Open iToim app
Анализ | 2 мин уншина

2023 оны замын зураглал ба Ерөнхий сайдын амлалт

2023 оны замын зураглал ба Ерөнхий сайдын амлалт
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 2
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ ирэх онд хийх томоохон өөрчлөлтүүдийг дурдлаа. Үндсэндээ 2023 оны Монгол Улсын нийгэм, эдийн засгийн ерөнхий замын зураглалыг танилцуулав. Заримыг нь онцолбол:
Тогтолцооны өөрчлөлт хийхээ зарлав
Тэрээр эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан хэдхэн хүний гарт шударга бусаар төвлөрсөн, хэт тогтворгүй хоёрдмол засаг үүссэн хэмээн онцолсон. Дараагаар нь ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ гэв. Хэдхэн хоногийн өмнө МАН Бага хурлаа хийж, тогтолцооны өөрчлөлт хийнэ гэдгээ зарласан. Харин хэрхэн өөрчлөх дээр ямар нэгэн санал хэлээгүй юм. Харин Ерөнхий сайд мэндчилгээндээ тогтворгүй хоёрдмол засаг үүссэн хэмээн онцолсон нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, парламентын засаглалаа улам бэхжүүлэх замаар хүчтэй гүйцэтгэх засаглалыг төлөвшүүлэх агуулгыг илэрхийлж буй. 
Тэрээр өмнө нь "Монгол Улсын Ерөнхий сайд, эрх барьж байгаа намын даргын хувьд тогтолцоог шинэчлэх асуудлаар үндэсний хэмжээний зөвшилцөл хийх хэрэгтэй байна. Надад ийм түүхэн үүрэг ирж байна гэж харж байна. Намын удирдах зөвлөлийг хуралдуулж, энэ асуудлыг ярилцсан.  Нийгэм том агуулгаар нь тогтолцооны шинэчлэлийг хүлээн зөвшөөрвөл Ерөнхий сайдын хувьд манлайлан ажиллана.  Сонгодог парламент бол хүчтэй Ерөнхий сайд, Засгийн газартай байхыг хэлдэг" гэж байсан.
Тэгвэл 2023 онд эрх баригч МАН тогтолцооны шинэчлэлд ханцуй шамлан орох нь нэгэнт тодорхой болов. Сануулахад, энэ сард УИХ-аас зөвлөлдөх санал асуулгыг явуулах бөгөөд энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн асуудлаар иргэдээс санал асууж магадгүй юм. 
Эдийн засгийн өсөлтийн жил байна гэж зарласны цаана...
Ерөнхий сайд мэндчилгээндээ 2023 онд хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд энгийн амьдралдаа эргэн шилжиж, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт багасч, экспорт нэмэгдэнэ гэв. Өөрөөр хэлбэл, БНХАУ-тай хиллэдэг бүх боомт нээгдэж байгаад ихээхэн найдвар тавьж буй гэдгээ мэдэгдлээ. Өнгөрсөн сард БНХАУ “тэг ковид” хэмээх хатуу бодлогоо зөөллөж, хэвийн амьдралд шилжих алхмуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, манай худалдааны гол боомт болох Эрээнийг нэгдүгээр сарын 8-аас бэлтгэл ажил хангасны хүрээнд нээхээр болсныг мэдэгдсэн. Ингэснээр БНХАУ-аас авдаг зарим бараа бүтээгдэхүүнийн нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурах боломжтой юм. 
Мөн экспорт нэмэгдэнэ гэж мэдэгдсэн. Цар тахлын жилүүдэд нүүрс, зэсийн экспортын нэмэгдүүлэхэд манай улс анхаарч ажилласан. Тухайлбал, хилийн боомтууд дээр AGV, чингэлэг тээврийн терминал барьсан. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, Зүүнбаян-Ханги 226.9 км төмөр замыг тус тус ашиглалтад оруулсан нь экспорт нэмэгдэх боломжийг нэмж байна. Энэ нь мөн л БНХАУ бидэнд хэрхэн хандахаас шалтгаалах билээ. Үүнээс гадна 2023 оны эхний улиралд Оюу толгойн гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх юм. Засгийн газар Оюу толгойн гүний уурхайн байгуулалтад ихээхэн найдвар тавьж буй. 
Бусад амлалтууд 
-Улаанбаатар хотын нийтийн тээврийг 100 хувь шинэчилж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ. 
-Хөшигийн хөндийд хот байгуулах ажлыг эхлүүлнэ. 
-Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгой ДЦС-ын ажлыш эхлүүлж, Амгалангийн ДС, эрчим хүчний хураагуурыг бүрэн ашиглалтад оруулна.  
-Түүхэндээ хамгийн их жуулчинг хүлээн авна. 
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн