УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-аар Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. АН-ын бүлэг Төв банкны хуулийг нэлээд эсэргүүцсэн байр суурь илэрхийлж байсан. Төв банкны уридлагуудын хариуцлагыг чангатгаж, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Монголбанкны хуулиар нэлээд том өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Мөн олон ч зөрчилтэй асуудал байна. Тухайлбал, Төв банкны удирдлагууд өөртөө эрх мэдлийг төвлөрүүлэх, хариуцлагаас бултах гэсэн заалтууд оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд зарим заалтыг буцаасан. Монголбанкны ерөнхийлөгч дангаараа шийдвэр гаргадаг, энэ эрх үүргийнхээ хүрээнд мөнгөний бодлого хэрэгжүүлэхдээ нэлээд хариуцлагатай хандаж ирсэн. Харин өнөөгийн удирдлагууд нь хамтын шийдвэр гэсэн заалтыг оруулж ирсэн байгаа. Монголбанкны ерөнхийлөгч улс оронд тохиролтой аливаа нэг шийдвэр гаргаснаас нь болоод бодлогын хүү, инфляци өсөх, эсвэл өөрийнх нь хариуцсан үйл ажиллагаатай нь холбоотой асуудал гарахад түүнийгээ “хамтын шийдвэр гаргасан, би шийдээгүй” гэдэг өнцгөөс хандаж, хариуцлагаас зугтах нөхцөлийг бүрдүүлж байна. Хамтын шийдвэр гаргахын тулд Монголбанкны дэргэд Мөнгөний бодлогын зөвлөл байгуулан ажиллана гэж заасан. Мөнгөний бодлогын зөвлөл нь Монголбанкны Ерөнхийлөгчөөс шууд хамааралтай байхаар зохицуулсан байгаа юм. Монголбанкны ерөнхийлөгчийн нэр дэвшүүлсэн дөрвөн хүнийг УИХ-аар томилно. Өөрөөр хэлбэл, Монголбанкны ерөнхийлөгчөөс бүрэн хараат хүмүүс Мөнгөний бодлогын зөвлөлд ажиллана гэсэн үг. Энэ хүмүүстэй нийлж гаргасан шийдвэрээ хамтын шийдвэр гэж үзээд хариуцлагаас зугтах заалт байна гэж шүүмжилж байгаа. Хоёрт, Монголбанкны ерөнхийлөгч, тэрүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш амьдралын төвшинг хоёр жилийн дотор бууруулахгүй гэдэг заалт оруулсан. Энэ заалтыг нь хараад УИХ-ын гишүүний хувьд их ичсэн. Азаар энэ заалтыг хэлэлцүүлгийн үеэр хассан. Түүнчлэн Монголбанкны удирдлагууд өөрсдийнхөө үйл ажиллагааны хүрээнд хийсэн аливаа асуудалд эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх заалт оруулж ирснийг Хууль зүйн байнгын хороо буцаасан.
-Тэгэхээр хариуцлагын асуудал одоогийн хуулиараа байна гэсэн үг үү?
-Тийм. Төв банкны удирдлагууд ямар нэгэн зөрчил гаргавал одоогийн Захиргааны хуулийн дагуу асуудал шийдэгдэх болов уу. Гэхдээ хамтын шийдвэр гэдэг заалтын хүрээнд олон зөрчилтэй асуудлыг шийдчихээд дараа нь тэрийгээ “хамтын шийдвэр байсан” гэж хамгаалах үндэслэлтэй байгаа. Тиймээс хамтын шийдвэр гэдэг асуудлыг эцсийн хэлэлцүүлэг дээр ярилцах ёстой гэж үзэж байгаа. Миний хувьд энэ заалтыг буцаах ёстой гэж үзэж байгаа.
-Гэхдээ энэ хуульд заасан хариуцлагын асуудал хөндөгдөхөд танай намын бүлгийг Монголбанкны өмнөх удирдлагыг хариуцлагаас чөлөөлөх заалтыг оруулахаар тохирсон гэх яриа гарсан. Энэ үндэслэлтэй юу?
-Хэрвээ Монголбанкны удирдлага өөрийнхөө хийсэн үйл ажиллагааных нь төлөө хариуцлага тооцохгүй гэдэг заалтыг хэвээр нь үлдээгээд баталчихбал Н.Золжаргалыг шууд хамгаалсан хэрэг болно ш дээ. Хариуцлагаас бултсан заалт огт байж болохгүй гэдэг байр суурин дээр АН-ын бүлэг байгаа. Хэрвээ хариуцлагын заалтыг хасвал Н.Золжаргалд хариуцлага тооцож чадахгүй гэсэн үг. Гэхдээ Н.Золжаргалын хувьд ямарваа нэгэн асуудал байхгүй гэж үзэж байгаа. Түүнийг буруутгаж байгаа үндэслэлийг Монголбанкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбон тайлбарладаг. Гэтэл энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрснийг ярьдаггүй. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдсан зээлийн 98 хувь нь эргэн төлөгдсөн. Үлдсэн хоёр хувь хараахан төлөөгүй байгаа гэх мэдээлэл байгаа. Дээр нь энэ хөтөлбөрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу УИХ болон Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлсэн. УИХ-ын тогтоол гэдэг нь Монгол Улсын хуультай эн тэнцүү эрх зүйн чадамжтай акт. Тиймээс хууль биелүүлсэн л гэсэн үг. Гэхдээ би Н.Золжаргалын хийсэн бүх зүйлийг зөв гэж үздэггүй. Асуудал байгаа бол түүнийгээ шалгуулаад үнэ мөнийг тогтоолгох ёстой.
-Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Та яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?
-Банкны тухай хуулийн төслийн цаана нэг том пиар байгаа. Зээлийн хүүг бууруулна гэж эрх баригчид яриад байгаа. Энэ хууль батлагдвал зээлийн хүү буурна гэж ойлгогдож байгаа. Гэвч энэ хуулийн төсөлд зээлийн хүүг бууруулна гэсэн нэг ч өгүүлбэр байхгүй. Дагалдах хуульд ч байхгүй. Хоёрт, уг хуулийн төсөл хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Аливаа нэг хуульд өөрчлөлт оруулахдаа нийт заалтынх нь 50-иас дээш хувьд өөрчлөлт орвол шинэчилсэн найруулгаар явах ёстой гэж заасан. Гэтэл банкны тухай хууль 273 заалттай. Үүний 190 заалтад нь өөрчлөлт орж байгаа учраас энэ хууль шинэчилсэн найруулгаар явах ёстой. Дээр нь хууль тогтоомжийн хуулийн 5-6 заалтыг зөрчсөн. Энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хороо хууль зөрчиж Банкны тухай хуулийн хэлэлцүүлгийг хийсэн учраас байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт хариуцлага тооцох тухай албан бичгийг УИХ-ын даргад өгсөн. Хэрвээ УИХ-ын чуулганы хуралдаанаар Банкны тухай хуулийг хэлэлцээд эхэлбэл УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн цэцэд өгөх саналыг оруулна.
-Сүүлийн үед УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал гарч байна. Ард иргэд ч УИХ-ын гишүүнд итгэх итгэл суларч байна. Ёс зүйн хувьд зөрчил гаргасан гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хөндөж байна. Та гишүүдийн ёс зүйн асуудлаар юу хэлэх вэ?
-УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлаар Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргасан. Энэ асуудлыг зөв гэж харж байгаа. Ц.Нямдорж гишүүн УИХ-ын гишүүнийг тагнах, чагнах асуудал хэрээс хэтэрлээ гээд ярьж байгаа. Ер нь бүгд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг бол нэг хэсэг амьдралаа хойш тавьж, ард түмний төлөө зүтгэхээр сонгогдсон хүмүүс. Тиймээс холбогдох байгууллага тагнасан, чагнасан ч болохгүй зүйл байхгүй гэж боддог. Харин УИХ-ын гишүүн гишгэсэн мөр болгоноо харж, зөв явах ёстой. Ард түмний төлөө зүтгэх зарчимдаа бат суурьтай байх ёстой л гэж боддог.
-Танай намын гишүүнтэй холбоотой үүссэн асуудалд таны нэр ч дурдагдаад байгаа шүү дээ?
-Ойлгомжгүй, ёс зүйгүй асуудлаар би тайлбар өгөөд суух зохимжгүй. Харин над руу дайрах гэсэн оролдлого байна. Учир нь, нэгдүгээр сарын 1-нээс нэлээд хэдэн татварт өөрчлөлт орсон. Татварын нэмэгдэлд 70 мянган иргэн хамрагдаж байна. Дээр тэтгэвэрт хамрагдаж байгаа бүх ахмадууд, автомашинтай бүх хүмүүс татварын нэмэгдэлд өртөж байна. Татварын өөрчлөлт хүмүүсийн амьдралд нөлөөлж, нэлээд эсэргүүцэлтэй тулж байгаа учраас МАН-ынхан асуудлаас зугтахын тулд гишүүдтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа. Олон нийтийн амьдралтай холбоотой асуудал гарахад өөр жижиг асуудал гаргаж анхаарлыг нь татдаг бохир арга технологиосоо татгалзах хэрэгтэй. Миний бие татварын өөрчлөлттэй холбоотой асуудлыг байнга ярина, илүү шүүмжилнэ. Тэр болгонд над руу чиглэсэн дайралтууд гарна. Тэрнээс айгаад байх зүйл алга, улстөрч хүн энэ зэргийн зүйлийг дайраад өнгөрөх ёстой.
-Өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч утааны асуудлаар энэ Их хурал дорвитой шийдвэр гаргаж чадахгүй бол УИХ-ыг тараах санаачилга гаргана гэдгээ мэдэгдлээ. Энэ асуудал ямар байр суурьтай байна вэ?
-Утаа бол нийгмийн асуудал. Утааны асуудлаар үе үеийн Засгийн газар шийдвэр гаргасан ч бодитой үр дүнд хүрсэнгүй. Дээр нь, нийгмийн сэтгэлзүйг харахад УИХ дорвитой ажил хийхгүй байна гэж харж, дүгнэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нийгмийн сэтгэлзүйг л УИХ дээр илэрхийллээ гэж ойлгосон. Хэрвээ утаа болон улс орны нийгэм, эдийн засгийн асуудлаар дорвитой шийдэх талаар арга хэмжээ авахгүй бол УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн санаачилгад нэгдэнэ.