Цар тахлын нөхцөл байдал оюутан, сурагчдыг танхимын хичээлээс өөр хэлбэрүүдээр боловсролын үйлчилгээг авахад хүргэсэн. Манай улсын хувьд хөл хорионы үед боловсролын үйлчилгээг зайн сургалт, цахим хичээл, цахим контент, интерактив, аудио болон цаасан хэлбэрээр тасралтгүй хүргэж байна. Хэдийгээр сурагч, оюутнууд танхимын хичээл, ангийнхан, найз нөхдөө үгүйлж байгааг үгүйсгэж болохгүй ч зайн болон цахим хичээлдээ идэвхтэй оролцож байгааг багш нар хэлж байгаа юм.
Дэлхий дахин боловсролын салбарын үйлчилгээг цахим руу шилжүүлж байна. Манай улсын хувьд ч мөн адил. Учир нь бидэнд үүнээс өөр арга үгүй. Энэ хүрээнд боловсролын үйлчилгээг дараах хэлбэрүүдээр хүргэж байна.
Сурагчдын амралтын эдгээр өдрүүдэд нэгдүгээр улирлын хичээлийг бататгах зорилгоор 10-12 дугаар ангийнханд цахим давтлага хичээл орж байна. Цахим давтлага хичээлийг мэдээллийн технологийн Aplus компанитай хамтран зохион байгуулж байна. Сурагчид багш, ангийнхан, үе тэнгийн найз нөхөдтэйгээ цахимаар амьд харилцаа үүсгэн хичээлээ судалж, хамтдаа суралцаж байна. Амралтын үеийн энэ хичээлд сурагчид сайн дураар оролцохоор байгаа хэдий ч ахлах ангийнхны гурван хүүхэд тутмын нэг нь цахим хичээлд идэвхтэй оролцож байгаа аж.
1-9 дүгээр ангийнханд зориулан “Цахим контент” хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүд дамжуулан хүргэж байна. Сурагчдын амралтад зориулан хичээлүүдийн интеграци хэлбэрээр бэлтгэн хүргэж байгаа юм.
Хүүхдийн оролцоо, бүтээлч чадварыг дэмжсэн 104 цагийн Интерактив хичээлийн 50 хувийг бэлтгэн БШУЯ-ны Econtent.edu.mn вэб сайтад байршуулсан. Интерактив хичээл нь казах, тува, дохионы хэлний сонголттойгоор хүүхэд, багачуудад хүргэж байна.
2019-2020 оны хичээлийн жилд 4113 цагийн теле хичээл, 2020-2021 оны хичээлийн жилд 1076 цагийн теле хичээл орсон байна.
Эцэг, эх, олон нийтэд зориулсан цуврал теле хичээлийг төрийн байгууллага, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, эрдэмтэн, судлаач нартай хамтран бэлтгэн хүргэж байна.
Аудио болон цаасан хэлбэр
Боловсролын үйлчилгээг дээрх хэлбэрүүдээр авч чадахгүй байгаа хүүхэд, багачууд, сурагчдад зориулан аудио болон цаасан хэлбэрээр сургалтын материалыг хүргэн ажиллаж байна.
Монгол Улс уламжлалт боловсролын үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахын тулд зайн, цахим хичээлийн олон хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж байгааг НҮБ-ын Хүүхдийн сан сайшаасан байна.
Бид 2020 оны турш “COVID-19” цар тахалтай тэмцсэн. Энэ байдал 2021 онд хэр удаан үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Ийм цаг үед бид боловсролын үйлчилгээг олон хэлбэрээр тасралтгүй явуулж буй нь хамгийн чухал болох нь багш, сурагчдын идэвхтэй оролцоо, эцэг, эхчүүдийн тусламж, дэмжлэгээс харагдаж байна.