Open iToim app
Үйл явдал | 4 мин уншина

'Яараад яахав дээ 2' аяны хүрээнд Сэлэнгийн замд хурд хэмжигч, хяналтын камер байрлуулна

'Яараад яахав дээ 2' аяны хүрээнд Сэлэнгийн замд хурд хэмжигч, хяналтын камер байрлуулна
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 3
Урин цаг ирж дотоодын аялал зугаалга ихсэж байгаа энэ үед Цагдаагийн ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээг “Яараад яахав дээ 2” уриатайгаар гурван сарын хугацаанд хэрэгжихээр болсон билээ.
“Яараад яахав дээ 2” аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр Төв аймгийн Баянцогт сумын нутагт боллоо. Тус аяныг дэмжихээр Монголын Автомашины клубууд болон урлаг соёлын алдартнууд хүрэлцэн ирж холын замд гарч байгаа жолооч нарт зориулан нөлөөллийн ажлыг зохион байгуулсан юм.
Өнгөрсөн жил хэрэгжсэн “Яараад яахав дээ 1” аяны үр дүнд орон нутгийн замд гарах осол аваар өмнөх оны мөн үеэс 63.9, нас барсан хүн 21.7, гэмтсэн хүн 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтжээ. Иймд замын хөдөлгөөний осол аваарыг бууруулах зорилгоор энэ жил “Яараад яахав дээ” арга хэмжээг дахин зохион байгуулахаар болж байна.
 ‘Яараад яахав дээ 2’ аян ганцхан жолоочид бус зорчигч бүрийн хариуцлагыг нэмэгдүүлнэ
Энэ удаагийн арга хэмжээнд ганцхан жолоочид нөлөөлөхгүй зорчигч бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаагаараа онцлог юм.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэл хэлэхдээ “Зуны улиралд амралт, зугаалга эхэлдэгтэй холбоотойгоор орон нутгийн замд үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр аян, арга хэмжээ зохион байгуулдаг. Долоо болон наймдугаар саруудад  аялал зугаалга ихсэж, иргэд хөдөө орон нутаг руу маш ихээр явдаг учир энэ жил “Яараад яахав дээ” аяныг дахин зохион байгуулахаар болсон. Өнгөрсөн жил энэ аяны хүрээнд зам тээврийн гэмт хэрэг зөрчил 50.8 хүртэлх хувиар буурсан тул энэ жил энэ хувийг илүү болгохыг зорьж ажиллана.
Энэ арга хэмжээний хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Дархан-Уул аймгаас Сэлэнгэ аймгийн чиглэлд дундаж хурд хэмжигчтэй иж бүрэн хяналтын камер байрлуулахаар ажиллаж байна. Энэ нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт зөв хандлагыг төлөвшүүлэх, замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох, хурд хэтрүүлэхгүй байхад бодит үр дүн ахиц гарна гэж үзэж байгаа. Бид иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр мэдээ мэдээллийг хүргэж ажиллана” гэж байлаа.
Энэ удаагийн аян, арга хэмжээг “Оюутолгой” ХХК, “Мобиком Корпораци” ХХК хоёр дахь жилдээ дахин санхүүжүүлж, хамтран зохион байгуулж байгаа аж. Үүнээс гадна Автотээврийн үндэсний төв, Монгол даатгал, Таван богд, АПУ, Петровис зэрэг томоохон ААН, байгууллагууд дэмжигч байгууллагаар оролцож байгаа аж.
undefined
Аян үр дүнгээ өгч байгаа учраас Оюутолгойчууд бид урамшиж байна
Оюутолгой ХХК-ын хэвлэл мэдээлэл байгууллагын харилцааны тэргүүн зөвлөх Э.Лхагва “Манай компани Цагдаагийн байгууллага, Мобиком корпорацитай хамтран “яараад яахав дээ”, “дураараа биш дүрмээрээ” гэх мэт нийгмийн нөлөөллийн аянуудыг өнгөрсөн жил амжилттай зохион байгуулсан учир урамшаад энэ жил дахин хамтран ажиллаж байна.
Дэлхийд 5-29 насны хүмүүсийн хамгийн их амь насаа алддаг шалгаан бол зам тээврийн осол байдаг. Монгол Улсын хувьд энэ төрлийн гэмт хэрэг, осол аваар эхний наймд бичигддэг.Манай улсад жилд дунджаар 540 хүн зам тээврийн ослоор амь насаа алддаг гэсэн статистик үзүүлэлт бий. Ялангуяа зуны цагт энэ тоо нэмэгдэх хандлагатай байдаг учир энэхүү аянг зөв цагтаа эхэлж байна гэж харж байгаа. Зуны цагт бүгд гэр бүл, найз нөхөд, хайртай дотны хүмүүстэйгээ зугаалгаар явна. Тэгэхээр хүний гэр бүл найз нөхөд гэдэг бол хамгийн үнэтэй зүйл.  А цэгээс Б цэгрүү явахдаа Монгол хүн амиа алдаж болохгүй, тиймээс бид зам тээрийн ослоос урьдчилан сэргийлэх ёстой. Тийм учраас бид энэ аянг дэмжин ажиллаж байна” гэлээ.
Холын замд гарч байгаа иргэддээ зориулан олны танил алдартнууд ийнхүү уриаллаа.
undefined
Жүжигчин Д.Ганцэцэг: Нийгмийн хариуцлагын хүрээнд би энэхүү аянг хоёр дахь жилдээ дэмжин оролцож байна. Энэхүү аяны хүрээнд осол аваар 50 хувиар буурсан байсан. Гэвч нэг харамсалтай мэдээ нь аян өрнөж байх хугацаанд л осол буурсан байсан. Харин аян өрнүүлээгүй үед буцаад осол нэмэгдсэн гэхээр манай монголчууд хэтэрхий хэнэггүй байна гэж бодож байна. Бид хүүхэд биш шүү дээ. Өнөөдөр замын хөдөлгөөнд зов зохистой оролцох хэрэгтэй гэдгээ заавал заалгуулах биш өөрсдийн ухамсраар замын хөдөлгөөний дүрмээ чандлан биелүүлж оролцох хэрэгтэй. Хөдөө орон нутаг руу яваагүй ч гэсэн гэртээ сууж байгаа хүн бүр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан энэхүү нөлөөллийн аянд оролцож нийгэмд анхааруулга өгөх боломжтой. Тиймээс иргэн бүр энэхүү аянд нэгдэж бусдад эерэг зүйлсийг түгээхийг уриалж байна.
undefined
“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр: Хурд хамтлаг нийгмийн хариуцлагын хүрээнд “Яараад яахад дээ” аянд хоёр дахь жилдээ дэмжин оролцож байна. Хайртай бүхнийгээ хажуудаа суулгачихаад юунд яарна вэ. Таны зорьсон газар цаашаа явчихгүй байрандаа байж л байна. Тийм учраас аян замд гарахдаа яараад хэрэггүй. Бид энэ жилийн аянд зориулж дуу гаргасан. Энэхүү дууг “Voice of mongolia”-2020 оны оролцогчид дуулсан байгаа. Бид бие биенийгээ хайрлаж, нэг нэгэндээ шаардлага тавьж замын хөдөлгөөндөө оролцож байх хэрэгтэй.
undefined
“Яараад яахав дээ” нөлөөллийн аяны энэ удаагийн брэнд лого нь өмнөх хувилбар, өмнөх ой дурсамжийг санагдуулах бөгөөд илүү өнгөлөг, илүү уян хатан хөдөлгөөнтэй бас амьд байлгахаар зорьжээ. Уг брэнд лого дээр хоёр үзэл санааг шингээж өгсөн байна.
CARE -Хайр халамж энэрэл. Эрүүл мэнд эдийн засгийн асуудалтай жил болж байгаа учир нөлөөллийн ажлаа илүү элгэмсүү эерэг хайр түгээсэн, хайраар тэвэрсэн өнгө аяс шингээхийг зорьж байгаа.
SAFETY-Аюулгүй байдлыг дахин сануулж, анхаарлын тэмдэг бүхий дүрсийг илүү томруулж өгчээ.
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Dislike reaction
...
Agree reaction
...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн