Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа, Зэвсэгт хүчний 310-р ангийн алба хаагч хүнд даацын автомашинд дайруулж, амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хрэг хоёрдугаар сарын 28-нд гарсан бөгөөд энэ хэргийн талаар өнөөдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч хурандаа О.Баянжаргал мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хоёрдугаар сарын 28-нд ангийн үндсэн болон төлөвлөгөөт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр албан үүргээ хэрэгжүүлж явсан манай ангийн хоёр албан хаагчийн нэг нь золгүй байдлаар амь насаа алдлаа. Энэ хэргийг хууль хяналтын байгууллага, ЗХЖШ-ын хяналт шалгалтын үнэлгээний байгууллагаас ажлын хэсэг гарч шалгаж байна. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ташаа мэдээлэл гарч байна. Хувийн ажил гүйцэтгэж байсан гэсэн мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Манай байгууллагыг удирдаж байсан генералын хувийн ажлыг хийж байсан гэсэн мэдээлэл гарч байгаа. Ямар ч хувийн ажилд яваагүй. Цэвэр албаны үүрэгт явж байсан. "Найман шарга" амралтын газрын хэвийн үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой ажил. "Найман шарга" амралтын газар бол зэвсэгт хүчний ахлагч, офицер, албан хаагчдад зуны улиралд үйлчлэх зориулалттай амралтын газар. Үйл ажиллагааг нь манай анги хариуцан гүйцэтгэдэг. Энэ амралтын газрын цахилгааны эх үүсвэр нь хуучин Туул голын ард байсан. Ингээд Налайхын Цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компани нь цахилгааны эх үүсвэрийг гол усны араас биш уулын урдуур, нэг ёсондоо шилжүүлэн байрлуулсан. Ингээд манай амралтын газар цахилгаангүй болсон. Энэ талаар өнгөрсөн оны наймдугаар сард Налайх ЦТСТӨХК-иас манай ангид 10 квт цахилгаан дамжуулах агаарын шугамаа шилжүүлэх албан бичиг ирүүлсэн. Ингээд аравдугаар сарын 1-нээс тог тасалсан. Тухайн үед амралтын газар хаасан учраас цахилгааны эх үүсвэрийг шилжүүлэх төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгнө үү гэсэн албан бичгийг холбогдох байгууллагад явуулсан. Мөн цахилгааныхаа шугамыг арваннэгдүгээр сард шилжүүлсэн. Шинээр шилжүүлсэн газрынхаа газар шорооны ажлаа хийх гэтэл усны төвшин дээр байсан. Таван см ухаад л ус гарч ирээд ажиллах боломж байхгүй байсан учраас газрын хөрсний ус доошлох, хөлдөхийг хүлээгээд он дамжуулж хийсэн. Ингээд 2019 оны ажлын төлөвлөгөөнд тусгаад гурван чиглэлийн үүргийг хоёр албан тушаалтанд өгсөн. Цахилгааны шонгийн нүхийг ухуулах, амралтын газрыг тогтой болгох үүрэг өгсөн. Энэ ажлын хүрээнд цахилгааныхаа шонгийн нүхийг ухсан. Ингэхэд хөрс чийгтэй байсан учраас хөрсний шороог солих чиглэл өгсөн. Ингээд 11 машин шороог бэлтгүүлсэн. Хоёрдугаар сарын 28-ны хуваариар жолооч машинтайгаа энэ ажлыг гүйцэтгэхээр явсан. Ингээд явж байхдаа осол гаргасан. Албан үүргээ гүйцэтгэж явсан манай тэргүүний албан хаагч. Бидэнд маш хүнд байна” гэсэн юм.