Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож, бүх нийтээр амарч өнгөрүүлж байна. Ямар учиртай ийн тэмдэглэх болсон, ямар зан үйл хийх хэрэгтэй талаар Дэчинчойнхор хийдийн лам Б.Занданбатаас тодрууллаа.
-Өнөөдөр бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Яг ямар учиртай өдөр вэ гэдэг талаар мэдээлэл өгнө үү?
-Дэлхийд бурхны, христийн, исламын гэх гурван том шашны урсгал байдаг. Эдгээр нь бүгд өөрийн гэсэн үүсэл хөгжил, номлолтой. Буддын шашны номлолд онцлох өдөр гэж бий. Энэ нь Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу бурхан багш эхийн хэвлийгээс мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан/таатал төгссөн/ дүрийг олсон үйл явдлууд зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог бөгөөд энэ жил зургадугаар сарын 14-ний өдөр тохиож байна.
Бурхан багш Энэтхэгийн хойд мужийн Шагжин аймгийн хааны амьдралаар 25 жил амьдарсан юм. 25 настай тэрээр ертөнцийн мөнх бус зүйлсийг хараад ихэд бодлогоширч “Хүн яагаад төрж, үхэж, зовдог, жаргадаг юм бэ” гэдэг асуултад хариу эрэхээр хааны жаргалтай амьдралаасаа гэтэлгэсэн байдаг. Ийн явсаар оюун санааны хамгийн дээд оргилд хүрч төгс гэгээрсэн бодгаль болсон учраас л үеийн үед түүнийг сүсэглэж шүтсэн. Аливаа буруу бүхэн оюун санаанаас үүддэг учраас оюун санаагаар гэгээрнэ гэдэг хамгийн төгс зүйл мөнөөс мөн.
-Энэ өдөр ямар зан үйл, буян хийх хэрэгтэй вэ?
-Буян үйлдэх нь эртний болоод орчин үеийн гэж хоёр ангилагдах боллоо. Энэ нь зөвхөн миний ажиглалт юм шүү. Ерөнхийдөө иргэд бурхан багшийн төгс гэгээрсэн оюун санааг даган баясаж энэ өдөр бурхны шашны үйл хийдэг. Ингэхдээ бурхан багшийн хийдэг үйлдлүүдийн зарим нэгийг дуурайдаг гэж болно.
Эрт цагт зул өргөх, нохой муур зэрэг харж хандах эзэнгүй амьтныг хооллож цатгаах, мөргөл үйлдэх зэрэг биеэрээ хүнд тустай үйл хийдэг байсан. Харин амаараа хүнд ерөөлтэй сайхан үг хэлж байх учиртай. Мөн оюун санаагаараа сайн сайхныг бодох, тунгаах, бусдад хар буруу санахгүй байх, маань тарни унших, суварга шүтээнд мөргөж, хурал ном даган баясдаг. Ингэснээр та нэг өдөр ч болов бурхан багшийн гэгээрлийн үйлийн нэгээхэн хэсгийг хийж байгаа хэрэг.
Орчинд үед буян үйлдэх нь өөрчлөгдсөн гэж түрүүн дурдсан. Энэ нь яаж өөрчлөгдсөн бэ гэхээр, орон сууцанд амьдрах хүмүүсийн тоо ихэссэнээр зарим нэг зул өргөх, бадар барих, амьтан хооллох зэрэг нь хумигдаж, орчин нөхцөлгүйдэж байна.
Гэртээ 108 зул өргөөд тортог их үүсгэж, дээд айл руугаа оруулах юм бол энэ нь буяны үйл биш болж мэднэ. Учир нь бусдыг бухимдуулж хийж байгаа үйл нь яг буян мөн үү, биш үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө болон бусдыг амгалан байлгах чухал.
-Энэ өдөр ямар үйл хийхийг цээрлэдэг вэ?
- Арван хар нүгэл гэж бий. Үүнийг л тэвчих хэрэгтэй. Хүнтэй гар зөрүүлэх, хэрүүл тэмцэл хийх, аливаа мууг бодох, хүнд өширхөх, үр хүүхэд, амьтны биед халдаж зодох, адлах нь бүгд цээртэй. Биедээ туслах сэтгэл тээх гээд эцэстээ оюун санаагаар гэгээлэг байх хэрэгтэй.
Оюун санаагаа л зөв болговол болох нь тэр. Ер нь бурхан багшийн гол чандлал нь оюун санааны гэгээрэл шүү дээ. Оюун санаагаа л цэгцэлчихвэл амнаас гарах үг хүртэл эерүү болно. Зуны эхэн сарын шинийн 15-ныг буяны үйлийнхээ эхлэл гэж үзэх хэрэгтэй. Энэ өдөр нийтээрээ сайхан зүйл хийгээд л цаашид өдөр тутамдаа сайныг бодож чадвал өөрт дадал суух юм.
-Энэ өдөрт зориулан Далай лам ном хурна гэсэн мэдээлэл байна. Жил бүр ийн ном хурдаг уу?
-Цахимаар холбогдож бүх дэлхий даяар хүмүүст ном хурна. Жил бүр ингэж буян түгээдэг.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.