Open iToim app
Ерөнхийлөгч | 2 мин уншина

Ерөнхийлөгч дөрвөн хүнд Хөдөлмөрийн баатар цол олголоо

Ерөнхийлөгч дөрвөн хүнд Хөдөлмөрийн баатар цол олголоо
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган төрийн дээд цол, одон медаль гардууллаа.  Өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар дараах дөрвөн эрхэм Монгол Улсын Хөдөлмөрийн баатар боллоо.
1. Өдөр ирэх тусам цөлжиж буй Монгол Улсын ой хээрийн бүсийг ойжуулах, цөлжилттэй тэмцэх үйлсийг манлайлан оролцож, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймагт олон зуун мянган мод тарьж, байгаль орчноо хайрлах үйлсэд гаргаж буй гарамгай амжилтыг үнэлж Ойн Хишиг төвийн захирал, байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадууз
2. Монголын үндэсний урлагийг шинэ түвшинд гаргах, хойч үедээ уламжлуулан үлдээх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Үндэсний их урлагийн театрийн бүжиг дэглээч төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар
3. Монголын уламжлалт мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, ховордож буй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, удмын санг хадгалах, хойч залуу үедээ малч ухааныг өвлүүлэх үйлст оруулж буй хувь нэмрийг үнэлж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын малчин Жаалдүүгийн Тогтохсүрэн
4. Дундговь аймгийн Салхитын алт мөнгөний ордыг түшиглэн Эрдэнэс Силвер Ресурс компанийг богино хугацаанд чадамгай удирдаж, 230 мянган ахмадын зургаан сая хүртэлх төгрөгийн тэтгэврийн өрийг тэглэх, 238 мянган ахмадуудад байгалийн баялгийн хишиг нэг сая төгрөгийн хувь хүртээх боломжийг бүрдүүлж, монгол хүн баялагтай эзэн болох, баялгийнхаа үр шимийг хүртэх үндэс суурийг үнэлж, Эрдэнэс Силвер Ресурс компанийн гүйцэтгэх захирал Төмөрийн Мөнхбаяр нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж,  Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн