Ногоон дэвсгэр бүхий улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/613 тоот захирамжийн дагуу нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлөхгүй, дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцох юм байна.Одоогийн байдлаар 1840 тээврийн хэрэгсэлд тус дугаарыг олгожээ. Энэ сарын 24-нөөс эхлэн Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдгийн шинэчлэгдсэн стандартын дагуу тээврийн хэрэгслийн дугаарын дэвсгэрийн өнгөнд өөрчлөлт орсон билээ. Өмнөх 25 үсэгтэй 50 серийн зарим тэмдэгтийг хасаж 11 серийн дугаартай болгосон. Латин үсэг хэрэглэдэг гадаад орнуудад уншигддаггүй тэмдэгтүүдийг хассан байна.Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн Бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадорж “УАА тэмдэгттэй улсын дугаарыг зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж буй тээврийн хэрэгслүүдэд олгож байгаа. Манайд өдөрт 300-400 тээврийн хэрэгсэл бүртгүүлж, 400-500 автомашины шилжилт хөдөлгөөн хийгддэг. Стандарт шинэчлэгдсэнтэй холбогдуулан улсын дугаар олгох үйл ажиллагаа нээлттэй болсон. Тиймээс иргэд хүссэн автомашины дугаараа цахимаар захиалан авах боломжтой. Энэ нь манай үйлчилгээнд гарсан том дэвшил гэж ойлгож байна” хэмээн онцлов.Эко буюу 100 хувь цахилгаан болон ус төрөгчийн хөдөлгүүртэй машин ногоон дэвсгэртэй байна. Нийтийн зориулалтын зам дээр явах боломжгүй тусгай замын тээврийн хэрэгсэл буюу хүнд даацын тээврийн хэрэгслийн дугаар нь хар дэвсгэртэй байна. Мөн цахилгаан тээврийн хэрэгсэлтэй иргэд өөрсдөө хүсэлтээ гаргаж, автомашины дугаараа шинэ стандартын дагуу хэвлүүлэн ногоон дэвсгэртэй болгож болох юм байна.