Open iToim app
Анализ | 4 мин уншина

Оны онцлох 5 үйл явдал: 'The Hu' хамтлаг, утаа, 3x3, Үндсэн хууль, Налайхын зам

www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 12 сарын 25
iToim агентлаг 2019 онд нийгэм эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, олны нийтийн анхаарлыг татсан  онцлох 5 үйл явдлыг  нэрлэж байна.

1. Бахархал: “The Hu” хамтлаг

undefined
Чингис хаан одонт “The Hu” хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм.
Тэдний “Wolf Totem” дуу болон “The Gereg” цомог энэ онд “Billboard”, “iTunes”, “UK Chart”-уудыг тэргүүлсэн анхны монгол хамтлаг, Монголын уран бүтээлүүд болсон юм. Хамгийн гол нь тэдний энэхүү амжилт Монголын ард түмнийг нэгтгээд зогсохгүй дэлхийн дахинд Монголын соёлыг хамгийн амжилттайгаар сурталчилж чадлаа. “The Hu” хамтлаг 2020 оноос дэлхийг тойрон аялан тоглолт хийх тов гарсан бөгөөд 2022 он хүртэл эх орондоо тогтолт хийхгүй, “Eleven seven music” “Music indus­try entertainment”-тай хийсэн гэрээгээр 2022 он хүртэлх бүх төлөвлөгөө нь гарсан аж. Хамтлагийн нэрийн хувьд Хүннү үгийн судалбарт, эр эм хүйс харгалзахгүй оюун ухаант хүмүүний эх үг нь "ХҮ” гэсэн байдаг ба үүнээс улбаалан уг нэрийг өгчээ.
Тэд энэ онд Европ тив болон АНУ-д аялан тоглолт хийж, олон улсын 30 гаруй хөгжмийн фестивалийн тайзыг доргиосон. Мөн АНУ-ын “Electronic Arts” компани “The Hu” хамтлагийн “Black Thunder” дууг ашиглах эрхийг худалдан авснаар энэхүү дуу өнгөрөгч арваннэгдүгээр сараас дэлхий дахинд худалдаалагдаж эхэлсэн алдарт “Оддын дайн” кино цувралын “Start Wars Jedi: Fallen Order” видео тоглоомын албан ёсны “Soundtrack” болсон юм. Мөн тэдний “Papa Roach” хамтлагийн дуучин “Jacoby Shaddix”-тай хамтран хийсэн “Wolf Totem” дууны шинэчилсэн хувилбар ирэх 2020 онд Холливүүдэд нээлтээ хийх “The Reteliators” киноны албан ёсны “Soundtrack” болсон билээ.

2. Шийдвэр: Улаанбаатарын утаа 50 хувь буурав

undefined
Битүү хөх манан, утаанд өвөлждөг Улаанбаатарын утаа энэ жил буурсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх болов уу. Энэ нь яалт ч үгүй 2019 оны онцлох шийдэл, хамгийн эерэг зүйлүүдийн нэг болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Уг шийдвэрийн хүрээнд Засгийн газраас Тавантолгой түлш компанийг байгуулж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд байгаа. Гэр хорооллын 220 гаруй мянган өрх өнөөдөр түүхий нүүрс хэрэглэхгүй, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэснээр Улаанбаатарын утааг эрс багасгав. Эдгээр цогц ажлыг улс төрийн зориг гаргаж, хамгийн гол нь маш богино хугацаанд зохион байгуулсан бөгөөд үр дүнд нь хотын утаа мэдэгдэхүйц, ажил хариуцсан мэргэжилтнүүд 50 хувь буурсан гэж хэлж байна.

3. Амжилт: “3x3” ба Монголчууд багийн спортоор анх удаа олимпод...

undefined
Монгол Улсын “3x3” сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг энэ онд манай улсын багийн спортын түүхэн дэх анхны олимпын наадмын эрхийг авч чадлаа. Түүхийн шинэ хуудсыг нээсэн Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар хийгээд тэдний багш дасгалжуулагч, багийн хамт олонд талархал илэрхийлье. Тэдний амжилт монголчууд нэг зорилгын төлөө нэгдэж чадваас ямар том зүйлд хүрч болдгийн бодит жишээг харуулсан юм. Аливаа улсын хөгжлийг багийн спортын хөгжил, амжилтаар нь тодорхойлж болдог. Үндсэндээ үүнээс өмнө Монголын спортын салбарын амжилтын дээд зорилго нь олимпын алтан медаль, түүнд хүрэх арга нь нэгийн эсрэг нэг тулааны спортуудын төрөл л  байв. Харин сагсчдын анхлан гаргасан энэхүү шинэ зам Монголын багийн спортын түүчээ болж улам олон спортын төрөлд Монгол залуус олимп, дэлхийд хүч үзэх биз ээ.

4. Хууль: Үндсэн хуулийн хоёрдугаар өөрчлөлт 19 жилийн дараа...

undefined
Монгол Улс 19 жилийн дараа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. МАН Засгийн эрх авсны дараа хоёр Засгийн газар, УИХ-ын даргын нүүр үзсэний эцэст ийнхүү Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт орууллаа. “Эцэг” хуулийн өөрчлөлтийг эцэслэн батлах хуралдаанд 63 гишүүн оролцож 100 хувийн саналаар дэмжив. Уг өөрчлөлтөөр 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийн зургааг нь засан сайжруулсан юм. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших насны доод босгыг 55 болгож, нэг удаа зургаан жилээр сонгогдох, Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлэх, чөлөөлөх онцгой эрхтэй болов.  УИХ-ын шийдвэр 39 ба түүнээс дээш гишүүн буюу  УИХ-ын олонхийн саналаар хүчин төгөлдөр болох, Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд “давхар дээл”-тэй байх, Дархан-Уул, Орхон аймгийг хотын статустай болгох, сонгуулийг мажоритар тогтолцоогоор явуулах гэх мэт өөрчлөлтийг тусгасан билээ.

5. Онцлох бүтээн байгуулалт: Налайхын зам

undefined
2019 ондоо эхэлж, тус ондоо амжилттай хийж дуусгасан онцлох бүтээн байгуулалтаар Налайх чиглэлийн 20.9 км авто замын бүтээн байгуулалтыг нэрлэж байна. Налайхын замыг барьснаас хойш 60 жилийн дараа хоёр урсгалтай, дөрвөн эгнээ бүхий болгон өргөтгөн шинэчилсэн юм. Хамгийн онцлууштай нь уг бүтээн байгуулалтыг маш богино хугацаанд буюу зургаан сарын хугацаанд чанартай гүйцэтгэсэн юм.
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь зүүн болон өмнө бүсийн аймгууд, Нийслэлийн алслагдсан Налайх, Багануур, Багахангай дүүргүүд, Тэрэлж-Горхийн аялал жуулчлалын бүстэй холбох гол гарц юм. Энэхүү замыг шинэчилснээр хамгийн сайн нь иргэдийн аюулгүй зорчих нөхцөл  бүрдэж,  замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүллээ.
Мөн Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 2018 онд дөрөвдүгээр сард эхлүүлж, 2019 оны ес сард шинэ гүүрний үндсэн хөдөлгөөнийг нээсэн. Энэхүү зам нь дөрвөн эгнээ, 470 метр урт, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр 1.1 км гүүрэн байгууламж, 2.5 км авто зам ашиглалтад орсноор тухайн зам орчмын ачаалал 30 хувиар бууруулна гэж тооцож байгаа юм.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн