УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн мэдрэлийн эмч Б.Саруулцэцэгтэй толгойн өвдөлт сэдвээр ярилцлаа.
-Хүний толгой яагаад, ямар шалтгаанаас үүдэн өвддөг вэ?
-Толгой өвдөлтийн маш олон шалтгаан бий. Үүн дотроос булчингийн гаралтай хоргүй толгойн өвдөлт нийт толгойн өвдөлтийн 80 хувийг эзэлж байна. Үүнийг амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн шинж тэмдгийн асуумжаар тодорхойлдог.
Зарим хүн тохироогүй харааны шил зүүснээс болж толгой өвддөг бол зарим нь ажлын ачаалал, хэт удаан дэлгэцийн хамааралтай суух, тохиромжгүй хэт бүгчим, агааргүй, дуу чимээ ихтэй орчинд ажилласнаас үүдэн толгой өвдөх хамгийн том шалтгаан болж байна.
-Булчингийн гаралтай хоргүй толгойн өвдөлт гэдгээ хувь хүн шинж тэмдгээр нь мэдэх боломжтой юу, яг энэ эмгэгийг илүү дэлгэрүүлэн тайлбарлахгүй юу?
-Дүрслэл оношилгоо болон багажаар ямар нэгэн эмгэг илрэхгүй байхыг хэлнэ. Ихэвчлэн долоо хоног, өдөр бүр гэх давтамжтай өвддөг. Сэдрээх хүчин зүйл нь стресстэх, уурлах, бухимдах, нойргүй ажиллах, амьдралын хэвийн горимыг алдагдуулах, бөгчим, дуу чимээттэй орчинд ажиллах, хөдөлгөөн багатай байх зэргээс үүднэ. Булчингийн гаралтай хоргүй толгойн өвдөлтийг сэдрээдэг хүчин зүйлээ арилгаснаас эмийн бус аргаар үүнийг эмчлэх боломжтой. Гэвч Монголчууд толгой өвдсөн даруйд эм уудаг. Ингэснээр эмийн хамааралт байдалд хүрнэ. Нэгд, эмийн бус аргаар эмчлэх боломжтой хоргүй толгой өвдөлтийг эмийн хамааралтай толгойн өвдөлт рүү шилжүүлдэг. Эмийн хамааралтай болсноор хэвлийн хөндий, ходоодны шарх, шалбархай, улайлтыг үүсэх эрсдэл өндөр.
Монголчуудын дунд булчингийн гаралтай хоргүй толгойн өвдөлт нь хүзүүний шохойжилт зэргээс голчлон үүддэг. Ямар ч хөдөлгөөн хийдэггүй, туулийн залхуу байж болохгүй. Ядаж хүзүү, мөрний дасгалаа тогтмол хийвэл булчингийн гаралтай хоргүй толгой өвдөлтөөс өөрийгөө маш сайн хамгаалж, урьдчилсан сэргийлэх боломжтой.
Мөн булчингийн гаралтай хоргүй толгойн өвдөлт хүүхдүүдэд ч байдаг. Түүнийх нь шалтгаан нэг байрлалд удаан хугацаагаар толгойгоо унжуулан сууж, дэлгэц үзсэнээс үүдэлтэй.
-Толгой өвдөлтийг хэд ангилдаг вэ?
-Толгойн өвдөлтийг анхдагч болон хоёрдогч шалтгаант толгойн өвдөлт гэж ангилдаг. Анхдагч толгой өвдөлт нь ямар нэг өвчний суурин дээр бус биеэ даасан байдлаар илэрдэг толгойн өвдөлтүүд ордог. Үүнд дээр ярьсанчлан булчингийн гаралтай хоргүй толгой өвдөлт, мигрень, багцалсан өвдөлт зэрэг багтдаг. Харин хоёрдогч шалтгаант толгойн өвдөлт нь ямар нэгэн өвчин эмгэгийн суурин дээрээс бий болж толгойг өвтгөхийг хэлнэ. Үүнд хамар, дайвар хөндийн үрэвслээс үүдэж буй менингит, төв мэдрэлийн тогтолцооны халдвар, хавдар, судасны гажгийн гаралтай илрэх толгой өвдөлт зэрэг багтдаг гэж ойлгож болно.
-Өвдөлтийн хэмжээ харилцан адил байдаг уу?
-Аливаа хүний өвдөлт мэдэрч буй байдал нь өвдөлт мэдрэх босгоос шууд хамааралтай. Зарим тохиолдолд харьцангуй бага өвдөлттэй байхад зарим нь маш их өвдөлт мэдэрдэг. Энэ бол тухайн хүний өвдөлт мэдрэх босготой хамааралтай.
-Анхдагч гаралтай толгой өвдөлтөөс хэрхэн сэргийлэх вэ?
-Сэдрээж байгаа хүчин зүйлээ мэдэж байгаа бол түүнээс зайлсхийх. Хоёрдогчоор толгой өвдөж байгаа бол оношлигоонд орж, өвчнөө эмчилснээр толгойн өвдөлт арилна.
-Толгойн өвдөлтийн шилж тэмдэг хэрхэн илэрдэг вэ. Зарим хүний шилэн хүзүү, нүдний ухархай зэрэг рүү өвддөг гэх. Ийм байдлаар өвдөх боломжтой юу?
-Толгой өвдөж байгаа шинж тэмдэг хүн бүрт харилцан адилгүй. Зарим хүний чамархайгаар хатгуулах, толгойн орой бамбайх, шилэн хүзүү хөших, хатгалаа, лугшлаа, толгойг ороогоод бөгжилж базсан мэт өвдөх, нүдний ухархай руу өвдөх зэргээр янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Үүнийг багажийн болон үйл оношийн шинжилгээгээр өвчин эмгэгийг илүү лавшруулан судлах хэрэгтэй. Багажийн болон дүрслэл оношилгооны шинжилгээнүүдээр эмгэг, өөрчлөлт байхгүй бол булчингийн гаралтай хоргүй толгой өвдөлт байдаг. Мэдээж хэрэг өвчин эмгэгийн суурин дээрээс үүсээд дүрслэл оношилгоо болон багажийн шинжилгээгээр илэрвэл нэн түрүүнд шалтгааныг нь эмчлэх хэрэгтэй.
-Толгой өвдөхөөс урьдчилан сэргийлж болох уу?
-Ямар шалтгааны улмаас толгой өвдөж байна, юу толгой өвдөхийг сэдрээж байна вэ гэдгээ анзаарч, мэдэх хэрэгтэй. Хэрвээ хүн бүгчим нөхцөлд ажиллах, хоол цайгүй ажиллах, хөдөлмөрийн таагүй нөхцөлд ажилланаас үүдэн толгой өвдөж байх юм бол тэр нөхцөлөөс холдох, өвдөлтийг сэдрээхгүй байхдаа анхаарах хэрэгтэй. Хоол цайгаа тогтмол ууж, агаараа сэлгэ. Түүнчлэн суугаа ажилтай хүмүүсийн хүзүү мөрний дасгал хөдөлгөөн маш сайн хийх хэрэгтэй. Ингэснээр толгой өвдөх зовуурь багасч, хөдөлмөрийн чадвар сайжирна.
-Сэдрээж байгаа хүчин зүйлээс холдсон ч хүчтэй өвдөлт өгсөөр байвал ямар аргаар намдаах боломжтой вэ?
-Толгой өвдөлтийн өвчин намдаах эмүүд, үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэлүүдийг хэрэглэж болно. Үүнд, парацетамол, ибупрофен зэрэг эмнүүдийг хэрэглэж болдог. Бусад төрлийн толгой өвдөлтөд тохирсон зориулалтын эмээ эмчийн заавраар авсан бол ууж болно. Монголчууд ам дамжсан байдлаар толгойн эмийг хамаа замбараагүй хэрэглэдэг. Үүнээсээ болж эмийн замбараагүй хэрэглээнд ордог. Үүнээс үүдэж эмийн гаралтай ходоодны шарх шалбархай үүснэ. Тиймээс иргэд юун түрүүнд эм барьж авахаас илүү сэдрээж буй хүчин зүйлээ олж тогтоогоод түүнээсээ зайлсхийж, хүзүү мөрний дасгал хийх хэрэгтэй. Суугаа ажилтай хүмүүс ялангуяа хүзүү мөрний хөдөлгөөн хийснээр сэргийлэх боломжтой.
-Толгой өвтгөж буй шалтгаанаа тогтоолгүй удаан хугацаанд үргэлжлүүлбэл ямар эрсдэлд хүрч болох вэ?
-Удаан хугацаанд үргэлжлэх нь нэгд, тухайн хүнийг эмийн хамааралт байдалд хүргэнэ. Хоёрт, эмийн хамаарлаас үүдэн хүнийг тайван бус, уур бухимдалтай, анхаарал төвлөрөлтгүй, ажлын чадамж бүтээмжгүйдэх, нийгмийн харилцаанд орохдоо стресстэх, ходоод гэдсэнд шарх шалбархай үүсэх, эрсдэлтэй. Толгой өвдөж байна гээд антибиотик хэрэглэж болохгүй. Энэ нь хүнийг мөөгөнцөртүүлэх үндсэн шалтгаан болж мэднэ. Толгой өвдөөд эм уух бол заавал эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Ярилцлагын төгсгөлд иргэдэд толгойн өвдөлттэй холбоотой зөвлөгөө өгвөл?
-Артерын даралт ихэссэний улмаас толгой задрах мэт өвдөж байна гэж иргэд их хэлдэг. Артерын даралт ихэссэн үед толгой дүүрч, чинэрч байгаа мэт өвддөг. Энэ тохиолдолд хүн өөрийн хэвийн даралтаа мэддэг байх, ихсээд хэд хүрч байна гэдгээ хянах хэрэгтэй. Үүнээс үүдэн даралтын зөв эмээ уувал толгойн өвдөлт арилна. Заавал даралтаа үзээд ихэссэн тохиолдолд уух нь зүй. Тэгэхгүй даралтаа буурсан хойно даралтын эмээ уугаад байж болохгүй. Даралт ихэссэнээ мэдэхгүй даралтын эмээ уухгүй бол тархины харвалтаар өвдөх эрсдэлтэй. Хүний тархинд жижиг, том хэмжээгээр харвалт өгсөн л бол амь нас, амьдралын чанарт өөрчлөлт ордог.