Чили улс энэ оны хоёр, гуравдугаар сард Хятадын Синовак үйлдвэрийн вакцинаар хүн амаа өргөн хүрээнд дархлаажуулж эхэлсэн билээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн баасан гаригт вакцинжуулалтын үр нөлөөний талаар судалгааны тайланг танилцуулсан байна.
Чилийн Эрүүл мэндийн яамны мэдээлснээр Хятадын Синовак үйлдвэрийн CoronaVac вакцин нь "КОВИД-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх чадвар нь 67 хувь, халдвар аваад нас барах эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвар нь 80 хувийн үр дүнтэй байна гэж мэдэгджээ.
Энэхүү судалгаа нь тус улсын CoronaVac вакцины үр нөлөөний талаар хийсэн анхны тайлан юм. Судалгааг CoronaVac вакцины хоёр тунгаа тариулснаас хойш 14 хоног болсон 10.5 сая орчим хүнд хийсэн бөгөөд нэг тунгаар тариулсан болон огт вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулж, үр дүнг нь гаргасан байна. Хоёр тунгаар вакцин тариулсан хүмүүс ковидын халдвараар хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чадвар 85-89 хувийн үр дүнтэй байгааг харуулжээ.
Чилийн Эрүүл мэндийн сайд Энрике Парис "Вакцинжуулалт үр дүнтэй байгааг дээрх судалгаа харуулж байна. Бид маш их сэтгэл хангалуун байна. Одоо иргэд вакциндаа итгэх хэрэгтэй. Манай улс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сулруулахгүйгээр Хятадад үйлдвэрлэсэн вакцинаар хүн амаа үргэлжлүүлэн дархлаажуулах болно" гэжээ.
Чили улс Хятадын Синовак компанитай гэрээ байгуулж, гурван жилийн хугацаанд 60 сая тун вакцин худалдаж авахаар болсон байна. Чилийн Худалдааны дэд сайд Родриго Янез "Судалгааны эхний үр дүнгээс харахад Чили улс зөв бооцоо тавьжээ" гэдгийг онцолсон байна.
Синовакийн вакцин нь COVID-19-ийн халдвар болон өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байгаа учраас Чили улс одоо хэрэгжүүлж буй вакцинжуулалтын хөтөлбөрөө хэвийн үргэлжлүүлэх нь зүйтэй гэж тайланд дурджээ.