“Эм Ай Би Жи” үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал, А.Билгүүнтэй Тавантолгой IPO талаар ярилцлаа.
-Хаврын чуулганаар Тавантолгой ордыг эргэлтэд оруулах төслийг баталсан. Энэ хүрээнд Эрдэнэс-Тавантолгой компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж арилжаалж, хөрөнгө оруулалт татахаар болсон. Гэхдээ гадаадын бирж дээр гарахаас өмнө Монголын Хөрөнгийн бирж дээр гаргах ёстой биз дээ. Ер нь Тавантолгой IPO Монгол Улсад ямар ашигтай вэ?
-Тавантолгойн IPO-ийн хувьд Монгол Улсад маш их ач холбогдолтой. Учир нь, аливаа нэгэн улс орон, бүс нутгууд хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахын тулд нэг капиталист буюу томоохон төслийг хөдөлгөх ёстой. Үүнийг бид 2009 онд харсан, ойлгосон. Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийж гүйцэтгэснээр Монголыг сонирхох хөрөнгө оруулагчдын хандлага эрс өөрчлөгдсөн. Одоо Тавантолгойн IPO олон улсын зах зээл болон дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах оролдлого нь дахиад л гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол руу хандуулах алтан боломж. Нэгд, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар гадаадын хөрөнгө оруулалт сайжирна. Хоёрт, Тавантолгойн ордыг түшиглэн иргэдэд тараасан 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж, бодит үнэ цэнэ нь юу вэ гэдгийг иргэд, Засгийн газар ч ойлгох цаг ирнэ. Ер нь IPO хийж гаргаснаар аливаа нэг төсөл, компани, менежментийн өөрийнх нь зах зээлийн үнэлгээ ямар байх вэ гэдэг нь илүү тод харагдана. Зах зээлийн үнэлгээ ямар байх нь илүү сонирхолтой байна. Тавантолгой компани коксжих нүүрс экспортолдог. Хэдийгээр зарим хүн нүүрсний салбарыг ирээдүйгүй гэж ярьдаг ч тэр нь эрчим хүчний нүүрсэнд л хамааралтай. Коксжих нүүрсний хувьд БНХАУ цаашид авсаар л байх болно. Коксжих нүүрсний том хэрэглэгч Хятад улсын хаяанд байгаа Монгол Улсын Тавантолгой төсөл харьцангуй өндрөөр үнэлэгдэх боломжтой гэж харж байгаа. Тиймээс хөрөнгө босгох ажил амжилттай болно гэсэн хүлээлттэй байна.
Зарим нэгэн түвэгтэй асуудал бий. Үнэ сулласнаас болж хүн болгон хувьцаагаа зарах эрхийг олгочихдог гэж ярьдаг. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй, зах зээлийн журмаар богино хугацааны зарах асуудал гарна. Тэр үе нь хувьцаа худалдаж авах, цуглуулах, бодит хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах сайхан боломж юм.
-Тавантолгойн 30 хувийг Хонконгийн болон Нью Йоркийн бирж дээр гаргахаар бэлтгэж ажлыг хангаж, судалж байгаа гэж салбарын сайд мэдээлсэн байна. Зарим хүн Хонконг дээр гаргавал хэн авах нь тодорхой гэж ярих юм. Та мэргэжлийн шинжээчийн хувьд аль зах зээл нь илүү гэж харж байна вэ?
-Хөрөнгийн зах зээл болгон хоорондоо харилцан адилгүй. Жишээ нь, Торонтогийн хөрөнгийн биржээс монголчууд нэлээд мөнгө босгодог. Тэнд голдуу уул уурхай, хөрөнгө оруулалтын компаниуд хөрөнгө босгодог. Хайгуулаар тодорхой хэмжээний орд илрүүлчихээд тэрийгээ ашиглалтын компани болгож, хувьцаагаа санал болгож, хөрөнгө босгодог. Австралийн Хөрөнгийн бирж дээр голдуу орд илрүүлчихээд түүнийг ашиглах магадлалтай компаниуд хөрөнгө босгодог. Харин ХонгКонгийн хөрөнгийн бирж дээр уул уурхайн компаниуд шинэд тооцогддог. Давуу тал нь уул уурхайн компаниудын газар доор байгаа эрдсийг нь үнэлэх үнэлэмж нь харьцангуй өндөр юм уу гэсэн хандлага ажиглагддаг. Ялангуяа алт олборлох компаниудын хувьд. Тэгэхээр хөрөнгө оруулалтын бирж бүр оролцож байгаа хөрөнгө оруулагчдын нийтлэг сэтгэлгээний хандлагаас шалтгаалан аливаа нэгэн хөрөнгө болон компанийг өөр, өөр үнэлдэг. Энэ олон хөрөнгийн биржээс зөвийг нь сонгох хариуцлагатай ажилд нухацтай хандаж байгаа гэж найдаж байна. Цаашлаад ямар брокер хөрөнгийн оруулалтын банк андрейтр хийх вэ, ямар цагийн бүст орших уу гэдэг асуудлууд байгаа. Миний хувьд аль хөрөнгийн бирж дээр хамгийн өндөр үнэлэгдэх вэ гэдгийг бодолцож, сонголтоо хийх хэрэгтэй гэж бодож байна.
-Аль ч хөрөнгийн бирж дээр гаргасан Монголын том компаниуд нэгдээд хөрөнгө оруулах боломж нээлттэй биз дээ?
-Гадаадын хөрөнгийн бирж дээр хэн ч хувьцаа худалдан авч болно шүү дээ. Монгол Улсын Засгийн газар гаргаж байна гэдэг үүднээсээ тухайн IPO-ийнхээ нөхцөл болгож “Монголын стратегийн хөрөнгө оруулагчийг оруулна” гэсэн шаардлагыг тавьж болно. Тиймээс нэг талдаа Монголын компаниуд яагаад консорциум болж, хөрөнгө оруулалтын сан байгуулж ахиу хэмжээний хувьцааг нь худалдан авч болохгүй гэж. Нөгөө талд яагаад гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаж байгаа вэ гэвэл бид илүү өндөр үнэ хүргэх зорилготой шүү дээ. Тиймээс илүү үнэтэй л олдох ёстой.
-Тавантолгойн 30 хувийг гадаадын хөрөнгийн бирж дээр гаргаад 3-5 тэрбум ам.доллар босгоно гэж тооцож буй. Энэ биелэх хэр боломжтой вэ, эсвэл давах уу?
-Хөрөнгө босгох тооцоо, үндэслэлийг нь хараахан сайн мэдэхгүй байна. Хамгийн гол нь босгож байгаа хөрөнгө оруулалт нь өнөөгийн компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхүйц хэмжээний бүтээн байгуулалт хийх шаардлагатай гэж харж байгаа.
-Тавантолгойн компанийн үйл ажиллагаа идэвхжихийн хэрээр иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцаа амилах боломж бүрдэнэ гэж тайлбарлаж байгаа. Үүнийг дагаж иргэдийн данс нээх, баталгаажих ажлууд нэлээд идэвхжээд байна. Гэхдээ үнэхээр иргэдийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдол ашиг тараах боломжтой юу?
-1072 хувьцаа иргэдийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Үүнтэй холбоотойгоор нийгэмд буруу ойлголт яваад байна. Хэрвээ 1072 хувьцаанд ногдол ашиг тараадаг л юм бол иргэд брокерийн данстай ч бай, дансгүй ч бай угаасаа иргэдийн нэр дээрх Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр дансанд орчихно. Үүнийг заавал брокерийн данс нээлгэж ногдол ашгаа хүлээж авна гэж буруу ойлгож болохгүй. Брокерийн данс нээлгэх ёстой гэснээс болж маш их дараалал үүсч, олон иргэд хүүхдээ тэвэрсэн брокерын компанийн үүд сахиж байна. Брокерын компани дээр хэзээ очих вэ гэвэл хувьцаагаа арилжих үедээ л очно. Таны нэр дээрх хувьцаа, данс Үнэт цаасны төв дээр байгаа.