Open iToim app
Нийгэм | 6 мин уншина

Сурвалжлага: Цар тахлын нөлөө ба амьдралын өнгө

Сурвалжлага: Цар тахлын нөлөө ба амьдралын өнгө
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 3 сарын 17
Монгол Улсад аюулт цар тахал бүртгэгдээд нэг жил гаруй болжээ. Үүний багагүй хугацаанд нь хатуу хөл хориотой, 150-200 мянган иргэн ажилгүй орлогогүй болж амьдрал хүндхэн байгаа талаар статистик судалгаанууд гарсаар байна. Манай сайтын сурвалжлах баг цар тахлын нөлөө иргэдийн бодит амьдралд хэрхэн нөлөөлж, ямархуу аж төрж байгааг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн Шар хад, Цагаан давааны орчмыг зорилоо. 
Хаврын нэгэн жихүүн өдөр хотын захын гэр хороолол нам гүм, энэ тэнд хөглөрсөн хог, лааз, архины шил, гудамжаар хааяа нэг, хоёр хүн явж харагдана. Цах тахлаас үүдээд гэр хороололд ч хөл хөдөлгөөн эрс багассан бололтой. Цагаан давааны зам  дагуу асгарсан модны холтсыг галдаа нэмэр болгож түүхээр зэхэж байгаа нэгэн эмэгтэйг онцлон харлаа. Их хүчтэй цасан болон шороон шуурганы дараах өдөр байсан учир тэнгэр бүрхэг, гадаа их хүйтэн байсан тул галдаа нэмэр болгох зүйл түүж байгаа нь энэ байх гэж бодогдов.
undefined
Энэ эмэгтэйг Одонтунгалаг гэдэг. Тэр нөхөр, зээ хүүгийн хамт айлын хашаа харж олсон хэдэн төгрөгөөрөө өдөр хоногийнхоо амьдралыг залгуулж, хоосон хоночихгүй л амьдарч байгаагаа бидэн нуулгүй ярилаа.
Тэрээр “Нөхөр бид хоёр айлын хашааны харуул хийж амьдардаг. Уг нь 100 мянган төгрөгийн цалин авдаг юм. Тэгсэн нөгөө аюултай өвчнөөс болоод гурван сар цалин өгсөнгүй. Өнөөдөр 11-12 сарын цалингийн тал буюу 52 мянган төгрөг авчихаад байж байна. Оргүй  хоосон, цалингүй байснаас энэ мөнгө бидэнд их хэрэг болно. Дээр нь тэтгэврийн багахан мөнгө ороод ирдэг. Үүгээр л амьдралаа зогоож байна. Заримдаа дэлгүүрээс зээл авдаг. Өнөөдрийн байдлаар дэлгүүрт 30-40 мянган төгрөгийн зээл тавьсан. Ямартай ч энэ мөнгөөрөө дэлгүүрийнхээ өрийг төлнө дөө. Эхнийхээ төлчихвөл дэлгүүрээс дахиад зээлэхэд үгүй гэдэгггүй юм, хөөрхий. Ер нь бид чинь зээлээс зээлийн хооронд амьдардаг улс шүү дээ. Насны залууд нягтлан, нярав хийдэг л байлаа. Гэтэл өнөөдөр ингээд айлын хашаа харж, ойрхон холтос түүж гэрээ дулаацуулж байна. Өнөөдөртөө ахиухан шиг ингээд холтос түүчихвэл галд нэмэртэй дээ” гэж  учирлалаа. 
undefined

Төрдөө гомдохгүй, хүнээс гуйхгүй л амьдармаар байна...

Бид цааш явж шар хадны эцэст байдаг нэгэн айлд орлоо. Нөхөр нь зүрхний өвчнөөр дөрвөн жилийн өмнө нас барж, одоо охин, хадам аавтайгаа амьдардаг өрх толгойлсон эмэгтэйгийнх аж. Биднийг ороход гэрийн эзэгтэй байсангүй, 70 гаруй настай Лхагвадорж гуай угтаж авсан юм. Цар тахлын нөлөөнд бэр нь ажилгүй болж, охин аав хоёроо хоолтой хонуулахын тулд тэрэг түрж лааз, сав цуглуулж тушаадаг болсныг хэлэв. Лхагвадорж гуай нас өндөр гарсан учир дөрвөн настай зээгээ гэртээ харж үлддэг гэнэ.
Тэрээр “Бидэнд орлого гэж юу байх вэ, хог түүж л амьдарч байна. Хөл хорио тогтоосон үеүдэд түүх хог ч олдохгүй, хоолгүй хонох үе олон байсан. Уг нь манай охин цайны газар ажилладаг байсан. Гэвч цар тахлаас болж цайны газар нь ажиллахгүй удаж, сүүлдээ ажлаасаа гарлаа. Уг нь хүнсний талон, картын бараа тараагаад л байгаа гэсэн. Гэвч бидэнд тэр нь олдохгүй юм. Би нас дээр гарсан учир ажил хийж чадахгүй, харин бэр минь хүйтэнд хөрч, гадаа гандаж байж хоолны юм олж ирдэг. Олсон хэдэн төгрөгөөрөө мах авч дийлэхгүй учир цувдай зэргээр л хоол хийдэг. Хааяа төмс, луувантай хоол иднэ. Үнэнийг хэлэхэд, амьдрал хэцүүхэн л байна. Гэхдээ хүний өмнөөс амьдарч байгаа биш, төрдөө гомдохгүй, хүнээс гуйхгүй, аль болох болж бүтэхийн төлөө амьдарна аа” гэж сэтгэл өөдрөг бидэнд хуучиллаа.
Амралтын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч энэ хавийн айлууд түлэх түлшгүй болж хоёр хоног гал алдсаныг Лхагвадорж гуайн ярианаас сонслоо. Учир нь энэ хавийн сайжруулсан шахмал түлшний цэг дээр нүүрс буулгүй хоёр хоносон аж. Шахмал түлшний нөөц байгааг Засгийн газраас хэлж байгаа ч яагаад эрсдэлтэй үед нүүрс ирээгүйг асуухаар цэг дээр очсон ч бидэнд яриа өгөхгүй гэсэн юм. 
undefined

"Иргэний үнэмлэхээ барьцаалж дэлгүүрээс зээл авсан, одоо барьцаалах зүйл байхгүй"

Түлшний цэгийн дэргэдүүр өнгөрсөн иргэнээс өрхийн орлогод цар тахал хэрхэн нөлөөлж байгааг асуулаа. Түүнийг Г.Эрдэнэ гэдэг бөгөөд Нарантуул захад харуул хамгаалалтын ажил хийдэг байсан ч  эрүүл мэндийн шалтгаан болон цар тахлын нөлөөллөөр ажилгүй болсон байна. 
Тэрээр “Манай эхнэр хөдөө ээлжийн тогоочоор ажилладаг. Одоохондоо гэртээ ганцаар амьдарч байгаа. Эхнэр маань цалингаасаа илүүчилж, миний эмчилгээнд багахан мөнгө явуулж, түүгээр нь өдөр хоногийг залгуулж байна даа. Хааяа мөнгөгүйн эрхэнд дэлгүүрээс зээл авна. Сүүлд иргэний үнэмлэхээ 17 мянган төгрөгт тавьж багахан хүнс авсан. Одоо хүнс дуусч байна, дахин юугаа тавьж зээл авах вэ гээд гайхаж л сууна. Эхнэрийн албан газар ковидоос болж цалингаа тавьж чадаагүй хэдэн сар болсон. Гэхдээ яах вэ,ганцаараа байгаа тулдаа өөрийгөө болгож л байна. Надаас хүнд хэцүү айл энэ хавьд олон бий. Бага насны олон хүүхэдтэй залуу гэр бүл ч цөөнгүй. Зарим нь ажилгүй, эсвэл цар тахлаас болж ажлаа алдсан хүмүүс өнөө маргаашаа, үр хүүхдээ яана даа хэмээн санаа нь зовнисон байдалтай  явцгаадаг даа” хэмээн ярилаа. 

Дээд тал нь 600 мянга, багадаа талхны өртэй иргэд олон бий

Ярилцсан хүн бүрийн ихэнх хүнсээ дэлгүүрээс зээлж авдгийг сонссон учир ойролцоох дэлгүүрээр орж, худалдагчтай хөөрөлдөв. Дэлгүүрийн эзэн бидэнтэй ярилцахдаа нэрээ нууцлахыг хүссэн  гэдгийг дурдах нь зүйтэй юм. 
БЗД-ийн 9-р хорооны иргэн / Давсны булаг дэлгүүрийн худалдагч /
-Манай энд янз бүрийн амьдралтай хүмүүс байдаг. Иргэдийн ихэнх нь мах авч чадахгүй, ихэвчлэн жижиглэн, махан таташ зэргээр өдөр хоногоо болгож байгаа харагддаг. Ер нь өдөрт 5000-аас дээш төгрөгөөр хүнс авах хүн ховор шүү. Иргэд зээлээс зээлийн хооронд л амьдарч байгаа. Манай дэлгүүрт хамгийн дээд талдаа 600 мянга, бага нь талхны өртэй иргэд цөөнгүй бий. Саяхан ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад хүмүүсийн орлого нэлээд хэмжээгээр буурч, зээлээр хүнс авах нь ихэссэн. Цар тахлын хатуу хөл хориотой үед өрхүүд хүүхдийнхээ мөнгөөр л амьдралаа залгуулж байх шиг. Хөл хориотой үед манайх дэлгүүртээ бусдад хэрэгтэй, мөн туслах хүсэлтэй хүмүүст хандан хандивын хэсгийг байршуулсан. Тухайн хэсэгт хүнсээ авч чадахгүй байгаа, өөрт нь хэрэгтэй гэх хүн бүр  бусдын хандивласан талх, давс, гурил зэргийг авдаг. Аргагүйн эрхэнд "Нээрээ болох юм уу, маш их баярлалаа" гэж хэлээд инээмсэглэн гардаг байлаа. Энэ хавьд өрх толгойлсон аав, ээж, мөн тэтгэврийн насны буурлууд их байдаг. Өнөөдөр хэдий тэг зогсолт хийхгүй, хүмүүс буцаад ажилдаа орж байгаа ч амьдралд нь нэг их дээрдсэн зүйл алга. Хүмүүс цалингаа аваад шууд зээлээ өгдөг, маргааш, нөгөөдөр нь дахиад л зээлээр хүнсээ авдаг. Ийм л систем рүү шилжчихсэн байна” хэмээн бидэнд санаа нь зовиносон байдалтай ярьсан юм. 
undefined
undefined
undefined
Гэр хорооллын айл өрхүүдийн аж амьдрал иймэрхүү байдалтай байна. Цар тахлын нөлөөгөөр ажилтай нь ажилгүй, орлоготой нь орлогогүй болж, өдөр ирэх тусам дэлгүүрийн дэвтэрт бичигдэх зээлдэгчдийн тоо нэмэгджээ. "Төр засгаас биднийг халамжил, мөнгө өг гэж гуйхгүй, хамгийн гол нь тогтмол ажилтай орлоготой байх нь чухал" гэдгийг уулзсан иргэн бүр онцолж байсныг хэлэх нь зүйтэй. 
 Манай сурвалжлах баг 18.00 цагийн орчимд Шар хадны эцсээс хотын төв рүү буцав. Буудлаас буудлын хооронд гэр хорооллын айлууд бүдгэрч өндөр шилэн барилга, замаар холхилдох завгүй хүмүүс машины цонхоор харагдана. Хотын захаас, төв рүү урсах урсгал дунд амьдралын олон өнгө харагдах шиг. Энэ олон өнгө зөвхөн цар тахлын нөлөөгөөр бий болоогүй, тогтвортой бодлого төлөвлөлтгүй, иргэнийхээ амьдралын чанарыг халамжаас илүү ажил, орлого руу чиглүүлээгүй манай төрийн байгаа царай юм болов уу даа. 
Бэлтгэсэн: Э.Мөнхзаяа, С.Отгонбаян
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн