Open iToim app
Таны сонорт | 4 мин уншина

Б.Золзаяа: 'Live'-аар өгүүллэг уншихынхаа өмнө нь судалгаа хийж, адал явдалтай ном сонгохыг хичээдэг

Б.Золзаяа: 'Live'-аар өгүүллэг уншихынхаа өмнө нь судалгаа хийж, адал явдалтай ном сонгохыг хичээдэг
Нийтэлсэн 2020 оны 3 сарын 14
 “Дотно хоолой” лайв өгүүллийн хөтлөгч Б.Золзаяатай ярилцлаа.
-Сайн байна уу. Уран унших нь хувь хүнд байх томоохон чадваруудын нэг. Уг чадвараа хаанаас олж авав?
-Би сурагч байхдаа голдуу гэгээлэг өгүүллэгүүд унших дуртай байсан. Тиймдээ ч орон нутгийнхаа ЭсБиЭс телевиз, ФМ 107.5 радиод хөтлөгчөөр ажиллаж, “Уран зохиолын цаг” буланг хөтөлдөг байсан юм. Тухайн үеийн орон нутгийн радио одоогийнх шиг хоолойгоо бичээд, засаад, эффект оруулаад бичлэгээ явуулна гэсэн ойлголт бараг байгаагүй. Тиймээс тогтмол цагт өдөр бүр шууд эфирээр өгүүллэг уншдаг байв. Зөвхөн “Уран зохиолын цаг” буланд ямар нэгэн өгүүлэл уншихаас гадна, цаг тутамд зар уншдаг байлаа. Гэхдээ би нарийн мэргэшсэн чадвартай хүн биш л дээ. Уран уншлага тал дээр номын дуу сонсоогүй гэх үү дээ. Тийм болохоор өөрийгөө энэ чадварыг бүрэн эзэмшсэн, уран уншигч гэж хэлэхгүй. Одоогийн багахан чадварын маань суурь нь сурагч ахуйдаа ФМ радиод ажилласан үеэс эхлэлтэй гэж боддог. Өдөр бүр, хамгийн багадаа л таван цагийн турш эфирээр шууд ярьдаг, ном, зохиол уншдаг байсан нь хоолойны өнгө тогтох, үг яриа цэгцрэхэд томоохон суурь болсон байх. Цаашлаад сэтгүүлч мэргэжлээр суралцах оюутан цаг, мэдээний сурвалжлагч хийсэн хугацаа гээд бүх үед суралцсаар ирсэн. Одоо ч өдөр бүр суралцаж, чадвараа ахиулахын төлөө хичээж л байна.
-Ер нь яагаад лайваар өгүүлэл унших болов.  Хамгийн анх ямар ном уншсан бэ?
-Нэг их удаагүй ээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас “Дотно Хоолой” фэйсбүүк хуудсаар дамжуулж лайваар  өгүүлэл уншиж эхэлсэн. Долоо хоногийн мягмар, бямба гарагийн 20:00 цагтт лайв хийж өгүүллээ уншдаг. Уг нь хэдэн жилийн өмнөөс лайваар зохиол уншиж үзмээр санагддаг байсан ч зориг хүрэхгүй явсаар саяхныг хүрсэн. Тэгээд л нэг орой зориг гаргаад, гүнзгий амьсгал авч байгаад л лайв хийж үзсэн юм. Интернэтээс өгүүллэг хайж байгаад л  уншсан. Хамгийн анх зохиолч Т.Даваасамбуугийн “Үзүүргүй харандааны нулимс” өгүүллэгийг уншсан юм. Харин анхны уншсан ном гэвэл зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хулан” номыг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр уншиж байсан. Одоо уншиж буй зохиолоо зохиолчоос нь зөвшөөрөл авч, шаардлагатай үед гэрээ байгуулж хамтарч ажилладаг.
-Хүмүүс танаас хаанаас яаж зохиолоо олдог вэ гэж их асуудаг юм билээ. Өөрийнхөө дуртай сэтгэлд хоногшсон, олон удаа уншиж байсан номоо уншдаг уу. Ер нь олон зуун зохиол бүтээлээс сонголтоо хэрхэн хийдэг вэ?
 -Ер нь лайвдаа зориулж судалгаа хийдэг. Зохиолчдын фэйсбүүк хуудсаар зочилно. Номын дэлгүүрүүдээр явж шинэ, содон зохиолуудыг уншиж үзээд зохиолчтой нь холбогдож санал тавина. Миний анзаарснаар ном унших, сонсох хоёрын хооронд том ялгаа бий гэж хардаг. Уншихад тухайн номын найруулгын хэв маяг, бичлэгийн өнгө аясаас эхлээд нарийн деталиудыг олж илүү нухацтай хүлээж авна. Харин номыг хүнээр уншуулж, сонсоход энэ бүгдийг анзаарахгүй. Зөвхөн уншиж буй хүний хоолой, уншилтаар үйл явдалд  хөтлөгдөж л сонсдог болов уу гэж би боддог. Тиймээс хэт хүнд бичигдсэн, далд санаа ихтэй ч юм уу, “Юу гээд хэлчихэв” гээд хуудсаа эргүүлж хэд уншигдахаар ном сонгодоггүй. Гэхдээ тийм төрлийн номнуудыг муу гэж байгаа юм биш. Хүнд уншиж өгөхөд энгийн ойлгомжтой, хөнгөхөн бичигдсэн, адал явдалтай гэх мэтчилэн олон талыг бодолцож номоо сонгодог. Сүүлийн үед лайвын маань хандалт нэмэгдэж, шинэ гарсан номоо уншуулах хүсэлт  зохиолчдоос ирдэг болсон. Мэдээж тэр тохиолдолд дуртайяа хамтарч ажилладаг л даа. Тууштай уншсаны үр дүн бага багаар үр дүн гарч, тогтмол сонсогчтой болж байгаад баяртай байгаа шүү.
-Ер нь ингэж лайваар хүмүүст ном уншиж өгөх нь ямар ач холбогдолтой бэ?
-Бидэнд цаг, минут, секунд бүр үнэтэй шүү дээ. Хүмүүс замын түгжрэлд, автобусанд, алхаж явахдаа, хоолоо хийх зуураа ч ямарваа нэг зүйл сонсч, мэдээлэл авч, өөрийгөө хөгжүүлэхийг эрэлхийлэх болсон. Энэ орон зайнд подкастууд цойлон гарч ирж байна. Тэгэхээр “Дотно хоолой” лайв маань ч бас подкастын нэг төрөл санагддаг. Ялангуяа залуус подкастыг их сонсдог болсон юм билээ. Үүнээс болоод залуус маань ном уншихгүй байна гэж адлагддаг. Тэгэхээр энэ хоёрыг хослуулаад лайваар, подкастаар ном сонсох нь давхар ач холбогдолтой санагдсан. Мөн лайвын сонсогчдын талаас илүү хувь нь гадаадад оршин суудаг монголчууд юм шиг ээ. Тэд эх хэлээрээ ном зохиол унших, сонсох хүсэл ихтэй байдаг нь харагдсан. Сэтгэгдлээр, хувь зурвасаар энэ тухайгаа хэлж, үргэлж л талархлаа илэрхийлж байдаг нь сайхан санагддаг. Харин ингэж лайв хийж ном унших нь надад ямар ач холбогдолтой вэ гэвэл зүгээр л миний хобби юм уу даа. Бас өөртөө байгаа багахан авьяасыг үргэлж тордож, хөгжүүлэхэд лайв маань тусалдаг юм.
-Та цаашдынхаа хүсэл мөрөөдлийг хуваалцаач?
-Хамгийн ойрын хүсэл гэвэл уран уншлагын төрлөөр номын дуу сонсох. Би чинь энэ талын мэргэжлийн хүн биш шүү дээ. Энгийн хүмүүс сонсоход аятайхан уншаад байгаа мэт боловч мэргэжлийнхэн сонсоход алдаа дутагдал их бий. Тиймээс ойрын хугацаанд энэ чиглэлээр өөрийгөө мэргэшүүлж, хөгжүүлж, номын дуу сонсоно. Мөн лайвынхаа өнгө төрхийг сайжруулах хүсэлтэй байгаа. Юун түрүүнд “Дотно хоолой” лайв өгүүллийн цагийн цар хүрээг улам өргөжүүлж, нэг жилийн ойн арга хэмжээгээ зохион байгуулахыг хүсч байна. Одоо энэ тухай бодоход мөрөөдөл төдий боловч уншлагаа тууштай, чанартай хийж байхад болно доо. Санаж явахад бүтнэ, сажилж явахад хүрнэ гэж сайхан үг бий шүү дээ. Гол нь яг цагтаа, тууштай хийж байвал хэзээ нэг өдөр мөрөөдөлдөө хүрнэ ээ.
-Ярилцсанд баярлалаа. Танд  амжилт хүсье.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн