“Үнэртэй усанд дурлагсад” фэйсбүүк группийн админ М.Энхбаяртай ярилцлаа. Тэрээр ярилцлага эхлэхээс өмнө “Надаас хэчнээн үнэртэй устай вэ гэж битгий асуугаарай. Би сүрчгийнхээ тоог мэдэхгүй шүү” хэмээв. Ингээд бид түүний үнэртэй усанд дурласан шалтгаанаас эхлээд үнэртэй усны зөв, соёлтой хэрэглээний тухай ярилцсан юм.
-Таны үнэртэй усанд дурлаж эхэлсэн үеийн түүхээс ярилцлагаа эхэлье?
-Одоо эргээд болоход хүүхэд байхаасаа л үнэртэй усанд дурласан юм шиг санагддаг. Бага байхдаа ээжээсээ нууцаар толины өмнө тавьсан үнэртэй усыг нь алчуурандаа түрхээд цэцэрлэг, сургууль руугаа аваад явдаг байсан. Анх тэгж л үнэртэй усанд татагдаж эхэлсэн. Ер нь хүн нүдээ ханиад харахгүй байж чаддаг, чихээ таглаад сонсохгүй байж ч чадна. Харин хамраа тагласан ч үнэр үнэртдэг учраас үнэрлэх мэдрэхүй бол хүнээс хэзээ ч салдаггүй зүйл юм.
-Үнэртээ уснуудаа хэрхэн, яаж цуглуулдаг юм вэ?
-Би Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг байгууллагуудаас сүрчгээ худалдаж авдаг. Онцгой тохиолдолд гадаадад явж байхдаа авна, эсвэл захиалгаар авсаар байгаад л цуглуулга бүрдсэн. Ер нь нэг сүрчгээ дуусгачхаад дараагийн сүрчгээ хэрэглэдэггүй. Цуглуулсан үнэртэй уснуудаа тухайн өдрийн сэтгэл санааны онцлог, хаана очих гэж байгаа, улирал зэргээс шалтгаалж сонгож түрхдэг юм. Би үнэртнүүдийнхээ тоог мэдэхгүй ч, ойролцоогоор 3-4 чемодан бол байгаа. Мөн задалж ч амжаагүй сүрчгүүд бий. Шинэхэн үнэртнийг задлахдаа өөртэйгөө адилхан үнэртэнд дурлагсадтай эсвэл найзуудтайгаа сууж байгаад задалвал гоё байдаг. Би үнэртэй усыг урлагийн бүтээл гэж хэлэх дуртай. Тэрхүү бүтээлийг бид хүндэтгэлтэй хүлээж авах хэрэгтэй гэж боддог юм.
-Ер нь танд ямар төрлийн сүрчиг таалагддаг вэ. Мөн хэчнээн төрлийн сүрчиг байдаг юм бэ?
-Би модлог, давирхай, хүж, утаа үнэртсэн хүнд төрлийн ус түрхдэг. Хүмүүс ихэвчлэн цитруслаг болон цэцгийн ноот түлхүү орсон хөнгөн ус түрхэх дуртай байдаг. Ийм төрлийн усыг зөөлөн ус гэж нэрлэх нь бий. Дуу долоон нотны тусламжтайгаар аялгуу болон бүтдэг бол уран зургийг үндсэн гурван өнгөнөөс салбарлуулан олон өнгө үүсгэж будахад бий болдог. Тэгвэл үнэртэй ус нь хамраар үнэртдэг урлаг бөгөөд ноотоор бүтээдэг юм. Ингэхдээ толгой, зүрхэн, суурь гэсэн гурван ноотонд хуваадаг. Нэг ёсондоо, үнэртэй ус бидэнд пирамид маягаар үнэртдэг. Хамгийн эхлээд үнэртэй усыг цацахад эхний үнэр нь толгойн ноот үнэртэх буюу тус үнэртэй усанд орсон хамгийн хөнгөн үнэр түрүүлж үнэртэнэ. Гэхдээ ус үнэр тийм ч удаан үнэртэхгүй. Тэгвэл зүрхэн ноот буюу дунд ноот нь тодорхой хугацааны дараа үнэртдэг. Хамгийн сүүлд сүрчиг бүрэн шингэж дууссаны дараа суурь ноот үнэртдэг гэж ойлгож болно. Гэхдээ бүх үнэртэн энэ дэс дарааллын дагуу үнэртэхгүй. Заримдаа суурь ноот түрүүлж үнэртдэг бол толгойн ноот, суурь ноотоо үнэрлээд зүрхэн ноотыг үнэрлэхээргүй бүтсэн үнэртэй ус ч бий. Үүнийг бүтээж буй хүн л өөрийн мэдрэмжийн дагуу хийдэг. Дэлхий дээр хамгийн цөөхөн мэргэжилтэнтэй мэргэжил бол үнэртэн бүтээгч нар юм. Тэднийг үнэртэй усны мастерууд гэдэг бөгөөд уран сэтгэмж, химийн мэдлэг, загвар дизайн, үнэрлэх чадвартай гэсэн төрөл бүрийн чадвар, мэдрэмж шаардсан ажил.
-Та өөрөө үнэртэй ус хийх гэж оролдож үзэж байсан уу?
-Сарнай цэцгийн дэлбээг тосонд дэвтээж, дарж хадгалж үзэж байсан. Мөн манай улсад үнэртний бар гэдэг газар байдаг юм. Үнэртэй усны бэлдцүүд байдаг бөгөөд өөрт тохирох үнэртэй усыг мэдрэмжээрээ хийх боломжтой. Тэр газарт үнэртэй ус бүтээж үзсэн юм байна.
-Үнэртэй усыг тухайн өдрийн цаг агаар, сэтгэл санааны байдал, улирал зэргээс шалтгаалж сонгодог уу?
-Би бороотой, гунигтай өдөр зориуд сэтгэл санаагаа сэргээж, орчны уур амьсгалыг өөрчлөхөөр сэргэг, цэнгэг үнэртэй ус түрхдэг. Харин зуны улиралд цитруслаг, агаар, далайн үнэртэй, цэнгэг моодтой ус түрхдэг юм. Тэгвэл өвлийн улиралд дорнын буюу модлог үнэртэй ус зүгээр байдаг.
-24 цагийн тогтоцтой үнэртэй ус зарж байна гэх хүмүүс байдаг. Ийм удаан хадгалагдах үнэртэй ус байдаг юм болов уу?
-Яг 24 цаг үнэрээ барьдаг үнэртэй ус гэж одоогоор хийгдээгүй байгаа. Хамгийн удаан барьдаг нь тосон сүрчиг. Яагаад гэвэл дүүргэгч бодис ороогүй, тосон түрхэгчтэй учраас үнэр нь удаан гардаг юм. Ер нь үнэт тосны найрлага их орсон байх тусмаа үнэрээ удаан барьдаг бөгөөд энэ төрлийн сүрчиг үнэтэй байдаг.
-Зарим эмэгтэй эрэгтэйчүүдэд зориулсан үнэртэй ус л түрхдэг, гоё санагдаад байдаг гэдэг. Энэ ямар учиртай юм бэ?
-Надад ч бас тэгж санагддаг. Үнэртэй усны хүйсний онцлогийг 18-19 дүгээр зууны үед гаргаж ирсэн гэж үздэг. Хүчирхэг буюу мод, хүж, утаа, хүхрийн үнэр орсон буюу модлог, дорнын үнэртэй усыг эрэгтэйчүүдийн үнэртэй ус гэж хэлэх нь бий. Гэхдээ үнэртэй усанд хүйс байхгүй шүү. Өөрт таалагдсанаа түрх.
-Ер нь таны бодлоор монголчууд үнэтэй ус түрхэх, хэрэглэх соёлыг анзаарсан байгаа байх. Ер нь хэр зөв зохистой хэрэглэдэг бол?
-Монголчууд үнэртэй ус түрхдэг болчихсон. Үнэртэй усыг биеийн эвгүй үнэрийг дарахын тулд цацдаг биш, өөрийгөө хүндлэх илэрхийлэл болгож соёлтой хэрэглэдэг болох хэрэгтэй. Орчлон "Үнэртэй усанд дурлагсад" группийг үүсгэн байгуулж байсан үеэс үнэртний соёлыг түгээх сургалт явуулдаг байсан юм. Тэр үед хүмүүс зөөлөн үнэртэй ус байна уу, энэ ус орги уу, хулхи уу л гэж их асуудаг байлаа. Харин одоо хүмүүс хаанаас үнэртээ усаа авах ёстойгоо мэддэг болсон байна. Гэхдээ соёлтой хэрэглэхэд суралцах хэрэгтэй болсон. Хэчнээн гоё үнэртэй ус түрхсэн байсан ч тохиромжгүй газартаа үнэ цэнэ нь гарахгүй шүү дээ. Зарим хүн үнэртнээ хэт их түрхчихсэн байдаг. Сүрчигнүүд найрлагаасаа шалтгаалаад их түрхвэл хурц санагдах үе байна. Ганцхан цацахад л хангалттай үнэртэй ус ч гэж байдаг юм. Тиймээс бусдын анхаарлыг татахгүй, харшилтай хүмүүст сөргөөр нөлөөлөхөөргүй үнэтэй усыг хурал, цуглаан гээд олон нийтийн газарт явахдаа сонгож хэрэглэх ёстой.
-Зарим хүн үнэтэй ус үнэртэхээр толгой өвдөж, дотор муухай оргиж байна гэдэг?
-Тийм. Үнэртэй усыг мод, ургамал, спиртээр хийдэг учраас спирт, ургамлын харшилтай хүмүүс эмзэг байдаг юм. Гэхдээ спиртэд харшилтай хүмүүс эмчилгээний зориулалтаар Кларансийн үнэртэй усыг түрхвэл тохиромжтой. Мөн үүнээс гадна үнэртэй усыг түрхэхэд тухайн хүний арьснаас хамаарч үнэр нь өөрчлөгдөж, эсвэл маш хурдан гарах тохиолдол бий. Тиймээс хэн нэгний үгэнд орж, тэр хүнд тохирох сүрчгийг түрхэж болохгүй. Өөртөө тохирсон үнэртэй усыг сонгож, зөв хэрэглэснээр анхилан үнэрээ ардаа үлдээдэг соёлтой иргэн болно.
-Тэгвэл хаана ч түрхэхэд тохиромжтой үнэртэй ус гэж байдаг уу?
-Өмнө хэлсэнчлэн хүмүүсийн зөөлөн гэж нэрлэдэг цитруслаг, сул, далайн үнэртэй уснууд хэнд ч эвгүй мэдрэмж төрүүлдэггүй. Жишээлбэл, Bvlgari brend-ийн AQVA Marin, Yves rocher-ийн үнэтэй уснууд тохиромжтой.