Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

Ж.Мандхай: Би аав, ээжийнхээ шаргуу хөдөлмөрлөхийг харж өссөн

Ж.Мандхай: Би аав, ээжийнхээ шаргуу хөдөлмөрлөхийг харж өссөн
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 15
Улс үндэстнүүдийн соёл, зан заншил болон өвөрмөц хэв маягуудыг онцлон бичдэг Английн “Theculturetrip” вебсайтын редакцаас  2019 онд салбартаа болон дэлхийд манлайлж буй хамгийн нөлөө бүхий долоон эмэгтэйг танилцуулсан байна. Эдгээр хүмүүс нь  бизнес, соёл урлаг болон загварын салбарт манлайлсан бүсгүйчүүд байгаа юм.
“Дэлхийд манлайлж” буй гэх уг шалгуур, жагсаалтад Монгол Улсын иргэн Жаргалсайханы Мандхай багтжээ. Тэрээр Лондон хотод ноолууран хувцасны компани удирддаг, мөн загвар зохион бүтээгч аж. Мөн түүнийг “Буян” компанийн захирал Б. Жаргалсайханы охин гэдгийг олон нийт төдийлөн сайн мэдэхгүй юм.
Тус вебсайт “Ж.Мандхайн ноолууран хувцасны брэндийн нийт ажилчдын 80 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд компани нь Лондонд төвтэй ч, Монгол Улсад үйлдвэрлэлийн процесс нь явагддаг” гэж тодотгожээ.
 Харин уншигч та бүхэнд Ж.Мандхайг илүү сайн танилцуулах үүднээс түүний “LUX” загварын сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Тус сэтгүүл Ж.Мандхайгаас  зургаан асуултад хариулт авснаа нийтэлсэн байна.
undefined
Асуулт: Таны хүүхэд насны хамгийн сайхан дурсамж юу вэ?
-Ж.Мандхай: Миний хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд үйлдвэрт өнгөрсөн байдаг юм. Би аав ээжийнхээ өдөр бүр маш шаргуу хөдөлмөрлөхийг харж өссөн. Тэд маань үргэлж өглөөнөөс үдэш хүртэл өөрсдийн үйлдвэрт ажилладаг. Харин би энэ тэрүүгээр тоглож, гар урлаачид хэрхэн ажлаа хийж байгааг харж зогсдог байлаа.
Үйлдвэрт тогтмол зочид ирдэг байсан бөгөөд нэгэн удаа ирсэн зочноос гарын үсгийг нь авахгүй юм уу гэж хүн бүр надаас асуусан юм. Би тэр үед тав юм уу зургаан настай байсан. Тэгээд чухам ямар нэр хүндтэй зочин, бас хэн болохыг сайн мэдэхгүй ч гарын үсгийг нь авсан юм. Харин хожим нь л түүнийг Холливүүдийн алдарт жүжигчин Ричард Гир болохыг мэдсэн.
Асуулт: Та яагаад өөрийнхөө брэндийг гаргах болсон бэ?
-Ж.Мандхай: Би зах зээлд орчин үеийн загварлаг ноолууран бүтээгдэхүүний эрэлт илүү байгааг ажиглаж өөрийн нэрээр “Мандхай” брэндийг гаргахаар шийдсэн. Миний өмнө нь харж байсан ноолууран хувцаснууд их энгийн бас хуучинсаг загвартай байсан. Тэгээд Лондонд хувцас загварын чиглэлээр суралцсаныхаа дараа өөрийн гэр бүлийн бололцоог ашиглан сэтгэл хөдөлгөм, тийм гоё загваруудыг бусдад санал болгож болох юм гэж надад мэдрэгдсэн. Бид ноолуурын бүхий л бүтээгдэхүүнээ Монгол дахь үйлдвэртээ өөрсдийн гараар хийдэг. Мөн би ноолууран үйлдвэрлэлийн янз бүрийн нарийн төвөгтэй, зөвхөн мэргэжлийн урлаач л хийж чадах тэр ур чадваруудыг харуулахыг маш их хүсдэг.
Миний нэр Монголоор өсөн дэвжих гэсэн утгатай. Брэндээ өөрийн нэрээр нэрлэсэн бөгөөд миний хувь хүнийг тусгахаас гадна, миний гарал үүслийг тодруулж байхыг давхар хүссэн.   
Асуулт: Өндөр чанартай ноолуурыг таньж, худалдан авахад юуг анхаарах хэрэгтэй гэж зөвлөх вэ?
-Ж.Мандхай: Тухайн ноолуур маш зөөлхөн байлаа гээд хамгийн өндөр чанартай гэсэн үг биш юм. Эхлээд хаана үйлдвэрлэсэн болохыг харах хэрэгтэй. Монголын ноолуур маш чанартай байдаг. Учир нь монголчууд хээр талд чөлөөтэй бэлчээрлэдэг ямааны ноосоор ноолуур хийдэг. Монголын хатуу ширүүн цаг уур нь өвлийн улиралд -50 градус ч хүрэх тохиолдол байдаг. Ийм эрс тэрс нөхцөлд л хамгийн сайн  ноос боловсордог юм. Мөн Монгол ноолуурыг Өвөр Монголын ноолууртай андуурч болохгүй. Бас сайн чанарын ноолуур эдэлгээний явцад улам бүр зөөлөн болдог.
undefined
Асуулт: Таны бодлоор хувцас загвар бүхэлдээ дахин сэргээгдэж болдог байгаль орчинд ээлтэй чиглэлд явах боломжтой юу?  
-Ж.Мандхай: Боломжгүй зүйл гэж байхгүй. Тийм ээ, би хувцас загварын салбарыг тэр чигт явна гэж боддог. Ингэхийн тулд хүмүүс үүнийг хүсэх л хэрэгтэй.
Асуулт: Та яг одоо хэнээс эсвэл юунаас урам зориг авч байна вэ?
-Ж.Мандхай: Яг одоогоор АНУ-ын “Wyoming Jackson”-д аялсан аяллаасаа урам зориг авч байна. Тэндхийн байгаль их үзэсгэлэнтэй байсан бөгөөд заримдаа Монголын байгальтай ижилхэн санагдаж байсан. Манай дараагийн загварын коллекцууд энэ аяллаас санаа авсан байх болно. Мөн шинэ коллекцио танилцуулахыг тэсэн ядан хүлээж байна.
Асуулт: Мандхайн хувьд дараа дараадаа юуг төлөвлөөд байна вэ?
Ж.Мандхай: Хамгийн сүүлд манай брэнд эрэгтэй хувцасны загваруудыг шинээр нэмж гаргасан бөгөөд олон нийтээс сайн үнэлгээ авч өсөн нэмэгдэж байгаагаа харах маш сайхан байна. Миний бодлоор хувцас загварын чиг хандлагад хүйс гэж байхгүй болж байна. Загвар зохион бүтээгчийн хувьд эрэгтэй хүний загварыг зохион бүтээнэ гэдэг маш сонирхолтой юм. Бид цаашид эмэгтэй загваруудаа хөгжүүлэхийн зэрэгцээ ноолууран хувцасны тухай мэдлэгийг бий болгохыг зорьж байна.
Мандхай брэндийн албан ёсны цахим хуудас: http://www.mandkhai.com/
undefined
Эх сурвалж: “Theculturetrip”, “LUX-mag”
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн