Улаанбаатар хотын агаар, хөрс, орчны бохирдлыг буруулах зорилгын хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь орон сууцны олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх зарчмаар газар чөлөөлөлтийн ажлыг зохион байгуулахаар болсон.
Газар чөлөөлөлтийн ажлыг хийхдээ гэр хорооллын бүсэд нэг дор 4 га газраас багагүй газарт газрын эзэд өөрийн хүсэл, сонирхлоор нэгдэж төсөлд хамрагдах хүсэлт гаргавал газрыг орон сууцаар солих зарчмыг хэрэгжүүлэх юм. Ингэснээр тухайн байршилд нь дахин орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж бүрдэх аж.
“Нийслэлийн орон сууцны корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар: Дөрвөн га газар дунджаар 90-100 иргэний өмч хэлбэртэй байгаа. Эдгээр иргэд нэгдээд газраа орон сууцаар сольё гэсэн хүсэлт гаргасныг үндэслэн төслийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нэг иргэний газар 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн ч 70 сая төгрөгийн орон сууц авах хүсэлтэй байгаа бол үлдэгдэл 30 сая төгрөгийг таван жилийн хугацаанд 8 хүртэлх хувийн хүүтэйгээр төлөх нөхцөлтэйгээр төсөлд хамруулах боломжтой. Нөгөө талаас газар нь орон сууцны үнээс давсан тохиолдол бас гарч болно. Энэ тохиолдолд мөн иргэнтэй гэрээ хийгээд 1-2 жилийн хугацаанд зөрүүг төлөхөөр төлөвлөж байгаа. Нийт 24 байршилд 1216 га газрын 20477 нэгж талбар буюу 20477 хашаа байгаа. Эдгээрээс хамгийн түрүүнд санаа нэгдсэн байршилд үнэлгээ хийгээд эхэлнэ. Газраа чөлөөлсөн иргэдийн хувьд шууд Буянт-Ухаа II хороололд байрлах бэлэн байранд орж болно. Өнөөдрийн байдлаар 390 айлын орон сууц бэлэн байгаа. Цаашид газраа чөлөөлөөд орон сууц баригдаад явна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд иргэд итгэл алдарсан байгаа учраас газраа чөлөөлсөн тохиолдолд шууд бэлэн байранд ороод явах зарчим баримтална" гэлээ.
Газрыг орон сууцаар солих байршлууд:
1.Сонгинохайрхан дүүрэг 7, 8, 9,10, 28-р дугаар хороо Баянхошуу дэд төв
2.Чингэлтэй дүүрэг 14, 48-р хороо, Сүхбаатар дүүрэг 14-р хороо Сэлбэ дэд төв
3.Сүхбаатар дүүрэг 16,17-р хороо Дамбадаржаа дэд төв
4.Чингэлтэй дүүрэг 10, 11, 12, 13-р хороо Дэнжий мянга дэд төв
5.Баянзүрх дүүрэг 9, 17, 19, 24,-р хороо Шар хад дэд төв
6.Сүхбаатар дүүрэг 9, 10, 11, 12-р хороо Орон сууцны 7-р хороолол
7.Баянзүрх дүүрэг 2, 4-р хороо Мамба дацан
8.Баянзүрх дүүрэг 13,14-р хороо Орон сууцны 14-р хороолол
9.Баянзүрх дүүрэг 12-р хороо Чулуун-Овооны тойргоос хууль сахиулах их сургууль орчим
10. Сонгинохайрхан дүүрэг 1, 2, 20-р хороо Цэргийн хотхон орчим А хэсэгчилсэн талбай
11.Чингэлтэй дүүрэг 9, 10, 11-р хороо Дэнжийн мянга орчим В хэсэгчилсэн талбай, 39-р сургуулийн баруун хойд талд Г хэсэгчилсэн талбай.
Эдгээр байршлуудад бүртгэлтэй айл өрхүүд өнөөдрөөс эхлэн тухайн дүүргийн хороон дээрээ очиж мэдээллийг аваад бүртгүүлэх боломжтой юм.