Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Монголын нэрт хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Шарав таалал төгслөө

Нийтэлсэн 2019 оны 7 сарын 15
undefined
Монгол Улсын Хөдөлмөрийн  баатар, Чингис хаан  одонт, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай хүнд өвчний улмаас 67 насандаа таалал төгслөө.  Монголын хөгжмийн урлагийн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. 
Бямбасүрэнгийн Шарав агсан нь  мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад  үнэтэй хувь нэмэр оруулсан.   
Нэрт хөгжмийн зохиолч, Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны  "Чингис хаан" дуурь, “Зуурдын орон" балет, "Ононд хатаагдсан илд" дуулалт жүжиг, I, II симфони, “Замбуу тивийн наран" магтуу, "Эх орон" зэрэг 30 гаруй романс, 20 гаруй цөөхүүл хөгжмийн бүтээл, "Сэрсэн тал" үндэсний найрал хөгжмийн  удиртгал, "Ард Аюуш", "Байлдааны даалгавар", "Илүү сартай зун" зэрэг олон киноны хөгжмийн зохиол нь ард түмний  сэтгэлд гүн үлдсэн. 
Тэрбээр хөгжмийн 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвиж, хорь орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажиллаж ард түмнийхээ сэтгэл зүрхэнд мөнхөрсөн суут хөгжмийн зохиолч билээ. 
Монголын нэрт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав агсны хань, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.  
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн