Open iToim app
Анализ | 4 мин уншина

Шинэхэн аварга О.Хангайгийн тухай заавал мэдэх баримтууд

Шинэхэн аварга О.Хангайгийн тухай заавал мэдэх баримтууд
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 13
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай түрүүллээ. Тэгвэл Монгол Улсын 25 дахь, Ховд аймгаас төрсөн анхны улсын аварга цолтон ОРГИХЫН ХАНГАЙ гэж хэн бэ. 
Оргихын Хангай нь өдгөө 32 настай, Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Түүний аав Оргих улсын аварга тариаланч, ээж Баярлах нь нярав хийдэг аж. Ээж, аав нь аль аль нь бөхийн удамтай. Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг. О.Хангай нь айлын ганц хүү бөгөөд Ховд аймгийн Манхан сумын Н.Дэлгэртуяа гэх бүсгүйтэй гэрлэсэн. Тэд арван жилдээ танилцаж, оюутан болоод үерхэж эхэлжээ. 
2010-2016 он 
Бөх сонирхогчдын хараанд өртөж эхлэв
О.Хангайгийн бөхийн карьер 2010 онд эхэлжээ. Тэр жил ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байсан тэрээр сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цолыг хүртсэн байна. Тухайн үед аавынх нь төрсөн дүү Алтанбагана “Миний дүү сайн бөх болж магадгүй. Сайн бөх болоорой” гээд зодог, шуудаг авч өгсөн гэдэг. Тэр өвлөө Улсын заан Ц.Мягмарсүрэнд шавь орж, Ховд бөхийн дэвжээнд бэлтгэл хийх болсон аж. Ингээд дараа жил нь сумынхаа наадамд дахин хүч үзэж, түрүүлээд сумын заан цол хүртсэн байна.
Үүний дараа 2012 онд аймгийнхаа наадамд барилдахдаа үзүүр түрүүнд аймгийн арслан Н.Батсайхантай барилдаж, үзүүрлэн Аймгийн заан цол хүртсэн. Тэрээр сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Тэр үед аймгийн заан цол хүртээд тууштай барилдвал амжилтад хүрэх юм байна гэж итгэл төрсөн. Үндэсний бөхтэй салшгүй амьдралаа холбосноо 2012 онд мэдэрсэн." хэмээжээ. Дараа жилийнх нь наадам буюу 2013 оны Ховд аймгийн наадамд тэрээр түрүүлсэн билээ. Харин 2014 оны Цагаан сарын барилдааны үеэр тэр бөх сонирхогчдын хараанд өртөж эхэлсэн байдаг.
Тодруулбал, 2014 оны цагаан сарын барилдаанд тэрээр улсын гарьд Д.Рагчаатай түрүү булаалдахаар үлдэж байсан юм. Тэр барилдаанд О.Хангай тавын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, зургаагийн даваанд улсын аварга С.Мөнхбат, долоогийн даваанд улсын аварга Ч.Санжаадамба /Тухайн үед заан байсан/ нарыг өвдөг шороодуулж, түрүү булаалдахаар шалгарч байсан түүхтэй. 
2014 оны цагаан сарын барилдаанд үзүүрлэхэд олон хүн түүнийг цолны тааварт нэрлэсэн. Гэвч улсын наадмын дэвжээнд хашир заан Болдын Сайнбаярт өвдөг шороодсон түүхтэй.
2015 оны “Баянзүрх хайрхны хишиг” барилдаанд улсын арслан Э.Оюунболдтой үзүүр, түрүүнд үлдэж, түүнийг даван түрүүлсэн юм. Энэ барилдаанд тэрбээр заан Б.Соронзонболд, харцага Б.Пүрэвсайхан, гарьд Б.Гончигдамба нарыг өвдөг шороодуулан, шуугиулсан барилдаан үзүүлж байсан. Тэр жилээ улсын наадамд дөрөв давж начны даваанд хүрсэн ч Чагнаадоржийн Ганзоригтой тунан барилдаж, унасан юм.
2017-2021 он
Улсын харцага цолтон болж, олон барилдаанд өнгөтэй барилдав
2014 оноос л улсын наадамд цол хүртэнэ гэх таамагт багтаж байсан О.Хангай 2017 онд шууд л Улсын харцаг цол хүртэв. Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын заан Б.Пүрэвсайханаар дөрөв, улсын арслан Э.Оюунболдоор тав, аймгийн арслан Б.Сериктэй тунан барилдаж, зургаа даван шөвгөрч "Улсын харцага" цолыг хүртсэн түүхтэй. Үүнээс хойш төдийлөн дээгүүр барилдаж чадаагүй. Энэ талаар тэрээр ярихдаа "Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр тэгээд, ингээд уначихсан гэж ярих дэмий. Олон түмний итгэлийг алдчих вий гэсэн бодол л намайг унагаачихаад байсан юм. Би өмнөө том зорилго тавьсан. Энэ жилээс тайван, чөлөөтэй барилдана аа" хэмээж байжээ. 
Дараа жилийн улсын наадамд /2018 он/ дөрвийн даваанд Ш.Мөнгөнбаатар арслантай оноолтоор таарч өвдөг шороодсон. Түүний дараа Дарьганга суманд болсон Төрийн тахилгат Алтан дарь овооны их тахилгын барилдаанд барилдаж, түрүүлэв. Тэр жилээ БНСУ-д болсон шырим барилдааны гадаад бөхчүүдийн барилдаанд, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймагт болдог “Алтан бүс”-ийн барилдаанд түрүүлжээ. Мөн тэр жилээ Ерөнхийлөгчийн цомд түрүүлэв.
О.Хангай нь допингийн асуудлаар хүчтэй дуугарсаар ирсэн бөх. 2020 онд “Хэрвээ Э.Оюунболдыг Цагаан сарын барилдаанд зодогловол би барилдахгүй. Би ганцхан Э.Оюунболдтой тэмцээгүй. Нэр бүхий 37 бөхийн нэрийг зарлуулж, допингтой холбоотой бугшсан идээ бээрийг шахаж, үндэсний бөхийн спортоо ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээхийг хүсэж байна” гэж байв. Дараа нь Даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдага нараас 2020 оны улсын наадмын дараа допинг илрэхэд барилдах эрхийг нь 11 сараар хассан. Энэ үед допингийн эсрэг акцын эхлэлийг улсын харцага О.Хангай тавьж, түүнтэй олон бөхчүүд санал нийлж, дэмжиж байсан удаатай.
Тэрээр допингийн асуудлаар хэд хэдэн санал гаргаж байв. Явцын шинжилгээ тогтмол авах, улсын наадамд дөрвөөс дээш давсан бөхчүүдээс шинжилгээ авах, аймгийн наадмын үзүүр, түрүүний бөхөөс шинжилгээ авдаг болох, шинжилгээ өгөхөд унасан бөх, цагдаа, шүүх, АТГ-ынхныг байлцуулах, допингийн шинжилгээний хариу олон түмэнд ил байх талаар тусгах, допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг 3-4 жилээр хасах зэрэг саналыг гаргав.
Иймэрхүү байдлаар цар тахлын хоёр жил өнгөрч, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглов. Наадмын есийн даваанд Улсын харцага О.Хангай Улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, үзүүр түрүүнд 24 настай Улсын арслан Б.Орхонбаяртай барилдан түрүүлэв. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн