МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын багш, Хэл шинжээч Н.Нансалмаатай ярилцлаа.
-Гадаад хэл, олон хэл сурахын ач холбогдол юу вэ?
-Бидний тархи уян хатан шинжтэй. Энэ нь өөрөө өөрийгөө өөрчлөх чадвартай. Сурах үйлээр дамжиж бидний тархинд үүргийн бөгөөд бүтцийн өөрчлөлт орж байна гэсэн үг. Сураад байгаа хүний тархи ганган болно, сурахгүй, жаахан залхуурсан хүн бол тархи нь зэвэрнэ. Хүүхэд хэлд орно гэдэг ертөнцийн тухай мэдлэг хурааж эхэлж байна гэсэн үг. Бидний тархинд байгаа ертөнцийн тухай мэдлэг бол хэл хэлбэртэй юм. Хэл судална гэдэг бид ертөнцийн тухай мэдлэг хэлээр дамжуулж авч байгаа гэсэн үг. Нэг хэлтэй хүн нэг багц мэдлэгтэй, хоёр хэлтэй хүн хоёр багц мэдлэгтэй гэж хэлж болно. Тэгэхээр ухаалаг байхад гадаад хэл сурах нь маш чухал. Хэл сурна гэдэг өөрөө өөрийгөө хөгжүүлж байгаа хэрэг. Зүгээр хэл сураад байгаа биш, тархиа хөгжүүлээд байна л гэсэн үг. Тархиа хөгжүүлж байгаа нь бид өөрсдийгөө бүтээж байгаа л гэж ойлгох хэрэгтэй.
-Гадаад хэл сурах авьяасгүй хүн гэж байх уу?
-Хүн бүхэн ямар нэгэн хэлээр ярьж байгаа. Тэгэхээр хоёр дахь, гурав дахь хэлийг сурч чадна. “Дулмаа хэлний авьяастай, амархан сурчих юм. Надад хэлний авьяас байхгүй” гэж ярьж болохгүй. Бид яг ижилхэн толгойтой, тархитай. Гадаад хэл амархан сурч байгаа хүн хамгийн нэгдүгээрт өөрөө сурахыг хүсч байна. “Хүн бүхэн гадаад хэл сураад байна. Би сурахгүй бол хүний тооноос хасагдах нь” гэдэг байдлаар хандвал сурахгүй. Сурах аргаа л зөв олох хэрэгтэй.
-Сургалтын төвүүд гадаад хэлийг маш хурдан хугацаанд сургана гэдэг. Ер нь хүний тархи хамгийн хурдандаа хэдий хугацаанд гадаад хэл сурах боломжтой вэ?
-Тархины чадвар гайхамшигтай. Энэ чадварыг хэрхэн ашиглах нь хүнээс өөрөөс нь шалтгаална. Хурдан хугацаанд гадаад хэл сургана гэсэн газрууд ямар аргаар сургаж байна вэ гэдгээс хамаарна. Олон хэл мэддэг дэлхийн гайхалтай хүмүүсийн туршлагаас харахад эхний хэл сурахад жаахан удаан байдаг бол дараа дараагийн гадаад хэлийг амархан сурдаг. Миний ажиглаж байгаагаар гадаад хэл сурах гэж байгаа бол Европ тал руугаа эхлээд орос хэл сурах хэрэгтэй. Яагаад гэхээр төрөл хэлнүүд гэдэг ойлголт байдаг. Нэг гарал үүсэлтэй гэсэн үг. Эдгээр хэлний үгийн сан нийтлэг байдаг. Урагшаа сурах гэж байгаа бол хятад хэл эхлээд сурах хэрэгтэй. Хэцүүг нь эхлээд сурчихвал дараагийн хэл сурахад хялбар болно. Эхний гадаад хэлийг эрчимтэй сурвал 2-3 жил хангалттай сайн болно. Орчинд нь зөв орвол жил ч хангалттай.
-Тэгвэл хүүхэд хэлд удаан орох нь тархины хөгжилтэй холбоотой юу?
-Хүүхдийн хэлд орох үйл явц бол бидний төсөөлж байгаа шиг ээжээс төрсний дараа бус ураг байхаас эхэлнэ. Шинэ тутам салбар бол төрөөгүй хүүхдийн сэтгэл судлалын асуудал байна. Ураг хэдэн сартайд сонсож, хэдэн сартайд юм тогтоож эхэлж байна гэдэг талаас нь судалдаг. Тээж байгаа ээжийнх нь хэл болон ээжтэй нь харилцаж байгаа бүх зүйлийг мэдэрч, үгийг нь тогтоож байдаг. Хүнд авиалбар ялгах сонсгол гэж байдаг. Энэ сонсгол нь хэлний авиаг өөр бусад авианаас ялгахаас гадна үгийн өөр өөр үед орж байгаа нэг авиаг ялгах, өөр хэлний авиаг ялгадаг. Тэгэхээр үүнийг хөгжүүлэхгүй бол хүүхэд хэлд орох нь оройтно. Хүүхдийг хэлд орох үед нь маш сайн анхаарах хэрэгтэй. Өнөө цагт энэ асуудал хоцроод байгаа. Аав, ээжүүд хүүхэдтэйгээ сайн ярилцах, ном уншиж өгөх хэрэгтэй байна. Хэлээ хөгжүүлнэ гэдэг тархиа хөгжүүлж байна гэсэн үг. Нөгөө талаас хүүхэд ямар нэгэн хэл мэдэж байна гэдэг нь ертөнцийн тухай мэдлэг нь нэмэгдээд байгаа.
Дээр нь жаахан хүүхдэд энэ дэлхийн бүх хэлийг сурах чадвар байдаг. Одоогийн байдлаар дэлхий дээр 7100 орчим амьд хэл байна. Эдгээр хэлийг бүгдийг нь сурах боломж хүүхдэд бий.
-Эцэг, эхчүүд хүүхдэдээ багаас нь гадаад хэл сургаж байна. Энэ хэр оновчтой вэ?
-Хэл сурна гэдэг өөрөө тархийг ухаалаг болгох маш чухал хүчин зүйл. Хэл сурснаар хүүхдийн оюун хөгжиж байгаа. Хүүхдэдээ багаас нь гадаад хэл сургаж байгаа нь аав, ээжүүд хүүхдээ сайн сайхан байгаасай л гэж бодсонтой холбоотой. Гэхдээ юм бүхнийг сургах нь чухал биш. Хүүхдэд сурах аргыг нь зааж, хандлагыг бий болгох хэрэгтэй. Номонд дурлуулах, сурах үйлд дурлуулах нь чухал. Гэхдээ эхлээд төрөлх хэлийг нь сургаад, танихуйн суурь нь бий болсны дараа гадаад хэл сургах хэрэгтэй.
-Хэдэн наснаас гэсэн үг вэ?
-10, 11 нас хавьцаа. Танихуйн суурь гэдэг нь эргэн тойрны юм үзэгдлийн учир шалтгааныг тайлаад мэддэг болсон үе юм. Ийм үед гадаад хэл сурахаар хүүхэд юмаа мэдэж байна. Танихуйн суурьгүй байхад нь гадаад хэл сургаад эхлэхээр цаад юм чинь юу вэ гэдгийг мэдэхгүйгээр үг цээжлэх шиг утгагүй зүйл байхгүй. Түүнээс аав, ээж өөрөө хятад хэл мэдэхгүй хэрнэ хүүхдээ хятад цэцэрлэгт өгчихөөд “манай хүүхэд хятадаар шүлэг уншиж байгаа, хятад хэл сурч байгаа” гэдэг. Хүүхдийг нь сонсохоор байхгүй. Энэ нь хүүхдийг залхаадаг. Танихуйн суурьтай болсны дараа хэдэн ч хэл сурсан болно. Ер нь ямар ч хүн гадаад хэл сурсан бол тухайн хэлээр цэвэр ярьдаг байх хэрэгтэй. Монголоор ярьж байгаа бол цэвэр монголоор, англиар ярьж байгаа бол цэвэр англиар ярих хэрэгтэй. Манайхан дунд хэл хольж ярьдаг хандлага байдаг. Энэ нь нийгмийн шинжлэл талаасаа үндэстэн орших асуудалтай холбогддог. Энэ мэт эрлийз хэл дэлхий дахинд 50 гаруй байна. Хэл нь эрлийзжээд, төрөлх хэлнээсээ холдоод явчихвал бидний сэтгэлээ, соёл өөрчлөгдөнө. Тиймээс хэлний хэрэглээ салангид байх хэрэгтэй.