тактикийг урьдаас мэдчихсэн байдаг. Тэгэхээр орчин үеийн шатарт заль мэх, сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн дайралт хүчтэй зэвсэг байхаа больсон. Технологи шатарчдын тухайн тоглолтдоо зориулж бэлддэг тэр зүйлийг үгүй болгосон.
-Та шатарт компьютерын тооцооллыг хамгийн түрүүнд ашиглаж эхэлсэн хүн. Мөн таныг 1996 онд “IBM” компанийн “Deep Blue” компьютерыг ялж байсан үеийг санаж байна. Маш том үйл явдал, дуулиан байсан шүү?
-Би компьютертой ямар ч бэлтгэлгүй тоглосон. Ер нь Deep Blue яаж шатар тоглодог талаар надад ямар ч ойлголт өгөөгүй. Мөн сэтгэлзүйн дайны хувьд ямар ч мэдрэмж, хариу үйлдэлгүй өрсөлдөгчийн эсрэг анх удаа тоглоно. Энэ тоглолт надад бэлтгэлийн ач холбогдол ямар чухал вэ гэдгийг тод харуулсан. Бид классик зургаан өрөг өрөх болов. Эхний өрөгт би ялагдсан ч үлдсэн таван өрөгт би гурав хожиж, хоёр тэнцсэн юм. Энэ тоглолтын дараа миний ойлгосон зүйл бол “Хэрвээ чи компьютерыг ялж чадахгүй бол тэдэнтэй нэгд” гэх ойлголт байлаа. Би хамгийн анх компьютерын тооцооллыг өөрийн бэлтгэлдээ ашиглаж эхэлсэн хүн. Харин өнөөдөр та төсөөлөх ч үгүй. Өнөөдөр шатрын ямар ч тэмцээнд очсон бүх тамирчид компьютер дээр тооцоололтойгоо ажиллаад сууж байх болно. Зарим хүн технологи шатарчдын бүтээлч байдлыг үгүй хийдэг гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Минийхээр технологижсон өрсөлдөөнд ялахын тулд шатарчид улам бүр бүтээлч байхаас аргагүй. Шатарчид өнөөдөр бараг өдөр бүр арга барил, стиллиэ өөрчилж, өөрийгөө сайжруулж байхгүй бол маш хурдан хоцрогдож, бусдынхаа ард хоцрох болно.
-Технологи ийнхүү улам эрчимтэй хөгжсөөр байгаа нь таны санааг зовоодог уу?
-Чи өнөөдөр компьютер дээрээ ямар ч шатрын программ худалдан авч, суулгаж болно. Магнус Карлсен бол өнөөдөр дэлхийн чансааг тэргүүлж буй хамгийн шилдэг шатарчин. Магнус жирийн нэг компьютертой тоглоно гэдэг Усайн Болт, “Ferrari” автомашинтай уралдахтай яг адилхан өрсөлдөөн. Өнөөдөр хүн компьютерыг шатраар ялах ямар ч боломж байхгүй. Нэг талдаа энэ бол гайхамшиг. Миний бодлоор хүн төрөлхтөн машинтай өрсөлдөх гэж биш, өөрсдийн ажлаа хөнгөвчлөх гэж компьютер, технологийг хөгжүүлсэн. Технологийг хүн бий болгосон. Машинуудын үйл ажиллагаа хүнээс хамааралтай хэвээр байна. Ойрын ирээдүйд хүмүүс ухаалаг алгоритм бүхий хиймэл оюун ухааныг зөв зүг рүү чиглүүлэн залдаг нэг ёсны хоньчид болох юм. Машинууд тасралтгүй улам бүр сайжирсаар л байх болно. Эцэст нь тэд давамгайлах болно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн