Open iToim app
Соёл, урлаг | 9 мин уншина

Д.Ариунболд: Зэвсэг бариад хил дээр зогсож чадахгүй ч зэмсгээ бариад оюуны хилийг хамгаалж байгаагаараа бахархдаг

Д.Ариунболд: Зэвсэг бариад хил дээр зогсож чадахгүй ч зэмсгээ бариад оюуны хилийг хамгаалж байгаагаараа бахархдаг
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 8
Хөгжмийн зохиолч, их хуурч Д.Ариунболдыг “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч гэдгээр андахгүй билээ. Тэрээр ЮНЕСКО-гийн тайзнаа “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжгийг СУИС-ийн багш, оюутнуудын хамт тоглосон бөгөөд тус бүжгэн жүжгийн хөгжмийн зохиолч юм. Ингээд түүнтэй уран бүтээлийн онцлог, ололт амжилтынх тухай ярилцсанаа хүргэж байна.
-Шинэ оны мэнд. Таны хувьд 2019 он, уран бүтээлийн амжилтаар дүүрэн байв уу?
-Өнгөрсөн он амжилт бүтээлээр дүүрэн, сайхан жил байлаа. Морин хуурийн өвөг эцэг хэмээн хэлэгддэг икэл хуураар Монголын хамгийн анхны концертыг бичин “Алтан намар” хөгжмийн наадамд тоглууллаа. Мөн Өмнөговь аймгийн театрын уран бүтээлчидтэй хамтран  “Алтан ургийн хүү” хэмээх Батмөнх даян хааны тухай түүхэн дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллаж оны өмнөхөн тоглосон. Түүнчлэн “Хөмөргөн гурвалжин” хэмээх бүжгэн жүжгээ Франц улсын Парис хотноо ЮНЕСКО-гийн тайзнаа тоглоод ирлээ. Энэ тайзан дээр Монголын цөөн хэдэн уран бүтээлчид уран бүтээлээ толилуулж байсан хэдий ч том хэмжээний цогц бүтээл тоглогдож байгаагүй юм байна. Энэ утгаараа түүхэн үйл явдал гэж хэлж болохоор. Энэхүү тоглолт дэлхийд Монголын эртний өв соёлыг харуулсан, сонирхуулж сурталчилсан сайхан үйл явдал болсон.
-ЮНЕСКО-гийн тайзнаа тоглосон бүтээлийнхээ тухай дэлгэрүүлж ярьж болох уу?
-ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс БСШУСЯ, ГХЯ, СУИС-тай хамтран “Хөмөргөн гурвалжин” төслийг хэрэгжүүлж, 2016 онд Соёл урлагийн их сургуулийн багш, оюутны судалгаанд суурилж бүтээсэн “Этно” бүжгэн жүжиг юм.  Ардын багш, ШУ-ны гавьяат зүтгэлтэн, доктор С.Дуламын цомнолоор Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Энхгэрэл дэглэн найруулж, миний бие хөгжмийг бичсэн.  “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжиг нь Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл уулан дахь хүрлийн үеийн дөрвөлжин булшны ханан хадны ирмэг дагуулан сийлсэн “32 хүнт” хэмээх хадны зургийн нэгэн мөчлөгийг эртний харын бөөг оршуулах зан үйлийн бүжиг хэмээн тайлан тайлбарласныг уран бүтээл болгон хувиргасан, судалгаатай инновацийн бүтээл юм. Энэхүү бүжгэн жүжигт МЭӨ 10-5 дугаар зууны үеийн үйл явдал, асуудлыг хөндсөн бөгөөд бүжгийг уламжлал болон орчин цагтай холбосон шинэлэг бүтээл.
-Хөгжмийн зохиолыг бичиж найруулахдаа ямар онцлог содон зүйлсийг шигтгэсэн бэ?  
-Эртний хөгжмийн зэмсгүүдээс бүрдсэн найрал хөгжмийн дуугаралтыг гаргаж ирэхийг оролдсон. Эдгээр хөгжмийн зэмсгүүд өнөөг хүртэл ашиглагдаж байсан хэдий ч хөгжмийн том хэлбэрийн бүтээлд тэр тусмаа найрал хөгжмийн хэмжээнд бүрдэж тоглогдож байсангүй л даа. Энэ утгаараа шинэлэг дуугаралт болж байгаа юм. Мөн хуучны сэргээн бүтээсэн хөгжмийн зэмсгүүд ч энэ найрал хөгжмийн бүрэлдэхүүнд бий. Хорьдугаар зуунаас манай аль ч салбар ОХУ-ыг даган үсрэнгүй хөгжиж эхэлсэн. Тодруулбал, Оросоос мэргэшсэн уран бүтээлчдийг авчирч, туршлага хуваалцан суралцаж байсан тэр үед манай дуурь, симфони найрал хөгжим, үндэсний найрал хөгжим, драм гээд бүгд л  хөгжсөн. Гэхдээ үндсэн монгол урлаг, уламжлалт хэв маягаа  жаахан орхигдуулж дээ гэж хувь уран бүтээлчийн хувьд эмзэглэдэг юм.  Дэлхийн оюуны хөгжил дуурь, симфони, рок гэх мэт урлаг асар өндөр түвшинд хөгжиж бизнес, эдийн засгийн эргэлтэд орсон ч, тэдгээр хөгжмийн урсгалууд манай эртний хөгжмийн урлагаас өмнө байсан уу, дараа нь гарч ирсэн үү гэдгийг бид мэдэхгүй шүү дээ.  Нэг жишээ дурдахад, Хубилай хааны үед 500 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй найрал хөгжим, нүүдлийн суурин театртай байсан. Ингээд бодохоор монголчууд оюуны маш том соёлыг бүтээчихсэн ард түмэн. Заримдаа бид дэргэдээ байгаа үнэтэй эрхэм зүйлсээ олж хардаггүй. Жишээ нь, эртний эдгээр хөгжмийн зэмсгүүдийг асуухад мэддэг хүмүүс ховор таардаг. Бидний тоохгүй байгаа хөгжим, бүжгийн урлагийг дэлхийн оюуны өв соёлын нэгдсэн үндэсний байгууллага буюу ЮНЕСКО анзаарч, тайзан дээрээ тоглууллаа. Энэ нь манай хөгжим, бүжгийн урлагийг дэлхий хэрхэн үнэлж харж байгаагийн нэг илрэл гэж бодож байна. Эртний хөгжмийн найрлыг дэлхийн соёлын өвийн тайзнаа тоглуулахдаа хөгжим тус бүрээр танилцуулж үзүүлэн, дуугаргаж сонирхууллаа. Манай уламжлалт хөгжмийг зөвхөн морин хуур, ёочин зэргээр төсөөлөхөөргүй их баялаг юм гэдгийг жаахан ч гэсэн харуулсан болов уу гэж бодож байна. Эдгээр хөгжмийн зэмсгээс дурдвал, цуур, хэл хуур, хурган чих, икел хуур, бөөгийн хэц хэнгэрэг, нуман хуур, төрийн ятга гэх мэт. Жишээлбэл, хурган чих хэмээх хөгжмийн зэмсэг нь 1250-аад онд буюу Мөнх хааны үед хэрэглэгдэж байсан бөгөөд өнөөдөр уг хөгжмийн зэмсгийг өсвөр үеийнхэнд таниулж дэлгэрүүлэхийн тулд манай сургуулийн багш, оюутнууд ерөнхий эрдмийн сургуулийн сурагчдад  зааж байна. ЮНЕСКО-гийн тайзнаа тоглогдсон хөгжмийн зэмсгээс гадна даруй хэд дахин олон, эртний зэмсгүүдийг шинээр гаргах боломжтой байгаа ч үүнийг дан ганц СУИС хийхэд хүндрэлтэй.
undefined
-Та өөрийнхөө уран бүтээлийн онцлогийг сонирхуулбал. Сүүлийн үед ямар уран бүтээлүүдэд ажиллаж байна вэ?
-Би хөгжмийн зохиолч, төрийн шагналт Ц.Нацагдорж багшийнхаа удирдлага дор суралцсан цөөн хэдэн шавиудынх нь нэг нь. Хөгжмийн зохиолч болж мэргэшсэн хүний хувьд бүтээлээ мэргэжлийн түвшинд чанартай туурвихыг хичээдэг. Би ер нь дан хөгжим, тайзны уран бүтээл хийх сонирхолтой хүн. Орчин цагт оюуны бүтээл эзэнгүй, үнэ цэнэгүй байгаа хэдий ч энэ эзгүйдсэн талбарт уран бүтээл гаргаж, баяжуулж дан хөгжмийн болон тайзны уран бүтээл л туурвихыг хүсдэг юм. Өнгөрсөн 2017 онд  Монголд анх удаа “Галайхан” хэмээх хөөмийн дуурь буюу дуурилгыг бичсэн. Хөөмийгөөр дуурь бүтээж болдог юмаа гэдгийг харуулахыг оролдсон юм. Уг дуурийг энэ жил дахин тоглох гээд бэлтгэж байгаа.
-Таны хэлсэнчлэн үнэ цэнэтэй зүйлээ олж харахгүй байгаагийн нэг жишээ нь эцэг, эхчүүд хүүхдээ төгөлдөр хуур, хийл зэрэг хөгжмийн сургалтад илүү сургаж байгааг харагддаг. Үүнийг харахад монголчууд үндэснийхээ урлагийг харах өнцөг болоод давуу талыг мэдэхгүй байх шиг?  
-Ер нь аль ч урлагаар хичээллэхэд зөв хүмүүжлийг өгдөг учраас төгөлдөр хуур, морин хуур алийг нь ч тоглоход буруу зүйл байхгүй гэж зөвлөмөөр байна. Нэг ёсондоо өв тэгш, зөв хандлагыг бий болгодог хамгийн том зэвсэг бол урлаг. Хамгийн гол нь яагаад сонгодог урлаг үндэсний урлагаас илүү байна вэ гэвэл дэлхий нийт олон зууны туршид хэрэглэж ирсэн учраас үүнийг маш сайн мэддэг, хамгийн сайн нь гэж ойлгоод байгаа юм. Орчин үеийн гэр бүлүүд ч энэ ойлголтоор хүүхдээ сонгодог тал руу хөгжүүлээд байна. Энд буруу юм байхгүй. Гэтэл ардын урлагийг өвөө, эмээ нар сонсдог, хөдөө байгаа хүмүүс л хэрэглэдэг гэх өрөөсгөл ойлголт манай нийгэмд давамгайлсан учраас  сонгодог урлагийг ардын урлагаас илүүд үздэг хандлага ажиглагдаад байгаа хэрэг. Гэтэл өвөг дээдэс болон бидний бүтээсэн урлагийн төрөл жанрууд дэлхийд үнэ цэнэтэй зүйл гэдгийг харуулсан хамгийн тод жишээ нь, “The Hu” хамтлаг. Үндэсний язгуур урлаг болох хөөмий, товшуур, морин хуурыг хослуулж дэлхийг байлдан дагуулж байна шүү дээ. Манай “Хөсөгтөн” хамтлаг ч мөн адил энэ замаар явсаар ирсэн. Гэхдээ ямар хамтлаг байх нь хамаагүй. Монголд ч танигдаагүй байгаа үндэсний урлаг дэлхийд үнэ цэнэтэй гэдгийг харуулж байгаа нь л чухал шүү дээ. 
-Ингэхэд “The Hu”  хамтлаг “Хөгөстөн” хамтлагийн өрсөлдөгч мөн болов уу?
-Нэг талаараа бид өрсөлдөгч, нөгөө талаараа хамтрагчид. Мэдээж бидний уран бүтээл хийдэг жанр өөр л дөө. Нэг талаараа өрсөлдөгч бол нөгөө талаараа маш том боломж гэж хэлж болно. Яагаад гэвэл, “The Hu” хамтлагаар дамжуулж Монголын бүх зүйлийг сурталчлах боломж нээгдэж байгаа юм. Зөвхөн урлаг соёлын салбар биш. Аялал жуулчлал, дотоодын үйлдвэрлэгч нар дэлхийд өөрсдийнхөө хийж байгаа зүйлийг сурталчлах боломж ч бүрдэж байна. Ер гадаад оронд эх орноо сурталчилж яваа урлаг соёлын уран бүтээлчдээ манай үйлдвэрлэгчид маш том сурталчилгааны талбар гэж харж хамтран ажиллах хэрэгтэй санагддаг. Биднээс тэр хүмүүс юу эсийг асууж сонирхдог гэж санана. Их боломж гэж боддог.
-Та өөрийнхөө зохиосон ямар уран бүтээлд дуртай вэ?
-Төрүүлсэн хүүхдээ тэр нь гоё, энэ нь муухай гэж нэрлэх нь зохисгүй байх. Би 1993 онд Улсын ардын дуу бүжгийн чуулга буюу одоогийн нэршлээр Үндэсний урлагийн их театрт их хуурчаар орсон. 1993-2013 онд тайзны уран бүтээл туурвиж, тоглож яваад 2013 оноос СУИС-д ажиллаж эхэлсэн. Ингээд бодохоор нийт 27 жил урлагийн салбарт ажилласан байна. Энэ хугацаанд хийсэн бүтээлээрээ дөрвөн цомог гаргах төлөвлөгөөтэй байгаа. Нэг дэх нь хөгжмийн том болон жижиг бүтээлээр, хоёр дахь нь дууны уран бүтээлээр, гурав дахь нь нийгмийн энэ их стрессийг урлагаар дамжуулан багасгах үүднээс тайвшрал өгөх, аялгуут хөгжмийн төрлөөр  гаргах гээд студийн ажил руугаа орох гэж байна. Харин дөрөв дэх нь “Хөмөргөн гурвалжин” бүжгэн жүжигт тоглогдсон эртний хөгжмийн зэмсгүүдийнхээ хөгжмийг хадгалж үлдэхээр болсон. Үүнийг яагаад тусад нь онцгойлон авч үзээд байна гэвэл, Монголын эртний хөгжмийн нийцэл, дуугаралтыг  сонордуулж, ямархуу өнгө аястай онцлогтой юм, мөн ямархуу чадал цараатай зэмсгүүд байдаг юм бэ гэдгийг харуулсан учраас үүнийг хадгалж үлдэх зорилгоор цомог болгохоор шийдсэн.
-Хүмүүс урлагаар явсан хүн хоолоо олж идэхэд хэцүү гэж яриад байдаг. Дэлхийн тайзнаа монголын нэрийг гарган явж буй урлагийн хүний хувьд залуучууд амжилттай байя гэвэл боломжийг өөрсдөө хайж, бий болгох хэрэгтэй гэж боддог уу?
-Энэ яриа хэдий их хүчтэй газар авч байна тархины утаа буюу оюун санааны доройтол төдий хэмжээгээр байна л гэсэн үг. Соён гэгээрэл хаана хүчтэй байна тэр газарт урлаг соёл үнэ цэнэтэй байдаг. Түүнийг дагаад хувь хүний хөгжил, ухамсар, ёс зүй өндөр байдаг. Тархины утаа алга болсон тэр цагт урлагийнхан ямар түвшинд хүрэхийг үр хүүхдүүд минь үзэх байх аа. 
-Оюуны өв соёлыг алдагдахгүй хэм хэмжээнд нь байлгахад төрийн бодлого ихээхэн нөлөөтэй. Бие болон бие бус өвийг хадгалах, залуучуудад түгээн дэлгэрүүлэхэд ямар бодлого хэрэгтэй харагддаг вэ?
-Юун түрүүнд бодлого алдагдсаны шинж гэж ойлгож болно. Тийм ч учраас Солонгос, Хятад киногоор дамжуулж, соёлын нэвчилтэд өртөж, оюуны хилийн дархлаагаа алдаад байгаа юм. Уран бүтээлчид бид зэвсэг бариад хил дээр зогсож чадахгүй ч зэмсгээ бариад оюуны хилийг хамгаалж байгаагаараа бахархдаг юм шүү дээ. Мөн үүнд манай хувь уран бүтээлчдийн алдаа ч байгаа. Жишээ нь киног хүчтэй болгож өгдөг нэг зүйл нь хөгжим. Тэрхүү хөгжмийг манай уран бүтээлчид холливуудын кино, уран бүтээлээс  хуулбарлачихсан байдаг. Түүнээс монгол гэсэн ямар ч шинж харагдахгүй, сонсогдохгүй байгаа нь оюуны өв соёлыг хадгалахгүй байгаагийн илрэл. Гэтэл Турк, Хятад кино орчин үеийн хэв маягт оруулсан ч, үндсэн сууриа алдалгүй өөрсдийнхөө өв соёлтой хамт орж ирж байгааг анзаараад нэг үзээрэй. Үүгээр л тархи угаалт их явагдаад байдаг юм шүү дээ. Бид хэзээ кимчиг хоолондоо хэрэглэдэг байлаа. Монголын үндэсний асар их хөгжим байна. Дэлхийд бүү хэл монголчууд өөрсдөө олж мэдээгүй байгаа хөгжмүүд олон байхад тэдгээрээс сонгож, ашиглаж, монголчууддаа ч, дэлхийд ч таниулах хэрэгтэй. 
-Нэг үеэ бодвол гаднынхан манай уран бүтээлчид, тэдний бүтээлийг ихээхэн сонирхдог болсон. Харж, харж байгаад өөрийн болгож авах гээд байдаг шинж тэмдэг аль эртнээс л бидэнд дохио болж ирсэн тийм ээ?
-Хятадууд манай хөөмийг өөрийн өмч болгож авах гээд чадаагүй. Энэ бол маш эрт ирсэн дохио мөн. Ямар дохио вэ гэвэл, өөрсдийнхөө зүйлд эзэн бай гэсэн сануулга.  Хөөмийг тууль, ардын дуу хөөмийлөх гэсэн түвшингээр л авч үздэг байсан. Харин СУИС 2004 оноос заадаг болсон нь хамгаалах эзэдтэй болж байгаа юм. Бид саяхан хөөмийг тайзны дуурь болгосон. Энэ мэт цөөхүүлээ ч гэсэн бага багаар оюуны соёлоо хамгаалах алхам хийхгүй бол өөрсдийнхөө зүйлд эзэн байж чадахгүй орхигдуулснаас болоод гаднынхан эзэн болчих вий дээ гэж эмзэглэж, айдаг юм.
-Дэлхийн олон улсаар аялан тоглолт хийдэг ч очиж үзэхийг хүсдэг газар байгаа болов уу?
-Миний хувьд Дундад азиар явж үзэхийг их хүсдэг. Саудын араб болон бусад газраар очиж үзэж байсан л даа. Гэхдээ хуучны өв соёл их байгаа газарт очиж үзэх дуртай. Хаана ч очсон өндөр шилэн барилгууд зөндөө л бий. Шилэн барилгуудын гоё сайхныг харж, ялгахаас илүү хуучны өв соёлоо хэрхэн хамгаалж үлдсэн байна вэ гэдэг нь надад сонин байдаг юм.
undefined
-Одоо хоёулаа “Хөсөгтөн” хамтлагийн тухай ярилцъя.  Монголд тоглолт хийлгүй удах шиг боллоо?
-Бид эх орондоо 2010 онд анхныхаа тоглолтыг хийгээд, 2011 онд хоёр дахь тоглолтоо, 2016 онд гурав дахь тоглолтоо Чойжин ламын музейд хийсэн. Түүнээс хойш бид тоглолт хийж амжаагүй, гадаадын аялан тоглолтууд ихтэй л явж байна. Харин энэ жил гуравдугаар сард 10 жилийн ойн хүрээнд бэлдсэн шинэ цомгийнхоо нээлтийг хийж, тоглолт зохион байгуулна. Эх орондоо тоглоод  Европ дахь аялан тоглолтоо руугаа ханцуй шамлан орохоор төлөвлөсөн байгаа.  
-Та бүхний тоглолтын тов эртнээс бэлтгэгдээд гарчихдаг гэсэн. 2020 оны төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Бидний ажил гадаадад их явагддаг учраас монголчууд тэр болгон харалгүй, “Хөсөгтөн” хамтлаг зогсчихлоо гэж хардаг байх. Урлагаа сурталчлах, уран бүтээлээ шинэчлэх гэх мэт нэлээдгүй ажил хийж байгаа. Ерөнхийдөө 10 жилийнхээ ойн хүрээнд энэ оны аялан тоглолтыг Японы тайзан дээрээс эхэлж байна. Дөрөвдүгээр сараас Европ, наймдугаар сараас Америкаар явах төлөвлөгөөтэй байгаа. Мөн 10 жилийн турш хийсэн бүтээл, түүхээ баримтат кино болгон бэлтгэхээр төлөвлөсөн байгаа.
-Японд ямар уран бүтээлүүдээ тоглох бэ?
-Бид Алтайн магтаалыг шинэчилж, Жангар, Алтайн чимэг гэх мэт бүтээл тоглохоор төлөвлөсөн. Мөн “Галайхан” хөөмийн дуурилгын “Шөнө дундын нар” хөөмийн хоршил, хурган чих хөгжмийн зэмсэгт зориулсан гоцлол гэх мэт бүтээлүүд эгшиглэх болно. Түүнчлэн Япон улсад байгаа “Их татлага” хэмээх хамтлагтай хамтарч тоглолт хийхээр болсон. Энэ тоглолт маань бараг хоёр цаг үргэлжилнэ. Бид аль болох тухайн улсад ажиллаж амьдарч байгаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн хамтлагтай хамтарч ажиллахыг хичээдэг.  
-Та урлагийн “гал тогоо”-нд 27 жил ажиллажээ.. Энэ хугацаанд ажиллахдаа Монголын урлагийн салбарт ямар ололт амжилтыг бүтээсэн гэж боддог бэ?
-Нэгд, “Хөсөгтөн” хамтлагийг анх санаачилж байгуулсан бөгөөд хоёр морин хуур, нэг товшуур, их хуур, ятга, бөмбөрийн нийлэмж, дуугаралтыг хослуулан, найруулсаар явна. Энэ нь Монголын урлагт шинэ хэв маяг, дуугаралтыг бий болгосон гэж болдог. Тэр цагаас хойш яг манайх шиг дуугаралттай хамтлаг олон бий болсон. Өвөр Монголын бараг бүх аймаг гацаа болгон ийм төрөл, жанрын хамтлагтай болчихсон л тууж явна. Мөн хөөмийн олон хоолойн дэг соёлыг оруулж ирсэн. Үүнийг би хөөмийн олон төрлийн, олон орны өвөрмөц дуу авиаг сонсож, эрэл хайгуул хийж олж авсан. Мөн ЮНЕСКО-гийн тайзан дээр Монголынхоо өв соёлын цогц бүтээлийг тоглууллаа. Энэ мэт хөгжмийн зохиолчийн хувьд болон Монголын урлагийн ертөнцөд хийх ёстой зүйлээ үнэ цэнэтэй талаас нь хийх гэж хичээж байгаа жирийн л нэг уран бүтээлч. 
-Цаашдынх зорилго, урмын үгээр ярилцлагаа өндөрлөе?
-Дэлхийн том оркестр, найрал хөгжимтэй хамтран өөрийн туурвисан бүтээлийг тоглуулах, ирээдүйд гарч ирж байгаа уран бүтээлчдийг дэлхийн тайзан дээр гаргахад туслахад өөрийгөө зориулах ёстой гэж боддог. Хүний амьдралын нэг жаранг би гэхээсээ илүү бид гэсэн ойлголттойгоор дэлхийн тавцан руу зүтгэж, гарах юм бол Монгол гэсэн үндэстний нэр тухайн тайзанд мөнхөд хүчтэй, нэр хүндтэй орших шалтаг болох юм болов уу гэж боддог.
Энэ дашрамд, уран бүтээл болон бүтээн туурвих их сэдлийг минь хөглөж, сэдрээж, бас урамшуулан дэмжиж байдаг СУИС-ийн захирал Э.Сонинтогос, хөгжмийн урлагийн сургуулийн захирал Г.Ганцэцэг болон нийт хамт олондоо талархаж явдгаа уламжилж, бүгдэд нь эрүүл энх, уран бүтээлийн өндөр их амжилтыг хүсэн ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн