УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг огцруулах асуудлыг хэлэлцэж гишүүдийн 71.4 хувь дэмжсэнээр Ц.Цогзолмааг огцрууллаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөө маргаашдаа багтаад бүх хүний асуудлаа шийдэж чадах уу. Одоо огцруулна гээд л дараа нь томилно гээд бөөн юм болно. Боловсролын яаман дээр дөрөв, Зам тээврийн яаманд л гэхэд таван сайд дөрвөн жилийн хугацаанд солилоо. Үүрийн тав хүртэл ч хамаагүй суугаад нэг мөсөн хүний асуудлаа шийдмээр байна. Дараагийн сайдаа давхар дээлгүй хүн оруулж ирэх үү. УИХ-ын гишүүдээс өөр ухаантай хүн байхгүй юм шиг бодоод байх юм. ЗГХЭГ-ын даргад нэг гишүүний асуудал яригдаад л байна. Шагналын алба юм уу хаашаа юм. Гурав биш юм аа гэхэд ядаж хоёр "давхар дээлгүй" сайдтай байя.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Энэ долоо хоногт сайд нарын асуудлыг бүрэн дуусгана. Асуудлуудаа нэг тийш нь болгоно. Ерөнхий сайдын хувьд энэ долоо хоногт багтаан хэлэлцэж дуусгана гэсэн байр суурьтай байгаа. Би Ерөнхий сайдаар анх томилогдохдоо өөрийнхөө танхимыг парламентаас бүрдүүлнэ гэдгээ хэлсэн. Анх хэлсэн зарчим дээрээ байгаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Давхар албан тушаалыг хашуулаад давхар цалин аваад явуулах нь зөв гэж бодоод байгаа юм уу. Ядаж нэг хүнийг Монголын ард түмнээсээ сонгоход юу нь болохгүй байгаа юм бэ. Албан тушаалын талаар ярихад л үүрийн таван цагт ирж суучихаад чичрээд байх юм. Уурлаад юмаа авч шидээд хэцүү байна. Тиймээс гаднаас ганц сайд томилох нь юу нь болохгүй байгаа юм бэ?