Open iToim app
Хүний эрх | 5 мин уншина

О.Мөнхсайхан: Засгийн газрын төсөл хүний эрх, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах эрсдэлтэй

О.Мөнхсайхан: Засгийн газрын төсөл хүний эрх, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах эрсдэлтэй
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 20
 МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, Хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.  
-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж, Засгийн газар дэмжсэн. Удахгүй  УИХ-д өргөн барина.  Хэрвээ хуулийн төсөл батлагдвал Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрүүдийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй болно. Олон хуульчид, судлаачид энэ хуулийн төслийн эсрэг байр сууриа илэрхийлж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?  
-Захиргааны хэргийн шүүхийн хяналтаас Засгийн газрын захиргааны үйл ажиллагааг гаргах анхны алхмыг Цэцийн дарга Д.Одбаяр Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод албан бичиг явуулж, “Захиргааны хэргийн шүүхээс Засгийн газрын шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэж байгаа”-аа болиулах арга хэмжээ авч хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Энэ нь иргэнээс очсон мэдээллийн дагуу уг маргааны агуулгыг Цэц их суудлаараа шийдвэрлээгүй байхад саналаа урьдчилан хэлсэн, Цэцийн даргын эрх хэмжээгээ хэтрүүлсэн ноцтой үйлдэл болж байсан.  
Одоо хоёр дахь алхам нь “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа”-нд Захиргааны ерөнхий хууль үйлчлэхгүй байх, улмаар ийм бүх шийдвэр үйл ажиллагааг захиргааны хэргийн шүүх хянахгүй байх хуулийн төслийг боловсруулаад байна.
Уг төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд ойрын өдрүүдэд УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж  байна.   Хэрэв Засгийн газрыг захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүр мөсөн гаргавал Засгийн газрын үйл ажиллагааг хуульд захируулахад саад учруулж, хүний эрхийн хамгаалалт, шүүхийн хяналт, эрх зүйт төрийг сулруулах сөрөг үр дагавартай юм.
Монгол Улсын иргэн “хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах,” “шударга шүүхээр шүүлгэх” эрхтэй гэдгийг Үндсэн хуулийн 16.14-т тодорхой заасан. Засгийн газар хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг байнга гаргадаг. Тиймээс, хэрэв Засгийн газрын шийдвэр хуульд заасан эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл хувь хүн, хуулийн этгээд уул эрхээ хамгаалуулахаар холбогдох шүүхэд гомдол гаргах эрхтэй байх нь Үндсэн хуулийн шаардлага. Засгийн газрын дээд шатны захиргааны байгууллага гэж байхгүй, мөн түүний захиргааны актын талаарх гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага байхгүй.       
Үндсэн хуулийн 19.1-д зааснаар Монголын төр “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” Зөвхөн шүүх хөндөгдсөн тодорхой эрхийг сэргээн эдлүүлдэг бөгөөд энэ чиг үүрэг нь шүүх эрх мэдлийн нэг гол шинж явдал юм. 2016 оны ЗХШХШТХ-ын 106.2-т заасны дагуу захиргааны хэргийн шүүх Засгийн газрын захиргааны үйл ажиллагаагаар хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх агуулгатай шийдвэр гаргах бүрэн эрхтэй юм. Жишээлбэл, Засгийн газар төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар халсан бол шүүх үүнийг тогтоогоод (уг шийдвэрийг хүчингүй болгоод) зогсохгүй тухайн хүнийг ажилд нь эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зохих нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх шийдвэр гаргадаг. Мөн, хүний хувийн өмчийг дур мэдэн төрийн өмчид авсан Засгийн газрын хууль бус шийдвэрийг шүүх хүчингүй болгож, хохирлыг барагдуулж байжээ. Хууль тогтоомжид нийцээгүй Засгийн газрын тогтоол, захирамжийг Засгийн газар өөрөө эсхүл УИХ хүчингүй болгож болох ч шүүх шиг хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх ийм эрх хэмжээ байхгүй. Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн эсхүл захиргааны хэргийн шүүхийн хяналтаас гаргавал хувь хүн, хуулийн этгээд хөндөгдсөн эрхээ сэргээлгэж чадахгүй болж хохироход хүрнэ. 
Тиймд энэ төсөл батлагдвал “Засгийн газрын шийдвэр” төдийгүй “түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа” захиргааны хэргийн шүүхийн хяналтаас бүрэн гарч, мөн Засгийн газраас бус байгууллага, албан тушаалтан (Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг)-ны улс төрийн үйл ажиллагааг захиргааны үйл ажиллагаанаас заагласан ялгаа алга болж тодорхойгүй байдал үүснэ. Үүний үр дагаварт хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийн суурь үнэт зүйлс болсон хууль дээдлэх зарчим, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, хөндөгдсөн эрхээ сэргээлгэх эрхүүд Засгийн газрын шийдвэр болон түүнийг биелүүлэхтэй холбоотой харилцаанд хэрэгжих боломжгүй болно.        
-Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн цаана “Эрдэнэт”-ийн 49 хувь,  нэр бүхий аж ахуйн нэгжийг усны төлбөрөөс чөлөөлсөн, мөн өмч хувьчлалтай холбоотой Засгийн газрын зарим шийдвэрийг хамгаалах арга гэх хардлага байна.  Ер нь Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Засгийн газрын тогтоолууд хууль зөрчсөн хэр олон тохиолдлыг ирүүлсэн байдаг юм бэ?    
-Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2016 оны долдугаар сарын 1-ний өдөр хүчин төгөлдөр болсноос хойш захиргааны хэргийн шүүхүүд төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн, тусгай зөвшөөрөл бүхий талбайг давхцуулан тусгай хэрэгцээнд авсан, хувийн компанийн эзэмшлийн газрыг тусгай хэрэгцээнд авсан зэрэг агуулгатай Засгийн газрын тогтоолууд хууль зөрчсөн тухай 20 гаран хэргийг хянан шийдвэрлээд байгаа ажээ. Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан хоёр хэрэг байна. Эхнийх нь 2017 онд өвөл, хаврын цагт хурдан морины уралдааны хуваарийг товлосон Засгийн газрын тогтоол хүүхдийн эрх зөрчсөн, хууль бус байсныг захиргааны хэргийн гурван шатны шүүх тогтоосон. Нөгөө нь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр Засгийн газар хууль зөрчсөн эсэх хэрэг байна. Энэ мэт хэргийг шийдвэрлэх явцад Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй” гэж хэлж байсан байгаа юм.   
-Засгийн газрын хууль бус тогтоол шийдвэрээр хохирсон иргэд гомдлоо Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлж болно гэж зарим хуульчид тайлбарлаж байгаа. Ийм боломж бий юу?
-Засгийн газрын үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүх бус Иргэний хэргийн шүүх шийднэ гэсэн агуулга Үндсэн хуульд байхгүй.     
Өмнө нь Иргэний хэргийн шүүхэд харьяалагдаж байсан захиргааны хэргийг Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үзэл баримтлалаар -Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Жишээлбэл, Засгийн газрын тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийг хууль зөрчиж халсан эсэх нь хөдөлмөрийн гэрээтэй холбоогүй бол энэ асуудлыг иргэний хэргийн шүүх бус харин захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг болох нь зүйтэй. Үүний шалтгаан нь захиргааны хэргийн шүүхийн чиг үүргийн онцлогтой холбоотой. Эрүү, иргэний хэргийн шүүхээс ялгаатай нь захиргааны хэргийн шүүх өөрөө нотлох баримт цуглуулах, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй, мөн тухайн төрлийн маргаанаараа илүү мэргэшсэн байдаг учраас захиргааны хэргийг илүү оновчтой шийдвэрлэх магадлалыг нэмэгдүүлдэг.   
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн