Сүүлийн үед хэрх өвчнөөр өвчлөх хүний тоо ихэссээр байгаа билээ. Уг өвчин нь бүрэн эдгэрэх боломжгүй байдаг учир аюултай өвчний жагсаалтад багтдаг байна. Иймд уг өвчнийг үүсгэж буй шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх талаар Улсын I төв эмнэлгийн хэрх үений эмч А.Хөлгөнтэй ярилцлаа.
-Хэрх гэж ямар өвчнийг хэлээд байна вэ. Уг өвчнийг үүсгэдэг гол шалтгаан, нөхцөл нь юу вэ?
-Хэрх өвчин гэдэг нь ганцхан өвчний нэршил биш. Хэрхийн өвчин гэдэг зүрхний өвчин гэдэгтэй адилхан бүлэг өвчнүүдийн нэгтгэсэн ерөнхий нэршил юм. Жишээ нь, зүрхний өвчнүүдийг дотор нь цусны даралт ихсэх өвчин, зүрхний цус хомстох өвчин, зүрхний шигдээс зэргээр ангилдаг шиг хэрхийн өвчнүүд нь дотроо 100 гаруй салаа төрлийн өвчин байдаг.
Монголчууд энэ төрлийн эмгэг судалдаг эмч нарыг үндсэндээ үений эмч нар, үе мөч үздэг гэж боддог. Үнэндээ энэ эмч нарын үндсэн чиглэл нь дан ганц үенд байдаг булчин шөрмөс ясанд үүсдэг биеэ даасан эмгэг үзэж оношлохоос гадна үеэр хавдаж илэрдэг бүх эрхтэн тогтолцоог хамарч гэмтээдэг дархлаа тогтолцооны эмгэгүүдийг оношилж, эмчлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүний дархлаа нь өөрийн эд эрхтэн тогтолцоог нян бактери вирус шиг гадны биет гэж андуурч будилж болно. Ингэснээр дархлаа нь гадны зүйл гэж андуурсан тэр эрхтэн тогтолцоо руу дайрч гэмтээж, хэвийн үйл ажиллагаа хийх нөхцөл байдлыг нь алдагдуулж сэргэхээргүй нөхцөлд ч оруулж болно гэсэн үг. Бидний биеийн бараг бүхий хэсэгт дархлааны эд эсүүд байж байдаг. Тэр нь буруу ажиллаад эхлэхээрээ аль ч эрхтэн тогтолцоог хаана ч гэмтээж болно л гэж ойлгож болно. Яг л энд тэнд нэг зүйл хэрж яваад өвчлүүлээд байгаа юм шиг. Тэгээд энд тэнд хэрээд яваад байдаг янз бүрийн өвчнүүдийг нийтэд нь хэрх өвчин гэж нэрлэсэн.
-Хоолойны өвчнийг дутуу эмчилснээр энэ өвчин үүсдэг гэж үнэн үү?
-Энэ өвчин бол хэрх өвчний нэг л төрөл болох үндсэн нэршил нь хэрхийн чичрүүдэс гэдэг эмгэг юм. Амьсгалын дээд замаар биед орж хоолойны үрэвсэлт өвчин үүсгэдэг нэг төрлийн стрептококк гэж бактери байдаг. Энгийнээр тайлбарлавал, энэ бактерид агуулагддаг хор нь зарим хүүхдийн зүрхний хавхалганы эдтэй төстэй бүтэцтэй. Дархлаа тогтолцоо нь бүрэн хөгжиж амжаагүй, өөрийн биетэйгээ бүрэн танилцаагүй байгаа 5-15 насны хүүхдүүдийн дархлааны эсүүд буруу ажиллаад хоолойны уг нянг устгах явцдаа зүрхнийхээ хавхалгыг хамтад нь андуураад гэмтээчихдэг. Тухайн процесс их яваад эхлэхээрээ зүрхний олдмол гажиг үүсгэнэ. Зүрхний холбогч эд гэмтээгээд байгаа дархлааны уг эсүүд цусанд их болоод эхлэхээрээ том үенүүдэд, арьс зөөлөн эдүүдэд, тархи мэдрэлийн эдүүдэд тунаж үлдээд түр зуурын хүчтэй үрэвсэл бий болгож болно. Гэхдээ энэ процесс зүрхнээс бусад эрхтэнд өөрчлөлтөд оруулахгүй өнгөрдөг. Иргэд энэ хүүхдэд тохиолддог өвчнийг хоолойны ангина зүрх, үенд ордог хэрх өвчин гэж бодоод байдаг. Тэгэхээр энэ өвчин зөвхөн хүүхдэд тохиолддог болохоос насанд хүрсэн хүн ялангуяа ахимаг насны хүн өвчилдөггүй.
Ахимаг насны хүмүүст ихэвчлэн тохиолддог өвдөг, нуруу, мөчдөөр өвддөг эмгэг нь үе, холбогч эдийн элэгдэл хатуурлын гаралтай олон төрлийн эмгэгүүд байна. Энэ яс булчингийн өвчний тархалт нь нийт хүн амын насжилттай холбоотой нэмэгддэг. 65-аас дээш насны хүмүүст үений бүтэц томорч мойногрох, яс ургах, үений шингэн багасах, хөдөлгөөн хийж сууж босох, шатаар алхах, хүнд зүйл өргөх үед эмзэглэл үүсэж цаашид үений элэгдэл гүнзгийрэх хэрээр хэвтэх унтах үед ч үенүүд өвддөг болдог. Хоолой өвдөж үзээгүй хүн гэж байхгүй. Эдгээр зовуурь илрээд эхлэхээр хүмүүс урьд нь хоолой их өвддөг байсан хоолойны ангина үенд орлоо гэж андуурдаг.
Түүнчлэн үений үрэвслээр илэрдэг дархлааны гаралтай эрхтэн тогтолцооны хэрх эмгэгүүдийг бусад үений бие даасан эмгэгүүдээс ялган оношлохгүй бол биеийн олон эрхтний гэмтэл дутагдалд хүргэж цаашлаад амь насанд ч хүрэх тохиолдлууд байдаг. Ихэнх эрхтэн тогтолцооны хэрх өвчин оношлогдсон хүмүүсийн 75 хувь нь нөхөн үржихүйн насны эмэгтэй хүмүүс байдаг. Тиймээс үений өвдөлт хавдалтын цаг алдалгүй нарын мэргэжлийн эмчид үзүүлж ялган оношлуулах нь их чухал.
-Манай улсад уг өвчний ямар төрлүүд нь зонхилон тохиолдож байна вэ?
-Монгол Улсад зонхилон тохиолдох эрхтэн тогтолцооны хэрх өвчнүүдэд ревматойд артрит, тулай, тогтолцооны улаан яршил, нуруу барьцалдах өвчин, хуурайшлын хам шинж гэх мэт олон өвчин байна.
-Хүнээс хүнд дамжих боломжтой юу?
-Дээр дурдсанчлан энэ өвчнүүд хүний өөрийн яс үе булчингийн тогтолцоо болон дархлаа тогтолцооны онцлогоос болж үүсдэг эмгэг тул хүнээс хүнд халдахгүй. Харин удамшил болон зарим төрлийн вирусийн халдвар зарим өвчнүүд дээр онцлог байж болно.
-Энэ өвчинд хүйс, нас хамаарах уу?
-Ямар өвчин бэ гэдгээс хамаарч өөр өөр хүйсэд давамгай байдаг. Хэрхийн чичрүүдэс хүүхэд насанд өвддөг бол ахимаг насны хүмүүст элэгдлийн үений өвчин зонхилдог. Олон эрхтэн тогтолцооны хэрхийн эмгэгүүдийн хувьд залуу насны, нөхөн үржихүйн насны эмэгтэй хүмүүст давамгайлдаг боловч эрэгтэй хүйсэд огт илрэхгүй гэсэн зүйл байхгүй. Ревматойд артрит хүйсийн хувьд эмэгтэйчүүдэд эрчүүдээс гурав дахин их тохиолддог. Тулай өвчин эрэгтэй хүйсэд давамгайлдаг боловч цэвэршилтийн дараа эмэгтэйчүүдэд бас хааяа тохиолддог.
-Хэрх өвчнөөр өвчлөх хүмүүсийн тоо хэр нэмэгдэж байна?
-Тухайн эмгэгүүдийн тархалттай харьцуулсан судалгаанууд Монгол Улсын хэмжээнд ховор хийгдсэн байдаг. УНТЭ-ийн хувьд сүүлийн жилүүдэд дархлаа судлалын лаборатори болон багажийн шинжилгээ сайжирч өмнө нь хийгддэггүй байсан шинжилгээнүүдийг хийж эхэлсэнтэй холбоотой хэрхийн төрлийн эмгэгүүдийг оношлох чадвар нэмэгдсэн. Иймээс сүүлийн жилүүдэд эрхтэн тогтолцооны хэрхийн эмгэгтэй хүмүүс манай эмнэлэгт оношлогдох нь нэмэгдэж байгаа.
-Эмчлэхэд хүнд өвчин гэдэг юм билээ. Бүрэн эмчлэгдэх боломжтой юу?
-Олон эрхтэн тогтолцоог гэмтээдэг хэрхийн эмгэгүүдийг бүрэн эмчлэх боломжгүй хэдий ч мэргэжлийн эмчийн хяналтад байж цаг тухайд нь зааж өгсөн эмчилгээг хийлгэвэл өвчнийг намжмал байдалд барих боломжтой. Шинээр оношлогдож, эмчилгээ бичүүлж байгаа хүмүүсийн хувьд хэсэг хугацаанд эмээ уугаад зовууриуд багасахад эмээ таслах, уухгүй байх асуудал гардаг боловч ихэнх үйлчлүүлэгчид маань эмчилгээг зааж өгсний дагуу хийлгэдэг.
-Манай улсад эмчилгээ хэр хийгддэг вэ?
-УНТЭ-н Хэрх үе судлалын тасагт америк болон европын хэрх өвчин судлалын холбооноос гаргаж буй олон улсад мөрдөгдөж байгаа эмчилгээний удирдамжуудыг барьж ажилдаг. Хэдийгээр хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлуудтай ижил зарим өвчний үед хэрэглэх эмийн сонголт болон хүртээмж муу байх асуудлууд байдаг.
-Хүмүүс ямар үедээ эмнэлэгт хандаж оношлогддог вэ?
-Дэлхийд 35 мянган хүн тутам 1 ревматолог буюу хэрх үений эмч оногддог бол Монгол Улсын хэмжээнд төрөлжсөн мэргэшлийн мэргэжлээрээ ажиллаж буй ревматолог эмч маш ховор буюу гарын 10 хуруунд багтаж байна. Эдгээр эмч нар УНТЭ болон АШУҮИС-д жижиг хэмжээний тасаг нэгж хэлбэртэйгээр хэвтүүлэн эмчилж байна. Бусад 3 болон 2 шатлалын эмнэлгүүдэд энэ төрлийн эмчлэх эмч тасаг байхгүйн улмаас өвчнийг хожуу оношлох, буруу чиглүүлж цаг алдуулах асуудлууд байгааг хэлэх хэрэгтэй байх.
-Хүндэрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Өвчин бүрийн шинж чанараас хамаарч бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт өгөх боломжтой.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Насжилт болон элэгдэлтэй холбоотой яс үений эмгэгийн гол урьдчилан сэргийлэлт бол биеийн жингийн илүүдэлгүй байх, дасгал хөдөлгөөн сайн хийх, бэртэл гэмтэл авахаас сэргийлэх байдаг. Тулай өвчнөөс сэргийлэхэд архи согтууруулах ундааны хэрэглээнээс татгалзах, амьтны гаралтай мах махан бүтээгдэхүүн хэрэглээ багасгах нь шууд нөлөөтэй гэж үздэг. Ихэнх эрхтэн тогтолцооны хэрх эмгэгүүдийн шалтгаан тодорхойгүй дархлаа, удамшлын хүчин зүйлээс хамаарч байгаа ч нөлөөлөх хүчин зүйлүүдээс зайлсхийх боломжтой. Үүнд хорт зуршил, орчны таагүй нөлөө болох бохирдол, харшил сэдрээх хүчин зүйлсээс бактери болон вирусийн халдвар авахаас сэргийлэх хэрэгтэй.