Долоо хоногийн өмнө саарал жагсаалтын сургаар өсч эхэлсэн ам.долларын ханш өчигдрөөс бага зэрэг суларч, тогтворжих хандлагатай байна. Найман шарга валютын зах дээр өнгөрсөн баасан гариг болон амралтын өдрүүдэд ам.долларын төгрөгтэй харьцах ханш 30 гаруй төгрөгөөр чангарч, 2710 төгрөгт хүрсэн. Харин Монголбанк болон арилжааны банкуудын ханш 2695 төгрөг хүрэв.
Өнөөдөр өглөөний байдлаар “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларын худалдан авах ханш 2685-2695 төгрөг, зарах нь 2709-2715 төгрөг гэж шар самбартаа цохон тэмдэглэжээ. Зарим газар зарах ханш 2720 төгрөгт хүрсэн байв.
Валют арилжааны зарим худалдаачтай уулзахад “Долларын ханш нэмэгдэж байгаа нь эрэлт ихэссэнтэй холбоотой. Хүмүүс “Саарал жагсаалт” гэдэг зүйлээс болоод доллар их авч байна. Бид байгаа доллараа өдөртөө дуусч, эрэлт үүсээд ирэхээр ханш өсч байна шүү дээ” гэв. Зарим валют арилжаалах цэгүүд цаг тутам шар самбар дээрх ханшны тоогоо өөрчилж байгааг ч хэлж байсан юм.
Найман шарга дээр долларын ханш цаг тутам хэлбэлзэж, доллар нь дуусах дөхөөд ирэхээр ханшаа улам өсгөж хөөсрүүлэх хандлагатай байгаа бол арилжааны банкууд дээр валютын ханш харьцангуй тогтвортой байна. Тухайлбал, Төрийн банк 2680 төгрөгөөр авч, 2691 төгрөгөөр зарж байна. Мөн Голомт банк 2679 төгрөгөөр авах бол 2689 төгрөгөөр зарах байлаа.
Албаныхны өгч буй мэдээллээр ханш өсөх нөхцөл үүсээгүй буюу ам.доллар, юанийн эрэлт ихсэх бодит шалтгаан байхгүй гэж мэдэгдсэн юм. Дээр нь манай улсын гадаад валютын албан нөөц хангалттай төвшинд буюу 3.8 тэрбум ам.доллар байгаа аж. Энэ нь манай улсын 9 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний эх үүсвэр юм байна.
Харин валютын зах дээр үүсэн ханшийн өсөлт нь тур зуурын, иргэдийн хүлээлт, буруу ташаа мэдээллийн дараах хөөрөгдөлт гэж зарим эдийн засагч тайлбарлалаа.