Гадаад харилцааны яамнаас гадаад улсад оршин сууж байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулж дууссан талаар мэдээлэл өглөө.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжийг олгож, санал авах ажиллагааг зохион байгууллаа.
Нийт дэлхийн 30 улсад байрлах Монгол Улсын 44 дипломат төлөөлөгчийн газар сонгуулийн санал хураалт явуулах салбар комисс байгуулагдаж, СЕХ-ны шийдвэрийн дагуу 2021 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд тухайн улсын орон нутгийн цагаар өглөөний 07:00 цагаас оройн 22:00 цагийн хооронд хилийн чанад дахь иргэдээс санал авах ажиллагаа явагдаж дууслаа. Салбар комиссын бүрэлдэхүүнд дипломат төлөөлөгчийн газрын 187 төрийн албан хаагч ажилласан.
Гадаадад байгаа иргэдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 9-ны өдрийн хооронд гадаадад оршин суудаг нийт 7398 иргэн сонгуульд санал өгөхөөр бүртгүүлсэн. Нэрсийг нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 20.9-д заасан үндэслэлээр бүртгэлийн зөрчилтэй байсан дөрвөн иргэний бүртгэл баталгаажаагүй.
Санал авах ажиллагаа цагийн зөрүүгээс шалтгаалж Австрали улсын Канберра хот дахь салбар комисст хамгийн түрүүнд буюу Улаанбаатарын цагаар тавдугаар сарын 30-ны өдрийн өглөөний 05:00 цагт эхэлж, тавдугаар сарын 31-ний 20:00 цагт өндөрлөсөн. Харин хамгийн сүүлд АНУ-ын Сан-Франциско хот дахь салбар комиссын санал авах ажиллагаа өнөөдөр буюу зургадугаар сарын 1-ний өдрийн 13:00 цагт дуусгавар боллоо.
Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд гадаад улсаас санал өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 иргэдийн 76 хувь буюу 5618 иргэн саналаа өглөө. Өмнөх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 7209 иргэн бүртгүүлж, 66.3 хувь буюу 4767 иргэн саналаа өгч байсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд хилийн чанад дахь иргэд цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдалд илүү идэвхтэй оролцжээ гэж дүгнэхээр байна.
БНСУ-ын Сөүл дэх салбар комисст 753 иргэн, Японы Токио дахь салбар комисст 719 иргэн, Австралийн Канберра дахь салбар комисст 532 иргэн санал өгсөн нь хамгийн идэвхтэй салбар комиссууд байлаа. Харин Лаосын Вьентьян, БНХАУ-ын Хонконг, Манжуур, ОХУ-ын Кызыл, Беларусийн Минск болон Кувейт зэрэг хотууд дахь цөөн сонгогч бүртгэгдсэн салбар комиссуудад санал хураалт 100 хувийн ирцтэй байлаа.
Цар тахлын улмаас дэлхийн улс орнууд агаарын хилээ хааж, нислэг байхгүй байгаатай холбогдуулан бид сонгуулийн саналын хуудсыг хүргэх, татан авах ажиллагааг хоёр хэлбэрээр явуулж байна. Нэгд, төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гол газрууд руу саналын хуудсыг биечлэн хүргэж, биечлэн буцаан авчирч байгаа. Хоёрт, боломжтой газар нь олон улсын буухай шуудан ашиглаж, сонгуулийн саналын хуудас болон холбогдох бүх материал баримт бичгийг хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Хэдий цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас ихэнх улсад хөл хорио тогтоож, зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал, хүндрэлтэй үед сонгуульд идэвхтэй оролцсон гадаад улсад байгаа иргэддээ Төв комиссын зүгээс талархал илэрхийлж байна.