Open iToim app
Дэлхий | 12 мин уншина

Эдвард Сноуден: АНУ, ОХУ аль аль нь гаднын улсуудын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлдөг

Эдвард Сноуден: АНУ, ОХУ аль аль нь гаднын улсуудын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлдөг
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 23
АНУ-ын тагнуулч, хакер Эдвард Сноуден нь 2013 онд буюу Тагнуулын төв газраас сайн дураараа гармагцаа “Washington Post”, “The Guardian”, “New York Times”, “Der Spiegel” зэрэг сонины сэтгүүлчдэд АНУ болон нэр бүхий өндөр хөгжилтэй орны эрх баригчид технологийн компаниудтай хамтран иргэдийг тагнах үйл ажиллагааг хэрхэн явуулдаг талаарх нууц мэдээллийг дэлгэсэн билээ. Үүний хариуд АНУ-ын эрх баригчид түүнд 1917 оны Тагнуулын тухай хуулийг зөрчиж, АНУ-ын өмчийг хулгайлан, төрийн нууц задруулж, эх орноосоо урвасан гэх хэрэг үүсгэн гаднын тагнуулын байгууллагад нууц мэдээлэл дамжуулж болзошгүй хэмээн баривчлах шийдвэр гаргасан юм. Гэвч тэр энэ үед аль хэдийн Хонконгоор дамжин ОХУ руу зугтаж өнөө хэрнэ тэндээ улс төрийн орогнол хүсэн амьдарч байна.
Тэрээр саяхан Америкийн “NBC” телевизийн алдарт хөтлөгч Брайан Уильямстай шууд эфирээр холбогдож өөрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярьсан юм.  
-Брайан Уильямс(БУ): Эдвард Сноуден эх орноосоо урваж, ОХУ-д улс төрийн орогнолоор амьдраад нэлээдгүй олон жил өнгөрлөө. Тэр үеэс хойш хэвлэл мэдээлэлд төдийлөн дэлгэрэнгүй ярилцлага өгсөнгүй. Одоо АНУ-ын иргэд чиний байр суурийн талаар их гайхаж, сонирхож байгаа байх. Ер нь гэртээ харих тухай бодож байна уу?
-Эдвард Сноуден(ЭС): АНУ бол миний эх орон. Үргэлж энэ хэвээр байх болно. Хэрэв АНУ-ын эх баригчид над мэтийн “шүгэл үлээгч”-дийг хавчин гадуурхалгүй, аюулгүй амьдрах бололцоогоор бүрэн хангана гэдгээ нотолж чадсан тохиолдолд би гэртээ харихад үргэлж бэлэн байдаг. 
Тэгвэл би болоод бусад шүгэл үлээгчид яагаад мэдээлэл задруулах болсон учир шалтгаанаа тайлбарлах болно. Би хувьдаа хийж байсан зүйлдээ зөв-буруу, сайн-муу, хууль ёсны-хууль бус болох тал дээр эрх баригчдын байр суурьтай эвлэрч чадаагүй.
Ардчилсан үнэт зүйлийн дагуу би юуг буруу, зөв гэж харахаа хэнээс ч асуулгүй, хараат бусаар сонгох ёстой. Гэтэл одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд энэ бүхэн хаалттай бөгөөд миний үзэл бодол шүүх бүрэлдэхүүний шийдвэрээр хязгаарлагддаг.
Манай улсад Тагнуулын мэдээлэл задруулах тухай хууль өнөөдөр гаднын тагнуулууд гэхээсээ илүүтэй сэтгүүлчид болон тэдний эх сурвалжид аюул занал учруулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилдог.  Энэ хуулийн дагуу ямар нэгэн нууцыг сэтгүүлчдэд ярьж, олон нийтэд нээлттэй болгох болон гаднын улсын Засгийн газарт мэдээлэх хоёрын хооронд дахь ялгааг огт тодорхойлох боломжгүй. Би энэ талаар Ерөнхийлөгч Барак Обамагийн үед л ярьж байсан. Түүнээс хойш огт юу ч өөрчлөгдсөнгүй.
Би хувьдаа олон нийтэд нээлттэй шүүхийн өмнө хүний эрхийн дагуу шүүгдэж, шүүх бүрэлдэхүүний өмнө учир шалтгаанаа хэлж, хийсэн буруутай гэмт үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа.
Харамсалтай нь Ерөнхий прокурор Эрик Холдер “Бид чамд нээлттэй шүүхийг амлаж чадахгүй ч эрүүдэн шүүхгүй гэдгээ амлаж байна” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр энэ бол миний хувьд гэртээ харих хангалттай аюулгүй байдал биш юм.
-БУ: Та өмнө нь ч гэсэн хийсэн хэргийнхээ төлөө ямар шийтгэл хүлээхээ гадарлаж байгаа, түүнийгээ хүлээхэд бэлэн гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдсэн. Хэрэв эрх баригчдын зүгээс танд ирэх шийтгэлд өөрийн ур чадвараа ашиглан эх орноо гаднын цахим халдлага, жишээ нь сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх зэргээс хамгаал гэвэл та яах вэ?
-ЭС: Хэрэв тэгсэн тохиолдолд би шууд л сайн дураараа энэ ажлыг нэр төртэйгөөр хийх болно. Би үүний тулд цалин, мөнгө ч хүсэхгүй. Би өмнө нь ч гэсэн Тагнуулын төв газар болон Үндэсний аюулгүй байдлын агентлагийн төлөө сайн дураараа ажилладаг байсан гэдгийг санах хэрэгтэй.
Би яагаад АНУ-ын эрх баригчид иргэдээ тагнадаг болохыг нийтэд дэлгэсэн гэхээр, энэ бол миний хувьд иргэдийн эсрэг Засгийн газрын хэрэгжүүлж буй хууль бус үйл ажиллагаа байсан. Би үүнийг шүүх засаглалд мэдэгдэж, арга хэмжээ авахыг л хүссэн. Гэвч тэд үүнийг Үндсэн хуулийн бус гэж үзсэн.
Мөн би АНУ-ын Засгийн газар болон Үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах ямар ч зүйлийн төлөө дахин ямар нэгэн ажил хийхгүй. Би зөвхөн энэ бүхэнд эрс шинэчлэл хийх чиглэлд л ажиллах болно. Хэрэв Засгийн газар шинэчлэлд бэлэн гэж үзээд намайг дуудвал татгалзах зүйл үгүй.
-БУ: Та ОХУ-д амьдраад нэлээд удлаа. Анх ирснээс чинь хойш тус улсын Ерөнхийлөгч Владимир Путиний талаарх таны үзэл бодол өөрчлөгдсөн үү?
-ЭС: Түүний талаарх миний үзэл бодол тэгэж их өөрчлөгдсөн гэж би бодохгүй байна. Та үүнийг надаас асуухдаа эерэг тал руугаа өөрчлөгдсөн гэх хариулт сонсоно гэж бодсон байх. Яах вэ олон хүн ингэж гэж бодож байгаа байх. Ялангуяа Ерөнхийлөгч Владимир Путин.
Гэвч тэр бол авторатори дэглэмийн удирдагч. ОХУ-ын Засгийн газар дэлхий дахинд хүний эрхийн чиглэлд муу үнэлгээтэй хэвээр байгаа. Тиймээс Владимир Путиний талаарх миний үзэл бодол огт өөрчлөгдөөгүй.
-БУ: Чамайг ОХУ-д байх зуур буюу 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Оросууд хөндлөнгөөс нөлөөлсөн гэх явдал чиний хувьд хэр онцгой тохиолдолд вэ?  
