Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Шинэ Зеланд улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон чинээлэг иргэдээс авах татвараа нэмэгдүүллээ

Шинэ Зеланд улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон чинээлэг иргэдээс авах татвараа нэмэгдүүллээ
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 31
Шинэ Зеланд улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагт 20 доллар болгож, нийгмийн хамгийн өндөр орлоготой иргэдээс авах татварын дээд хэмжээг 39 хувь болгон тус тус нэмэгдүүлсэн байна. Уг өөрчлөлт нь пүрэв гаригаас албан ёсоор хэрэгжиж эхлэх аж.
Шинэ Зеландын Засгийн газрын тооцоолсноор тус улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авдаг 175.5 мянган иргэн байгаа юм. Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 1.14 доллараар нэмэгдсэнээр нийт цалин олголт 216 сая доллараар тэлж, тэр хэрээр ирэгдийн худалдан авалт сайжирна гэж үзэж байгаа аж.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын судалгаанаас харахад 2019 оны байдлаар Шинэ Зеланд улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дэлхийн хамгийн өндөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй таван орны нэгд тооцогдож байжээ. Гэвч Шинэ Зеландын Засгийн газар ковид цар тахлын үед халдвартай тэмцэх тэргүүн эгнээнд ажилладаг онгоцны буудал, хил гааль болон үйлчилгээний ажилчдын дийлэнх нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч байгаа тул цалингийн хэмжээг нийтээр нь нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа аж.   
Шинэ Зеландын Хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбооны нарийн бичгийн дарга Жон Крокер энэ талаар “Энэ бол хөдөлмөр эрхлэгчдийн хувьд маш том дэмжлэг юм. Үүний нэг хэсэг нь мөнгө, нөгөө хэсэг нь нийгмийн сайн сайхны төлөө золиос гарган ажиллаж буй хүмүүсийн хувьд түүнийгээ үнэлүүлж, шагнуулж буй нэр төртэй мэдрэмж юм” гэжээ.
Харин Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн энэ талаар “Бид сонгуулийн өмнө амласан нийгмийн хамгийн эмзэг хэсэгт үзүүлэх дэмжлэг, тусламжийг бодитой, үр дүнтэй, урт хугацаанд сайжруулах амлалтынхаа нэг хэсгийг биелүүлж байна. Бидэнд цаашид эрүүл мэндийн тогтолцоогоо сайжруулах, боловсролд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, илүү олон эмнэлэг, сургууль барих, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг хийж, сайжруулах ёстой олон ажил байгаа” гэсэн юм. Жасинда Ардерны Засгийн газар сүүлийн дөрвөн жилд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2017 оноос хойш цагт 4.25 доллараар нэмсэн байна. Хамгийн сүүлд түүний Засгийн газар Шинэ Зеландын аж ахуй нэгж, ажил олгогчдод хандан цар тахлаас улбаатай эдийн засгийн хямралыг даван туулахын тулд долоо хоногт ажлын 4 өдрийн уян хатан форматад шилжихийг уриалаад байгаа юм.  
Харин нийгмийн хамгийн чинээлэг хэсэгт хамаарах иргэдээс авах татварын дээд хэмжээг 39 хувь болгон нэмэгдүүлэх өөрчлөлт нь жилд 180 мянган доллараас дээш орлоготой иргэдэд хамаарах юм. Тус улсын нийт хүн амын хоёр хувь нь жилд 180 мянган доллараас дээш орлоготой байдаг аж. Шинэ Зеландын Засгийн газар өндөр орлоготой иргэдээс авах татварын хэмжээг нэмэгдүүлснээр тус улсын энэ оны төсөвт 550 сая долларын нэмэлт орлого орж ирнэ гэж тооцжээ.
Эх сурвалж: The Guardian
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн