Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

С.Эрдэнэбат: Багш, эмч нарын цалинг 40 хувь нэм, бас урамшууллаа ч олго

С.Эрдэнэбат: Багш, эмч нарын цалинг 40 хувь нэм, бас  урамшууллаа ч олго
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 24
Засгийн газрын хуралдаанаар багш, эмч нарын цалинтай дүйх болон түүнээс доош цалинтай төрийн албан хаагчдын цалинг ирэх есдүгээр сарын 1-нээс 8-30 хүртэл хувиар нэмэх шийдвэр гаргасан. Ингэхдээ багш, сувилагч, цэцэрлэгийн багш нарын ажлын нөхцөл байдалтай холбогдуулан албан тушаалын зэрэглэлээс хамаарч 12-30 хувиар цалинг нэмэхээр болсон. Гэтэл багш нар ирэх есдүгээр сарын 3-аас ажил хаяхаа мэдэгдээд байна. Цалин нэмэх шийдвэр гарчихаад байхад яагаад ажил хаях гээд байгаа талаар МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас  тодрууллаа.  
-Төрийн албан хаагчдын цалинг хамгийн багадаа 8 хувиар нэмэхээр болсон. Гэтэл үйлдвэрчний эвлэлээс эсрэг байр суурь илэрхийлж,  ирэх сард ажил хаялт хийхээ мэдэгдлээ. Үйлдвэрчний эвлэл тэр дундаа боловсролын салбарын албан хаагчид Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэх, хүлээж авахгүй байх ямар үндэслэл байна вэ?
-Нэгд, сүүлийн дөрвөн жил цалин нэмэгдээгүй. Хамгийн сүүлд 2014 онд цалин нэмсэн. Тухайн үед долларын ханш 1790 төгрөг байлаа. Өнөөдөр долларын ханш 2460 төгрөгөөс дээш байна. Энэ хугацаанд цалингийн бодит худалдан авах чадвар 37 хувиар буурсан. Доллар өсөх тусам хэрэглэгчийн худалдан авах чадвар буурна. Харахад цалин хэвээр байгаа юм шиг хэрнээ бодит байдал дээр худалдан авах чадвараараа унасан. Тийм учраас багш нарын цалинг хамгийн багадаа 30-40 хувиар нэмэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм.  Ер нь цалин 50 хувь нэмэгдэж байж, бодит худалдан авах чадвар сайжирна.
Хоёрт, багш, эмч, сувилагч нарын ажлын ачаалал хэт өндөр байгаа юм. Тиймээс цалин 50 хувь нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Гэтэл Засгийн газраас 8-30 хувь нэмэгдүүлэхээр болсон. Сувилагч нарын цалинг ажлын ачааллаас хамааран 20-30 хувь нэмэхээр болсон байна. Сувилагчийн хөдөлмөрийн хөлс нь бага хэрнээ ажлын ачаалал нь их учраас сувилагчаар ажиллах хүн олдохгүй байна. Улсын хэмжээнд 7000 орчим сувилагч байна. Энэ нь эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн 50-аас доогуур хувийг эзэлж байгаа юм. Цалинг 8 хувиар нэмэх нь зөвхөн энэ жилийн инфляцитай уялдуулж байгаа хэлбэр. Зайлшгүй нэмэх ёстой цалингийн 5/1-ийг шийдэж байна гэсэн үг.
Гуравт, сая Засгийн газраас шийдсэн цалинг 8 хувиар нэмэх 56.4  тэрбум төгрөгийн эх үүсвэр хаанаас гарсан гэхээр төрийн албан хаагчид жилд нэг удаа олгох урамшууллын 300 мянган төгрөг байгаа юм.  Уг урамшууллаа авахаар албан хаагчид хүлээж байсан.  Гэтэл урамшууллыг нь хасаад цалин нэмэх эх үүсвэртээ ашиглаж байгаа юм. Энэ нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил.
Ер нь Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг жил бүр 8 хувиар нэмж байсан бол энэ жил 8 хувиар  нэмэхийг хүлээж авах байсан юм. Гэтэл төрийн албан хаагчдын цалинг дөрвөн жилийн хугацаанд огт нэмээгүй хэрнээ гэнэт 8 хувиар нэмэхийг хүлээж авах боломжгүй. Тиймээс үйлдвэрчний эвлэл гишүүн байгууллагаа сонсож, тэмцэхээс өөр аргагүй. Ажил хаях эцсийн шийдвэрийг анхан шатны хороод гаргана. Эхний ээлжид боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар есдүгээр сарын 3-аас ажил хаяна.
-Төрийн албан хаагчдын цалинг 8-аас илүү хувиар нэмэгдүүлэх ямар боломж байна гэж харж байгаа вэ?
-ОУВС-аас Монгол Улсын Засгийн газар танаж болох зардлаа танаж, нэмж олох боломжтой орлогоо олж чадвал цалин нэмэхэд асуудал байхгүйг хэлсэн. Тиймээс манай улс төсвийн сахилга батаа сахих хэрэгтэй. Улсын төсвийн орлого хагас жилийн байдлаар нэг их наяд байсан. Үүний дээр 700 тэрбум төгрөг хэмнэгдсэн байна. Нийтдээ 1.7 их наяд орчим төгрөгийн төсвийн эерэг дүн харагдаж байна. Оны эхний нөхцөл байдлаас оны сүүлийн төсвийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа учраас хэмнэж байгаа 700 тэрбум төгрөгийн 10-20 хувиар нь нийт төрийн албан хаагчдын цалинг энэ онд  20 хувь, дараа 2019 оноос дахиад 20 гаруй хувиар нэмэх боломж байна. Гэтэл урамшууллын мөнгөөр цалин нэмэх гэж байгаад албан хаагчид бухимдаж байгаа юм. Тиймээс урамшууллаа ч олго. Цалингаа ч нэмэх шаардлагатай байна. Цалин нэмэхийн тулд Засгийн газар нөөцөө шавхах ёстой. Үр ашиггүй, давхардсан орон тоог цомхтгох хэрэгтэй. Ялангуяа төрд ажил үүрэг нь давхацсан хэтэрхий олон дарга нар байна. Засгийн газар яагаад хэмнэж болох үр ашиггүй зардлыг хэмнэхгүй гээд дайраад байгаа юм бэ. Төсвөө ил тавь. Үр ашиггүй зардлаа танавал 50-100  тэрбум төгрөг гаргаж ирэх боломж байна.
-Багш нар ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Гэтэл хичээлийн шинэ жилээ эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа оюутан, сурагчийг яах вэ. Эрдмийн баяр тэмдэглэх үү?
-Багш нар эрдмийн баяраа тэмдэглэнэ. Хүүхдүүдээ хүндэтгээд эрдмийн баяраар ажил хаяхыг хойшлуулж, есдүгээр сарын 3-аас ажил хаяхаар болсон.
-Ажил хаялтыг ямар байдлаар зохион байгуулах юм. Хүүхдүүдийн хичээл сургуулийн хоцрогдлыг яах юм бэ?
-Манай анхан шатны байгууллага цалин хөлсний асуудал шийдэгдэх хүртэл ажил хаяна. Магадгүй нэг өдөр, долоо хоног, сар ч үргэлжилж байж магадгүй. Шийдэгдэхгүй бол жил үргэлжилж магадгүй. Багш нар маань хамгийн гол нь өмнө жил ажил хаях гэж байгаад хүүхдүүдээ бодоод хойшлуулсан. Энэ засагт найдаж байсан. Энэ хавар бас хойшлуулсан. Шавь нарынхаа ирээдүйг хараад хойшлуулсан. Ингээд байхаар “эд нар ингэдэг юм” гэсэн байдлаар асуудалд хандаад байгаа юм болов уу гэж харж байна. Хичээлийн хувьд багш нар нөхөж хичээлээ орж болно.
-Багш нар ажил хаях эрх зүйн боломж нь бүрдсэн үү?
-Хөдөлмөрийн хуулиар бүх процедурыг дамжсан. Бид хөдөлмөрийн зуучлагч, арбитр, маргаан таслах комисс дамжсан. Үүнд хууль зөрчих үндэслэл байхгүй. Гэхдээ ажил хаялт нь бидний хүсдэг зүйл биш. Цалин нэмэхийн оронд урамшуулал өгөх эсвэл цалин 8 хувиар нэмнэ гэчихээд урамшууллаа танана гэх маягаар асуудалд хандаж байгаа нь эсэргүүцэл үзүүлэхэд хүргэж байгаа юм.
-Эмч, эмнэлгийн ажилчид ямар саналтай байгаа юм бэ?
-Эрүүл мэндийн салбар өөрсдөө хуралдаж байж шийднэ гэдгээ мэдэгдсэн.
 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн