УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан дуусаж, мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Халамжаас дутуугүй Монгол Улсын эдийн засгийг гажуудуулж байгаа, яригддаггүй сэдэв бол татаас. Энэ бол төрийн эдийн засагт оролцох оролцоог нэмэгдүүлж байна. Халамж нь хүүхдийн мөнгийг оруулахгүйгээр 590 тэрбум төгрөг байгаа юм. Харин татаасын хэмжээ нь 985 тэрбум байна. Халамжаас 50 орчим хувь илүү. Татаас нь тэгш бус, замбараагүй бий болгодог. Хэн татаасаар хөнгөлөлт эдэлж, хэн чөлөөлөгдөж байгаа нь ч тодорхой бус. Тиймээс Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнээс манай бүлэг асуулга асууж байна.
Халамжийг оновчтой, зорилтот бүлэгт хүргэе гэж ярьдаг шигээ яг юунд татаас өгөх ёстойгоо тогтож, ойлголцох хэрэгтэй байна. Халамжийн бус татаасын эдийн засаг ноёрхож байна. Энэ нь Ардчилсан намын, баруун төв үзлийн намын хувьд чухал асуудал юм. Даргын бизнес нь татаастай, ардын бизнес нь дарамттай байгаа юм биш биз дээ. Уг асуудалд бид ажлын хэсэг гарган ажиллах болно.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа: Монгол Улсын эдийн засгийн бодлого сүүлийн зургаан жил маш буруу явж ирлээ. Иргэд бизнес хийх ямар ч сонирхолгүй болсон нь үүгээр илэрч байна. Бизнес хийж, зовж, өр ширэнд баригдаж байхаар байгаа юмаа зараад гадаад гаръя гэдэг байдал руу шилжлээ. Энэ нь эдийн засгийн хамгийн том хор уршиг. Төр хамгийн сайн бизнесүүдийг булааж хийдэг, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг, хүнд суртал үзүүлдэг, авлига нэхдэг байдал хувийн хэвшилд хамгийн их нөлөөлж байна.
2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг зогсоосон гэж ярьсан. Гэтэл өмнөх онуудын шаардлагагүй хөрөнгө оруулалтыг дуусгахад 5.3 их наяд төгрөг зарахаар болсон. Энэ нь инфляцыг хөөргөднө.