Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Сүхбаатар боомтын үйл ажиллагаатай өнгөрсөн амралтын өдөр танилцан, Монгол Улсын гаалийн байгууллагын үйл ажиллагаа, тэдний ард түмэндээ түгээх, нөр их хөдөлмөрийг өчүүхэн хэсгийг ч болов мэдэж, авснаа уншигч танд хүргэе.
Төсвийн орлогын дөрвөн төгрөг тутмын нэгийг тэд төвлөрүүлдэг
Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын гаалийн байгууллага 2.3 их наяд төгрөгийг улсын төсөвт татварын орлого болгон төвлөрүүлсэн байна. Гаалийн ерөнхий газарт ажиллаж буй 1480 хүний 380 нь төрийн үйлчилгээний албан хаагчид, 1100 нь төрийн тусгай албан хаагч буюу гаалийн улсын байцаагч нар. Гаалийн байгууллагын ажилчдын хүч хөдөлмөрөөр Монгол Улсын жилийн төсөв болох найман их наяд төгрөгийн дөрөвний нэгийг бүрддэг.

Улсын ахлах байцаагч Ч.Тамир гаалийн байгууллагын чиг үүргийн тухай хэлэхдээ, “Гаалийн байгууллага улсын хилээр нэвтэрч байгаа бараа, эд зүйл, валют, валютын үнэт зүйл гээд бүхий л төрлийн бараанд хяналт тавьдаг. Тухайн бараа нь хориглосон бараа байвал улсын хилээр оруулахгүй, гаргахгүй байх, түүнээс бусад барааг зөвшөөрлөөр улсын хилээр нэвтрүүлэх түүнд ногдож байгаа татварыг бүрэн хэмжээгээр нь авч улсын төсөвт төвлөрүүлдэг. Хэрвээ гаалийн байгууллага ажиллахгүй бол 2.3 их наяд төгрөгийн татварын орлого улсын төсөвт төвлөрөхгүй. Мөн өнгөрсөн 2018 онд Монгол Улсын гаалийн байгууллага 2800 орчим зөрчил илрүүлсэн. Үүний 50 гаруй хувь нь татвараас зайлсхийх зөрчил байна. ААНБ, хувь хүмүүс гаалийн харилцаанд оролцохдоо УИХ-аас тогтоосон татварын хувь хэмжээгээр татвараа төлөөд орох ёстой байдаг. Үлдсэн хувь нь эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролддог. Тухайлбал, бараагаа огт гаальд мэдүүлэхгүй, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролдож байна. Гаалийн байгууллага нь онцгой, хортой химийн бодис, зөвшөөрөлгүй эм эмийн зүйлс тээвэрлэх, садар самууныг сурталчилсан эд зүйлс эсвэл хар тамхи мансууруулах бодис зэргийг нуун далдлах хэлбэрээр улсын хилээр нэвтрүүлэх гэсэн санаа зорилготой үйлдлүүдийг илрүүлдэг. Үүнд хяналт тавих үүднээс одоогоор нийт 1100 гаалийн улсын байцаагч ажиллаж байна. Монгол Улсын гаалийн байгууллага нь Гаалийн ерөнхий газрын харьяа 18 гаалийн газартай. 18 гаалийн газрын харьяа 48 боомт ажиллаж байна. Бидэнд өдөр гэж байдаггүй, баяр ёслол тэмдэглэхгүй тасралтгүй 24 цагийн турш ажиллаж байна.
Тавдугаар сард 3 кг героины төрлийн хар тамхи зөөвөрлөсөн хэрэг гарчээ
2018 онд хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийн завдсан нийтдээ 18 үйлдэл илрүүлсэн байна. Он гарснаас хойш эхний таван сарын байдлаар өнгөрсөн онтойгоо дүйцэхүйц 18 зөрчил илрүүлсэн. Энэ нь шууд гэмт хэрэгт тооцогддог байна. Гэмт хэргийн шинжтэй үйлдэл, ялангуяа хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэргийг гаалийн байгууллага илрүүлээд, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, хэрэг бүртгэл нээн, прокурорын байгууллагад шилжүүлдэг байна. Ингэхдээ гаалийн байгууллага нь цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг байна. Хэдийгээр статус өөр хоёр байгууллага боловч, улс эх орны аюулгүй байдлын төлөө ажилладаг үндсэн чиг үүргээрээ холбоотой юм.
Хамгийн сүүлийн жишээгээр, өнгөрсөн сард Гаалийн ерөнхий газрын харьяа улс орнуудын шуудан илгээмжийн гаалийн газарт Монгол Улсын иргэнд хаягласан шуудан илгээмж ирсэн байна. Энэ шуудан илгээмжийг гаалийн байгууллага эрсдэлд тооцон, дотоод хяналт шалгалтын хүрээнд гаалийн хууль тогтоомжийн дагуу нарийвчилсан үзлэг шалгалт хийх явцдаа 3 кг буюу 3000г цэвэр героины төрлийн мансууруулах бодис байсныг илрүүлжээ.
Энэ үйлдэл нь өөр ямар сувгаар дамжсан байна, хүлээн авагч, илгээгч, хэрэглэгчийг нь тодорхойлох, хүлээж авсны дараа хаашаа, хэн тарааж байна зэргийг илрүүлэхийн тулд гаалийн байгууллага цагдаагийн байгууллага хоёр зайлшгүй хамтарч ажиллах шаардлагатай болдог байна. Учир нь гаалийн байгууллага зөвхөн хил дээр үйл ажиллагаа явуулдаг. Хилээс Монгол Улсын нутаг дэвсгэр рүү орж ирсэн тохиолдолд цагдаагийн байгууллага хяналт тавьдаг байна. Дээрх шиг жишээ, тохиолдлуудыг рентген тоног төхөөрөмж, хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх чиглэлд мэргэшсэн эрэлч нохойнууд, гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагаандаа ашигладаг богино хугацааны гурван секундийн дотор газарт нь илрүүлдэг тестрүүд, гаалийн улсын байцаагч нарын мэдлэг ур чадварт тулгуурлан илрүүлсэн байна.
Хил дээр түгээмэл тохиолддог хууль бус зөрчлүүд
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суман дахь Сүхбаатар боомт нь 24 цагаар ажилладаг, ОХУ-тай хиллэдэг гэдгээрээ онцлогтой. Давхар чөлөөт бүс ажилладаг.
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Наран: Алтанбулаг суманд 500 гаруй иргэд амьдардаг тул цагдаагийн байгууллагын хэсэг байгуулах шаардлагатай болсон. Үүний дагуу 2018 оны долдугаар сарын 30-ны өдөр засаг даргын захирамжаар цагдаагийн хэлтэс байгуулсан. Тус хэлтэс нь найман хүний бүрэлдэхүүнтэй. Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй ажиллаж байна. Манай хариуцсан бүс нутагт залилангийн гэмт хэрэг ихэвчлэн гардаг. Мөн Монгол Улсын иргэд ОХУ-д аяллаар буюу албан ажлаар явахдаа согтууруулах ундааны зүйлс хэрэглэснээс хоорондоо маргалдах, дарааллаас болж төрийн албан хаагчтай маргалдах, зөрчлүүд нэлээдгүй гардаг. Ийм зөрчилд гэмт хэргээс урьдчилах чиглэлээр Сэлэнгэ аймагт дахь гаалийн байгууллага болон мэргэжлийн хяналтын газартай жил улирлын төлөвлөгөө гарган хамтран ажилладаг.
-Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын салбарын эрхлэгч Н.Булганчимэг: Өчигдрийн байдлаар 128 том машин тээврийн хэрэгсэл гарах, орох байдлаар хянагдан, шалгагдаж байна. Дулааны улирал ирсэнтэй холбогдуулаад зорчигчдын тоо ихсэж байна. Бид хяналт шалгалтыг рентген болон биечилсэн үзлэгийн аппаратаар тогтмол явуулдаг. Рентген аппаратаар шалгасны дараа, сэжигтэй зүйл илэрвэл дахин шалгана. Нэг өдөрт 12 хяналтын байцаагч хамтарч, хяналт шалгалт явуулж байна. Эм, эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх зөрчлүүд их илэрдэг.
1. Хилийн боомтод үүсдэг зөрчил
Бүртгэлгүй эм, эмийн зүйлсийг хилээр нэвтрүүлэх зөрчил
Монгол Улсын хилээр тодорхойгүй эм, эмийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг завдсан хэрэг он гарсаар 38 удаа бүртгэгджээ. Түүнчлэн антибиотик, дусал, шингэн хэлбэрээр, мансууруулах төрлийн эм зэрэг орж байна. Оросын холбооны улсаас манай улс руу хууль бус эм зөөвөрлөх энэ үйлдэл нь Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн гааль дээр хамгийн их гардаг байна. Манай улсын иргэд өөрсдөө хилээр нэвтрүүлэхийг оролддог. “Иргэд өөрсдийнхөө эрүүл мэнд, удмын сангийнхаа аюулгүй байдлын төлөө эрүүл мэндийн яамнаас тусгай зөвшөөрөл олгогдсон, эрх бүхий байгууллагын худалдан борлуулж буй эмийн зүйлсийг хэрэглэх хэрэгтэй” хэмээн гаалийн ерөнхий газрын ахлах байцаагч Ч.Тамир анхааруулсан юм. Тухайн тээвэрлэсэн эмийн үнийн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 000 мянгаас дээш гарвал гэмт хэргийн шинж чанартай болно. Энэ төрлийн гэмт хэргийг ихэвчлэн манай улсын иргэд өөрсдөө үйлддэг байна Мөн 48 хилийн боомтын талаас илүү хувь нь БНХАУ-тай хиллэдэг. БНХАУ-аас зорчиж буй иргэд эм, эмийн бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гардаг. Ингэхдээ ардын уламжлалт гэсэн нэр томьёогоор эм нэвтрүүлэхийг завддаг байна. Энэ нь ихэвчлэн шинжлэх ухаанаар нотлогдоогүй эмнүүд байдаг. Монгол Улсын эмийн бүртгэлд огт бүртгэгдээгүй гэсэн үг.
2. Гаалийн байцаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэх
Гаалийн байгууллага нь Монгол Улсын хэмжээнд он гарснаас хойш эхний 5 сарын байдлаар 1280 орчим зөрчил илрүүлжээ. Үүнтэй холбоотойгоор нөхөн төлүүлсэн татварын асуудал дээр 22,5 тэрбум төсөвт төвлөрүүлсэн байна. Мөн 7 орчим тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, 2,3 тэрбум төгрөг улсын орлого болгосон байна. Гаалийн улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, эсвэл биелүүлэхээс татгалзах, эсвэл түүний эсэргүүцэх, хүч хэрэглэх гэсэн төрлийн зөрчил нь нийт зөрчлийн 5 орчим хувийг нь эзэлдэг байна.
3. Хязгаарласан барааг улсын хилээр нэвтрүүлэхийг оролдох
Хориглосон бараанаас гадна хязгаарласан бараа гэж байдаг. Эрх бүхий байгууллага буюу яамдаас зөвшөөрөл квотынхоо дагуу улсын хилээр нэвтэрдэг барааг хэлнэ. Энэ төрлийн зөрчил нь нийт зөрчлийн 2/5 нь хязгаарласан барааг хууль бусаар зөвшөөрөл авахгүй, шаардлагыг зөрчиж, тоо хэмжээг нь бууруулах, нэмэх байдлаар хууль бусаар оруулахыг завддаг байна.
4. Хууль бус химийн бодис нэвтрүүлэх
Хөдөө аж ахуйн гаралтай арьс ширэн бүтээгдэхүүнийг боловсруулахад хэрэглэдэг, хром, азотын төрлийн химийн бодисуудыг улсын хилээр нууцаар оруулж ирэх үйлдэл нэлээд гардаг байна. Үүн дээр хяналт тавихгүй бол орж ирсэн хойно хяналтгүй хэрэглэн, улмаар хүнсний ногоо, ургац тариа зэрэгт шингэж, бид үүнийг хяналтгүй хэрэглэх аюултай юм. Гаалийн байгууллагын зүгээс хяналт тавих эрх бүхий гаалийн улсын байцаагч нарыг чадваржуулах, мэдлэгжүүлэх, хяналтын тоног төхөөрөмжүүдийг сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа чиглүүлж байна.
5. Хар тамхи улсын хилээр нууцаар нэвтрүүлэх
2018 оны байдлаар хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдэл наймыг илрүүлсэн. Энэ он гараад эхний таван сарын байдлаар 15 үйлдлийг илрүүлсэн. Хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдлийг нэвтрүүлэх тоо хэмжээ давтамж, нэмэгдэж байна. Зүүн өмнөд Азийн улс орнууд болон Европын холбооны улс орнуудаас танихгүй хүний дайвар ачааг битгий авч яваарай гэж гаалийн улсын байцаагч нар анхааруулж байна. Хүүхэд залуус гаднын орноос суралцаж байгаад эх орондоо ирэхдээ хүний дайвар ачаа авч явдаг. Энэ нь маш эрсдэлтэй. Монгол Улс хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөх, тээвэрлэх, дамжин өнгөрөх бүс нутаг болж болзошгүй гэдэг сэрэмжлүүлэх Олон улсын гаалийн байгууллагаас Монгол Улсын гаалийн байгууллага тогтмол ирдэг. Нэг удаа хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөхийг завдсан энэ үйлдэл гаалийн байгууллагад илэрсэн тохиолдолд шүүх хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, ял эдэлдэг. Тиймээс давтан гэдэг үйлдлээс илүү нэг удаагийн шинж чанартай үйлдлүүд зонхилж байна.
Гаалийн байгууллагад хийгдэж буй шинэчлэлийн ажлууд
Энэ онд Монгол Улсын гаалийн байгууллагын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хэлбэрээр улсын төсвөөс 64 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг гаалийн байгууллага гаалийн шинэтгэлд зориулж байгаа юм байна.
Гаалийн шинэтгэлийн хүрээнд:
1. 2020 гэхэд Монгол Улсын хилийг тойрсон хилийн боомтууд дээр салбар лабораториуд байгуулна. Одоогийн байдлаар салбар лабораториуд Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорнод, Замын-Үүд, Улаанбаатар хотод төв лаборатори энэ таван газрын хүчин чадлыг сайжруулах зорилготой нэмэлт лабораториуд байгуулах юм байна. Ингэснээр хамгийн их экспортод гардаг уул уурхайн гаралтай эрдэс бүтээгдэхүүнүүдийг лабораторийн шинжилгээ хийгдэнэ гэсэн үг.
2. Гаалийн хилүүд дээр ухаалаг гарц байгуулна. Ухаалаг гарц гэдэг нь улсын хилээр машин яваад өнгөрөхөд, тухайн машины улсын дугаар болон бусад мэдээллүүд дээр үндэслээд ямар бараа ачсан, хаанаас илгээгдсэн, хэн дээр очих гэж байна, хийгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийх нь тоо хэмжээ нь юу байна, улсын хилээр хэдэн удаа нэвтэрсэн байна, гэх мэт бүх мэдээллийг ухаалгаар хүлээн авах, түүн дээр гаалийн байгууллага шууд анализ хийж, боловсруулалт хийх боломжтой болох юм. Тухайлбал, Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомт дээр, Баян-Өлгий аймгийн Цагаан нуурын боомт, Өмнөговь аймгийн Гашуунсухайтын гаалийн газар гэх мэт хамгийн ачаалал ихтэй боомтууд дээр ухаалаг гарцыг хийнэ.
3. Гаалийн шуурхай удирдлагын төв байгуулна. Барилгын үйл ажиллагаа эхлээд явж байв.
Хилийн боомтууд дээр гаалийн үйл ажиллагаа хурдан явуулъя, иргэд, аж ахуйн нэгжид хүндрэл учруулахаа болъё гэдэг зорилгоор гаалийн шуурхай удирдлагын төвийг байгуулах юм байна. Иргэд улсын хилээр бараа нэвтрүүлэх гэтэл гаалийн байгууллагын ямар нэгэн үндэслэлгүй шаардлага тавиад, хүндрэл учруулаад байвал, Улаанбаатар хотоос удирдаад, газар дээрээс нь хяналтыг нэвтрүүлээд шуурхай нэвтрүүлэх, худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг явуулах боломжтой болох юм байна.