ЭС: Би үүнийг тийм ч гэнэтийн, онцгой зүйл гэж бодохгүй байна. ОХУ нь гаднын улсуудын сонгуулийн үр дүнд хэрхэн хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролддог талаарх судалгаа 2018 оны хоёр дугаар сард “New York Times” сонинд нийтлэгдсэн. Үүнээс хэдэн сарын өмнө “Washington Post” дээр ч гэсэн гарч байсан. Тэнд бичсэнээр ЗХУ-ын үеэс эхлэн Оросууд болон тэдний тагнуулын байгууллага сүүлийн 50 жилд нийт 36 удаа гаднын улсуудын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдсон.    
Гэхдээ нөгөө талд бид ч гэсэн энэ хугацаанд нийт 81 удаа гаднын улсуудын сонгуулийн үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх ажил хийсэн. АНУ тоогоор давуу байгаа нь манай тагнуулын байгууллага тэднээс илүү гэсэн утга огт биш юм. Энэ тоо бол ердөө л төсөв мөнгө болон хэр зэрэг ач холбогдол өгдөгтэй холбоотой асуудал.  
Харин нэгэнт хэн хэн нь сонгуулийн үр дүнд нөлөөлдөг юм бол 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн цаана юу болов, энэ асуудал яагаад ингэж өндрөө авав, юу нь тийм онцгой байв гэдэг асуулт гарч ирж байна. Хариулт нь үүнийг хийлгэхийн тулд ердөө Оросуудад мөнгө төлж, хөлсөлж авсан л асуудал юм. Нөгөөтэйгүүр ийм зүйл болно гэдгийг урьдчилан мэдсээр байж манай тагнуулын байгууллага өөрсдийн системээ халдлагад өртүүлсэн явдал юм.
-БУ: Өөрийн чинь эсрэг далд утга агуулгатай зүйлс явсаар л байна. Энэ бүхний эсрэг итгэл үнэмшил чинь юу юм бэ. Чи яг юуны төлөө тэмцээд байгаа юм?
-ЭС: Үнэхээр сайхан асуулт байна Брайан. Үүнийг асуусан чамд баярлаж байна.
Тэгэхээр миний эсрэг турхиралт ямар хэлбэрээр явж байна вэ. Би бол сүүлийн хэдэн арван жилд байгаагүй хамгийн ноцтой, жигшмээр шүгэл үлээгч юм. Миний хийсэн бүхэн нь 1917 онд батлагдсан Тагнуулын тухай хуулийн эсрэг маш тодорхой гэмт хэрэг билээ. Үндсэндээ энэ нь АНУ-ын эрх баригчдын хувьд шүгэл үлээгчдийг шүүх дээр өөрийгөө нотлох баримттайгаар хамгаалахын эсрэг тусгайлан боловсруулсан хууль юм.   
Тэгэхээр энэ хуулийг эрх баригчид өөрийн хүссэн өнцгөөрөө тайлбарлаж, бас хэрэглэж чадна. Ихэвчлэн хүмүүс юуны төлөө, яах гэж, ямар зорилгоор, хэний тулд, энэ нь сайн, муу үр дагавартай байхаас үл хамааран зөвхөн улсын нууцтай холбоотой асуудлыг сэтгүүлчдэд ярьсан гэдэг шалтгаанаар энэ хуулийн дагуу гэмт  хэрэгтэн болдог. Харин юу нууц байх вэ, аль мэдээллийг төрийн нууцад хамааруулах вэ гэдэг бол албан тушаалтнуудын эрх мэдлийн асуудал.  
Хэрэв та тэрийг нь сэтгүүлчдэд ярьсан л бол шүүх таны асуудлыг огт сонсохгүй. Яагаад гэдэг асуултыг л асууна. Чи яагаад сэтгүүлчдэд энэ талаар ярьж байгаа юм. Чи бол гэмт хэрэгтэн гэнэ.
Гэтэл яагаад энэ хүний ярьсан зүйл нийгэмд сайн, муу ямар үр нөлөө дагуулав, нийтийн эрх ашгийг зөрчсөн үү эсвэл сайшаасан уу гэдгийг огт харгалздаггүй. Нууц задруулсан л бол бүх зүйл гэмт хэрэг.
