Open iToim app
Нийгэм | 5 мин уншина

Д.Баасансүрэн: Гамшгийн эрсдэлээ зөв тооцож чадвал тогтвортой хөгжилд хүрэх боломжтой

Д.Баасансүрэн: Гамшгийн эрсдэлээ зөв тооцож чадвал тогтвортой хөгжилд хүрэх боломжтой
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 5
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Онцгой байдлын ерөнхий газартай  хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг долдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. 
“Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийг хамгаалах” сэдвийн хүрээнд өрнөж буй тус хуралдаанд Ази, Номхон далайн бүс нутгийн 50 гаруй улс, орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч оролцож байна.
Хуралдаанд оролцсон төлөөлөгчдөөс гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авдаг талаар тодрууллаа.
Япон: Урьдчилан сэргийлж, бэлтгэлm байдлаа хангах нь хамгийн чухал 
undefined
Япон улсын Төрийн сайд Жиро Акама “Гамшиг хэзээ ч тохиолдож мэдэх учир байнгын бэлэн байдалд байх нь хамгийн чухал. Урьд өмнө тохиолдсон аймшигт гамшиг, эрсдэлүүдээс үүдэн  Япон улсын Засгийн газар гамшгаас урьдчилан сэргийлж, ямар ч үед бэлтгэлтэй байх нь хохирол амсахаас сэргийлэх хамгийн найдвартай арга хэмээн дүгнэж тэр тал дээр ажиллаж эхэлсэн. Тиймд байшин барилгын даац, гамшигт тэсвэртэй байдалд онцгой анхаарч ажилладаг. Түүнчлэн гамшгийн үед эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах  асуудлаар иргэдэд  гурван төвшинд мэдлэг олгох сургалт явуулдаг. Үүнд:  
1.Гэр бүлийн төвшинд буюу гамшгийн өөрийн болон дотнын хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах сургалт.
2.Нийгмийн хүрээнд буюу харьяалагдаж буй бүс нутаг, сургууль, ажлын байранд гамшиг тохиолдсон үед  өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл өгдөг.
3.Улсаас буюу засгийн газраас нэгдсэн байдлаар гамшгийн үеийн бодлого боловсруулж , тодорхойлдог аж.
БНСУ: Иргэдийн хувийн бэлтгэл, оролцоог сайжруулахаар ажилладаг
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Шин Бо Кюн "БНСУ-ын хувьд байгалийн гамшигт өртөмтгий бүс нутагт хамаардаг тул Засгийн газар, орон нутгийн захиргаа, иргэд байгууллагууд гамшгаас сэргийлсэн урьдчилсан бэлтгэлд онцгой анхаарч ажилладаг. Мөн иргэдийн оролцоог сайжруулахаар дэвшилтэт технологиудыг ашиглаж байгаа. Одоогоор БНСУ-ын иргэд "Emergency ready", "E safety report" нэртэй хоёр төрлийн ухаалаг утасны аппликейшныг гамшгаас хамгаалахаар өргөн хэрэглэж байгаа. "Emergency ready" нь гэнэтийн гамшиг,  аюулын үед богино хугацаанд иргэдэд мэдээлэл өгөх, сэрэмжлүүлэх үүрэгтэй юм. Энэхүү аппликейшн нь БНСУ даяар 3 сая удаа татагдан хэрэглэгдэж байгаа аж.  Харин "E safety report" –ийг ашиглан гамшгийн үед хорогдох байрны байршил гэх мэт  хэрэг болох бүхий л  мэдээллийг авч,  гамшгийн тухай мэдээллийг цааш түгээх боломжтой. "E safety report"-оор дамжуулан 550 мянга гариу иргэн гамшиг ослын талаар мэдээлэл өгчээ.     
Энэхүү бага хурлын зорилго, гол ач холбогдлын талаар ОБЕГ-ийн Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэнтэй цөөн хором ярилцлаа.  
-Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хуралдааныг эх орондоо зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ? 
-Юуны өмнө “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал” нь өмнө нь долоон удаа зохион байгуулагдаж байсан. Тэр болгон БНХАУ, БНСУ, Малайз зэрэг өндөр хөгжилтэй, далайд гарцтай орнуудад болдог бүс нутгийн хэмжээний томоохон хурал юм. Тиймд далайд гарцгүй, ердөө гурван сая хүн амтай Монгол Улсад болж буй нь том амжилт юм. 
Хоёрдугаарт, 2015 оноос эхлэн дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүд шинэчлэгдсэн. Түүнээс өмнө Мянганы хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байх үед бид эдийн засгийн хөгжлийг л нэгдүгээрт тавьдаг байсан бол одоо тогтвортой байна гэдэг зөвхөн эдийн засгийн асуудал биш. Харин эрсдэлээ тооцож,тогтвортой хөгжлийн ололтыг хамгаалж байж хөгжих юм байна гэдгийг ойлгож эхэлж байна. Дэлхий нийтээр эдийн засгийн аливаа ололтыг гамшгийн эрсдэлийг тооцоолох замаар тогтвортой хөгжилд хүрэх боломжтой болохыг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр гамшгийн эрсдэлийг зөв тооцоолж,  шаардлагатай санхүүг зөв хуваарилж чадсан тохиолдолд нэг хүнд ногдох ДНБ нэмэгдэж, гамшгийг эрсдэл зэрэг багасаж, тогтвортой хөгжих боломж бүрдэх юм. 
Хуралд оролцохоор тавь гаруй улс орны дээд албан тушаалтан, сайд нар оролцож буй нь Монгол Улсыг олон улсын төвшинд ихээр сонирхож буйн илрэл юм. Энэ бүхнээс хамгийн чухал нь өмнөх долоон удаагийн хурлаар далайд гарцгүй орнуудад нүүрлэдэг гамшгийн асуудал төдийлөн хэлэлцэж байгаагүй. Ихэнх тохиолдолд далайд гарцтай орнуудад тохиолддог далайн шуурга, хар салхи зэрэг асуудлыг хэлэлцдэг байсан бол Улаанбаатарт энэхүү хурлыг зохиосноор эрс тэс уур амьсгалтай далайд гарцгүй орнуудад тогтмол тохиолддог ган, зуд зэрэг гамшгийн асуудлыг анх удаа онцгойлон хэлэлцэж байгаа юм.
undefined
-Монгол Улсын хувьд гамшгаас хамгаалах, сэргийлэх  асуудлаар ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Монгол Улсын хувьд 1970 оноос хойш ой, хээрийн түймэр, ган, зудтай тэмцэж ирсэн ч жил ирэх тусам гамшгийг хэмжээ хүндэрч байгаа. 2000-2001 оны зудаар 7 сая, 2008-2009 оны зудаар 9.7 сая мал хорогдсон байдаг. Энэхүү тоог 1970 оноос хойш тооцвол нийтдээ 40 орчим сая мал өвөлжилт хүндэрснээс болж хорогдсон байдаг. Сүүлийн хэдэн жил тасралтгүй өвөлжилт хүндэрч өвс тэжээлийн дутагдлаас болж мал хорогдох явдал гарч байгаа. Үүнээс үүдэн малын гаралтай халдварт өвчин ч  гарах зэрэг  өвөлжитийн бэлтгэлээ гүйцэд хангаагүйгээс үүдэн ар араасаа холбоотой гамшиг тохиодог. Бид зудын гамшигтай тэмцэхийн тулд Засгийн газраас баримталж буй аливаа гамшгийг болсных нь дараа арга хэмжээ авдаг стратегийг  өөрчилж, хүн ам, малын тоо, төвлөрлөө тогтмол судалж, өмнөх онуудын зуд, ган зэргийн мэдээлэл дээр үндэслэн гамшгийг эрсдэлийг тооцоолон тосож бэлддэг болмоор байгаа юм. Зуд боллоо гэвэл улсын нөөцөөс тонн тонноор нь өвс тэжээлээр хангаж байгаа энэ тогтолцоог зогсоож, төр нь иргэдтэйгээ хамтран эрсдэлээ тооцоод, урьдчилан сэргийлж сурах л хамгийн чухал.
Өнгөрсөн онд гарсан ой, хээрийн түймэр ч мөн л адил ард иргэдийг өөрсдийн хариуцлага, оролцоо их дутмаг байгаа юм. Улс даяар гарч буй ой, хээрийн түймрийн 90 хувь нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой. Гэтэл Монголын ойн нөөцийн ердөө 1.6 хувь байдаг. Хэрвээ энэ хэвээр ойн нөөцөө алдсаар байвал уур амьсгалын нөлөөнд илүү өртөж, цөлжилт нэмэгдэх юм.
Монгол улсад гамшгаас хамгаалах асуудалд зориулах хэмжээний олон тэрбум төгрөгийн боломж байхгүй. Тийм учир ижил төстэй гамшгийн нөхцөлтэй хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлж, хамтран ажиллах шаардлагатай. ОБЕГ-аас БНХАУ, ОХУ-ын онцгой байдлын яамдтай нягт холбоотой ажиллаж байгаа. Наад зах нь ой хээрийн түймэр хил дамнан тархах тохиолдол байдаг учир гамшгаас сэргийлэхийг тулд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал юм.
Түүнчлэн гамшгаас хамгаалах асуудлаар олон улсын санхүүжилт, тоног төхөөрөмжийн дэмжлэг авах нэн чухал болоод байна.
Авч буй арга хэмжээний хувьд Гамшгаас хамгаалах хөтөлбөр, Гамшгаас хамгаалах Сендайн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан гэх мэт олон хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөр батлах нэг хэрэг харин түүнийгээ хэрэгжүүлж сурах хэрэгтэй.  Хэрэгжүүлэхийн санхүүжилт хэрэгтэй түүнийг нь хөрөнгө оруулалтаар л шийдэх болдог.
Гэхдээ дан ганц санхүүжилт, хөтөлбөр гэлтгүй гамшгаас урьдчилсан сэргийлэх нөхцөлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон иргэд өөрсдөө нийгмийн сүлжээ ашиглан цааш түгээж, сануулж байх нь ч мөн чухал ач холбогдолтой.
-Энэхүү уулзалтаар Монгол улсын гамшгаас хамгаалах хөтөлбөр, түүнд зориулсан гаднын санхүүжилтийг нэмэгдүүлэх, албан ёсны хамтын ажиллагааны хэлэлцээр хийгдэх боломж харагдаж байна уу?
-Энэ хурлыг тохиолдуулан Япон, Вьетнам, БНСУ, Энэтхэг, Австрали гэх мэт  улсууд Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк, Азийн сэргээн босголтын банк, ASEAN, Дэлхийн зөн зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хурлын үеэр хоёр талт гэрээ, хоёр талт уулзалтуудыг зохион байгуулж байгаа. Гурван өдөр үргэлжлэх хурлын үеэр нийт 26 удаагийн уулзалт зохион байгуулагдана. Энэ бүх боломжийг зөв ашиглаж чадвал  зөвхөн гамшгаас сэргийлэх асуудал ч биш өөр олон салбарт хамтын ажиллагааны өргөн хүрээ бий болгох боломж нээлттэй байна.  
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн