Open iToim app
Анализ | 6 мин уншина

Сурвалжлага: Тариф нэмэхгүй бол эрчим хүчний салбар дампуурна

Сурвалжлага: Тариф нэмэхгүй бол эрчим хүчний салбар дампуурна
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 24
Монгол Улсын эрчим хүчний салбар 100 жилийн түүхтэй аж. Алдаатай, оноотой өнгөрсөн 100 жилийн түүхт ойгоороо бид “Монгол Улс эрчим хүчтэй байх уу, эс байх уу” гэдэг хүндхэн бөгөөд хариуцлагатай сонголтын өмнө зогсож байна. Улс даяар эрчим хүч үйлдвэрлэдэг дөрвөн төрлийн 27 эх үүсвэр бий. Гэхдээ хэдэн л асуудал энэ бүх станцыг тойрон эргэлдэнэ.  
Тухайлбал, Эрдэнэт дулааны цахилгаан станц хүчин чадлаа 60 хувиар өргөтгөсөн ч энэ оны эхний 10 сарын байдлаар 11 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Станц алдагдалтай ажиллаж буйгаа тариф хэт бага байгаатай холбон тайлбарлаж байна. Тодруулбал, цахилгааны үнэ үйлдвэрлэж буй өртгөөсөө 20 хувь бага үнээр, дулааны үнийг үйлдвэрлэж буй өртгөөсөө 50 хувь бага үнээр борлуулдаг аж.  
undefined
undefined
Энэ талаар Эрдэнэт ДЦС-ын гүйцэтгэх захирал Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэт хотын хэрэглээ жилд дунджаар 8 хувь өсдөг. Бид энэ жил өргөтгөл хийж хүчин чадлаа нэмсэн ч алдагдалтай ажиллаж байна. Алдагдал одоо 11 тэрбум. Оны эцэст энэ хэмжээ нэмэгдэнэ. Хэрэв станцыг өргөтгөөгүй бол алдагдлын хэмжээ улам нэмэгдэх байсан. Алдагдалтай ажиллаад байгаа нь үнэ тариф бага байгаатай холбоотой. Тэгэхээр алдагдалгүй ажиллая гэвэл цахилгааны үнийг 20 хувь, дулааны үнийг 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Үүгээр зогсохгүй бид ашигтай ажиллаж байж технологио шинэчилж, ажилчдынхаа цалинг нэмж, засвар үйлчилгээгээ хийнэ. Ашигтай ажиллахын тулд цахилгаан, дулааны үнийг дээрх хувиас илүү л нэмэх хэрэгтэй. Нөгөө талаар бид санхүүгийн хувьд хэмнэж болох бүх зүйлээ хэмнээд ийм алдагдал гарч байгааг дурдах нь зүйтэй” гэлээ.  
Түүнчлэн Дархан дулааны цахилгаан станц 2022 онд ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд 2.3 тэрбум төгрөгийн өртэй байна. Үүний 1.3 тэрбум нь НДШ-ийн өр төлбөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний инженерүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй байгаа бөгөөд тэр хэмжээгээр эрүүл мэндийн тусламж авах, ипотекийн зээлд хамрагдах, банкны зээл авах зэрэг нь боогджээ. Улмаар тэд ажлаа хаядаг ажээ. Энэхүү асуудлын гол цөм нь мөн л цахилгаан, дулааны үнэ өртгөөсөө бага байгаатай холбоотой гэж үзэж байна.
undefined
Энэ талаар Дархан ДЦС-ын гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Компанийн хамгийн үнэт зүйл бол боловсон хүчин. Эрчим хүчний салбарын ажилтан сургуулиа төгсөөд доод тал нь таван ажил ажиллаж байж ажлаа гадарлах төдий болдог. Станц алдагдалтай ажилладгаас болоод ажилчдын цалин маш бага, нийгмийн асуудал ихтэй. Үүнээс болж ажлаас гарч, өндөр цалинтай компанид очиж ажиллах, гадаад явах залуус их байна. Цаашдаа ч нэмэгдэх хандлагатай байгаа нь эрсдэлтэй. Энэ бүхнийг тариф нэмэх замаар яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна” гэсэн юм. 
Эрдэнэт болон Дархан ДЦС-д тохиолдож буй асуудал нь зөвхөн энэ хоёрт л бус бүх цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг эх үүсвэрт тохиолдож байна. Ихэнх станцууд татварт, уурхайнуудад, банкуудад, тендерт шалгарсан компаниудад, төмөр замд өртэй байна. Тодруулбал, эрчим хүчний салбарын нийт өр төлбөр 1.6 их наяд хүрснийг УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцлов.  
Өөрөөр хэлбэл, энэ бүх өр төлбөр, алдагдлын цаана 24 цаг дуу чимээ, тоос шороонд ажиллачхаад цалингаа дутуу авсан ажилчид, цалингаа авсан ч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй учир өвдсөн ч эмнэлэгт хэвтэж чадахааргүй болсон инженерүүд, төрийн өмчийн эрчим хүчний компанид итгэж бараагаа нийлүүлснийхээ төлөө мөнгөө авч чадаагүй бэлтгэн нийлүүлэгчид байгаа юм.  
undefined

Цахилгааны хэрэглээ үйлдвэрлэлээс 50 хувиар давна

Улс даяар эрчим хүч үйлдвэрлэдэг 27 эх үүсвэрээс 10 нь 24 цаг тасралтгүй, тогтвортой ажилладаг. Энэхүү 10 эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал 1260 МВт. Дунджаар 1000 МВт тогтмол үйлдвэрлэнэ. Харин энэ өвлийн оргил ачааллын цагийн хэрэглээ 1500 МВт хүрэх тооцоо гарчээ. Өөрөөр хэлбэл, бидний үйлдвэрлэдэг цахилгааны хэмжээнээс хэрэглээ нь 50 хувиар давна. Тасралтгүй ажилладаг 10 станц, бүх тоног төхөөрөмж бүрэн хүчин чадлаараа ажиллаад 1000 МВт-ыг л үйлдвэрлэнэ. Харин үлдсэн 500 МВт-ыг ОХУ зэрэг бусад эх үүсвэрээс авах аж.  
Дарин дээр давс нэмнэ гэгчээр тасралтгүй ажилладаг 10 станцын тоног төхөөрөмжийн 40 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусчээ. Тодруулбал, сэлбэгийн материал нь үйлдвэрлэгдэхээ больж, технологийн хувьд хоцрогдож, хэзээ ч эвдэрч, зогсож магадгүй болсон байна. Үүнийг засаад ч олигтой засвар авахгүй, тиймээс нэг л саатал гарсан тохиолдолд гэмтэл гарсан тоноглолын хүчин чадлын хэмжээнд хязгаарлахаас өөр аргагүй гэдгийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх онцолж байв.
Үүгээр зогсохгүй эрчим хүчний нүүрс олборлодог уурхайнууд алдагдалтай ажиллаж байна. Нүүрс нь эрчим хүчний үндсэн эх үүсвэр бөгөөд манай улс эрчим хүчний нүүрсийг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гэсэн гурван уурхайгаас олборлодог. Тэгвэл тус уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, тэсэлгээний материалын үнэ нэмэгдэж, уурхайнууд төсөв дутагдаж, тэг зогсолт хийж эхэлсэн байна.  
Тухайлбал, Шарын голын уурхай наймдугаар сарын 20-оос есдүгээр сарын 20 хүртэл тэг зогссон аж. Шалтгаан нь дизель түлшний өр төлбөрийг төлөөгүйгээс болжээ. 2020 онд Эрчим хүчний зохицуулах хорооноос эрчим хүчний нүүрсний үнийг 44500 төгрөгөөс тогтоосон байна. Тухайн үед дизель түлшний үнэ 1600 төгрөг байсан, харин одоо 3600 төгрөг байгаа юм.
undefined
Энэ талаар “Шарын гол” ТӨХК гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан “Уурхайд хоногт 23000 литр түлш хэрэглэдэг. Үнэ тогтоосон үеийн ханш одоогийн ханшийн зөрүүгээр бодохоор хоногт түлшний үнийн зөрүүнд 60 сая төгрөг алдаж байна. Сардаа 1.8 тэрбум. Гол хүндрэл энэ. Мөн нүүрсний үнийг нэмэх шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооны тооцооллоор нүүрсний үнийг 60000 хүргэх хэрэгтэй. Цаашид ч нэмэгдээд явах хандлагатай байна” гэлээ.  