Хэрэв би тухайн үед АНУ-д үлдсэн бол шүүх дээр надад өөрийгөө өмгөөлөх ямар ч боломж олдохгүй. Намайг шууд л яллаж, бүх насаар минь хорих байсан. 
Одоо надад нэг асуулт байна. Та бүхэн надад дуртай, дургүй байх чинь хамаагүй. Би өөрийгөө золиослон байж, хайртай дотнын хүмүүсийнхээ амь насыг эрстүүлэн байж та бүхний амьдралд юуг авчирсан бэ. Хэрэв би бүх насаараа шоронд орчихсон бол АНУ-ын эрх баригчдын иргэдийн эсрэг хийдэг энэ бүх хууль бус үйл явдлыг олонд ил болгож чадах байсан болов уу?
-БУ: Нээрээ эцэг эх чинь ямархуу байгаа вэ. Тэдэнтэйгээ холбоотой байна уу. Чиний бичсэн номоос уншихад эцэг эх тань одоо маш чанга хараа хяналтад байдаг юм билээ?
-ЭС: Би эх оронч гэр бүлд хүмүүжсэн хүн. Аав маань батлан хамгаалах салбарт, ээж маань шүүх засаглалд алба хаадаг хүмүүс. Тиймээс би хүүхэд байхаасаа л Засгийн газрынхаа төлөө ажиллана гэж боддог байсан.
Би энэ бүхэнтэй анх хутгалдахад эцэг эхэд минь маш хэцүү байсан нь мэдээж. Учир нь тэд бол АНУ-аас хэзээ ч урвахгүй, эх орончид. Гэвч тэд өнөөдөр миний төлөө эцсээ хүртэл зогссоор байгаад нь би хязгааргүй их талархдаг.
-БУ: Бид хамгийн сүүлд ярилцах үед чи хуримаа хийж байсан. Хувийн амьдрал чинь хэр байна?
-ЭС: Одоогоор би яг ч хуримаа хийгээгүй байна. Бид зөвхөн цаасан дээр л гэрлэлтээ батлуулсан. Линдсей бид хоёр бие биедээ хайр сэтгэлтэй болж, үерхэн, хамт амьдраад 10 гаруй жил болсон. Нэг л өдөр түүнтэйгээ дахин уулзаж, жинхэнээсээ хурим хийнэ гэж боддог. Тэр үед чамайг заавал урих болно.
-БУ: Чи Доналд Трампын талаар юу гэж боддог вэ?
-ЭС: Тэгэхээр яг одоо Ерөнхийлөгчийн талаар ярих маш их зүйл байна. Бас бодох. Гэхдээ үнэндээ би энэ талаар нэг их бодохгүй байхыг илүүд үзэж байгаа.
Мэдээж түүний эсрэг маш олон галзуу, түрэмгий нэг талдаа эмх замбараагүй ч гэмээр зүйлс их яригдаж байна. Яагаад ийм зүйл болж байгааг түүний дэмжигчид нь ч өөрсдөө сайн мэдэх биз.
Гэхдээ минийхээр бол Доналд Трамп ойлгоход маш энгийн хүн. Түүнийг харах бүрт байдаг л нэг бүхнийг мөнгөөр худалдаж авч болно гэж боддог, хэн нэгнээр чин сэтгэлээсээ хайрлуулж үзээгүй хүмүүсийн нэг шиг санагддаг. Ерөнхийдөө тэр ам нээх бүрдээ ашигтай наймаа, хэн хэндээ хохиролгүй харилцан солилцоо болох талаар анхааруулга өгдөг. Гэвч үнэн хэрэгтээ тэр үргэлж хүмүүсийн анхаарлыг татаж, сонгогчдод таалагдахыг хичээдэг. Харамсалтай нь тэр нь байнга өөрт нь хүсэж байснаас нь сөрөг үр нөлөө авчирдаг.
-БУ: Доналд Трамп АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа гэдэгтэй та санал нийлдэг үү?
-ЭС: Үнэндээ энэ асуултад хариулахын тулд үндэсний аюулгүй байдал гэж чухам юу юм бэ. Үүнийг хэн тодорхойлдог юм гэдэгт хариулах шаардлагатай.
Үндэсний аюулгүй байдлын талаар ярихдаа бид ихэвчлэн иргэд болон нийгмийн аюулгүй байдлын талаар ярьдаг. Гэтэл одоо үндэсний аюулгүй байдал гэдэг сэдэв нь үнэхээр систем болон Засгийн газрын институцын аюулгүй байдлын тухай асуудал болоод байна.
Тиймээс Доналд Трамп энэхүү бүтцийг өөрчлөх төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэгэхээр шинэчлэл, либералчлалын өмнө АНУ-ын иргэд маш ихээр хохирох нь тодорхой.
Хэрвээ өөрсдийгөө гаднаас нь харах юм бол өнөөдөр Цагаан ордны төлөө зүтгэх хүсэлтэй хүн тийм ч их байхаа больжээ. Өмнө нь Засгийн газрын төлөө зүтгэх нь нэр төрийн хэрэг байсан. Гэтэл одоо бол үгүй.
Намайг Засгийн газарт ажиллаж байх үед энэ хандлага маш их анзаарагдах болсон юм. Учир нь төрийн албан хаагчид юуны тулд, ямар нэгэн зүйлийн төлөө гэхээсээ илүүтэй хэн нэгний арыг даах гэж ажиллах ёсгүй гэдгээ мэдэрсэн. Энэ нь бидэнд ажиллахад маш тухгүй санагдсан.
Жишээ нь та мэдээгээр гарч байгаа зүйлсийг ажиглаад үзээрэй. Та агуулга, факт гэдгээс нь илүүтэй танд яаж мэдрэгдэж байна вэ гэдгээр илүүтэй хариу үйлдэл үзүүлж, шийдвэр гаргадаг.
Гэтэл бид өнөөдөр юуны төлөө төрийн ажил хийж байна. Энэ нь сайн, муу ямар үр дагаварт хүргэж болох талаар ярих ямар ч бололцоо бидэнд байхгүй. Эрх мэдэлтэй хүмүүс л бүгдийг шийднэ. Хэрэв тэд алдаатай, буруу шийдвэр гаргавал чи түүнийг нь сохроор дагах ёстой. Гэтэл би тэр зүйлийг буруу, зөв гэдгийг мэдэхгүйгээр яаж зүгээр л дагаж чадна гэж. Хийж байгаа зүйлээ юу болохыг мэдэхгүй бол, эсвэл ер нь юу болоод байгаа талаар ойлгохгүй тохиолдолд сэтгэл хөдлөлөөс илүүтэй факт чухал болдог юм билээ.
-БУ: Чиний юу хийсэн гэдгээс илүүтэй өөрчилж болох байсан зүйлийг өөрчилж чадаагүй гэдэг чинь чиний хамгийн том айдас гэж хэлсэн байсан. Өнөөдрийн хувьд чи энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм ээ. Энэ бол миний бичсэн номын сүүлийн бүлэгт гардаг хамгийн чухал хэсэг. Мэдээж одоо юмс өөрчлөгдсөн.
Би өөрийн хутгалдсан бүхнээ ойлгохын тулд маш их цаг зарцуулсан. Яг үнэхээр юу болоод байна вэ гэдгийг ойлгохын тулд гэсэн үг. Дээрээс нь үүнийг хэн ч засаж, өөрчлөхгүй байсан гэдгийг ойлгосон. Гэхдээ надад итгээрэй би өөрийнхөө амьдралыг булшлан байж гэрэл түгээсэн гэж хэлэхгүй. Над шиг ийм шүгэл үлээгчийн амьдралаар амьдрахыг хэн ч хүсэхгүй.
Тэгэхээр 2013 онд сэтгүүлчид өгсөн миний материал анх нийтлэгдсэн. Хүмүүс тухайн үед уншсан үгүйг нь сайн мэдэхгүй юм. Магадгүй хоёр өдөр шуугиад л намжсан. Одоо бараг хэн ч санахгүй байх. Харин өнөөдөр 2019 онд цахим орчин дахь хувийн мэдээллийн аюулгүй байдал, интернэтийг хянах, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашиглан нийгэмд нөлөөлөх зэргийг Засгийн газрууд болон корпорациудын хяналттайгаар хийдэг гэдгийг бид бүгд мэддэг болсон.
Үндсэндээ бидний өнөөдөр хэрэглэж буй төхөөрөмж бүхэн дараа нь бидний эсрэг ашиглагдах боломжтой мэдээллүүдийг өдөр бүр ямар ч хяналтгүй тарааж байдаг. 2013 оноос өмнө бол энэ бүхэн зүгээр л нэг маргаантай сэдэв, таамаг төдий байсан. Тэр үед Засгийн газар иргэн бүрийн утасны дуудлагыг сонсож чадна, систем бүхнийг хянаж байдаг зэрэг нь хуйвалдааны онол төдий байлаа.
Мэдээж ийм зүйл болдог гэдэгт итгэдэг хүмүүс байсаар ирсэн. Тэр үед эрдэмтэд хүртэл технологийн тусламжтай үүнийг хийх боломжтой гэдгийг хэлдэг байсан. Харин 2013 оноос хойш энэ бүхэн үнэхээр болдог гэдгийг хүн төрөлхтөн нотолгоотойгоор мэдэж авсан. Мөн таамаг болон баримт нотолгоо хоёрын ялгааг ч харсан байх. Баримт нотолгоо гэдэг бол ардчиллын нэг чухал зүйл. Өөрөөр хэлбэл би хэн нэгнийг ор үндэслэлгүй, хар цагаанаар буруутгаагүй гэсэн үг. Би баттай, хөдөлшгүй баримтаар асуудалд хандсан. Баримт, нотолгоо гэдэг энэ асуудал сэтгүүл зүйн салбарт өнөөдөр ч тулгамдсан хэвээр байгаа гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх.
Ингээд би сэтгүүлчдэд хандан АНУ-ын Засгийн газар, эрх баригчид иргэдээ хэрхэн тагнадаг талаар нийтлэл бичүүлж, хууль хяналтын байгууллагад хандсан. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дээрх нийтлэлүүдийг шууд л хүчээр татан авч, 2013 оны зургадугаар сард Барак Обама намайг хурцаар шүүмжилсэн.
Тэгээд 2014 оны нэгдүгээр сард миний ажиллаж байсан иргэдийг тагнах программыг татан буулгасан. Үнэндээ уг программ анхнаасаа АНУ-ын эрх чөлөөний тухай хуулийн дагуу хориотой зүйл байсан.
Гэтэл Үндэсний аюулгүй байдлын агентлаг иргэдийг тандах нь хууль ёсны зүйл гэж маргаан дэгдээсэн. Тэднийхээр бол гэмт хэрэгтнүүдийг илрүүлэхийн тулд шаардлагатай бол бүх иргэдээ тагнана гэдэг нь хууль ёсных болж таарсан. Үүнийг хүлээн зөвшөөрч 15 өөр шүүгч гарын үсэг зурсан байдаг.
Хамгийн хачирхалтай нь тэдгээр 15 шүүгч нь 33 жилийн турш бүгд нийтдээ 33.900 гаруй удаа иргэдийн хувийн мэдээллийг тагнаж, тандах Засгийн газрын хүсэлтэд зөвшөөрсөн хариу өгсөн байгаа юм. Тэгсэн хэрнэ бүхэл бүтэн 33 жилийн турш 15 шүүгч нийлээд ердөө 11 удаа татгалзсан хариу өгч байжээ.
Тэгэхээр үүнээс харахад манай улсын шүүх засаглал гэдэг бол Үндсэн хуулийг хэрэгжүүлж, нийтийн харилцааг зохицуулахад бус зүгээр л нэг муу хүсэлтэд тамга дарахад чиглэгдсэн байгууллага болж харагдаж байгаа юм. Үүний дээр иргэдийг тагнаж чагнадаг гэдгээс илүүтэй, түүнийгээ нууцаар хийж, шаардлагатай гэж үзвэл ямар ч аймшигтай үйлдлээ төрийн нууцаар хамгаалж болдог тогтолцоо маань өөрөө маш гажуудалтай. Энэ бол зөвхөн хууль эрх зүйн хүрээний асуудал.
Харин нөгөө талд 2013 оноос өмнө интернэт дэх бидний бүх мэдээлэл ямар ч хамгаалалтгүй байсан.  Тухайн үеийн статистикаар бол дэлхий дахин дахь бүх интернэт датаны тал нь ямар ч нууцлалгүй байсан. Гэтэл өнөөдөр талаас илүү хувь нь мэдээллийн аюулгүй байдалд эмзэг хэвээр байна. Өөрөөр хэлбэл та ямар нэгэн веб сайтад хандах, мессеж болон имэйл бичих болгондоо “Google Chrome”, “Mozzila Firefox” тэргүүтэй веб хөтчөөрөө дамжуулан хувийн мэдээллээ хуваалцаж байдаг. Өнгөрсөн хугацаанд энэ бүхэн огт өөрчлөгдөөгүй ч ядаж л бид үүнд анхаарлаа хандуулдаг болсон. Энэ л өөрчлөгдсөн зүйл буюу миний амьдралаа золин байж бусдад бий болгосон ухамсар юм.
-Тэгвэл Засгийн газрууд өнөөдөр иргэдийн ухаалаг гар утас, компьютер зэрэг төхөөрөмжүүдээр дамжуулан юуг хийх боломжтой вэ. Тэд бидний хувийн амьдралд нөлөөлж чадах уу?
-Брайан энэ талаар би чамтай хэдэн ч цаг ярилцаж чадна. Гэхдээ бидэнд цаг маш бага байна. Миний мэдэж байгаагаар иргэдийн хувийн мэдээллийг хакердах замаар олж авах нь сүүлийн жилүүдэд Засгийн газруудын хувьд улам л хууль ёсны ажиллагаа гэж үзэх хандлагатай болж байна. Үндсэндээ бол тэд хууль бус хакеруудтай яг ижил техник, арга барил ашигладаг. Өөрөөр хэлбэл чамд мэдэгдэхгүйгээр чиний хувийн мэдээллийг хулгайлдаг. Үүнийгээ мэдээлэл цуглуулах гэж нэрлэдэг.
Ингэхийн тулд тэд иргэдийн ухаалаг төхөөрөмжүүдэд ямар үйлдлийн системтэй байхаас нь шалтгаалан тусгай код илгээдэг. Үүнийг төхөөрөмж эзлэн авах гэдэг. Нэгэнт тэд таны төхөөрөмжид амжилттай нэвтэрч чадсан бол имэйлийг чинь уншиж, утасны жагсаалтыг чинь харж, ямар веб сайтад зочилдог болохыг чинь харж, утсан дээрх зураг, бичлэг гээд ер нь чиний хувийн мэдээлэлтэй холбоотой бүхнийг мэдэж авч чадна. Хамгийн аймшигтай нь тэд таны утасны байршил илрүүлэгчийг асааж яг одоо хаана байгааг чинь илрүүлж мөн камерын тусламжтай дүрсийг чинь харж, бичлэг хийж чадна.   
Гэхдээ өнөөдөр таны мэдээллийг олж авахын тулд Засгийн газар заавал хакердах албагүй. Үүнийг ердөө “Google”-ээс авчихна. Учир нь чиний хийсэн бүхэн  “Google”-д хадгалагддаг. Эдгээр технологийн компаниуд өнөөдөр яаж ийм хүчтэй болж чадав. Тэд бол ердөө АНУ-ын Засгийн газрын утсан хүүхэлдэйнүүд шүү дээ.
Тэгэхээр чи утас, компьютероороо юу хийж чаддаг вэ. Тэр бүхнийг чинь хакерууд чамд мэдэгдэлгүйгээр хийж чадна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн