УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарьтай холбоотой хэрэг сүүлийн үед олны анхаарлыг татаж байна. Өнгөрсөн арданнэгдүгээр сарын 30-нд УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин Номуундарь нь хүчирхийлэлд өртөж, бие сэтгэлээрээ хохирсон талаар нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн. Уг мэдэгдэл өнгөрсөн долоо хоногийн сүүлээр сошиал медиагаар маш хурдан тархаж, олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байгаа бөгөөд уг асуудлыг хуулийн байгууллагууд ч анхааралдаа авч, шалгаж эхэлсэн. Тодруулбал, ЦЕГ-аас Г.Номуундарийн гомдлын дагуу холбогдох этгээдүүдийг шалгаж эхэлсэн гэдгийг мэдэгдсэн билээ.
Мөн даваа гаригт УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг хэвлэлд ярилцлага өгөхдөө охины ярьсан зүйлс үнэн бөгөөд холбогдох байгууллагуудаар шалгуулна гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан нарт гомдол гаргажээ. Тэрээр гомдолдоо “Даваажав овогтой Ганхуяг миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарь нь гэмт хэргийн хохирогч болж, эрүүл мэнд, бие эрхтэн, сэтгэл санаагаараа хохирсон явдлыг шалгуулж, үнэн мөнийг тогтоолгож, холбогдох гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулахаар танд хандан гомдол гаргаж байна” гэжээ.
Тус гомдолд, “2015 оны зургадугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хан-Уул дүүрэг, Богд Жавзандамбын гудамж 61-5 дугаар байрны 1 тоот гэх газарт .... овогтой ...., ....овогтой... гэх этгээдүүд миний төрсөн охин Ганхуяг овогтой Номуундарьд хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж, хүчиндэж, бие эрхтэн, сэтгэл санаа, охины минь ирээдүйд нь маш ноцтой хохирол учруулсан жигшүүрт хэрэг үйлдсэн байна.
Болсон үйл явдлыг охиноосоо асууж тодруулсны дагуу шалгуулахаар ийнхүү гомдол гаргаж байна. Уг үйл явдал нь миний охины эрүүл мэнд, сэтгэл санаа, ирээдүйд болоод манай гэр бүлийн гишүүд, ах дүү, төрөл төрөгсөд, элэг нэгтэй, охин үртэй монгол хүн бүрийн сэтгэлд сэв суулгасан жигшүүрт зүйл юм.
Аав хүний хувьд охины минь эрх чөлөөнд халдаж, хүч хэрэглэсэн этгээдүүд шударга мөрдөн байцаагч, прокурор, шүүхээр шалгагдан хуулийн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна.
ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Улсын ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан та уг асуудалд анхаарлаа хандуулж, хэргийг шударгаар шалгаж чадах мөрдөн байцаагч томилж, уг хэргийг шалгуулж, дээрх этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.