Монгол Улс 2017 онд Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа долоон төрлийн татвар нэмэх тохиролцоонд хүрсэн байдаг. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/-ийг үе шаттай нэмж, 2020 он гэхэд 26 хувьд хүргэхээр заасан. Харин эдийн засгийн болон улс төрийн нөхцөл байдлаас хамаарч НДШ-ийг нэмэгдүүлсэн заалт бүрэн хэрэгжиж эхлээгүй. Тэгвэл энэ оноос хуулиар НДШ 26 хувь /ажил олгогч 13.5%, ажилтан 12.5 %/ болж байгаа аж. Гэхдээ төрөөс цар тахалтай үед иргэд, аж ахуйн нэгжид дэжлэг үзүүлж НДШ-ийн хувь хэмжээг хөнгөлж, чөлөөлөх арга хэмжээг авч байгаа юм. 2020 онд Засгийн газраас батласан хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх журмын дагуу ажил олгогчийн НДШ төлөлтөөс 3, ажилтны төлөлтөөс хувиар хасч тооцохоор болсон. Бид энэ асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.
-Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 онд өөрчлөлт оруулснаар 2020 он хүртэл жил бүр үе шаттайгаар шимтгэлийг нэмэхээр болсон. Тус зохицуулалтын хүрээнд өмнөх онд нэмэгдэх даатгалын шимтгэл одоо нэмэгдэж байна уу?
-2017 оны дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг жил бүр 1-2 хувиар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Тухайн онд тэтгэврийн шимтгэл долоон хувь байсан бол 2018 онд ажил олгогч болон даатгуулагч найм найман хувь, 2019 онд 8,5 хувь болоод 2020 оноос 9,5 хувь болно гэж тус хуулиар заасан. Ингээд 2020 оны нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хэлэлцэх үед Монгол Улсын ерөнхийлөгч хориг тавьсан. Тус хоригийг тавьснаар 2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийг 9,5 хувь болгон нэмэхгүйгээр хоригийг хүлээж аван 2021 он хүртэл хойшлуулсан юм. Иймд энэ хуулийн дагуу 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлээд тэтгэврийн даатгалын хувь хэмжээ 9,5 хувь буюу хоёр хувиар нэмэгдэж байна.
-Засгийн газраас шийдвэр гаргаж цар тахлын хүнд үед НДШ-ээс чөлөөлөх хуулийг УИХ-аар батлуулсан. Энд хичнээн иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан бэ?
-Хамгийн гол нь шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн ч олон улсад коронавирусийн цар тахлын аюул байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас аж ахуй нэгж байгууллагуудад санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлж байгаа. Ерөнхий шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдсэн боловч шимтгэлээс чөлөөлөх хөнгөлөлт үзүүлэх үйл ажиллаагаа үргэлжлээд явж байна. Хэдий Нийгмийн даатгалын хуульд буй нийгмийн даатгалын хувь хэмжээ хэвээр байгаа боловч нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг УИХ-аас баталсан юм. Энэ хуулийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тухайн оны аравдугаар сарын 1-н хүртэл төрийн болон орон нутгийн аж ахуйн өмчит байгууллага, төсөвт газраас бусад бүх аж ахуй нэгжийн нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээнээс үл хамаарч бүрэн чөлөөлсөн. Тус чөлөөлөлтөд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан 38.4 мянган ажил олгогч, 410.6 мянган даатгуулагч мөн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч 156.5 мянган хүн хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан. Энэ өөрөө маш том хөнгөлөлт болсон.
Ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31 хүртэл төлөх байсан шимтгэлийн хэмжээг ажил олгогч, ажилтан нар 5 хувь төлөх болсон. Мөн тодорхой хэмжээнд шимтгэлийн хөнгөлөлт үзүүлсэн. Тус хөнгөлөлтөд дээрх аж ахуй нэгж, ажилтнууд хамрагдсан бөгөөд үндсэндээ 149,1 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлсөн байна. Үүний 45 орчим хувийг аваад үзэхээр даатгуулагчийн гарт 67 тэрбум төгрөг очсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийгмийн даатгал төлөөгүй тухайн хүний орлого энэ хэмжээгээр нэмэгдээд явсан. Энэ нь төр засгаас үзүүлж буй шимтгэлийн хөнгөлөлт юм.
-Сүүлд буюу 2020 оны арваннэгдүгээр сард мөн өөрчлөлтийг оруулсан шүү дээ. Тэгэхээр тус өөрчлөлтүүд орсноор тодорхой хэмжээгээр иргэд болон аж ахуй нэгж байгууллагуудын санхүүд дэмжлэг болно хэмээн үзэж байна уу?
-Тус хуульд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд дахин өөрчлөлт орсон. Яагаад гэвэл ковидын нөхцөл байдал хүндрэх хандлагатай байсан тул аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих бодлогыг төрөөс ингэж шийдвэрлэсэн. Өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг таван хувиар хөнгөлж төлж байсан бол энэ оны долоон сарын нэгэн хүртэл ажил олгогч 8,5, ажилтан 8,5 хувиар төлөх болсон. Тэгэхээр энэ хүртэлх хугацаанд ажил олгогч зөвхөн 8,5 хувь, ажилтан 8,5 хувиа төлнө гэсэн үг. Цаана буй 26 хувь гэх зөрүүг өөрөөр хэлбэл тэтгэврийн даатгалыг нэг хувь, тэтгэмжийн даатгал, үйлдвэрийн осол мэргэжлээс шалгаалсан хувь, ажилгүйдлийн даатгалийн хувь бүрэн чөлөөлөгдөөд яваа юм. Энэ арга хэмжээнд бид долдугааар сарын 1-н хүртэл нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийг баталснаар 198,9 тэрбум төгрөг чөлөөлөгдөнө гэж тооцож байна. Тэгэхээр 90 орчим тэрбум төгрөг ажил олгогчдын гар дээр үлдэх юм. Нэгд, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөлттэй хувиар төлж байна, хоёрт, дээрх чөлөөлсөн гэх гурван төрлийн даатгалын төлөх ёстой мөнгийг аж ахуй нэгж байгууллага төлөхгүй санхүүгийн хувьд дэмжлэг болно, ажилтны хувьд өөрийн гар дээр орлого болж ирнэ гэсэн байдлаар төр засгаас дэмжлэг үзүүлж байгаа шүү.
Нийгмийн даатгалын сан бүрдэхээр нийгмийн эрсдэлд өртсөн хүмүүстээ тэтгэвэр, тэтгэмжээ олгоод явдаг. Тэтгэвэр нь нийгмийн даатгалын үндсэн төрөл. Өнөөдөр нийгмийн даатгалын сангаас оны эцсийн байдлаар 444,8 мянган хүн мөн үйлдвэрлэлийн ослын даатгалын сангаас 7,5 мянган хүн гээд нийтдээ 450 гаруй мянган хүн тэтгэвэр авч байна. Тухайн хүмүүсийн тэтгэврийг шимтгэл төлөгчдийн орлогоор эргүүлэн зарцуулдаг юм. Шинээр тэтгэвэр тогтоолгож буй хүний тоо жил бүр өсөж байна. Мөн малчдын тэтгэврийн насыг наашлуулчихлаа. Ерөнхийдөө тэтгэврийн даатгалын сангийн тогтвортой байдал, орлого зарлагын зохистой харьцааг баримтлах зорилгоор шимтгэлийн хувь хэмжээг нэмж тухайн үед УИХ-аар шийдсэн хэмээн харж байна.