Эрчим хүчний салбарын асуудлуудыг ерөнхийлөн санхүүгийн алдагдал, тоног төхөөрөмжийн элэгдэл, өсөн нэмэгдэж буй хэрэглээ, ажилчдын нийгмийн асуудал гээд хэлж болно. Яагаад энэ бүх асуудал үүссэн бэ гэдгийг хариулт бол эх үүсвэрийн дутагдал ба хэт бага үнэ.
undefined
Уг асуудлаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Хамгийн ойрын хугацаанд ашиглалтад орох эх үүсвэр нь Бөөрөлжүүтийн 300 МВт-ын цахилгаан станц. 2024 оны сүүлээр ашиглалтад орох төлөвтэй. ТЭЦ-III-ийн 300 МВт-ын өргөтгөлийн хэлэлцээрийг өнөөдөр хийх гэж байна. 2023 оны хавар эхэллээ гэхэд 2027 онд ашиглалтад орно. Энэ хооронд өсөн нэмэгдэх хэрэглээг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал бий. Тавантолгой ЦС-ын тендерийг хоёр удаа зарласан. Гурав дахийг нь түр түдгэлзүүлээд байна. Ойрын хугацаанд ашиглалтад орох эх үүсвэр байхгүй тул тариф нэмэх шийдвэр гаргасан. Тэгэхгүй бол энэ салбар дампуурах дээрээ туллаа” гэсэн юм.  
Эрчим хүчний тарифыг 2015, 2019 онд нэмж байв. Энэ удаад ААН-үүдийн тарифыг нэмэхээр болсон байна. Ингэхдээ энэ оны 11 дүгээр сарын 1-ээс цахилгааныг, 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс дулааныг нэмнэ. Тодруулбал, 5000 КВт хүртэл цахилгааны хэрэглээтэй ААН-ийн цахилгаан, дулааны хэрэглээнд 14 хувь, үүнээс дээш хэрэглээтэй ААН цахилгаан, дулааны хэрэглээнд 28 хувиар төлбөрийг нэмэгдүүлж тооцно. Уул уурхайн компаниуд, банк, үүрэн телефон, операторууд, криптовалют олборлогч нар гэх мэт санхүүгийн ачааллыг дааж чадах байгууллагууд 200 мянган КВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд нь 38 хувийн нэмэгдэл тооцох юм. Ахуйн хэрэглээний буюу өрхийн тарифыг нэмэх тохиромжтой цаг биш гэж үзсэн байна. Уг саналыг Засгийн газраас Эрчим хүчний зохицуулах хороонд гаргаж дэмжигджээ. 
undefined
Эрчим хүчний салбарын өр төлбөр болох 1.6 их наяд төгрөгөөс 400 гаруй тэрбумыг нэн яаралтай төлөх шаардлага үүсэж хоёр арга замаар шийдэх боломжтойг Б.Чойжилсүрэн сайд онцлов. Нэг нь, төсөвт татаас хэлбэрээр суулгах. Нөгөө нь, тариф нэмэх. Тариф нэмснээр 280 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэж, өрөө төлөх боломж үүсэх аж. Эрчим хүчний салбар өөрөө өөрийгөө аваад явах чадалтай салбар учир төсөвт ч, иргэдэд ч дарамт учруулахгүй байхын тулд ААН-ын тарифыг нэмж байгаа, гэхдээ цаашид ахуйн тарифын нэмэх шаардлагатай хэмээн тэрээр тайлбарлалаа. 
Монголчууд бид тусгаар тогтнолын бэлгэ тэмдгийг төрийн далбаа, дуулал, сүлд, тамга гэж ойлгодог. Тэгвэл тусгаар тогтнолтой байгаагийн илрэл бол хоол хүнс, эрчим хүчээр дутагдахгүй байх ойлголт юм. Өөрөөр хэлбэл, ядаж л хүний анхдагч хэрэгцээг хангах тухай ойлголт. Анхдагч хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангасан тохиолдолд хөгжлийн асуудал цааш яригдана. Харин анхдагч хэрэгцээг хангаагүй тохиолдолд улсын хөгжил ярих нь өрөөсгөл билээ. “Монгол Улс эрчим хүчтэй байх уу, эс байх уу” гэдэг хариуцлагатай сонголтын өмнө иржээ. Та алийг нь сонгох вэ. 
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн